Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2025/00645

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Т.Бадрах, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/01214 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ******* ХК-д холбогдох,

 

Хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие ******* ХК-д 2010 оноос 2020 он хүртэл жолоочоор ажилласан. Сүүлийн 2 жил машинистаар ажиллаж байна. Миний бие ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын шийтгэл авч байгаагүй.

2023 оны 07 дугаар сарын 28-ны шөнө найзтайгаа уулзахаар амралтын байрнаас гарахад үүдэнд хүн байгаагүй. Найзтайгаа уулзаад буцаж орж ирэхэд ч мөн л хүн байгаагүй. Энэ үед 01:00 цаг болж байсан. Тухайн үед байрны гадаа утсаар ярьж байхад намайг чанга дуугаар утсаар ярилаа гээд үүдний харуул ирж, бидний дунд маргаан үүссэн. Ингээд менежер ********ыг дуудаж захиргааны өрөөнд ортол, надад драгер үлээлгэсэн. Би архи хэрэглэсэн зүйл байхгүй гэдгээ хэлээд өглөө нь эрт ажилтай байсан учраас хоосон цаасан дээр гарын үсэг зураад явсан. Тухайн үед драгерын заалт янз бүр гарч байсан. Тэгээд миний амралтын өрөөнд ч мөн шалгалт хийсэн. Өглөө ээлжээ хүлээж аваад ажилдаа гарсан байхад 08 цаг 30 минутын үед ахлах ажилтан дуудаад Чи өчигдөр орой гадагшаа гарсан байна. Амрах байрандаа амарч бай гэсэн учраас би кемп дээр ирсэн. Дараа нь 12 цаг 30 минутын үед дахиж намайг дуудаад өглөө согтуу байсан гэх үндэслэлээр хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан драгераар үлээлгэсэн. ******* сумын эмнэлэгт очиж цусны шинжилгээ өгсөн. Үүнээс хойш 3-4 хоногийн дараа Хөдөлмөрийн аюулгүй байдлын хэлтсээс намайг дахин дуудаж, тайлбар, мэдүүлэг авсан. 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн ажлаас халах тухай тушаалтай 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр танилцсан.

