| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 166/2019/0241/Э |
| Дугаар | 251 |
| Огноо | 2019-06-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 251
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагч: А.Оргилбаяр,
Хохирогч С.С.Ө-,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,
Шүүгдэгч С.С.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.М-ад холбогдох эрүүгийн 1918003030263 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 08 сарын сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Шарын гол” ХК-д цахилгаанчин ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын 7-р шүүхийн 2015 оны 01 сарын 08-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар 3 жил 4 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, С.М-
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч С.С.М- нь согтуурсан үедээ 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 22 цагийн орчим Дархан-Уул аймгийн Шарын гол сум, Дархан баг, Уурхайчдын 8-4 тоотод хамт архи уусан С.С.Ө-ийг “хүн болгон руу асаж, агсам тавьж өөрийг нь цохьлоо” хэмээн маргалдаж улмаар хамран тус газарт нь толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.С.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ...” : 2019 онд хохирогч С.Ө- намайг ажлаас гараад явж байхад залгаад гэртээ урьсан. Тухайн үед гэрт нь очоод хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Гаднаас А--, Око гэх залуучууд нэмээд ирсэн. Бид нар тамхилахаар гадагшаа гарсан үед Ж-- болон С.Ө- нар хоорондоо зодолдож зууралдсан. Ж--ийг нөгөө хэд аваад явсан. Харин хохирогч С.Ө-ийг А-- бид хоёр аваад уг гэрт үлдсэн. Тэгээд би Ж--тэй муудалцлаа гээд хохирогчтой маргалдсан. Тэгээд хохирогчийн хамар руу мөргөж гэмтэл учруулсан гэв.
Хохирогч С.С.Ө- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ...”Миний бие анх шүүгдэгчтэй хамт сагсан бөмбөг тоглож байгаад танилцаж байсан. 2019 оны 4 дүгээр сарын 22-ны орой 7 цагийн үед шүүгдэгчийг дуудсан. Өмнө нь пиво уугаад халсан байсан. С.М-, Ж--к хоёр орж ирсэн. С.М- нэг найзын хамт гараад явсан. Эд нарыг гадаа тамхилж байхад Жалданбек надад “дүү нар гайгүй юу” гэж хэлсэн. Бид хоёр үүнээс болж муудалцсан. Тэгээд бид хоёрыг салгасан. Шүүгдэгч С.М- өмнө нь тэмцээн болж байхад надтай муудалцаж байсан. Түүн дээр юм санаад шүүгдэгч С.М-ыг “пизда, лалар минь” гэж хэлэхэд шүүгдэгч С.М- бид хоёр барилцаж авсан. Тэгээд миний хамар руу мөргөсөн. Тухайн үед хамрандаа гэмтэл аваад цагдаа болоод бөөн юм болсон гэв.
Эрүүгийн 1918003030263 дугаартай хэргээс:
Шүүгдэгч С.С.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Ж-- нь С.Ө-өөр тоглоод янз бүрийн юм яриад байсан ба хэсэг хугацааны дараа бүгд гарч тамхилсан. Тэгээд түрүүлж С.Ө-, Ж--, Б--, Б,Ж-аан нар гэрт орсон бөгөөд гадаа А-- бид хоёр юм яриад үлдсэн. Гэтэл удалгүй гэрт түр тар хийх чимээ гарахаар нь яваад ортол Ж--ын хамар болон С.Ө-ий нүдний хажуугаас цус гарсан байсан ба Ж--ыг Б--, Б,Ж-аан хоёр гэрээс авч гараад А-- бид хоёр С.Ө-ийг гэрт нь тайвшруулахаар аваад үлдсэн. Энэ үед С.Ө- нь А-- бид хоёр луу зодооныг салгалаа гээд дайрч давшлаад миний нүүрэн тус газарт гараараа 1-3 удаа цохисон. Энэ үед миний толгойд гэмтэл учраагүй бөгөөд миний уур хүрч С.Ө-ий нүүрэн тус газар буюу хамарлуу нь нэг удаа толгойгоороо мөргөсөн. Тэр үед А-- бид хоёрын дундуур орж салгасан бөгөөд гаднаас С.Ө-ий эхнэр М.Т-- орж ирж таараад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх 26/,
