| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/06674/И |
| Дугаар | 5023 |
| Огноо | 2015-09-02 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2015 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 5023
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 5-р хороо, Хера бизнес төвийн байранд байрлах, РД-2858614, Хера экуйпмент ХХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагчаар оролцвол зохих Х.Ханддоржийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюундэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагчаар оролцвол зохих Х.Ханддоржийг эрэн сурвалжлуулахаар шаардсан байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Хера экуйпмент ХХК нь иргэн Х.Ханддоржтой 2015 оны 03 сарын 09 өдөр 15-27 тоот менежментийн гэрээг 2015 оны 03 сарын 09 өдрөөс 2016 оны 11 сарын 30 өдрийг хүртэл хугацаатайгаар байгуулсан.
Гэрээний дагуу Хера экуйпмент ХХК нь өөрийн өмчлөлийн токарын цехийг тоног төхөөрөмжийн хамт Х.Ханддоржид түрээсээр эзэмшүүлэхээр шилжүүлсэн.
Х.Ханддорж нь токарын цехийг ашиглан үйл ажиллагаа явуулж түрээсийн төлбөрт сар бүр 2 500 000 төгрөгийг төлбөрийг хэрэглэсэн цахилгааны болон утасны төлбөрийн хамт төлөхөөр харилцан тохиролцсон.
Гэрээний хугацаанд төлбөл зохих 19 467 000 төгрөгөөс 11 468 125 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 8 008 635 төгрөгийг төлөөгүй.
Гэрээний дагуу төлбөрөө гаргуулж авах шаардлагатай байгаа боловч Х.Ханддоржийн хаяг тодорхой биш байгаа тул албан ёсоор хаягийг нь тогтоолгох хүсэлтэй байна.
Иймд хариуцагчаар оролцвол зохих Х.Ханддоржийг эрэн сурвалжилж өгнө үү? гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, менежментийн гэрээ, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай 2016-07-29 өдрийн 183/ШЗ32013/1860 захирамж зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Хера экуйпмент ХХК нь шүүхэд хариуцагчаар Х.Ханддоржийг оролцуулж, менежментийн гэрээний үүргийг хангуулахыг хүсч байгаа байх боловч хариуцагчаар оролцвол зохих Х.Ханддорж оршин суугаа гэх бүртгэлтэй хаягтаа оршин суугаагүй, түүний хаягийг нэхэмжлэгч мэдэхгүй, мэдэх боломжгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар, зохигчийн байгуулсан гэрээ, шүүхийн шүүгчийн захирамж, хариуцагчаар оролцвол зохих этгээдийн иргэний үнэмлэхийн хуулбар, бичмэл нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд хариуцагчаар оролцвол зохих Х.Хандоржийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүх хангах үндэслэлтэй байна.
Монгол улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсгийг баримтлан хариуцагчаар оролцвол зохих Усчин овогт Хадбаатарын Ханддорж /РД-88060553/-г эрэн сурвалжилсугай.
2.Хариуцагчаар оролцвол зохих Х.Ханддоржийг эрэн сурвалжлах ажиллагааг Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсээр гүйцэтгүүлсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэх хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
4. Шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл бичгээр гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.НАРАНЦЭЦЭГ