| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 166/2019/0259/Э |
| Дугаар | 266 |
| Огноо | 2019-07-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 266
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагч: А.Оргилбаяр,
Шүүгдэгч Ц.Ц.О- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.О-д холбогдох эрүүгийн 1918000000292 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1972 оны 02 сарын сарын 26-ны өдөр Увс аймгийн Давст суманд төрсөн, 47 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, 2 хүүхдийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй Ц.О- /
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Ц.Ц.О- нь согтуурсан үедээ 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 10 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Дархан зах”-ын махны лангуу байрлах хэсэгт хамт согтууруулах ундаа хэрэглэсэн М.М.Ө-тай согтуурхан, харилцан маргалдаж улмаар үсдэж нүүр, нуруу, цээж тус газарт нь гараараа цохиж, маажин эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Ц.О- нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх боломжоор хангасан болно.
Шүүгдэгч Ц.Ц.О- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 10 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Дархан зах”-ын махны лангуу байрлах хэсэгт хамт согтууруулах ундаа хэрэглэсэн М.М.Ө-тай харилцан маргалдаж улмаар үсдэж нүүр, нуруу, цээж тус газарт нь гараараа цохиж, маажсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Ц.О-ы үйлдлийг дараах нотлох баримтаар хангалттай тогтоосон байна. Үүнд:
Шүүгдэгч Ц.Ц.О-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...М.Ө-ын машинтай яваад дэлгүүрээс нэг шил 0,5 граммын архи аваад буцаж ирээд С-гийн машинд суугаад нөгөө архиа хувааж уусан. Тэгээд нөгөө архиа уугаад дуусахад М.Ө- би дахиад нэг юм авья гээд дэлгүүрээс нэг шил 0,5 граммын архи авч уугаад захын хашааны гадна зогсож байгаад хашаа руу С- мах авах гээд машинтайгаа орох үед С-, М.Ө- 2 маргалдаад байх шиг байсан. Тэр үед хажуугаар явж байсан М- машинд орж ирээд суусан. Тэгэхэд би таньдаг эгч рүүгээ утсаар яриад сууж байхад М.Ө- намайг гараараа цохиж байгаад миний хацар дээр байсан мэнгэ рүү цохиод цус гаргачихаар нь миний уур хүрээд үсдэж дарж байгаад чихнээс татаад, нурууг гаргаж байгаад цохиж, маажсан тэгэхэд тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгасан. ...Нийтдээ 866 000 төгрөгийн эмчилгээний төлбөрийг төлж барагдуулсан гэх мэдүүлэг /хх 28/,
Хохирогч М.М.Ө-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...махны хүмүүстэйгээ тооцоогоо хийчихээд ирэхэд тэр хоёр “бид 2 гурав, гурав татчихлаа” гээд сууж байсан. Тэгээд бид нар нөгөө архиа хувааж уучихаад дахиад нэг шил архи авчихаач гээд байхаар нь нэг шил 0.5 граммын архи аваад буцаж ирээд С-гийн машинд суугаад авсан архиа хувааж уугаад сууж байтал М- эгч машинд орж ирээд бид нартай юм яриад хажууд суусан. Тэгэхэд Ц.О- гар утсаар яриад байхаар нь би Ц.О-ы гар утсыг аваад Энхчулуун эгчтэй ярих гэхэд Ц.О- гар утсаа өгөхгүй байхаар нь гар утсыг нь чихнээс нь авах гэж байгаад санаандгүй хацар дээрх мэнгийг нь шалбалчихсан. Тэгэхэд Ц.О-ы хацарны мэнгэнээс нь цус гарахад Ц.О- над руу уурлаад миний үснээс татаж дараад, зүүн чихнээс зулгаагаад, цамц татаж сөхөж байгаад нурууг минь олон удаа маажсан. Тэгэхэд тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгасан. ...Би Саран клиник эмнэлэгт 7 хоног хэвтэн эмчлүүлсэн. Одоо миний биеийн байдал гайгүй байгаа. Миний эмчилгээний зардал, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх 5-6/,
Гэрч Б.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Тухайн өдөр жижүүртэй байсан тул Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Дархан захын мах авах, зарах хэсэгт хүмүүс хоорондоо хэрүүл маргаан үүсгээд байна гэсэн дуудлагын дагуу очиход махлаг шар эмэгтэй ирээд “намайг сая мэнгэт Ц.О-аа зодсон” гээд байж байсан. Тэгэхээр нь Ц.О-ааг хаана байгааг асуухад махны пүүн дээр байгаа гэхээр нь очиж Ц.Ц.О-ыг аваад зодуулсан гэх М.М.Ө- дээр ирж уулзахад тэр хоёр хоорондоо хэрүүл маргаан үүсгээд, зууралдаад зодоон цохион хийгээд байхаар нь хоёуланг нь хамт эрүүлжүүлэх байранд хүргэж эрүүлжүүлсэн гэх мэдүүлэг /хх 11/,
Гэрч Ж.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...миний танил С- гэж хүүхэн машинтайгаа миний хажуугаар өнгөрч байснаа надтай мэнд ус болохоор нь би машиных нь урд талын суудал дээр нь ороод суухад машины арын суудал дээр Ц.О-, М.Ө- хоёр нэлээн халамцуу сууж байсан. Тэгэхэд машин барьж явсан С- руу М.Ө- хэл амаар доромжлоод дайрсан. Тэгэхэд С- “М.Ө- чи машинаас буу” гэж байснаа би махаа килограммдчихаад ирье гээд С- машинаасаа буугаад яваад өгсөн. Тэгэхэд Ц.О- гар утсаар ярьж байхад М.Ө- нь С-д ууралсан уурандаа Ц.О-ыг гараараа саваад цохиод байсан. Тэгэхэд Ц.О-, М.Ө-ын гарыг хаагаад байсан. Тэгж байгаад М.Ө- Ц.О-ы нүүрэн тус газар нь нэлээн хүчтэй гарынхаа араар саваад цохичихсон. Тэгэхэд Ц.О- чи яасан даварсан юм бэ гэж хэлээд М.Ө-ыг үсдэж, татаж дарж байгаад нурууг нь гаргаж байгаад маажаад байхаар нь би машинаас буугаад Ц.О-ыг татаад байж байхад С- ирээд бид хоёр хамжаад Ц.О-ыг машинаас буулгасан гэх мэдүүлэг /хх 12/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 507 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1.2.М.М.Ө-ын биед дух, баруун шанаа, баруун нүдний зовхи, баруун, зүүн хацар, зүүн чих, зүүн чихний ар хэсэг, баруун дал, ар нуруу хэсэг, бүсэлхийн ар болон баруун хажуу хэсэг, хэвлийд олон тооны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
3.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй /хх 15/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 508 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1.2.Ц.Ц.О-ы биед дээд уруул, доод эрүү, зүүн хацар, баруун шуу, зүүн сарвуунд зулгаралт, цус хуралт тогтоогдлоо.
3.Дээрх зулгаралт, цус хуралт нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй /хх 20/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй, нотолбол зохих асуудлуудыг нотолсон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд дүгнэлт хийж шүүгдэгч Ц.Ц.О-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч Ц.Ц.О- нь гэмт үйлдэлдээ шууд санаатай хохирол, хор уршгийг хүсч үйлдсэн, түүний гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.М.Ө-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх тул зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байна.
Иймд шүүгдэгч Ц.Ц.О-ыг хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Хохирогч М.М.Ө-ын хохирогчоор өгсөн “Миний эмчилгээний зардал, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгээр /хх 05-06/ шүүгдэгч Ц.Ц.О-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.
Эрүүгийн 1918000000292 дугаартай хэргээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 01/,
Шүүгдэгч Ц.Ц.О-ы иргэний үнэмлэхийн лавлагаа, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 29-35/,
Шүүгдэгч Ц.Ц.О-ы Хаан банкны дипозет дансны хуулга /хх 38-52/,
Хохирогч М.М.Ө-ын эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас, өвчний түүх /хх 54-62/,
Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийг арилгуулах тухай мөрдөгчийн мэдэгдэл /хх 63/,
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Ц.Ц.О-ы үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхэд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгасныг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ц.Ц.О-д холбогдох эрүүгийн 1918000000292 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ц.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц.О-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц.О-д оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц төлөхөөр тогтоосугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц.О- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ц.О-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