Тухайн үед шалгалтыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тогтоох журмын дагуу явуулаагүй. Хэн нь ажиллагаа хийх эрхтэй эсэх, хэн нь хөндлөнгийн гэрчээр оролцсон нь тодорхойгүй байсан. Шалгалтын ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцоогүй учраас журмын 4.1, 3.2.1, 3.3.2-д заасан шалгах ажиллагаа хийгдээгүй байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-т хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гэсэн заалт байдаг. Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тохиолдлууд байгаа бол хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан. Гэтэл нэхэмжлэгч нь ажлын бус цагаар, амарч байсан. Энэ зөрчлийн цаана ямар нэг хохирол, хор уршиг учирсан зүйл огт байхгүй. Нэхэмжлэгч тухайн үйл явдлын дараа ажлын цагтаа ажилдаа гарч ажил үүргээ гүйцэтгэж байсан. Нэхэмжлэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх боловч ямар байдлаар хэрэглэсэн гэдгийг нь тогтоож чадаагүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч нь 2023 оны 07 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай хотхонд нэвтрэх оролдлого хийсэн зөрчил гаргасан. ******* ХК-д 2022 оны 10 дугаар сараас онцгой дэглэм тогтоосон. Энэ хугацаанд бүрэн эрхт төлөөлөгчийн зүгээс ******* аймгийн ******* суманд байрлах ******* хотхоны орж, гарах үйл ажиллагаанд дотоодын цэргийн харуул хамгаалалтыг 24 цагийн турш ажиллуулж, 22 цагаас хойш кемпээс орж, гарах хөдөлгөөнийг хориглох арга хэмжээг авсан. Тухайн шөнө нэхэмжлэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай хотхонд нэвтрэхийг завдсан зөрчлийг анх Дотоодын цэргийн ******* дугаар ангийн албан хаагч илрүүлсэн байдаг. Дотоодын цэргийн албан хаагч нар нь цагдаагийн ахлагч *******ад нэхэмжлэгч *******ийг шилжүүлж өгөн согтуурлын зэргийг шалгахад 01:00 цагт 2.64 гарсан гэдгийг рапортдоо тэмдэглэсэн байдаг. Энэ асуудлын талаар ******* ХК-ийн хотхоны менежер, диспетчер ********т дуудлага өгч мэдэгдсэн. Журмын дагуу хотхоны менежер, Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан зэрэг хэд хэдэн ажилтан согтуурлын зэрэг шалгах багаж буюу драгераар нэхэмжлэгчийг шалгасан. Шөнийн 02 цаг 03 минутын үед согтуурлын зэргийг шалгахад эхний сорилоор 2.36, дараа нь 02 цаг 26 минутад 2.18 буюу бага зэрэг буурсан байдалтай байсан. Ингээд нэхэмжлэгчийн зүгээс сорилын үр дүнг хүлээн зөвшөөрч журмын дагуу тэмдэглэлд гарын үсэг зурж баталгаажуулсан. Хэрэв энэ сорилыг зөвшөөрөхгүй бол 3 дахь сорилыг хийх, цаашлаад цусны шинжилгээ өгөх асуудал байсан боловч 2 дахь сорилын үр дүнг нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрснөөр энэ ажиллагаа зогсож, баримтаар баримтжуулан нэхэмжлэгчийг амраасан. Эдгээр ажиллагаанууд журмын дагуу хийгдсэн. ******* ХК-д онцгой дэглэм тогтоосонтой холбогдуулан гарсан тушаал, бүх дүрэм журмыг чанд сахиж ажиллахыг ажилтнуудад үүрэг болгосон тушаал шийдвэр гарсан ч нэхэмжлэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай хотхонд нэвтэрсэн нөхцөл байдалтай байсан нь хүчин төгөлдөр багаж буюу Нийслэлийн стандарт хэмжил зүйн газраас баталгаажуулсан багажаар тогтоогдсон учраас нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Нэхэмжлэгч тайлбарлахдаа согтууруулах ундааны зүйл буюу архи хэрэглээгүй айраг хэрэглэсэн, багаж ажиллахгүй байсан, хэд хэдэн удаа үзэхэд янз бүрийн тоо гарч байсан гэдэг тайлбар хэлдэг. Нэгдүгээрт багаж ажиллахгүй байсан тохиолдол байхгүй. Хэд хэдэн удаа үлээлгэсэн гэх асуудлын тухайд Дотоодын цэрэг буюу цагдаагийн албан хаагчийн багажаар үлээлгээд 2.67 гарсан. Мөн бид өөрийн албан ёсны багажаар үлээлгэхэд мөн 2 бүхэл гарсан нөхцөл байдал тогтоогддог. Эдгээр багаж нь эрх бүхий байгууллагаас албан ёсоор баталгаажуулсан багаж байгаа. Нэхэмжлэгч архи уугаагүй, айраг уусан гэдэг талаар өөрөө ч хэлдэг. Айраг согтууруулах ундааны зүйл биш гэж үзэх үндэслэл байхгүй. Нэхэмжлэгч тал тайлбарлахдаа ажлын байр гэдгийг ажлаа хийж байх үеийг ойлгоно гэж байна. Хөдөлмөрийн дотоод журмаар ажлын байр гэдгийг төв оффис, уурхайн бүс, амралтын байр гээд бүгдийг нь хамруулсан. Эдгээр нь ажлын байр гэж тооцогдоно. Хүн эрхээ мэддэг бол үүргээ мэдэх учиртай. 22 цагаас хойш хөдөлгөөн хорьдог гэдгийг мэддэг учраас гарахгүй байх үүрэгтэй. Энэ үүргээ ухамсарлаж, биелүүлэх ёстой байсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2., 127 дугаар зүйлийн 127.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн хариуцагч ******* ХК-д холбогдох, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023.08.11-ний өдрийн Б/522 тоот тушаал хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан зуухны машинчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж, баримт нотолгоог үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлээгүй гэж үзэж байна.

