Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 250

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагч:  А.Оргилбаяр,

Шүүгдэгч Э_Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Энхбаярын Э.Г-д холбогдох эрүүгийн 1818004400262 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 12 сарын сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Улс төр судлаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, хүүхдийн хамт урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй  Э.Г-

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Э_Г- нь согтуурсан үедээ 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум, 16-р багийн нутаг дэвсгэрт байрлах 16-р байрны 44 тоотод гэртээ цуг архи согтууруулах ундаа хэрэглэсэн иргэн Д.Г-ий “Samsung J7” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 450.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э_Г- нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх боломжоор хангасан болно.

Шүүгдэгч Э_Г- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ...” 2018 оны 5 дугаар сарын 24-нөөс 25-ны хавьцаа уг асуудал болсон. Д.Г- бид хоёр комфортын саунд ажиллаж байсан. Тухай үед хохирогч манай гэрт очиж хонож байгаагүй. Хохирогч “Их сургууль төгссөн дээд боловсролтой байж яах гэж саунд ажилладаг юм бэ” гэж дургүй хүргэх асуудал байсан. Нэг удаа манайд ирээд хоол хийж идэхээр болоод ирэхдээ 1-2 пиво аваад ирээч гэж хэлсэн. Тэгээд хамт уугаад байж байтал гар утас нь алга болсон талаар хохирогч хэлсэн. Тэгтэл тухайн үед гэрийг нэгжээд олж чадаагүй. Тэгтэл хажуу айлын хүмүүс цагдаад дуудлага өгсөн байсан тул цагдаа ирээд хайсан боловч бас л олдоогүй. Энэ үйл явдал болсноос хойш нилээн хугацаа өнгөрсний дараа нь ардчилсан намын ажлаар яваад  гэртээ ирээд гэрээ цэвэрлэж байх үед буйдангийн завсараар унасан хохирогчийн гар утас гарч ирсэн. Тухайн үед хохирогч манай гэрийн хаалганы нугас зэргийг эвдэлсэн байсан. Тэгээд хохирогчийн эвдэлсэн зүйлийг засуулахад мөнгө шаардлагатай байсан тул уг гар утсыг 3 сарын дараа бусдад зарсан” гэв.

Эрүүгийн 1818004400262 дугаартай хэргээс:

Хохирогч Д.Г-ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2018 оны 05-р сарын 22-ны өдөр манайд ажилладаг байсан Э.Г- гэх эмэгтэйгийн гэр буюу Дархан сумын 16-р баг 16-р байрны 44 тоотод очиж бид 2 ярьж суусан. Тухайн үед намайг очиход Э.Г- 0,5 граммтай пиво 1 ширхгийг уучихсан дахиад нэгийг гаргаж ирээд бид 2 хувааж уусан. Тэгээд Э.Г- дэлгүүр гарч 0,5 граммтай Хараа архи авч ирэн тэрийг нь бид 2 хувааж уугаад байж байхад ээж хүүхэд 2 нь ирээд хэсэг байж байгаад явсан. Тэгээд Э.Г- ахыгаа дуудаад ах нь ирээд О--бид хоёрыг гар гээд хөөгөөд байхаар нь би ширээн дээр миний гар утас байгаа авъя гэхэд миний утас байхгүй байсан. Тэгэхээр нь Одноогийн утаснаас залгасан чинь холбогдох боломжгүй байна гэсэн. Тэгээд шууд О--бид хоёрыг гэрээсээ ах нь гаргаж хаалгаа түгжсэн. Тэгээд би тухайн үед нь тогшоод онгойлгохгүй удахаар нь цагдаад дуудлага өгсөн. Тэгээд цагдаа ирээд хаалгыг тогшиход онгойлгосон. Цагдаатай гэрт нь ороход Э.Г- хутга аваад миний гэрийг нэгжих гэлээ гээд над руу дайраад цагдаа нар салгаад маргааш асуудлаа шийд гэж хэлэхээр нь би за гээд явсан. Би гар утсаа 450 000 төгрөгөөр үнэлж байна гэх мэдүүлэг /хх 27/,

            Гэрч О.О- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Д.Г- нь буйдангаас босоод миний утас хаана байна гэхээр нь “мэдэхгүй сууж байсан газраа үзээч” гэхэд Э_Г- нь би ямар авсан юм уу гэхээр нь би “танайд бид гурваас өөр хүн байгаагүй юм чинь хэн авах юм бэ” гэхэд тэгээд би авчихсан юм уу гээд байхаар нь би цүнхэнд байгаа эд зүйлүүдээ гаргаж үзүүлсэн. Тэгээд Э_Г- манай гэрээс гар яв гээд хөөгөөд байсан тэгэхээр нь Д.Г- бид 2 утсаа олчихоод гаръя гээд гэрийнх нь үүдэнд зогсож байсан чинь гаднаас ах нь гээд хүн хаалга тогшоод орж ирээд гар гээд бид хоёрыг түлхэхээр нь би та яагаад байгаа юм гээд буцаж түлхчихээд гарсан. Тэгээд Д.Г- хаалгыг нь тогшоод утсаа авъя гэхэд огт  хаалгаа онгойлгоогүй. Тэгээд хаалгыг тогшоод зогсож байтал 2 цагдаа ирсэн. Тэгээд Э_Г-гийн гэр лүү цагдаатай хамт ороод гэрийнх нь буйданг  үзэж шалгасан гэх мэдүүлэг /хх 30/,

