Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 259

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагч:  Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,

Шүүгдэгч М.М.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б-д холбогдох эрүүгийн 1918000000281 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1976 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, өргөгч, санитехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд 1996 оны 01 сарын 05-ны өдөр Орхон аймаг дахь Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131-р зүйлийн 2-т зааснаар 6 сарын хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн, М.Б-

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч М.М.Б- нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 15-р баг 5-р хэсэг 6в тоотод төрсөн хүү Б.Б.Ц-той маргалдаж баруун гарын шуунд хайчаар хатгаж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүгдэгч М.М.Б-аас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг өгөхгүй гэв.

Эрүүгийн  1918000000281 дугаартай хэргээс:

            Шүүгдэгч М.М.Б-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2019 оны 05 сарын 28-ны өдөр шинэ хорооллын 26-р байранд айлд сантехникийн ажил хийгээд цуг засвар хийж байсан хүнтэйгээ нэг шил архи хувааж уугаад 22 цагийн орчим гэртээ очсон. Тэгээд гэртээ ороод Б.Ц-г чи хаагуур яваад байдаг юм бэ сургуульдаа явж байгаа юм уу гээд загнасан. Б.Ц- хэд хоногийн өмнө гэртээ ирж хоноогүй юм. Тэгсэн чинь Б.Ц- танд хамаагүй гээд урдаас хэрэлдээд маргалдсан чинь манай эхнэр Д.Г- намайг архи ууж ирчихээд юу яриад байгаа юм бэ чи “хүүхэд зүгээр байлга” гэсэн. Тэгээд маргаан болж байгаад би хүүхдээ айлгах гаад шургуулганаас хайч гаргаад ирсэн чинь Б.Ц- авах гээд булаацалдсан. Тэгээд ноцолдож байгаад Б.Ц-гийн гарыг зүсээд цус гарахаар нь эмнэлэгт дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх 33-34/,

 

Хохирогч Б.Б.Ц-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...аав М.Б- гаднаас согтуу орж ирээд хоол болж байна уу гэхээр нь болж байна гэсэн чинь дахиад жоохон байж байгаад дахин дахин асуугаад байхаар нь би уурлаад хоол  болж байна гэж байхад хоолоо хүлээгээд идчихээч гэсэн чинь чи муу юу гээд байгаа юм бэ гээд загнахаар нь хоол болж байна та хэчнээн удаа асуудаг юм бэ гэсэн чинь аав уурлаад чи ер яагаад тэнээд гадуур, дотуур яваад гэртээ ирж хонодоггүй юм бэ гэхээр нь би оройтчихоор нь айлд хоносон юм гэсэн чинь аав уурлаад намайг цохих гээд ойртоод байхаар нь түлхээд аавтай хэрэлдсэн чинь ээж болиоч яагаад хэрэлдээд байгаа юм бэ дандаа архи уучихсан ирэх юм гээд аавыг загнасан чинь аав би ажил хийгээд ирж байна хоол унд ч байхгүй гэхээр нь би хоол байнаа одоо болчихлоо хоолоо идчих гэсэн чинь аав уурлаад ээж, аав 2 маргалдсан. Тэгээд ээж цаад өрөө рүү орсон. Аав намайг дахиж загнаад бид 2 хэрэлдсэн чинь ээж ирээд чамайг ингээд байвал цагдаа дуудаад өгчинө шүү гэсэн чинь аав энд байж байхаар цагдаа дээр амар тайван байж байя цагдаагаа дууд  гээд ээжтэй маргалдаад хувцсаа өмсөөд маргалдаад байсан. Тэгээд гайгүй болчих шиг болохоор нь би нойлын өрөөнд байж байсан чинь ээж орилохоор нь гүйгээд ирсэн чинь ээж “хөл рүү өшиглөсөн” гэхээр нь аавын гарыг ар талд нь тэлээгээр хүлээд хөлийг нь дарсан чинь тийчээд босож ирээд гарныхаа хүлээсийг тайлаад хажуу талдаа байсан хутга хийдэг савыг нээгээд хутга, хайч бөөнд нь гараараа барьж аваад одоо ингээд цагдаагаа дууд гээд орилоод байхаар нь би булааж авах гээд ойртсон чинь зүсчих гээд байсан. Тэгсэн чинь аав цагдаагаа дуудаачээ гээд орилоод намайг хана руу шахсан. Тэр үед хутга нь газар унаад гарт нь хайч үлдсэн байхаар нь би хайчийг булааж авах гэсэн чинь аав өгөхгүй гээд ноцолдоод тэгээд миний баруун талын гаранд хайч нь зоогдоод цус гарсан чинь аав эмийн сан хайж гүйгээд ээж түргэн дуудсан гэх мэдүүлэг /хх 10/,