4.1. ******* ХК-ийн ******* аймгийн ******* сум дахь салбарын захирлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/206 дугаартай тушаалаар батлагдсан Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хориглох, шалгах журам-ын 1.3-т Согтууруулах ундаа гэж хүнсний зориулалтын түүхий эдээр үйлдвэрлэсэн спирт, бүх төрлийн архи, этилийн спирт агуулсан дарс, пиво, сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архи, айраг зэргийг хамруулан ойлгоно. гэж заасан бөгөөд ******* нь ингэний айраг буюу ингэний хоормог хэрэглэсэн бөгөөд энэ нь уг заалтад заасан айраг-т хамаарахгүй. Учир нь Монгол улсын Засгийн газрын 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 304 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт-ийн 2.1.36-д айраг гэж гүүний сүүг уламжлалт аргаар эсгэж боловсруулсан бүтээгдэхүүнийг ойлгоно гэж заасан. Гэрч Ш.Энэбишчулууны мэдүүлгээр: Айраг гэдэг нь торомтой ингэний сүүгээр хийдэг идээ юм., архи, пиво, бусад төрлийн согтууруулах ундаа уугаагүй гэж мэдүүлсэн байдаг.

4.2. Амьсгал дахь согтуурлын зэргийг тогтоох багаж нь хувь (%) эсхүл промиль (%о) гэсэн хэмжээсээр амьсгал дахь спиртийн агууламжийг тодорхойлдог. Тухайлбал Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах журам-д промиль-оор хэмжихээр заасан байдаг.

******* ХК-ийн ******* аймгийн ******* сум дахь салбарын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/206 дугаартай тушаалаар батлагдсан Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис бодис хориглох, шалгах журам-ын 4.2-т Тусгай зориулалтын Алкотестер багажаар үлээлгэхэд 0.00 хувь байх ба түүнээс дээш гарсан тохиолдолд согтууруулах ундаа хэрэглэсэн гэж 4.3 дахь заалтыг хэрэгжүүлнэ. гэж заасан.

Нэхэмжлэгч *******ийн согтуурлын зэргийг шалгаж тогтоохдоо промиль (%о) өөр хэмжээсээр тогтоосон Алкотест 6******* загварын багажийн гэрчилгээ, гэрэл зураг дээрх хэмжээсээр тодорхойлсон байна.

Гэтэл нэхэмжлэгчийн согтуурлын зэргийг драгер промиль (%о)-оор тодорхойлсон байхад хариуцагч талын хяналт шалгалт хийсэн ажилтнууд хувь, промиль гэх хэмжээсээ ялгахгүй, хооронд нь хольж хутган бичсэн зэрэг нь гэрчээр өгсөн мэдүүлгүүдээс тодорхой харагдана.

Нэхэмжлэгч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад промиль гэх хэмээх нэгж нь хувь гэх хэмжээсээр маш бага согтуурлыг зэргийг илэрхийлэх бөгөөд 2.36 %, 2.18%о гэх үзүүлэлт нь хэдий хувь-аар илэрхийлэгдэх талаар шинжээч томилуулах тухай хүсэлт, шинжээчид дүгнэлт гаргахад шаардлагатай багаж хэрэгслийг гаргаж өгч дахин дүгнэлт гаргуулахыг хүссэн боловч шүүх хангахаас татгалзсан зэрэг нь согтуурлын зэргийг үнэн зөв тогтоож чадаагүй, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон гэж үзэж байна.

Иймээс анхан шатны шүүх ч өөрөө хувь, промиль зэрэг хэмжээсийг ялгаж, салгахгүйгээр үндэслэлгүй дүгнэлтүүдийг хийсэн байна.

4.3. ******* ХК-ийн ******* аймгийн ******* сум дахь салбарын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/206 дугаартай тушаалаар батлагдсан Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хориглох, шалгах журам-ыг баталж мөрдүүлсэн боловч салбарын ажилтнуудад танилцуулаагүй учраас хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан ******* шалгах ёстой атал хөндлөнгийн гэрчээр оролцох ёстой захиргааны мэргэжилтэн ******** шалгалт хийсэн, сорил эхлэхээс өмнө хоёр гэрчээр сорилын багажийг үлээлгэж шалгах ажиллагааг явуулаагүй, багажийг зааврын дагуу ажиллуулж чадаагүй, үр дүн бүрийг баталгаажуулж тэмдэглээгүй байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг багажийн ажиллуулах заавар, техникийн бичиг баримтыг хариуцагчаас гаргуулах хүсэлт гаргахад хариуцагч,талаас ийм заавар байхгүй гээд гаргаж өгөөгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүх маргааны үйл баримт болон согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх талаар нотлох баримт, гэрчийн мэдүүлэгт тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн.

******* хотхоноос гарч явсан бөгөөд айраг, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирсэн. Энэ нөхцөл байдлыг зөвхөн ******* ХК тогтоогоогүй. Дотоодын цэргийн ******* дугаар ангийн харуул хамгаалалттай бөгөөд объектоор орж гарах хөдөлгөөнийг хариуцдаг. Нэхэмжлэгчийн хувьд хотхоны гадаа чанга ярьсан гэх нөхцөл байдалтай холбоотойгоор дотоодын цэргийн цагдаагийн албан хаагч нэхэмжлэгчийг зогсоож тухайн асуудлыг илрүүлсэн.

Цагдаагийн албан хаагчдын хэрэглэдэг драгер буюу согтууруулах ундаа хэр зэрэг уусныг нь шалгадаг багажаар шалгахад 2,64 буюу өндөр согтолтын зэрэгтэй байсан. Согтуурлын зэрэг шалгах журмын дагуу хөдөлмөрийн аюулгүй байдлыг хариуцах нэгж, захиргаа, хариуцах нэгжийн холбогдох ажилтнууд болон тухайн шөнийн ээлжид гарч байсан ажилтнууд 1 цагийн үед шалгасан. Драгераар 1 болон 2 дахь сорилыг үзэхэд 2,64, 2,18 гэсэн согтуурлын зэрэг гарсан. 3 дахь удаагийн сорилыг явуулах гэсэн боловч нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч тодорхой байхад дахин явуулах шаардлага юу байгаа юм гэсэн учраас сорилын ажлыг зогсоож амрах ажиллагаа хийгдсэн.

Багажны нэр томьёоны нарийн илэрхийлэл нь промиль. Бид энгийн хэллэгээр хувь, бүхэл гэж ярьдаг. Энэ нэр томьёогоор согтуурлын зэрэг шалгасан тэмдэглэлд бичигдсэн байгаа. Гэтэл нэхэмжлэгч талаас нэр томьёоны хувьд хувь гэх юм уу, промиль гэх юм уу. Үүнийг хариуцагч нар мэдэхгүй байна гэж тайлбарладаг.

Нэхэмжлэгч талаас дээрхтэй холбогдуулан шинжээч томилох хүсэлт гаргасан боловч шүүх хангаж шийдвэрлээгүй гэж тайлбарласан. Энэ асуудлын хувьд, шүүхээс шинжээч томилж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн рүү хүргүүлсэн. Тус байгууллагаас хариу ирүүлэхдээ нарийн мэргэжлийн буюу мэргэшсэн шинжээчийн дүгнэлт гаргах шаардлагагүй. Тоон утгын илэрхийлэл нь согтуурлын зэргийг илэрхийлж байхад заавал шинжээчийн тусгай мэдлэг шаардагдахгүй гэх үндэслэлээр шинжилгээ хийхээс татгалзсан. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарахгүй.

