Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 74

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Оюунтунгалаг,

Улсын яллагч В.Төгсбаяр,

Шүүгдэгч Э.А

Хохирогч Э.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тугчин овогт Эрдэнэбаатарын А холбогдох эрүүгийн 1929001320063 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.А нь 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Өгөөмөр баг, Уурхайчин хорооллын 5-165 тоот дахь иргэн Б.Тулгын гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Э.Мд агсам тавьж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.А нь мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр Тулгаагийн гэрт хэдүүлээ пиво уугаад согтсон байсан. Тэгээд эхнэрээ зодсон буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Хохирогч Э.Мгийн  мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,

Гэрч Б.Мөнхдолгорын өгсөн мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,

Гэрч Э.Энхтөрийн  өгсөн мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/,

Гэрч Э.Энхтуулын өгсөн мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/,

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 280 дугаартай дүгнэлт /хх-ийн 40-р хуудас/

Яллагдагч Э.Аийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 45-р хуудас/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

  Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

  Прокуророос 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт Э.Аид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд холбогдох хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгч Э.А нь 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Өгөөмөр баг, Уурхайчин хорооллын 5-165 тоот дахь иргэн Б.Тулгын гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Э.Мд агсам тавьж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

- Хохирогч Э.Мгийн өгсөн: “...Би 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр нөхрийн найз Тулгын гэрч очсон. Тэгсэн манай нөхөр А, Тулга, Төрөө 3 жоохон пиво уусан байсан. Тэгээд миний машины ард байсан пивоноос гаргаж өгсөн. Тэгсэн Тулгаагийн гэрт пиво ууж сууж байгаад бид хэд Тулгаагийн дүү охины талаар яриад сууж байхаар нь “за та нар тэрийг энд яриад яадгийн” гэсэн чинь манай нөхөр босож ирээд намайг үсдэж аваад дараад толгойруу гараараа цохиод байсан. Тэгсэн хажууд сууж байсан Төрөө салгах гэсэн чинь “энэ миний амьдрал та нарт хамаагүй” гэх зэргээр хэлж Төрөөг цааш нь болгосон. Тэгээд би босож ирээд гарах гэсэн чинь намайг гаргахгүй байхаар нь би эвтэйхэн байж байгаад тэр орой гараад буудалд очиж хоносон юм. Тэгээд би маргааш нь Тулгаагийн гэрт очсон чинь Аийн архи нь гараагүй намайг элдэв үгээр хэлээд “чи хаана хоносон” гэх зэргээр миний хөл гуяруу өшиглөөд байсан. Тэгээд би гайгүй аргадаж байгаад архийг нь гаргаад орой “Эрдэнэс таван толгойн уурхайгаас ачааг нь ачуулаад би хотруу явсан. Тэгээд хотоос Дорнод аймаг ороод Цагдаагийн газар хандсан юм”” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,

Гэрч   Б.Мөнхдолгорын өгсөн: “...Би 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 19 цагийн орчим Чойбалсан суманд гэртээ байж байхад манай охин Энхтуул надруу утасдаж “эгч сая хотоос манайд ирлээ, нөхөртөө зодуулчихсан байна” гэхээр нь би охин Мтай утсаар ярихад миний бие өвдөөд байна, Лхагва хотруу эмчилгээнд явах гэж байгаа юм чинь би авч яваад биеэ үзүүлмээр байна гэж хэлсэн. Тухайн үедээ нөхөртөө зодуулсан талаараа надад юм хэлээгүй. Тэгэхээр нь би санаа зовоод охин Энхтуулаасаа асуухад “бие хүзүү нь нилээд олон газартаа хөхөрчихсөн байна, би усанд орж байхад нь харчихаад асууж шалгаасаар байгаад яриулсан” гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,

Гэрч У.Энхтөрийн өгсөн: “...Тэгээд 15 цаг өнгөрч байхад Эрдэнэ-Очир манай хүүхэд Шижирбаярыг дагуулаад гэрт орж ирсэн. Тухайн үед хүү Шижирбаяр уйлсан байдалтай нүүр нь улайсан байсан байдалтай байсан. Тэгээд Эрдэнэ-Очир надад хандан танай хүү манай охиныг шоглоод байна гэж нэг удаа хэлж байсан. Чи Шижирбаярт хэлээгүй юм уу? гэж хэлсэн. Би үнэхээр уур хүрээд болсонгүй Шижирбаярыг уньны хугархай модоор нэг цохьсон ахиад шоглоод байвал цагдаагийн байгууллагад хандана гэж хэлээд хүү Шижирбаярыг унадаг дугуйнд хүргэж өгнө гээд хамт гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/,

Гэрч Э.Энхтуулын өгсөн: ... “Манай эгч ах хоёр Дорнод аймагт ажиллаж амьдарч байсан сүүлийн нэг жилийн хооронд А ах Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ажиллаж байгаа гэсэн 2019 оны 04-р сард манай эгч нөхөр дээрээ очоод ирэхэд манай эгч А намайг зодсон гэж байсан.”, ”Манай эгчийн дух шалбарсан байсан, зүүн нүд шанаа нь гэмтсэн хөл гар нь хөдлөж чадахгүй хөндүүрлэж байна гэж байсан...” гэх дүгнэлт /хх-ийн 36-р хуудас/,

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дугаар сарын 26-ны өдрийн 280 дугаартай дүгнэлт /хх-ийн 40-р хуудас/,

Яллагдагч Э.Аийн мэдүүлэг /хх-ийн 45-р хуудас/,

- Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын тухайд:

Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч Э.Аийн  үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд прокурорын санал болгосон албадан ажил хийлгэх ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй хэдий ч хохирогч Э.М нь хохирол төлбөр, гомдол саналгүй тул гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Э.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тугчин овогт Эрдэнэбаатарын Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Аийг 500 /таван зуун/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Э.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Э.Аид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БАТТУЛГА