            Гэрч Д.Д.Г-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...нөхөр М.Б- орж ирчихээд хүү Б.Ц- руу “хоол байна уу” гээд хэрэлдэж, маргалдаад байсан. Би тэгэхэд нь босож ирээд “дандаа ингэж гэрт хэрүүл шуугиан тарьж байх юм. Ууж идсэнээ шингээж чадахгүй” гэж хэлсэн чинь хүү Б.Ц- руу дайрч давшилаад байсан. Тэгээд нөхөр хүү Б.Ц- руу дайрч давшлаад байхаар нь хүү Б.Ц- аавыгаа барьж аваад газар шалан дээр дарчихсан байхаар нь хэдий болтол ингэх юм наадхаа хүл хүл гэж хэлсэн. Тэгж байгаад арай гайгүй болоод хэсэг сууж байснаа дахин хэрүүл маргаан болоод намайг цагдаагаа дуудаад өг, би өөрөө цагдаагаа дуудаад явчихъя гээд хэрүүл хийгээд байсан.  Тэгээд би явлаа гээд надаас түрийвчээ нэхээд гэр орон онгичиж байгаад хаанаас ч юм хайч барьж ирснээ над руу дайрч давшлаад байхаар нь би тойрч гүйсэн. Тэгтэл хүү Б.Ц- руу дайрч давшлахаар нь би бага хүүгээ гараад айлаас хүн дуудаад ир гэж хэлээд гараад явуултал хүү Б.Ц- “ээж ээ аав намайг хатгачихлаа шүү дээ” гээд хашхирсан. Тэгээд хартал хүү Б.Ц-гийн баруун гарын шуу орчмоос нь цус гарч байсан гэх мэдүүлэг /хх 12/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 485 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.Б.Б.Ц-гийн биед баруун шуунд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй /хх 24/,

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй, нотолбол зохих асуудлуудыг нотолсон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд дүгнэлт хийж шүүгдэгч М.М.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч М.М.Б- нь 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 15-р баг 5-р хэсэг 6в тоотод төрсөн хүү Б.Б.Ц-той “хоол байна уу, гэртээ ирж хонохгүй хаагуур тэнээд байгаа юм бэ” гэж, хохирогч Б.Б.Ц- төрсөн эцэг М.М.Б-ыг “олон удаа хоол нэхлээ” гэж харилцан маргалдаж,  хохирогчийн баруун гарын шуунд хайчаар хатгаж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Хохирогч Б.Б.Ц- өөрийн эцэг М.М.Б-ыг хоолоо хүлээж байгаад идсэнгүй, хичнээн асуудаг юм гэж хүндэтгэлгүй харьцснаас эхлэлтэй байх тэдний хоорондох үл ойлголцсон маргаан, хохирогчийн зүй бус харьцаа, үйлдэл нь гэмт хэрэг гарахад шууд нөлөөлсөн байна.

