| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 101/2024/01982/И |
| Дугаар | 210/МА2025/00671 |
| Огноо | 2025-04-23 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 210/МА2025/00671
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 191/ШШ2025/01307 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч ******* ХХК,
Хариуцагч ******* нарт холбогдох,
80,982,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч *******ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: ******* миний бие ******** блок, 49,08 м.кв талбай бүхий 2 өрөө байрыг *******ээс худалдан авахаар тохиролцсон. Хариуцагч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 21/01/45 тоот орон сууц захиалгын гэрээг ******* ХХК-тай байгуулж, дээрх орон сууцыг худалдан авсан ба надад тухайн байраа 80,982,000 төгрөгөөр худалдах санал тавьсан. Нэхэмжлэгч нь тухайн байрыг худалдан авах хүсэл сонирхлоо илэрхийлж, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гэрээний төлбөр болох 80,982,000 төгрөгийг Хаан банк дахь хариуцагч *******ийн ******* тоот дансанд бэлэн бусаар бүрэн төлсөн. 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ******* ХХК-тай 21/01/153 тоот орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулж, уг гэрээгээр *******ийн хүсэлтээр 21/01/45 тоот гэрээний дагуу хүлээлгэн өгөх орон сууцыг *******од шилжүүлэн өгөхөөр тохиролцсон. Гэрээний эрх шилжсэн тул тухайн орон сууцны жинхэнэ өмчлөгч болсон гэж би итгэж байсан. Гэвч ******* ХХК-д хариуцагч ******* нь тус орон сууцны төлбөрийг төлөөгүй байсан тул тухайн байрны эрхийг шилжүүлэх боломжгүй талаар амаар болон бичгээр мэдэгдсэн. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй боловч энэхүү үүргээ хариуцагч ******* нь ******* ХХК-д гүйцэтгээгүй тул тухайн маргаан бүхий орон сууцыг бусдад шилжүүлэх эрхээ алдсан байна. ******* ХХК нь өөрийн өмчлөлийн дээрх байрны өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхээс татгалзсан. Иймээс 2022 оны 10 сарын 05-ны өдрийн 21/01/153 тоот гэрээнээс татгалзаж, 80,982,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагч *******ийн тайлбар, татгалзлын агуулга: Би ******* ХХК-д 87,000,000 төгрөг төлсөн. Харцага гээд 45,23 м.кв байраа надтай гэрээ хийхдээ 2022 оны 9 сард ашиглалтад орно гээд орохгүй болохоор 2022 оны 7 сард өргөдөл бичиж, 2022 оны 9 сард ашиглалтад орох ёстой байсан чинь ороогүй миний мөнгийг гаргуулж өгнө үү гэхэд манай компаниас 49,08 м.кв байрнаас ав, одоо манайх барилгын компани болохоор мөнгө гаргаж өгөх боломжгүй байна. Та метр квадратын зөрүү мөнгө гээд 4,400,000 төгрөг хийчих гэсэн. Би 9 сард зөрүү мөнгийг нь хийгээд 2-3 хоногийн дараа байрныхаа гэрээг авч байсан.
Нэхэмжлэлийн шаардлагыг ******* ХХК хариуцах ёстой. Миний хувьд захиалсан байраа л зарсан учраас хариуцахгүй.
3. Хариуцагч ******* ХХК тайлбар гаргаагүй.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* хариуцагч ******* ХХК-тай байгуулсан 2022 оны 10 сарын 05-ны өдрийн 21/01/153 тоот гэрээнээс татгалзсан болохыг тогтоож, хариуцагч *******ээс 80,982,000 /наян сая есөн зуун наян хоёр мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгуулах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 633,060 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 70,200 төгрөг, хариуцагч *******ээс 562,860 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******од олгуулахаар шийдвэрлэжээ.
5. Хариуцагч *******ийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэргийг нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүйгээр шийдвэрлэсэн. Учир нь нэхэмжлэгч нь 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 21/01/153 тоот гэрээнээс татгалзаж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл уг гэрээний оролцогч биш надаас гэрээний төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна.
Миний хувьд уг байрны төлбөрийг бүрэн төлж гэрээ байгуулсан бөгөөд уг эрхээ нэхэмжлэгчид шилжүүлснээр нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын хооронд уг гэрээ байгуулагдсан болно. Түүнчлэн уг гэрээний 2.1 болон 2.2 хэсэгт төлбөрийг миний бие гуравдагч этгээдэд бүрэн төлсөн болох нь нотлогддог.
Шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах хүсэлтийг шийдвэрлээгүй тухайн үед төлбөрийг төлсөн миний төрсөн эгч ******* нь гадаад улсад удаан хугацаагаар байгаа тул дансны мэдээллийг надад өгөх боломжгүй тул шүүхийн журмаар гаргуулах хүсэлтийг шүүхэд тавьсан.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрээр хариуцагч надаас гаргуулж байгаа нь нэхэмжлэгч нь байрны төлбөрийг 2 удаа авах болоод байна.
Иймд, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.