Согтуурлын зэргийг шалгах ажиллагааг Хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан ******* шалгах ёстой байтал захиргааны мэргэжилтэн ******** хийсэн гэж маргадаг. Согтуурлын зэргийг шалгах журмаараа тусгайлан зохицуулсан зүйл байхгүй. Агуулгын хувьд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчтэй байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн согтуурлын зэрэг шалгадаг багажийг хариуцаад ашиглаад явдаг. Дуудлагын дагуу багажтайгаа ирээд шалгах ажиллагаа хийгдсэн. Хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтэн үлээлгэх, захиргааны мэргэжилтэн үлээлгэх дараалал өөрчлөгдсөн гэдэг нь согтуурлын зэрэг шалгасан тэмдэглэл болон үйл баримтыг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй. Нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрч тэмдэглэлд гарын үсэг зурсан. Цусны шинжилгээний хувьд цусан дахь спиртийн агуулга байхгүй гэдэг талаар маргадаг. Гэтэл сумын эмч болон хариуцагч байгууллагын эмч нар ямар учраас цусны шинжилгээ хийх болсон талаар тайлбар хийсэн. Уг тайлбарт, маргааш өглөө нь нэхэмжлэгчийн даралт өссөн, цусны өтгөрөлтэй байж болзошгүй. Зөвхөн даралтны эм уулгаад ажилд нь гаргах боломжгүй буюу эрсдэлтэй нөхцөл байдал үүсэж болзошгүй гэж үзэж суманд очиж цусны шинжилгээ авсан. Түүнээс биш цусанд согтуурлын зүйл байна уу гэдэг зүйлийг илэрхийлээгүй. Анхан шатны шүүх энэ үйл баримтын талаар нотлох баримтын хүрээнд зөв дүгнэсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХК-д холбогдуулан хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

4. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХК-тай 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан, зуухны машинчаар ажиллаж байгаад ******* ХК-ийн Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Б/522 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болох нь талуудын тайлбар, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ. /1-р хх-ийн 1, 12, 30-31, 40-42 тал/

 

4.1. Хариуцагч ******* ХК нь нэхэмжлэгч *******ийг хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тушаалдаа ******* нь 2023 оны 07 дугаар 28-ны өдөр ажлын байрандаа согтууруулах ундаа хэрэглэсэн, хэрэглэсэн үедээ амрах байранд нэвтэрсэн ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлийг заасан байна.

 

4.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заажээ.

 

4.3. Талууд хөдөлмөрийн гэрээний 4.5-д хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлүүдийг тохиролцсон ба ажилтан уг зөрчлүүдээс гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан байна.

Тодруулбал, хөдөлмөрийн гэрээний 4.5.12-т ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд буюу уурхайн бүсэд согтууруулах ундаа, хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хэрэглэх, хэрэглэсэн үедээ ирэх, худалдан борлуулсан, архидалт мансууралд бусдыг уруу татсан, галт болон хүйтэн зэвсэг, тэсэрч дэлбэрэх болон шатамхай бодис хэрэгслийг биедээ авч явах, ажлын байранд нэвтрүүлсэн, хадгалсан, хэрэглэсэн, ашигласан бол хөдөлмөрийн гэрээг цуцлахаар тохиролцсон байна./1-р хх-ийн 40-42/

Мөн Хөдөлмөрийн дотоод журмын 8.4, 8.4.12-т ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд буюу уурхайн бүсэд согтууруулах ундаа хэрэглэх, хэрэглэсэн үедээ ирсэн бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд тооцож ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар, 1.5-д төв оффис, уурхайн бүс, хотхон, амрах байр, салбар төлөөлөгчийн газрын байр, спорт заал, ... компанийн хамаарал бүхий бусад газрыг ажлын байранд тооцохоор тус тус заажээ.

 

4.4. Нэхэмжлэгч ******* нь ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх энэхүү үйл баримтыг тогтоохдоо хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, Дотоодын цэргийн ******* дугаар ангийн эргүүл хамгаалалтын офицерын рапорт, илрүүлсэн зөрчлийн бүртгэл, ФХ 0441 дугаартай физик-химийн хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрчилгээ, Alcotest 6******* загварын AREB-1684 дугаартай амьсгал дахь спиртийн агууламж хэмжигч /драгер/-р ажилтан *******ийн согтолтын хэмжээг тодорхойлсон 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн согтууруулах ундааны сорил хийсэн тухай тэмдэглэл, гэрч *******, ********, *******, ******* нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн байна. /1-р хх-ийн 36, 40-42, 69-76-р тал/

 

