| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 102/2024/04745/И |
| Дугаар | 210/МА2025/00665 |
| Огноо | 2025-04-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 210/МА2025/00665
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 192/ШШ2025/00969 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 43,180,276 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Хариуцагч *******тай 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийг 7 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Хариуцагч гэрээний хугацаанд зээлээ төлөөгүй ба 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр зээлийн гэрээний хугацааг үндсэн гэрээний нөхцөлөөр 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл 12 сараар сунгасан. Энэ хугацаанд үндсэн зээл болон хүүг бүрэн төлөөгүй дахин 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл 11 сараар сунгасан. Энэ хугацаанд 2021 оны 08 дугаар сарын 04-нд 1,000,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 352,724 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 467,000 төгрөг, нийт 1,819,724 төгрөг төлсөн. Иймд *******ас үндсэн зээлийн төлбөр 10,000,000 төгрөг, хариуцагчийн төлсөн 1,819,724 төгрөгийг хасаж зээлийн хүү 28,180,276 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги тооцоход үндсэн зээлийн 50 хувиас хэтэрч байгаа тул 5,000,000 төгрөгөөр тооцож, нийт 43,180,276 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: ******* миний бие *******гаас 10,000,000 төгрөг 10 хувийн хүүтэй зээлсэн нь үнэн бөгөөд эхний 1 жил хүүгийн төлбөрт 10,000,000 орчим төгрөг төлсөн. Үндсэн төлбөрийн 50 хувиас илүү хүү төлөхгүйгээр тус төлбөрийг барагдуулах хүсэлтэй байна. Нийт үндсэн төлбөр хүү нийлээд 15,000,000 төгрөг дотор төлөхөд татгалзах зүйлгүй.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232.6 дахь хэсгийг тус тус баримтлан зээлийн гэрээний үүрэгт 29,448,993 төгрөгийг хариуцагч *******-с гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, үлдэх 13,731,283 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 50 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 373,853 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 305,195 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Хариуцагч зээлийн гэрээг нийт 31 сар сунган байгуулсан. Зээлийн гэрээний 1.5, 2.2, 2.5-д зээлдэгч cap бүр хүүг төлнө гэж гэрээгээр тохиролцсон. Мөн зээлдэгч төлбөр төлөхдөө хүүгээ төлье сунгуулна гэж /хүү/ гэж утга бичиж шилжүүлсэн. Хариуцагчийн төлсөн нийт 1,819,724 төгрөгийг хүүгийн төлбөрөөс хасаж шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Шүүгч хүүг тооцон бодохдоо сарын тооцооллыг буруу бодсон алдаатай шийдвэр гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагаас хассан 13,731,283 төгрөгийг хангасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж өгнө үү.
5. Шүүх хуралдаанд хариуцагч ирээгүй ба давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй байна.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 43,180,276 төгрөг гаргуулахаар нэхэмжилсний зарим хэсгийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх талуудын байгуулсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасанд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ болох талаар зөв дүгнэсэн боловч зээлийн хүүг буруу тооцоолсноос гадна үүрэг гүйцэтгэх дарааллыг тогтоосон Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
Тодруулбал, шүүхийн шийдвэрт хариуцагчийн төлсөн төлбөрийг үндсэн зээлийн төлбөрөөс хасаж тооцсон нь буруу. Түүнчлэн талууд гэрээнд зааснаар зээлийн хүүг сар бүр төлөхөөр тохиролцсон байхад шүүх зээлийн хүүг хариуцагчийн төлөлт хийж эхэлсэн хугацаанаас хойш тооцсон нь үндэслэлгүй болжээ.
4. Зохигч 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч ******* нь 10,000,000 төгрөгийг, сарын 10 хувийн хүүтэй, 7 сарын хугацаатай хариуцагч *******д зээлдүүлэхээр харилцан тохиролцсон ба хариуцагч нь зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан талаар зохигч хэн аль нь тайлбарласан байна. /хх-ийн 1, 5, 25/
Талууд харилцан тохиролцож, 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр дээрх зээлийн гэрээг 12 сараар, 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр дахин 11 сараар буюу 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл тус тус сунгажээ. /хх-ийн 7-9/
5. Нэхэмжлэгч ******* нь дээрх гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 10,000,000 төгрөг, хүү 28,180,276 төгрөг, алданги 5,000,000 төгрөгийн хамт нийт 43,180,276 төгрөг шаардсаны зарим хэсгийг хариуцагч эс зөвшөөрч татгалзахдаа зээлийн хүүнд 10,000,000 орчим төгрөг төлсөн, одоо 15,000,000 төгрөг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.
5.1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно. гэж тус тус заасан.
Талуудын байгуулсан зээлийн гэрээний 1, 1.5, 2.2-д хүү төлөх үүрэг, хэмжээний талаар тусгаж, гэрээний сунгалтуудад хүүгийн хэмжээг өөрчлөхгүйгээр тохиролцсон байх тул нэхэмжлэгч ******* нь хууль болон гэрээнд зааснаар хариуцагч *******-с үндсэн зээлийн төлбөрийг хүүгийн хамт шаардах эрхтэй.
5.2. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчимтай. Хариуцагч буюу зээлдэгч ******* нь зээлийн төлбөрийг гэрээнд зааснаар төлөөгүй байх бөгөөд гэрээний хугацаа дууссан буюу 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл үндсэн зээл 10,000,000 төгрөг, хүү 30,000,000 төгрөг, нийт 40,000,000 төгрөгийн үүрэг үүссэн байна.
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ын зээлийн төлбөрт 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 1,000,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 352,724 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 467,000 төгрөг буюу нийт 1,819,724 төгрөг төлснийг хүүгийн төлбөр болох 30,000,000 төгрөгөөс хасаж, үндсэн зээлийн төлбөрт 10,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 28,180,276 төгрөг нэхэмжилснийг буруутгах үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ. гэж зааснаар зээлийн хүү нь үндсэн үүрэгт хамаарах тул хариуцагчийн төлсөн 1,819,724 төгрөгийг хүүгийн төлбөрөөс хасаж тооцох нь зүйтэй.
5.3. Талуудын байгуулсан зээлийн гэрээний 1.7-д зээлдэгч нь хугацаа хэтрүүлбэл төлөх ёстой үнийн дүнгийн хоног тутам 0,5 хувийн алданги тооцохоор заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасанд нийцсэн, гэрээний дээрх тохиролцоо хүчин төгөлдөр байна. Нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангийг үндсэн зээлийн үүргээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 5,000,000 төгрөгийг нэхэмжилсэн.
Давж заалдах шатны шүүхээс хүүгийн хэмжээ хэт өндөр байгаа болон хэргийн нөхцөл байдлыг харгалзан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар алдангийн хэмжээг 50 хувиар бууруулан хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч ******* нь зээлийн гэрээний дагуу 10,000,000 орчим төгрөг төлсөн гэх боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, зээлийн гэрээний үүрэгт хариуцагч *******ас үндсэн зээл 10,000,000 төгрөг, зээлийн хүүнд 28,180,276 төгрөг, алданги 2,500,000 төгрөг, нийт 40,680,276 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэлээ.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 192/ШШ2025/00969 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтад ... 29,448,993 ... гэснийг 40,680,276 гэж, ... 13,731,283 ... гэснийг 2,500,000 гэж,
2 дахь заалтад ... 305,195 ... гэснийг 361,351.38 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 226,607 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