| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 102/2024/01215/И |
| Дугаар | 210/МА2025/00737 |
| Огноо | 2025-05-07 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 210/МА2025/00737
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Бадрах, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
*******ын нэхэмжлэлтэй,
*******д холбогдох,
29,780,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
Би, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр иргэн *******гийн хүсэлтээр ******* авто ломбардаас түүний зээлсэн 8,278,428 төгрөгийн зээлийн төлбөрийг төлж, ******* улсын дугаартай ******* маркийн автомашины барьцаа зээлийг чөлөөлсөн. Ийнхүү *******гийн автомашины барьцаа зээлийг чөлөөлж, мөн түүний хүсэлтээр уг тээврийн хэрэгслийг барьцаанд тавьж зээл авах гэсэн боловч Монгол банкны найдваргүй зээлдэгчийн санд нэр нь бүртгэлтэй тул зээл гарах боломжгүй байгаа тул өөрийн төрсөн дүү *******ын нэр дээр тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлж, зээл авч өгөөд тухайн зээлээс автомашины зээл чөлөөлөхөд төлсөн төлбөр 8,278,428 төгрөгийг суутган авахыг хүссэн дагуу ******* -тай 2022 оны 03 сарын 21 өдөр, дугаар ББЗ-22/11-01 фидуцийн гэрээ болон ББЗ-22/11 дугаартай зээлийн гэрээ байгуулж 25,000,000 төгрөгийн зээлийг, 12 сарын хугацаатай, 2,8 хувийн хүүтэй зээлж *******д өгсөн. ******* авто ломбардаас *******гийн автомашины барьцаа зээлийг чөлөөлөхөд төлсөн төлбөр 8,278,428 төгрөг, Улаанбаатар-Истанбул-Улаанбаатар 2 талын тийзийн төлбөр 3,577,800 төгрөг, чиглэлийн өдөр сольсон төлбөр 186,400 төгрөг, бэлнээр 6,000,000 төгрөг *******д өгсөн. ******* -д зээлийн эргэн төлөлтийн графикийн дагуу төлсөн 25,000,000 төгрөгийн үндсэн зээл, хүүний төлбөрийг иргэн ******* аргагүйн эрхэнд төлж барьцаа хөрөнгийг суллуулж дуусгасан. Тээврийн хэрэгслийг ******* эзэмшиж, ашиглаж байгаа бөгөөд удаа дараа дээрх төлбөрөө төлөх талаар сануулсан боловч өнөөдрийг хүртэл төлөлт хийгээгүй. Иймд, *******гоос 18,042,628 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
...******* ломбардаас чөлөөлсөн машины төлбөр гээд байгаа нь хамтран ажиллаж байсан үеийнх мөн онгоцны билет нь хамтран ажиллах хугацаанд гарсан зардал. ******* улсаас оруулж ирэх жимс нь Монголд ирэхэд муудсан байсан тул устгалд оруулсан. Харин тус жимсний бизнес нь даатгалтай байсан, *******гийн зүгээс даатгалын асуудлыг хөөцөлдөж, ******* болон *******од төлсөн байгаа. Жимс оруулж ирэхэд ******* нь зардлаа гаргаж байсан нь үнэн хариуцагч билет авсан гэдэг дээр маргаангүй, харин ямар шалтгаанаар явсан гэдэг нь чухал. Хамтран ажиллах гэрээнээс энэхүү билетийн асуудал үүссэн байгаа. Замын зардлын хувьд ******* нь нэхэмжлэгч *******ын төрсөн дүү, зээл аваад дүү болох *******т өгсөн гэдгийг өөрөө тайлбарлаж байна. Тэгэхээр зээлийг ******* өөрөө авсан, тэр талаарх баримт нь бас байгаа. Тус зээлийг аваад ******* нь ******* руу мөнгө өгсөн гэсэн баримт хэрэгт байхгүй байна. ******* бодитоор *******д 6,000,000 төгрөг өгөөгүй. ******* улсад яагаад доллар, евро болгоод авч явах ёстой, ******* улсын мөнгө өөр байхад доллар, еврогоор сольж өгөөд явуулсан гэдэг нь үндэслэлгүй учраас гэрчээр асуусан *******ын мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байхыг хүсэж байна. Гэрчид хэдийгээр хууль сануулсан ч шүүхэд үнэн мэдүүлэг өгсөн үү, худал мэдүүлэг өгсөн үү гэдгийг тогтоох боломжгүй. Талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байсан гэдгийг 2 шатны шүүхээс дүгнэн, тогтоосон. Хоёр шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. ...Мөн ******* нь *******д 8,000,000 төгрөг шилжүүлсэн гэсэн боловч ******* гэсэн утгатай шилжүүлсэн байгаа, хэрвээ *******д зээл олгож байгаа бол ******* гэсэн утгатай шилжүүлэх байсан. ******* нь *******т мөнгө шилжүүлж, зээл олгож байсан нь хэрэгт авагдсан баримтаас харагдаж байна. Нэхэмжлэгч мөнгөө *******гоос биш *******аас нэхэмжлэх үндэслэлтэй байна. Иймд, хариуцагчийн тайлбарыг дэмжиж байна, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасны дагуу хариуцагч *******оос 12,046,628 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******од олгож, нэхэмжлэлээс үлдэх 6,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 306,850 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч *******оос 207,696 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ******* авто ломбардын зээлийг хаахад 8,278,428 төгрөг, нислэгийн тийз 3,577,800 төгрөг, нислэгийн хуваарь өөрчлөхөд 186,400 төгрөг, бэлнээр өгсөн 6,000,000 төгрөгийг тус тус гаргуулах гэж тодорхойлсон.
Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн мэтээр дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******оос ямар ч байдлаар зээл аваагүй, нэхэмжлэгч нь зээл олгоогүй, зээлийн харилцаа үүсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байхад зээл мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Нэхэмжлэгчийн төрсөн дүү болох гэрч гэх ******* нь миний өмчлөлийн тээврийн хэрэгслийг авто ломбардад тавьж мөнгөөр нь мөрийтэй тоглосон, заримыг нь жимсний зардалд зарцуулсан бөгөөд төрсөн ах ******* нь түүний тавьсан өрийг хааж, миний машиныг авч өгөх зорилгоор миний нэр дээр байсан зээлийг хаасан, мөн хамтран ажиллах гэрээнээс /шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй/ учирсан хохирлоо барагдуулахаар ******* улс руу явах зардлыг нэхэмжлэгч нь сайн дураараа гаргасан зардлыг надаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11 дэх хэсэгт хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцна гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
Хариуцагч давж заалдах гомдолд шүүх хуралдаанд оролцуулаагүй гэдэг. Гэтэл шүүх хуралдаанд хариуцагч ******* хүсэлт гаргасан. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч нь итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товд гарын үсэг зурсан байдаг. Мөн хариуцагч итгэмжлэлээсээ татгалзаагүй учраас шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь үндэслэлтэй. Хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Иргэний хэрийн анхан шатны шүүхийн шийдвэр байдаг. Уг шийдвэрт *******, ******* нар нь нийт 43,000,000 төгрөгийг *******д зээлдүүлсэн гэх агуулгаар нэхэмжилсэн. Шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд жимс оруулж ирэх асуудалд ******* ******* хоёрын хамтран ажилласан, ******* нь нэхэмжилж буй 18,000,000 төгрөгөө *******аас нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ******* хариуцагч *******той хамтран ажилласан асуудал байхгүй гэдэг. Хариуцагч *******гийн гэх ломбардаас авсан 8,000,000 төгрөгийн зээлийг ******* төлсөн нь хамтран ажиллах гэрээтэй хамаагүй бөгөөд *******гийн нислэгийн зардлыг төлөх үүрэг байхгүй. Иймд хариуцагч *******гоос 12,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 29,780,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* авто ломбардаас хариуцагчийн зээлийг чөлөөлсөн 8,278,428 төгрөг, онгоцны тийзний үнэ болон нислэгийн хуваарь өөрчлөхөд төлсөн төлбөр 3,764,200 төгрөг, ******* улс руу явах замын зардалд бэлнээр өгсөн 6,000,000 төгрөг, нийт 18,042,628 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан. /х.х-ийн 121/
3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:
3.1. Хариуцагч ******* 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр -тай зээлийн гэрээ байгуулж, нийт 8,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр ******* улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг барьцаалуулсан, /х.х-ийн 29-33/
3.2. Нэхэмжлэгч ******* 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр дээрх зээлийн гэрээний үүрэг болох 8,278,428 төгрөгийг төлж, хариуцагчийн тээврийн хэрэгслийг барьцаанаас чөлөөлж, тээврийн хэрэгслийн гэрчилгээг *******ын нэр дээр шилжүүлж, /х.х-ийн 7, 39/
3.3. Улмаар нэхэмжлэгч тэрээр 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ******* -тай зээлийн гэрээ байгуулан 25,000,000 төгрөгийг сарын 2.8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлж, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус тээврийн хэрэгслийг барьцаалуулжээ. /х.х-ийн 11-18/
3.4. Нэхэмжлэгч ******* нь энэхүү 25,000,000 төгрөгийг буцааж төлөх үүргээ зохих ёсоор биелүүлсэн талаар ******* -аас 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 23А/70 тоот тодорхойлолт ирүүлсэн байна. /х.х-ийн 37/
3.5. Үүнээс гадна нэхэмжлэгч ******* хариуцагч *******д ******* улс руу явах нислэгийн тийзний үнэ 3,577,800 төгрөг, нислэгийн хуваарь өөрчлөх төлбөр 186,400 төгрөгийг тус тус Айрмаркет -д төлжээ. /х.х-ийн 5-6/
Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоосон боловч талуудын хооронд үүссэн харилцааг тодорхойлж чадаагүй, улмаар хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул давж заалдах шатны шүүхээс үүнийг залруулна.
4. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 210/МА2023/01479 дугаар магадлалаар нэхэмжлэгч *******ыг хариуцагч *******гийн -аас авсан зээлийн төлбөрт 8,278,428 төгрөгийг төлсөн гэсэн шийдвэр хуулийн төгөлдөр болжээ. /х.х-ийн 73-75/
Мөн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2024/02716 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 210/МА2024/01467 дугаар магадлалаар *******, ******* болон ******* нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан нь баримтаар тогтоогдоогүй, харин *******, ******* хоёрын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн. /х.х-ийн 84-93/
Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж зааснаар зохигч нар энэ талаар маргах эрхгүй.
Өөрөөр хэлбэл, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр ******* болон ******* нар бус, харин *******, ******* нарыг хамтран ажиллаж байсан болохыг тогтоосон байх тул нэхэмжлэгч нь хариуцагчийн өмнөөс бусдад төлсөн 12,046,628 төгрөгийг зохигч нарын хамтын үйл ажиллагаатай холбоотой зардал гэж маргасан хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.
5. Түүнчлэн хариуцагч ******* нь ...нэхэмжлэгч *******ын дүү ******* нь миний өмчлөлийн тээврийн хэрэгслийг ломбардад тавьж мөнгөөр нь мөрийтэй тоглосон, заримыг нь жимсний зардалд зарцуулсан ба ах ******* нь дүүгийнхээ тавьсан өрийг хаасан, мөн хамтран ажиллах гэрээнээс учирсан хохирлоо барагдуулахаар ******* улс руу явах зардлыг нэхэмжлэгч нь сайн дураараа төлсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т тус тус зааснаар нотлоогүй.
Тодруулбал, хэргийн баримтаар *******гийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг барьцаалж зээл авсан 8,000,000 төгрөгөөр нэхэмжлэгчийн дүү мөрийтэй тоглоом тоглосон тул түүний ах дүүгийнхээ өмнөөс тухайн зээлийг төлсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүйгээс гадна Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2024/02716 дугаар шийдвэрээр ...******* нь 35,524,260 төгрөгийг *******ын өмнөөс бооцоо тавьж тоглоход зориулж , нарын дансанд шилжүүлсэн гэх боловч түүнийгээ зээлэхээр тохиролцсон, өөрөө хамт бооцоо тавиагүй болохоо баримтаар нотолсонгүй. Энэ талаар хариуцагчаас тодруулахад зарим үед хамт бооцоо тавьдаг байсан гэжээ... гэж дүгнэсэн байх тул хариуцагчийн энэ талаарх гомдлыг хүлээн авахгүй.
Иймд, анхан шатны шүүх хариуцагчаас 12,046,628 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосон нь үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас 6,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсэгт нэхэмжлэгч нь гомдол гаргаагүй учир талуудын зарчмын хүрээнд давж заалдах шатны шүүхээс энэ талаар нэмж дүгнэлт өгөхгүй.
6. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж, 40 дүгээр зүйлийн 40.1-т Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж тус тус заасан.
Анхан шатны шүүхийн нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******гийн -аас авсан зээлийн төлбөрт төлсөн 8,278,428 төгрөгийг, мөн Айрмаркет -д төлсөн 3,764,200 төгрөгийг тус тус зээлдүүлэх зорилгоор өгсөн гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна.
Тодруулж хэлбэл, талуудын шүүхэд гаргасан тайлбар, хэргийн баримтаар *******, ******* нар зээлийн гэрээний эрх, үүргийн хувьд холбогдох нэгдмэл хүсэл зоригтой байсан нь тогтоогдоогүй байхад тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэхэд учир дутагдалтай байна.
Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-т Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэж заасан.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн өмнөөс түүний бусдад төлөх өр төлбөрийг төлснөөр хариуцагчийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болж, улмаар барьцааны зүйл болох тээврийн хэрэгсэл барьцаанаас чөлөөлөгдсөнөөс гадна тэрээр гадаад улс руу явах онгоцны төлбөр төлөх үүргээс мөн адил чөлөөлөгджээ.
Аливаа этгээд бусдын зардлаар өөрийн хөрөнгийг хэмнэсэн тохиолдолд түүнийг тэрхүү хэмжээгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнд тооцох бөгөөд буцаан шаардаж болохгүйгээс бусад тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд үндэслэлгүй хөрөнгөжсөн этгээдээс тийнхүү шаардах эрхтэй юм.
Иймд, дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн зохигч нарын хооронд эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон байгааг давж заалдах шатны шүүхээс залруулна.
7. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 192/ШЗ2025/06347 дугаартай шүүгчийн захирамж гаргаж, ...хариуцагч *******д шүүх хуралдааны тов мэдэгдсэн байх боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, хариуцагчийн өмгөөлөгчөөс өгсөн эмнэлгийн магадлагаа нь Эмнэлгийн хуудас олгох, хянах журам-д нийцэхгүй байна... гэх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгахгүй.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/00806 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын ...281 дүгээр зүйлийн 281.1 гэснийг 496 дугаар зүйлийн 496.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 207,696 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Б.МАНДАЛБАЯР