            Гэрч Н.О- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2018 оны 9 дүгээр сарын сүүлээр Дархан Теди төвийн 6-р лангуунаас Адъяа гэх зүс таних ахаас Samsung J7 маркийн шаргал өнгийн гар утас 250 000 төгрөгөөр худалдаж авсан. Би тэр утсыг хулгайд алдагдсан гар утас гэдгийг мэдээгүй. Тухайн үед эвдрэл гэмтлийг нь асууж худалдаж авсан. Зүс таних болохоор зүгээр байх гэж бодсон гэх мэдүүлэг /хх 31/,

            Гэрч З.А- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2018 оны 08 дугаарын сарын сүүлээр байх яг өдрийг нь сайн санахгүй байна. Надаар урьд өмнө гар утсаа засуулж байсан зүс таних Э_Г- гэх эмэгтэй “би гар утас олсон юм танд сэлбэг болгож хямдхан зарах гэсэн юм” гээд Samsung J7 маркийн 2016 оны загварын шаргал өнгөтэй гар утас гаргаж ирж надад үзүүлсэн. Тэгэхээр нь дэлгэц нь зүгээр юм бол хамаагүй авъя гээд зүс таних юм байна бас арай хулгайн гар утас биш байх гээд тэр эмэгтэйгээс 90 000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд тэр утсыг аваад програм уншуулаад пормат хийхэд ямар нэгэн эвдрэл, гэмтэл байхгүй хэвийн ажиллагаатай гар утас байсан. Тэр утсыг хэсэг ашиглаж байгаад миний туслахаар ажиллаж байсан дүү Оюун-Эрдэнэ 2 сим карт ашиглахаар боломжийн үнэтэй гар утас авна гэж хэлэхээр нь өөрийн ашиглаж байсан Samsung J7 маркийн гар утсыг 2018 оны 09-р сарын сүүлээр 250 000 төгрөгөөр зарсан гэх мэдүүлэг /хх 32/,

            Гэрч Н.С- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би тэр эмэгтэйг сайн мэдэхгүй Адъяа ах дээр ирж байсан болохоор хараад танина. 2018 оны 08-р сарын сүүлээр байх яг өдрийг нь сайн санахгүй байна. Урьд өмнө Адъяа ахаар гар утсаа засуулж байсан эмэгтэй хүрч ирээд Samsung J7 маркийн 2016 оны загварын шаргал өнгөтэй гар утсыг олсон юм та сэлбэгэнд авах уу гэж хэлээд А- ахад 90 000 төгрөгөөр зарсан. Тэр эмэгтэй тухайн үед Адъяа ахтай ярьж өөрийгөө Олон улсын худалдааны төвийн хажуу талд байрлах Ардчиллын өргөө гэх ардчилсан намын байранд ажилладаг гэж хэлж байсныг сонссон гэх мэдүүлэг /хх 33/,

            Гэрч Х.Э- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Дархан сумын 16 дугаар баг 16 дугаар байрны гадна орцны үүдний сандал дээр 2 эмэгтэй сууж байсан. Тэгээд юу болсон талаар тодруулж асуухад энэ орцны 3 давхарт найз болох Э_Г-гийнх байдаг юм бид 2 тэнд хамт ууж байгаад миний гар утас алга болсон юм. Тэгээд найз Э_Г-д гар утас алга боллоо гэж хэлэхэд “би чиний утсыг аваагүй гээд маргалдаж бид хоёр гар утсаа хайсан боловч олоогүй Э_Г- бид 2-г гэрээсээ хөөж гаргасан” гэсэн юм. Тэгээд тэр байр луу ороход гэртээ байсан эмэгтэй гадна байсан хоёр эмэгтэй рүү дайрч давшиж хараалын үг хэлж байсан. Тэгээд гар утсаа алга болгосон эмэгтэйн хэлсний дагуу гэр дотор нь гар утсыг нь хөшигний ар тал, буйдан болон буйдан дээр байсан хувцаснууд дотор, гал тогооны өрөөнд үзэхэд их замбараагүй эд зүйлүүд нь хөглөрсөн байдалтай байсан. Тэгээд гар утас нь олдохгүй хоорондоо маргалдаад хэрүүл болоод байхаар нь гадна байсан хоёр эмэгтэйг авч гараад дараагийн дуудлагадаа явсан. Гадна сууж байсан 2 эмэгтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ч хүний ярьсан зүйлийг ойлгох ухаантай байсан. Харин гэрт байсан эмэгтэй хүний үгийг ойлгохгүй шаардлага тавьсан ч хүлээн авахгүй хэрүүл маргаан үүсгэж орилж хашхираад байсан гэх мэдүүлэг /хх 34/,

