Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 5177

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Хатанбаатар Магсаржав гудамж, 12 байр, 22 тоотод оршин суух, Будлан овогт Батсүхийн Сайнбаатар /РД:ЧЗ54121271/

Улсад ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Сайнбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов. 

     

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Б.Сайнбаатар шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1976 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс Октябр дүүргийн Цагдаагийн хэлтэст жижүүрийн криминалистикийн мэргэжилтнээр, 1983 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс Октябр дүүргийн Цагдаагийн хэлтэст төлөөлөгчөөр /ахлах дэслэгч/ 1990 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ажилласан. 1990 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ханын материалын комбинат хариуцсан ахлах төлөөлөгчөөр ажиллаж байгаад 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс Октябр дүүргийн Цагдаагийн хэлтэст ахлах төлөөлөгчөөр үргэлжлүүлэн ажиллаад тухайн үед Улаанбаатар хотын районуудыг татан буулгаж дүүрэг болгох үед Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст ахлах төлөөлөгчөөр ажиллаж байгаад 2009 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр тэтгэвэрт гарсан. Цагдаагийн байгууллагын ажилтнуудад хөдөлмөрийн дэвтэр байдаггүй бөгөөд 1985 оноос 1992 оны цалингийн тодорхойлолт олдохгүй байгаа болно.

Иймд намайг 1983 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Октябр дүүргийн Цагдаагийн хэлтэст төлөөлөгчөөр, 1990 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ханын материалын комбинат хариуцсан ахлах төлөөлөгчөөр, 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Октябр дүүргийн Цагдаагийн хэлтэс болон Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст ахлах төлөөлөгчөөр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Б.Сайнбаатар нь улсад ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Б.Сайнбаатар нь 1983 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Октябр дүүргийн Цагдаагийн хэлтэст төлөөлөгчөөр, 1990 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ханын материалын комбинат хариуцсан ахлах төлөөлөгчөөр, 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Октябр дүүргийн Цагдаагийн хэлтэс болон Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст ахлах төлөөлөгчөөр ажиллаж байсан болох нь шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн өөрийн гаргасан тайлбар, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 02/994 дугаар архивын лавлагаа, Цагдаагийн ерөнхий газрын Төв архивын газрын 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 13/317 дугаар архивын лавлагаа зэрэг баримтаар тус тус тогтоогдож байна.

Мөн Б.Сайнбаатартай Октябр дүүргийн Цагдаагийн хэлтэс, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст хамт ажиллаж байсан гэрч Ш.Лхагвасүрэнгийн “Би 1982-1986 онд Цагдаагийн дээд сургуульд сурч байсан. 1984 оны Октябр дүүргийн Цагдаагийн хэлтэст дадлага хийж байх үед тус цагдаагийн хэлтэст ахлах дэслэгч цолтой, эрүүгийн төлөөлөгч Б.Сайнбаатартай танилцаж байсан. Тэр үеэс хойш Б.Сайнбаатарыг мэдэх болсон. Тухайн үед Б.Сайнбаатар нь Октябр дүүргийн Цагдаагийн хэлтэст 1976 оны 09 дүгээр сараас 1983 оны 06 дугаар сар хүртэл криминалистикийн мэргэжилтнээр ажиллаж байгаад 1983 оны 06 дугаар сараас эхлэн эрүүгийн төлөөлөгчөөр ажиллаж эхэлсэн байсан. Би 1986 онд Цагдаагийн дээд сургуулийг төгсөөд Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байгаад 1988 оны 08 дугаар сард Октябр дүүргийн Цагдаагийн хэлтэст Эрүүгийн төлөөлөгчөөр шилжин ирж ажилласан. Тэр үед Б.Сайнбаатар нь Октябр дүүргийн Цагдаагийн хэлтэст Эрүүгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан бөгөөд би тус хэлтэст Эрүүгийн төлөөлөгчөөр шилжин ирж ажилласнаар бид хамтдаа нэг өрөөнд сууж ажиллах болсон. Сүүлд нутаг дэвсгэрийн зохион байгуулалтаар Октябр дүүрэг нь Баянгол дүүрэг болсон бөгөөд бид хамтдаа Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст 2000 он хүртэл хамт ажилласан. Миний бие 2000 онд Нийслэлийн Цагдаагийн газарт Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн орлогчоор дэвшиж ажиллаж, Б.Сайнбаатар нь Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст ахлах байцаагчаар ажиллаад үлдсэн бөгөөд Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст 2009 он хүртэл ажиллаад цэргийн тэтгэвэрт гарсан”,

гэрч С.Жаргалсайханы “Би 1982-1986 онд Цагдаагийн дээд сургуулийг суралцж төгсөөд Дорнод аймгийн Цагдаагийн хэлтэст хэсгийн төлөөлөгчөөр ажилласан. 1989 оны 07 дугаар сараас Октябр дүүргийн Цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгчөөр шилжин ирж ажиллах болсоноор тус цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгч ажилтай Б.Сайнбаатартай танилцаж байсан. Б.Сайнбаатартай хамт Октябр дүүргийн Цагдаагийн хэлтэс болон Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгчөөр 2004 он хүртэл ажилласан. 2004 оноос миний бие Эрүүгийн Цагдаагийн газарт чиглэлийн ахлах төлөөлөгчөөр ажиллах болж, харин Б.Сайнбаатар нь Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн эрүүгийн ахлах төлөөлөгчөөр ажиллаад үлдсэн. Б.Сайнбаатар нь Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст 2009 он хүртэл ажиллаад цэргийн тэтгэвэрт гарсан гэдгийг сайн мэднэ. Цэрэг цагдаагийн байгууллагын алба хаагчид тушаалаар томилогдон ажилладаг бөгөөд хөдөлмөрийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэр хөтлөгддөггүй байсан. Б.Сайнбаатар нь онц сэргийлэгч тэмдгээр шагнуулж, байлдааны гавъяаны медаль авч байсан. Цагдаагийн ерөнхий газрын оны аварга ажилтан, цагдаагийн гавъяа цол тэмдэг, байгууллагын олон удаагийн аваргаар шалгарч байсан. Түүнчлэн Ардын хувьсгалын ойн медалиуд авч байсан. Б.Сайнбаатар нь ажилдаа сайн, нэр хүндтэй ажилтан байсан” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байх тул хүсэлт гаргагч Б.Сайнбаатарын ажиллаж байсан байдлыг тогтоож хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

Иймд хүсэлт гаргагч Б.Сайнбаатарыг 1983 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Октябр дүүргийн Цагдаагийн хэлтэст төлөөлөгчөөр, 1990 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ханын материалын комбинат хариуцсан ахлах төлөөлөгчөөр, 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Октябр дүүргийн Цагдаагийн хэлтэс болон Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст ахлах төлөөлөгчөөр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэв.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн  135.2.6-д зааснаар Будлан овогт Батсүхийн Сайнбаатар /РД:ЧЗ54121271/-ыг 1983 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Октябр дүүргийн Цагдаагийн хэлтэст төлөөлөгчөөр, 1990 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ханын материалын комбинат хариуцсан ахлах төлөөлөгчөөр, 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Октябр дүүргийн Цагдаагийн хэлтэс болон Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст ахлах төлөөлөгчөөр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.Сайнбаатараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ж.КУЛЬДАНА