6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Шүүхийн журмаар дансны хуулгыг нотлох баримтаар гаргуулах хүсэлтийг хангаагүй зүйл байхгүй. Голомт банк ХК-аас дансны хуулгыг нотлох баримтаар гаргуулж, шүүх хуралдааны явцад үнэлж шийдвэр гаргасан. Хариуцагч ******* ХХК-д шүүх хурлын товыг удаа дараа мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирдэггүй. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийсэн нь процессын хууль зөрчсөн гэж үзэхгүй. Иймд шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагч *******ийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК, ******* нарт холбогдуулан гэрээнээс татгалзаж, 80,982,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч ******* эс зөвшөөрч, хариуцагч ******* ХХК нь хариу тайлбар гарган мэтгэлцээгүй байна.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар үнэлээгүй байна. Тодруулбал, талуудын байгуулсан гэрээнд үнэ бүрэн төлөгдсөн талаар дурдсан байгааг шүүх анхаараагүй, нэхэмжлэгч нь хариуцагч ******* ХХК-тай байгуулсан гэрээнээс татгалзаж, гэрээний гүйцэтгэлийг харилцан буцаах үүргийн харилцаа үүссэн байхад гэрээний тал бус этгээдээс уг төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсон байна.
4. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-тай 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч ******* ХХК нь ******* тоот орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч буюу нэхэмжлэгч ******* нь үнийг төлж, орон сууцыг хүлээн авахаар тохиролцож, гэрээний 2.1-д орон сууцны нийт үнэ болох 80,982,000 төгрөгийг захиалагч 100 хувь төлсөн болохыг дурджээ. /хх-ийн 23-29/
Талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, хариуцагч ******* нь ******* ХХК-тай 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан орон сууц захиалгын гэрээг цуцлан, уг гэрээний зүйл болох орон сууцыг *******од шилжүүлэн өгөхөөр тохиролцож, улмаар хариуцагч ******* ХХК, нэхэмжлэгч ******* нар нь 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулсан байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч *******ээс нэхэмжлэгч *******-д Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээний шаардах эрхийг шилжүүлсэн гэж үзэхээр байна.
Гэрээний 1.2-т ... орон сууцыг худалдан борлуулахаар 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 21/01/45 тоот орон сууц захиалгын гэрээг захиалагч ******* байгуулсан бөгөөд захиалагч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гаргасан хүсэлтээр 21/01/45 тоот гэрээний дагуу хүлээлгэн өгөх орон сууцыг *******-д шилжүүлэн өгөхөөр тохиролцож, 21/01/45 тоот гэрээг цуцлан дуусгавар болгож, гэрээний талыг өөрчлөн энэхүү гэрээг байгуулж болно гэж, мөн 2.2-т ... захиалагч төлбөрийг өмнөх захиалагч болох *******ийн Хаан банк дахь ******* тоот дансанд бэлэн бусаар төлнө. гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч ******* нь гэрээний үнэ болох 80,982,000 төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч *******ийн дансанд төлсөн болох нь талуудын тайлбар хэрэгт авагдсан Хаан банк дахь *******ийн дансны хуулга зэргээр тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгч ******* ХХК-д буюу гэрээнд заасан эрх бүхий этгээд болох *******эд хүлээлгэж өгсөн байна.
Нөгөө талаар, нэхэмжлэгч *******, хариуцагч ******* ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний 2.1-д орон ... сууцны нийт үнэ нь 80,982,000 төгрөгийг захиалагч 100 хувь төлсөн гэж, хамтран хариуцагчаар ******* ХХК-ийг татан оролцуулах тухай шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн хүсэлтэд ... ******* нь ******* ХХК руу орон сууцны төлбөр болох 87,000,100 төгрөгийг шилжүүлсэн баримтыг өгсөн талаар тус тус дурдсан байх тул ******* нь орон сууцны төлбөрийг ******* ХХК-д төлсөн гэж үзэхээр байна.
5. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-тай 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан орон сууц захиалгын гэрээнээс татгалзсаны үр дагавар буюу орон сууцны үнэд төлсөн 80,982,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Хариуцагч ******* ХХК нь гэрээний 3.1.4-т зааснаар 2022 оны 4 дүгээр улиралд барилгын ажлыг бүрэн дуусгаж, захиалагчид хүлээлгэн өгөх үүрийг хүлээсэн боловч уг орон сууц ашиглалтанд ороогүй, гэрээний үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний гүйцэтгэлийг харилцан буцаах үүрэг үүсчээ.
Иймд, нэхэмжлэлийн шаардлага болох 80,982,000 төгрөгийг хариуцагч ******* ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч *******од олгуулах нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасанд нийцнэ. Хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч *******ын гаргасан нэхэмжлэлд тайлбар гаргаагүй, эс зөвшөөрч нотлох баримт гарган мэтгэлцээгүй.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 191/ШШ2025/01307 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас 80,982,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******од олгож, хариуцагч *******эд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,
2 дахь заалтад ... хариуцагч ******* ХХК-аас 70,200 төгрөг, хариуцагч *******ээс 562,860 төгрөгийг тус тус гаргуулж ... гэснийг хариуцагч ******* ХХК-иас 562,860 төгрөгийг гаргуулж гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч *******ийн урьдчилан төлсөн 562,860 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