Капитал зууч ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай 2018 оны 5-р сарын 28-ны өдрийн шинжээчийн дүгнэлт шинжээчийн дүгнэлт:

“Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 450 000 төгрөг байна” /хх 42/,

 

Э_Г-ы мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: ...уугаад сууж байхад Д.Г- утсаар байнга яриад манай гэрээс гараад орцонд хүртэл ярьж байсан. Тэгээд манай гэрийн буйдан дээр бас хэвтэж байснаа Д.Г- миний утас алга болчихлоо гэж хэлсэн. Тэгтэл нөгөө найз эмэгтэй нь уурлаад намайг авчихсан гээд байгаа юм уу гээд цүнхтэй эд зүйлээ манай гэрийн шалан дээр асгаад Д.Г-тэй муудалцаад Д.Г-г алгадаж аваад намайг бас түлхэж унагаасан. Д.Г- гар утсаа хайгаад манай гэрийн хамаг эд зүйлийг нэгжиж үзсэн. Маргааш нь Д.Г- ирж манай хаалгыг нүдсэн миний бие тааруухан байсан учир хаалгаа тайлж өгөөгүй. Тэгээд дараа нь 2018 оны 09-р сарын сүүлээр би гэртээ их цэвэрлэгээ хийгээд буйдангийнхаа бүрээсийг угаах гээд салгатал Д.Г-гийн гар утас гарч ирсэн. Тэгээд би гар утсыг нь хаалга, үүдээ янзлуулах гээд Дархан мобиком дээр гар утас засдаг хүнд 90 000 төгрөгөөр зарчихсан юм. гэх мэдүүлэг /хх 50/ болон 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 14/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 17-19/,

Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 22-23/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 24/,

Мөрдөгчийн тэмдэглэл /хх 25/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 53/,

Дархан сумын 13-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх 51/,

Шүүгдэгч Э_Г-ы иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлгүй тухай лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа,  эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, , /хх 52, 55-57/,

Б.Ц- төрсний гэрчилгээний хуулбар /хх 58/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

