| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/06622/И |
| Дугаар | 5034 |
| Огноо | 2016-09-05 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 5034
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 9-р хороо, Хасбаатарын гудамж, 23/4 байр, 33 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ХГ80030871, Боржигон овогт Эрдэнэсайханы Батхуягийн нэхэмжлэлтэй,
хариуцагчаар оролцвол зохих Б.Батбаярыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу /ҮД-0096/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагчаар оролцвол зохих Б.Батбаярыг эрэн сурвалжлуулахаар шаардсан байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэл, өмгөөлөгч тайлбартаа: Б.Батбаяр нь Э.Батхуягаас компьютерийн бараа бүтээгдэхүүн зээлээр худалдан авч борлуулдаг байсан бөгөөд 2012-2013 оны хооронд нийт 12 000 000 төгрөгийн үнэ бүхий бараа авсан байдаг. Б.Батбаяр 2014-07-29 өдөр 12 000 000 төгрөгийг төлөхөөр баталгаа бичиж өгсөн боловч өдийг хүртэл төлбөрийг төлөөгүй.
Б.Батбаяр нь бидэнд өгсөн хаягтаа оршин суудаггүй, хаяг нь тодорхой биш болоод байна.
Иймд хариуцагчаар оролцвол зохих Б.Батбаярыг эрэн сурвалжилж өгнө үү? гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016-07-08 өдрийн 183/ШЗ32016/01669 захирамж, 2014-07-29 өдрийн хэлцэл зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Э.Батхуягт шүүх хуралдааны товыг хуульд заасан журмаар шүүх хүргэсэн боловч нэхэмжлэгч хуралдаанд ирээгүй, өөрийн эзгүйд, өмгөөлөгчийг оролцуулан хэргийг хэлэлцүүлэхээр хүсэлт ирүүлсэн байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хэлэлцлээ.
Нэхэмжлэгч Э.Батхуяг нь шүүхэд хариуцагчаар Б.Батбаярыг оролцуулж, зээлээр худалдан авсан бараа бүтээгдэхүүний төлбөрийг гаргуулахыг хүсч байгаа байх боловч хариуцагчаар оролцвол зохих Б.Батбаярын оршин суугаа гэх бүртгэлтэй хаягтаа оршин суугаагүй, түүний хаягийг нэхэмжлэгч мэдэхгүй, мэдэх боломжгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн байгуулсан хэлцэл, шүүхийн шүүгчийн захирамж зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд хариуцагчаар оролцвол зохих Б.Батбаярыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүх хангах үндэслэлтэй байна.
Монгол улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсгийг баримтлан хариуцагчаар оролцвол зохих Бат-Амгалангийн Батбаярыг /РД-ЦЛ79092575/-г эрэн сурвалжилсугай.
2.Хариуцагчаар оролцвол зохих Б.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсээр гүйцэтгүүлсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэх хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
4. Шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл бичгээр гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.НАРАНЦЭЦЭГ