5. Нэхэмжлэгч ******* нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан буюу ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ноцтой зөрчил гаргасан болох нь ******* ХК-ийн согтуурлын зэрэг тогтоох сорил хийсэн тэмдэглэлд I сорил үр дүн 2.36, II сорил үр дүн 2.18 гэх, Дотоодын цэргийн ******* дугаар ангийн эргүүл хамгаалалтын офицерын рапорт, илрүүлсэн зөрчлийн тэмдэглэлд ... ******* нь согтууруулах төрлийн зүйл хэрэглэсэн үедээ ******* хотхонд нэвтрэхийг завдсан ... цагдаагийн ахлагч *******ад шилжүүлэн согтолтын зэргийг шалгах багажаар шалгахад согтолтын 2,64 зэрэгтэй гарч, ******* хотхоны менежерт хүлээлгэн өгсөн, гэх бичилтүүд, тус компанийн Захиргаа удирдлага хөгжлийн газарт гаргасан нэхэмжлэгчийн тайлбар зэргээр нотлогдон тогтоогдсон. /1-р хх-ийн 36, 68,74-76/

******* ХК-ийн ******* аймгийн ******* сум дахь салбарын захирлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/206 дугаар тушаалаар баталсан Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хориглох, шалгах журам-ын 4.3.2-т ... сорил хийлгэгч үр дүнг зөвшөөрсөн тохиолдолд түүнийг согтууруулах ундаа хэрэглэсэнд тооцож тэмдэглэлд гарын үсгээр баталгаажуулна. ... гэж, 4.3.8-д Сорил хийлгэгч батлах сорилын үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд сорил хийх ойрхон эмнэлэг байгаа бол сүүлчийн сорил хийгдсэнээс хойш 90 минутын дотор тухайн эмнэлэгт өөрийн зардлаар цус болон шээсний шинжилгээ өгч шинжлүүлнэ. ... гэж заажээ.

Нэхэмжлэгч ******* нь согтуурлын зэрэг шалгах ажиллагааны явцад сорилын үр дүнг зөвшөөрч тэмдэглэлд гарын үсэг зурсан, мөн эмнэлгийн байгууллагаар шинжилгээ хийлгээгүй байх тул нэхэмжлэгчийг сахилгын зөрчил гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна. /1-р хх-ийн 36/

Нэхэмжлэгч нь тухай үед ингэний айраг уусан, согтолтгүй байсан, согуурлын зэрэг шалгах ажиллагаа журмын дагуу явагдаагүй гэж тайлбарлах боловч хянан шалгах ажиллагаа хийсэн ажилтнууд журам зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүйгээс гадна нэхэмжлэгчийн тайлбарт дурдсанаар согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэж үзэх үндэслэл болохгүй. Иймд, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй.

 

6. Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо, согтуурлын зэргийг илэрхийлэх 2.36, 2.18 гэх үзүүлэлт нь хэдэн хувиар илэрхийлэгдсэн талаар шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хангахаас татгалзсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэж байна гэжээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн захирамжаар 2,36, 2,18 гэх тоон үзүүлэлтүүд нь хувь болон промиль гэсэн хэмжигдэхүүний алинаар нь илэрхийлэгдсэн болох, Alcotest-6******* багаж нь согтуурлын зэргийг хувиар эсхүл промилээр илэрхийлдэг эсэх, 2,36, 2,18 гэсэн тоон үзүүлэлт нь хувиар илэрхийлбэл ямар хэмжээтэй болох зэрэг асуудлыг тодорхойлуулахаар Шүүх шинжилгээний ерөнхий газрыг шинжээчээр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна. /1-р хх-ийн 219-222/

Шүүх шинжилгээний ерөнхий газраас 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн албан бичгээр хариу ирүүлэхдээ ... багажийг ирүүлээгүй, багажны дэлгэц дээрх тоон үзүүлэлтүүд, хэмжигдэхүүнүүд, техникийн үзүүлэлтүүд нь шинжээчийн тусгай мэдлэгт хамаарахгүй болно. Иймд Шүүх шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 48 дугаар зүйлийн 48.1.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн шинжилгээ хийж, дүгнэлт гаргах боломжгүй болохыг хүлээн авч танилцана уу гэжээ. /1-р хх-ийн 224/

Дээрх үндэслэлээр шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан шинжээч томилуулах хүсэлтийг шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж үзэхгүй./1-р хх-ийн 229-230, 234-236/

 

7. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/01214 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

 

ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