 

Иймд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.М.Б-ы үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч М.М.Б- нь гэмт үйлдэлдээ шууд санаатай хохирол, хор уршгийг хүсч үйлдсэн, түүний гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Б.Ц-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба шүүгдэгч М.М.Б-ы мөрдөн байцаалтад өгсөн “...Б.Ц-г чи хаагуур яваад байдаг юм бэ сургуульдаа явж байгаа юм уу гээд загнасан. Б.Ц- хэд хоногий өмнө гэртээ ирж хоноогүй юм. Тэгсэн чинь Б.Ц- танд хамаагүй гээд урдаас хэрэлдээд, маргалдсан.. гэх мэдүүлэг /хх 33-34/, хохирогч Б.Б.Ц-гийн “...би уурлаад хоол  болж байна гэж байхад хоолоо хүлээгээд идчихээч гэсэн чинь чи муу юу гээд байгаа юм бэ гээд загнахаар нь хоол болж байна та хэчнээн удаа асуудаг юм бэ гэсэн чинь аав уурлаад чи ер яагаад тэнээд гадуур, дотуур яваад гэртээ ирж хонодоггүй юм бэ гэхээр нь би оройтчихоор нь айлд хоносон юм гэсэн чинь аав уурлаад намайг цохих гээд ойртоод байхаар нь түлхээд аавтай хэрэлдсэн чинь ээж болиоч яагаад хэрэлдээд байгаа юм бэ дандаа архи уучихсан ирэх юм гээд аавыг загнасан чинь аав би ажил хийгээд ирж байна хоол унд ч байхгүй гэхээр нь би хоол байнаа одоо болчихлоо хоолоо идчих гэсэн чинь аав уурлаад ээж, аав 2 маргалдсан. ... аавын гарыг ар талд нь тэлээгээр хүлээд хөлийг нь дарсан чинь тийчээд босож ирээд гарныхаа хүлээсийг тайлаад хажуу талдаа байсан хутга хийдэг савыг нээгээд хутга, хайч бөөнд нь гараараа барьж аваад одоо ингээд цагдаагаа дууд гээд орилоод байхаар нь би булааж авах гээд ойртсон чинь зүсчих гээд байсан. Тэгсэн чинь аав цагдаагаа дуудаачээ гээд орилоод намайг хана руу шахсан. Тэр үед хутга нь газар унаад гарт нь хайч үлдсэн байхаар нь би хайчийг булааж авах гэсэн чинь аав өгөхгүй гээд ноцолдоод тэгээд миний баруун талын гаранд хайч нь зоогдоод цус гарсан... гэх мэдүүлэг /хх 10/, гэрч Д.Д.Г-гийн “...хүү Б.Ц- аавыгаа барьж аваад газар шалан дээр дарчихсан байхаар нь хэдий болтол ингэх юм наадхаа хүл хүл гэж хэлсэн.. гэх мэдүүлэг /хх 12/ зэргээр

Иймд шүүгдэгч М.М.Б-ыг хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Хавтаст хэргийн 11 дүгээр талд авагдан хохирогч Б.Б.Ц-гийн “Би гомдолгүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгээр шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

 

Эрүүгийн 1918000000281 дугаартай хэргээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 1/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 2-5/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-8/,

Шүүгдэгч М.М.Б-ы иргэний үнэмлэхийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх 35-39/,

Дархан сумын 15-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх 40/,

Урьдчилан сануулах хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлсэн тухай тэмдэглэл /хх 49/,

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх 51-52/,

М.Б- овогтой Амирлан, Тэлмүүн нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх 54-55/,

Согтуурал шалгасан тэмдэглэл /хх 57/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх 58-64/,

Шүүгдэгч М.М.Б-ы Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг болно.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч М.М.Б-ы үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасан анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхэд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч М.М.Б-д холбогдох эрүүгийн 1918000000281 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан иштэй хайчийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч М.М.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.  

 

2.Шүүгдэгч М.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М.Б-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.    

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М.Б-д оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М.Б- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           

            6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан иштэй хайчийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

            7.Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М.Б-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        З.ТӨМӨРХҮҮ