Хохирогч С.С.Ө-ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Ж--, Б--, А-- бид 4 гэрт ороод би тэд нарыг гайгүй юу дүү нар гэж хэлсэн чинь Ж-- босож ирээд яасан гэнээ хөгшөөн гэхээр нь жаахан хүүхэд байж гэж дотроо бодоод уур хүрч Ж--ыг нэг удаа нүүрэн тус газарт нь алгадсан. Гэтэл хамраас нь цус гарсан. Энэ үед Ж-- зөрүүлж миний зүүн талын нүд рүү 1 удаа цохиж гэмтээсэн бөгөөд Б--, Б,Ж-ан нар салгаад түүнийг гэрээс аваад гарсан. Харин зөрж С.М-, А-- нар орж ирээд С.М- юу болоод байгаа юм гэхээр нь би С.М-тай маргалдсан. Учир нь өмнө тэмцээн, уралдаан болж байхад намайг үгээр идээд янз бүрийн юм яриад байдаг байсан. Түүнээс болж миний уур хүрч түүнтэй муудсан. Гэтэл С.М- шууд миний хамран тус газарт нэг удаа мөргөж толгой руу бас гараараа цохисон. Энэ үед би хойшоо унахдаа гараараа шүүгээ цохиж унасан бөгөөд тэр үед гар хэсэг газраа хөхөрсөн байсан. Тэр үед А-- бид хоёрыг салгаад С.М-ыг гэрээс аваад гарсан. Гэтэл удалгүй гаднаас эхнэр М.Т-- орж ирээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх 07/,
Гэрч М.М.Т-- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: С.Ө- бол миний нөхөр байгаа юм аа манайх Шарын гол сумын Дархан баг Уурхайчдын 8-4 тоотод амьдардаг бөгөөд 04 сарын 18-ны орой хүүхдийн цайллага хийж С.Ө-ий найзуудыг гэртээ урьсан. Хамгийн түрүүнд манайд Ж--, С.М- хоёр цуг орж ирсэн. Ингэж орж ирэхдээ 1 шил 0.5 грамын архи авч ирсэн бөгөөд тухайн үед би айл руу явахаар болж гэрээс гарах гэж байтал Ж-- найз Б,Ж-аныг машинтай нь дуудаж тэр хоёр хамт намайг айлд хүргэж өгсөн. Тэгээд тэр айлдаа байж байгаад орой 22 цаг өнгөрч байхад эргэж гэртээ ирсэн чинь гэрийн гадаа Б--, Ж--, С.М-, Б,Ж-ан, А-- нар зогсож байхаар нь би тоолгүй гэртээ шууд яваад ортол С.Ө- ширээ түшээд зогсож байсан бөгөөд хамарнаас нь их хэмжээний цус гарсан байдалтай байсан. Тэгэхээр нь юу болсон талаар асуухад Ж--, С.М- нар намайг зодчихлоо гэж хэлсэн. Тэр үед миний уур хүрч хамт байсан найзууд руу нь уурлаж дараа нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх 09/,
Гэрч С.Ж--ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...С.Ө- зүгээр суухгүй согтоод орилж хашхираад байхаар нь та зүгээр суучихаач дээ гэж хэлсэн чинь шууд миний хамар луу алгадаж цус гаргасан. Гэхдээ миний хамарт гэмтэл учраагүй. Тэр үед миний уур хүрч С.Ө-ийг баруун гараараа зүүн талын шанаа хэсэг рүү нэг удаа цохисон. Гэтэл тэнд байсан Б,Ж-аан, Б-- хоёр намайг салгаад тэдний гэрээс гарсан бөгөөд зөрөөд гэр лүү С.М-, А-- нар орсон. Гэтэл удалгүй 5-6 минутын дараа гэрээс А--, С.М- 2 гарч ирсэн ба гадаа зогсож байтал С.Ө-ий эхнэр М.Т-- ирсэн. Тэгээд юу болсон талаар сонсоод М.Т-- цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх 12/,
Гэрч Б.Б--гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...С.Ө- орж ирээд пизданууд яагаад байгаа юм гээд тоглоомоор хэлсэн чинь Ж-- хажуугаас босож ирээд ах яагаад байгаа юм бэ пизда гэсэн чинь С.Ө- Ж--ыг нүүрэн тус газарт нь нэг удаа алгадаж хамраас нь цус гаргасан. Энэ үед Ж-- зөрүүлээд түүнийг нүүрэн тус газарт нь 3 удаа гараараа хүчтэй цохисон. Тэр үед Б,Ж-аан бид 2 босож тэр хоёрыг салгаад Ж--ыг гэрээс авч гарсан. Харин А--, С.М- 2 гаднаас орж ирээд С.Ө-ийг авч үлдсэн. Тэр үед би Ж--тэй гадаа зогсож байхад С.Ө-ий эхнэр М.Т-- гаднаас орж ирж таараад юу болсон талаар сонсож цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх 13/,
Гэрч М.А--ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Тухайн үед С.Ө- С.М- руу ямар ч шалтгаангүйгээр дайрч давшилаад түүнийг 2-3 удаа толгой руу нь цохисон. Энэ үед С.М- уурлаж С.Ө-ий нүүр лүү нэг удаа мөргөсөн. Тэгэхээр нь би С.М-ыг салгаж цааш нь холдуулах үед С.Ө- бас миний толгой руу цохисон. Энэ үед С.Ө-ий эхнэр М.Т-- гэж хүүхэн орж ирээд юу болсон талаар сонсож цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх 14/,
Гэрч К.Б,Ж-аны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...С.Ө- ах Б-- ах руу уурлаж дайраад байхаар нь Ж-- түүнийг боль гэж хэлсэн чинь за за гэж байснаа гэнэт Ж--ын нүүр лүү цохиж хамраас нь цус гаргасан. Энэ үед би тэд нарыг салгаад гаднаас А-- ахыг дуудаад байж байтал Ж-- гэнэт С.Ө- ахын нүүр лүү гараараа нэг удаа цохисон. Тэгтэл А--, С.М- ах нар орж ирээд салгаж Б-- ах бид 2 Ж--ыг аваад гэрээс гарсан. Харин гэрт А--, С.М-, С.Ө- ах гурав үлдсэн. Тэгээд 5 орчим минутын дараа би гэр лүү орсон чинь С.Ө- ахын хамарнаас цус гарсан зогсож байсан. Тэр үед эхнэр нь болох М.Т-- гаднаас орж ирж таараад юу болсон талаар харж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх 15/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 368 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1.С.С.Ө-ий биед хамар ясны хугарал, баруун, зүүн нүдний зовхи, дотор дотор салст, хамар, баруун бугалга, зүүн шуунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй /хх 18/,
Шинжээч эмч Э.Отгончимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: С.С.Ө-ий биед илэрсэн хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дангаараа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун, зүүн нүдний зовхи, дотор салст, баруун бугалга, зүүн шуунд цус хуралт, зулгаралт гэмтэл нь бүгд нийлээд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун, зүүн нүдний зовхи, дотор салстын цус хуралт гэмтэл нь дангаараа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлийн улмаас хаван шимэгдэх үед нимгэн арьстай хэсэг буюу нүдний зовхинд цус хуралт үүсэж болно /хх 19/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй, нотолбол зохих асуудлуудыг нотолсон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд дүгнэлт хийж шүүгдэгч С.С.М-ад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч С.С.М- нь согтуурсан үедээ 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 22 цагийн орчим Дархан-Уул аймгийн Шарын гол сум, Дархан баг, Уурхайчдын 8-4 тоотод хамт архи уусан С.С.Ө-ийг “хүн болгон руу асаж, агсам тавьж өөрийг нь цохилоо” хэмээн маргалдаж улмаар хамран тус газарт нь толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч С.С.М- нь гэмт үйлдэлдээ шууд санаатай хохирол, хор уршгийг хүсч үйлдсэн, түүний гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.С.Ө-ий эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх тул прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байна.
Иймд шүүгдэгч С.С.М-ыг хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч С.С.М- нь хохирол төлбөрт нийт 400 000 төгрөг төлсөн ба хохирогч С.С.Ө- эмчилгээний зардалтай холбоотой 720 000 төгрөгийн баримт гаргаж өгсөн хэдий ч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд үлдэх 320.000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.
Эрүүгийн 1918003030263 дугаартай хэргээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 4/,
Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн Засаг даргын тодорхойлолт /хх 27/,
Хохирогч С.С.Ө-ий иргэний үнэмлэхийн хуулбар /хх 28/,
Шүүгдэгч С.С.М-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, С.С.М- нь хадгаламжийн болон харилцах данс эзэмшдэг талаарх арилжааны банкуудын ирүүлсэн тодорхойлолт /хх 33-51/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх 53-56/,
Гэм хэргийн шалтгаан нөхцөлийг арилгуулах мөрдөгчийн мэдэгдэл /хх 57/
Хохирогч С.С.Ө-ий бид эмнэлэгт эмчлүүлсэн талаарх тодорхойлолт, бэлэн мөнгөний орлогын баримт,
С.М- овогт Манатбекийн төрсний гэрчилгээний хуулбар,
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч С.С.М-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасан анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхэд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч С.С.М-ад холбогдох эрүүгийн 1918003030263 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч С.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С.М-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С.М-ад оногдуулсан 500 000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С.М- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хохирогч С.С.Ө- нь эмчилгээний зардал болох 320 000 төгрөгийн нэхэмжлэлээс татгалзсан болохыг дурдсугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.С.М-ад урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