            Шүүгдэгч Э_Г- согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум, 16-р багийн нутаг дэвсгэрт байрлах 16-р байрны 44 тоотод өөрийн гэртээ хохирогч Д.Г-ий “Samsung J7”  маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 450.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн хохирогч Д.Г-ий...”Э.Г- ахыгаа дуудаад ах нь ирээд О--бид хоёрыг гар гээд хөөгөөд байхаар нь би ширээн дээр миний гар утас байгаа авъя гэхэд миний утас байхгүй байсан. Тэгэхээр нь Одноогийн утаснаас залгасан чинь холбогдох боломжгүй байна гэсэн. Тэгээд шууд О--бид хоёрыг гэрээсээ ах нь гаргаж хаалгаа түгжсэн” гэх мэдүүлэг /хх-27 дугаар хуудас/, гэрч О.О-...”Д.Г- нь буйдангаас босоод миний утас хаана байна гэхээр нь “мэдэхгүй сууж байсан газраа үзээч” гэхэд Э_Г- нь би ямар авсан юм уу гэхээр нь би “танайд бид гурваас өөр хүн байгаагүй юм чинь хэн авах юм бэ” гэхэд тэгээд би авчихсан юм уу гээд байхаар нь би цүнхэнд байгаа эд зүйлүүдээ гаргаж үзүүлсэн. Тэгээд Э_Г- манай гэрээс гар яв гээд хөөгөөд байсан тэгэхээр нь Д.Г- бид 2 утсаа олчихоод гаръя гээд гэрийнх нь үүдэнд зогсож байсан чинь гаднаас ах нь гээд хүн хаалга тогшоод орж ирээд гар гээд бид хоёрыг түлхэхээр нь би та яагаад байгаа юм гээд буцаж түлхчихээд гарсан. Тэгээд Д.Г- хаалгыг нь тогшоод утсаа авъя гэхэд огт хаалгаа онгойлгоогүй. Тэгээд хаалгыг тогшоод зогсож байтал 2 цагдаа ирсэн. Тэгээд Э_Г-гийн гэр лүү цагдаатай хамт ороод гэрийнх нь буйданг  үзэж шалгасан гэх мэдүүлэг /хх -30 дугаар хуудас/, гэрч Н.О-...”2018 оны 9 дүгээр сарын сүүлээр Дархан Теди төвийн 6-р лангуунаас А- гэх зүс таних ахаас Samsung J7 маркийн шаргал өнгийн гар утас 250.000 төгрөгөөр худалдаж авсан” гэх мэдүүлэг /хх-31 дүгээр хуудас/ , гэрч З.Адъяагийн...”2018 оны 08 дугаарын сарын сүүлээр байх яг өдрийг нь сайн санахгүй байна. Надаар урьд өмнө гар утсаа засуулж байсан зүс таних Э_Г- гэх эмэгтэй “би гар утас олсон юм танд сэлбэг болгож хямдхан зарах гэсэн юм” гээд Samsung J7 маркийн 2016 оны загварын шаргал өнгөтэй гар утас гаргаж ирж надад үзүүлсэн. Тэгэхээр нь дэлгэц нь зүгээр юм бол хамаагүй авъя гээд зүс таних юм байна бас арай хулгайн гар утас биш байх гээд тэр эмэгтэйгээс 90 000 төгрөгөөр худалдаж авсан” гэх мэдүүлэг /хх-32 дугаар хуудас/, гэрч Х.Э-...”Дархан сумын 16 дугаар баг 16 дугаар байрны гадна орцны үүдний сандал дээр 2 эмэгтэй сууж байсан. Тэгээд юу болсон талаар тодруулж асуухад энэ орцны 3 давхарт найз болох Э_Г-гийнх байдаг юм бид 2 тэнд хамт ууж байгаад миний гар утас алга болсон юм. Тэгээд найз Э_Г-д гар утас алга боллоо гэж хэлэхэд “би чиний утсыг аваагүй гээд маргалдаж бид хоёр гар утсаа хайсан боловч олоогүй Э_Г- бид 2-г гэрээсээ хөөж гаргасан” гэсэн юм. Тэгээд тэр байр луу ороход гэртээ байсан эмэгтэй гадна байсан хоёр эмэгтэй рүү дайрч давшиж хараалын үг хэлж байсан. Тэгээд гар утсаа алга болгосон эмэгтэйн хэлсний дагуу гэр дотор нь гар утсыг нь хөшигний ар тал, буйдан болон буйдан дээр байсан хувцаснууд дотор, гал тогооны өрөөнд үзэхэд их замбараагүй эд зүйлүүд нь хөглөрсөн байдалтай байсан. Тэгээд гар утас нь олдохгүй хоорондоо маргалдаад хэрүүл болоод байхаар нь гадна байсан хоёр эмэгтэйг авч гараад дараагийн дуудлагадаа явсан. Гадаа сууж байсан 2 эмэгтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ч хүний ярьсан зүйлийг ойлгох ухаантай байсан. Харин гэрт байсан эмэгтэй хүний үгийг ойлгохгүй шаардлага тавьсан ч хүлээн авахгүй хэрүүл маргаан үүсгэж орилж хашхираад байсан гэх мэдүүлэг /хх 34/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Э_Г- шүүхийн хэлэлцүүлэгт “хохирогч Д.Г-гийн гар утсыг хулгайлаагүй, 3 сарын дараа гэрийнхээ буйдангийн бүтээлгийг угааж цэвэрлэхээр автал буйдангийн завсраас гарч ирсэн, тухайн үед гэрийн хаалга зэргийг эвдсэн учраас төлбөрт нь гар утсыг зарсан, хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй” гэж улсын яллагчтай мэтгэлцэж байна.

Иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болохын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хуульчилсан.

“Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” шууд санаатай гэмт үйлдлийг “хулгайлах” гэмт хэрэг гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд тодорхойлжээ.

Шүүгдэгч Э_Г-ы мэдүүлэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэж, нотлогдон тогтоогдохгүй байх тул хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э_Г- гэмт үйлдэлдээ шууд санаатай хохирол, хор уршгийг хүсч үйлдсэн, түүний гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Г-д 450 000 төгрөгийн хохирол учирсан байх тул зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байна.

 

Иймд шүүгдэгч Э_Г-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Хавтаст хэргийн 24-р хуудсанд авагдсан “алдагдсан 352721086654758, 352722086654756 IMEI кодтой Samsung J7  маркийн гар утсыг Сэлэнгэ аймаг, Сайхан сум, 2-р баг, Дүмбэн хороолол 7-21 тоотод оршин суух Нямдорж овогтой Оюун-Эрдэнээс хураан авч хохирогч Д.Г-д хүлээлгэн өгөв” гэх эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр шүүгдэгч Э_Г-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Э_Г- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхэд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, бага насны хүүхэдтэй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Э.Г-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э_Г-ыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.    

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э_Г-д оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлсүгэй.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Э_Г- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдсугай.

 

            6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э_Г-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        З.ТӨМӨРХҮҮ