| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2016/06046/и |
| Дугаар | 6046 |
| Огноо | 2016-09-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 6046
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Ус сувгийн 30 дугаар байр, 15 тоотод оршин суух “Ус суваг 30 айл” СӨХ-ийн итгэмжлэгдсэн төлөлөгч С.Нагашыбайн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Ус сувгийн 30 дугаар байранд байрлах “Cherry Lounge” ХХК,
Хариуцагч:Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 13 дугаар хороолол 22а байрны 64 тоотод оршин суух Боржигон овогт Андрушийн Хандмаа нарт холбогдох
1,242,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нагашыбай, хариуцагч “Cherry Lounge” ХХК-ийн захирал Д.Ганболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа - “Манай СӨХ 2011 онд бүх гишүүдийн хурлаар байгуулагдаж, хурлаас гарсан шийдвэрийн дагуу гишүүд, оршин суугчиддаа гэрээгээр болон хуульд заасан үйлчилгээ үзүүлж ирсэн. Тус СӨХ-ийн гишүүн “Cherry Lounge”-ийн захирал Д.Ганболд нь 2013 оны 11 дүгээр сараас 2015 оны 05 дугаар сар хүртэл дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээний хуримтлалын зардал төлөөгүй байна. Иймд иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3, 149 дүгээр зүйлийн 149.1, 149.2, 232 дугаар зүйлийн 232.6-т заасныг тус тус үндэслэн төлөөгүй 18 сарын дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний хуримтлалын зардал, 828,000 төгрөг, Алданги 414,000 төгрөг нийт 1,242,000 төгрөг гаргуулж өгнө үү...” гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа- “...Иргэн Доржсүрэн овогтой Ганболд миний нэр дээр тус дүүргийн шүүхэд 2015 оны 11-р сарын 04-ний өдөр “Ус суваг 30 айл” “СӨХ”-ноос дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээний хуримтлалын зардал 828,000 төгрөг, мөн алданги 414,000 төгрөг нийт 1,242,000 төгрөгийг нэхэмжилсэн байна. Уг төлбөрийг миний бие төлөх боломжгүй гэж үзэж байна. Учир нь тус “СӨХ”-өөс халаалт муу байна гэсэн шалтгаанаар манай байрны доогуур явсан дундын трубаг солих шаардлагатай гэж үзэж манай байрны том өрөөний шалны хучилтыг хуулж авсан ба тухайн үед хэлэхдээ буцаагаад СӨХ-өөс янзална гэсэн боловч янзлахгүй байсан тул бид өөрсдийн хөрөнгөөр дундын өмчлөлийн халаалтын трубаг солисон ба хуулж авсан шалны хучилтыг өөрсдийн хөрөнгөөр эргүүлэн зассан. Энэ засварын ажилд нийт 1,800,000 төгрөгний зардал гарсан. Уг “Ус суваг 30 айл” СӨХ нь хууль бусаар байгуулагдсан, байр өмчлөгч надад нэг ч удаа СӨХ байгуулах талаар мэдэгдээгүй, хурал цуглаан зарлаагүй байгуулагдсан. Надтай гэрээ байгуулаагүй, сард 36000 төгрөг төлөхөөр тохиролцсон зүйл байхгүй. Харин үүнээс хойш гэрээгээ хийгээдл сар бүр мөнгөө төлөөд явж болно...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Ус суваг 30 айл” СӨХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нагашыбай, хариуцагч “Cherry Lounge” ХХК-д холбогдуулан 1,242,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанаар А.Хандмааг хамтран хариуцагчаар татах хүсэлт гаргасан байна.
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад зохигчид эвлэрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нагашыбай нь хамтран хариуцагчаар А.Хандмааг татсан шаардлагаас, нэхэмжлэлийн шаардлагын 742,000 төгрөгөөс тус тус татгалзаж, үлдэх 500,000 төгрөгийг хариуцагч “Cherry Lounge” ХХК-ийн захирал Д.Ганболд нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нагашыбайд хүлээлгэн өгөв.
Зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, Д.Ганболдод холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нагашыбай нь нэхэмжлэлийн шаардлагын 742,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 500,000 төгрөгийг хариуцагч “Cherry Lounge” ХХК-ийн захирал Д.Ганболд нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нагашыбайд хүлээлгэн өгч зохигчид эвлэрснийг баталж, “Cherry Lounge” ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч нь А.Хандмааг хамтран хариуцагчаар татсан шаардлагаасаа татгалзсныг баталсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,400 төгрөгнөөс 23,221 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 11,179 төгрөгийг, хариуцагч Д.Ганболдоос 11,179 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Ус суваг 30 айл” СӨХ-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР