| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 166/2019/0251/Э |
| Дугаар | 258 |
| Огноо | 2019-06-28 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 258
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагч: Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,
Шүүгдэгч Т.Т.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.А-д холбогдох эрүүгийн 1918003310253 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автозасварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, эмээ нарын хамт урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй Т.А-
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Т.Т.А- нь 2019 оны 05 дугаар сарын 07-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багт байрлах Дархан зочид буудлын 219 тоот өрөөнөөс иргэн А.А.О-ын iphone 6 маркийн гар утсыг нууцаар хууль бусаар авч 310 000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Шүүгдэгч Т.Т.А-гийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ..” Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Дахин мэдүүлэг өгөхгүй” гэв
Эрүүгийн 1918003310253 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Т.Т.А-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би найз нартайгаа уулзах гэж Дархан буудал ороод 219 тоот өрөөний хаалга онгорхой байхаар нь орсон чинь гар утас байхаар аваад эгчийндээ очсон. Эгчийн гэрт манай ээж байсан өөр хүн байгаагүй. Би утсыг нь буцаагаад өгсөн гэх мэдүүлэг /хх 33-34/,
Хохирогч А.А.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Дархан зочид буудалд хүний хуримд дуулахаар ирсэн. Тэгээд тухайн хурим хийж байгаа хүмүүс Дархан зочид буудлын 219 тоот өрөөг авч хувцас солиулахаар болсон. Тэгээд би 219 тоот өрөөнд хувцсаа сольж дуулсан. Тэгээд би хуримд оролцож байх үедээ өөрийн эзэмшлийн Айфон 6 плас маркийн гар утсаа цэнэглэж өрөөндөө цэнэглээд үлдээсэн. Тэгээд 20 цагийн үед өөрийн гар утсаа авахаар өрөөндөө ороход миний гар утас байхгүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Надад санал хүсэлт байхгүй. Алдсан гар утсаа хүлээгээд авсан гэх мэдүүлэг /хх 17/,
Гэрч Д.Т- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Өчигдөр өдөр 15 цагийн үед гэрээс гараад явсан. Тэгээд орой 19 цаг өнгөрч байхад гаднаас нэлээд согтсон байдалтай орж ирсэн. Орж ирээд хувцсаа тайлаад жижиг өрөөнд ороод хэвтээд унтаад өгсөн. Тэгээд хэсэг хугацаанд унтаж байтал бид хоёр дундаа барьдаг гар утас дуугарсан чинь Т.А- сэрээд утсаа аваад нэг хүнтэй яриад байсан. Тэгэхээр нь би наад утсаа унтраагаад унтаач, одоо чи гадагшаа гарахгүй шүү гэсэн чинь ээж би хурдан гарчихаад ороод ирье гэж хэлээд гараад явсан. Тэгээд шөнө гэртээ ирж хоноогүй. Т.А- гараад явсны дараа жижиг өрөөний цонхон дээр хар өнгийн гэртэй цагаан өнгийн нүүртэй том гар утас байсныг харсан гэх мэдүүлэг /хх 19/,
Капитал зууч ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай 2019 оны 5-р сарын 09-ны өдрийн шинжээчийн дүгнэлт шинжээчийн дүгнэлт:
“Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2019 оны 5 дугаар сарын 09-ны өдрийн байдлаар 310 000 төгрөг байна” /хх 42/,
Шүүгдэгч Т.Т.А-н мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: Би найз нартайгаа уулзах гэж Дархан буудал ороод 219 тоот өрөөний хаалга онгорхой байхаар нь орсон чинь гар утас байхаар аваад эгчийндээ очсон гэх мэдүүлэг /хх 33-34/ болон
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 02/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-6/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 07/,
Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /хх 08, 13/,
Эд зүйлс хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 14/,
Шүүгдэгч Т.Т.А-н иргэний үнэмлэхийн лавлагаа, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 44-45/,
Дархан сумын 14-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх 46/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Т.Т.А- нь 2019 оны 05 дугаар сарын 07-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багт байрлах Дархан зочид буудлын 219 тоот өрөөнөөс иргэн А.А.О-ын iphone 6 маркийн гар утсыг нууцаар хууль бусаар авч 310 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн хохирогч А.А.О-ын...” би 219 тоот өрөөнд хувцсаа сольж дуулсан. Тэгээд би хуримд оролцож байх үедээ өөрийн эзэмшлийн Айфон 6 плас маркийн гар утсаа цэнэглэж өрөөндөө цэнэглээд үлдээсэн. Тэгээд 20 цагийн үед өөрийн гар утсаа авахаар өрөөндөө ороход миний гар утас байхгүй байсан” гэх мэдүүлэг /хх-17/, гэрч Д.Т-...” Т.А- гараад явсны дараа жижиг өрөөний цонхон дээр хар өнгийн гэртэй цагаан өнгийн нүүртэй том гар утас байсныг харсан гэх мэдүүлэг /хх 19/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
“Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” шууд санаатай гэмт үйлдлийг “хулгайлах” гэмт хэрэг гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд тодорхойлжээ.
Шүүгдэгч Т.Т.А- гэмт үйлдэлдээ шууд санаатай хохирол, хор уршгийг хүсч үйлдсэн, түүний гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.А.О-т 310 000 төгрөгийн хохирол учирсан байх тул зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байна.
Иймд шүүгдэгч Т.Т.А-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хавтаст хэргийн 14-р хуудсанд авагдсан “Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл” болон А.А.О-ын 17-р хуудсанд хохирогчоор өгсөн “ Надад санал хүсэлт байхгүй. Алдсан гар утсаа хүлээгээд авсан” гэх мэдүүлгээр шүүгдэгч Т.Т.А-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.
Шүүгдэгч Т.Т.А- нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхэд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, бага насны хүүхэдтэй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Т.А-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т.А-г хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т.А-г тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Т.Т.А- нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдаж, шүүгдэгч Т.Т.А-гийн тэнссэн 1 жилийн хугацаанд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Т.А-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