| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2016/07005/И |
| Дугаар | 5168 |
| Огноо | 2016-09-22 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 5168
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс
Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 51-47 тоотод оршин суух, дээд боловсролтой, зургийн багш мэргэжилтэй, ам бүл 4, ээж дүү нарын хамт амьдардаг, 1970 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, Мөнх овогт Гантөмөрийн Мөнхбат /РД:ЧЛ70102711/
Албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Баянмөнх, гуравдагч этгээд Г.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баянмөнх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 51-47 тоотод оршин суух, Г.Мөнхбат нь байнга архидан согтуурч удаа дараа тус хэлтсийн саатуулах байранд саатуулагдаж байсан. Гэр орондоо агсам согтуу бусдын тавьж түгшүүр төрүүлдэг хүмүүсийн бүртгэлд байдаг архаг архичин бөгөөд бусдын амгалан тайван байдлыг алдагдуулан хэрүүл маргаан зодоон үүсгэж ар гэртээ болон иргэд, олон нийт гудамж талбайд танхайрдаг. Иймд Г.Мөнхбатыг Монгол Улсын Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д заасны дагуу архины албадан эмчилгээнд явуулах шийдвэр гаргаж өгнө үү гэв.
Гуравдагч этгээд Г.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 6 жилийн турш архи ууж байна. Гэртээ архи ууж агсам тавьсаны улмаас цагдаагийн байгууллагад эрүүлжүүлэгдэж байсан. Архинаас гарах хүсэлтэй байгаа гэв.
Шүүх зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс нь Г.Мөнхбатыг албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг гаргажээ.
Шүүх хүсэлт гаргагч байгууллагын хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Г.Мөнхбат нь Согтууруулах ундаа байнга хэрэглэж, удаа дараа эрүүлжүүлэгдсэн зөрчил гаргасан, ар гэртээ болон иргэд, олон нийт гудамж талбайд агсам согтуу тавьж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг болох нь хэрэгт авагдсан Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн тодорхойлолт, захиргааны зөрчлийн лавлагаа, гуравдагч этгээдийн ар гэрийн тайлбар, хүсэлт, эмчилгээнд хамруулах шаардлагатай тухай Баянгол дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Согтууруулах, мансууруулах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн комиссын дүгнэлт, Захиргааны зөрчлийн тухай тэмдэглэл, шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн тайлбарласан тайлбар, түүнийг асуусан тайлбар, шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн тайлбарласан тайлбар, хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Баянмөнхийн илтгэх хуудас зэргээр тогтоогдож байна.
Иймд Г.Мөнхбатыг архины албадан эмчилгээнд явуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар уг нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан Мөнх овогт Гантөмөрийн Мөнхбат /РД:ЧЛ70102711/-ыг захиргааны журмаар албадан эмчлэх газар явуулж албадан эмчилсүгэй.
2. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар Г.Мөнхбатыг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт хүргэх ажиллагааг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээр гүйцэтгүүлсүгэй.
3. Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсэгт зааснаар албадан эмчилгээний хугацаа нь эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын комиссын дүгнэлтийг үндэслэн дуусгавар болохыг мэдэгдсүгэй.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш, тухайн өвчтэй этгээд, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА