| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 101/2016/03148/И |
| Дугаар | 181/ШШ2016/00216 |
| Огноо | 2016-06-28 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 181/ШШ2016/00216
2016 оны 06 сарын 28 өдөр Дугаар 181/ШШ2016/00216 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М ХХК-д холбогдох
худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3 500 000 төгрөг нэхэмжилсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:нэхэмжлэгч Ж ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч, нарийн бичгийн даргад Ц.Золбоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ж ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
М ХХК-нь Ж ХХК-тай 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр ХАГ 0135/14 тоот зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан Note3 маркийн нэг бүрийн үнэ 1 550 000 төгрөгний үнэтэй гар утас 3 ширхэгийг 4650000 төгрөгөөр, 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр ХАГ0135/14+1 нэмэлт гэрээгээр Ipone 5s маркийн 1 ширхэг гар утсыг 1500000 төгрөгөөр, Samsung Note 3 маркийн 1 ширхэг гар утсыг 1550000 төгрөгөөр нийт 7 700 000 төгрөгний гар утаснуудыг тус тус зээлээр авсан. Уг гэрээний дагуу зээлээр худалдан авсан гар утасны үнээс 4 200 000 төгрөгийг төлж барагдуулсан ба одоо үлдэгдэл 3 500 000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байна. Иймд үлдэгдэл төлбөр болох 3 500 000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэв.
Хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай М ХХК, Ж ХХК-тай 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр ХАГ 0135/14 тоот зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулан Note3 маркийн нэг бүрийн үнэ 1 550 000 төгрөгний үнэтэй гар утас 3 ширхэгийг 4650000 төгрөгөөр, 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр ХАГ0135/14+1 нэмэлт гэрээгээр Ipone 5s маркийн 1 ширхэг гар утсыг 1500000 төгрөгөөр, Samsung Note 3 маркийн 1 ширхэг гар утсыг 1550000 төгрөгөөр нийт 7 700 000 төгрөгний гар утаснуудыг тус тус зээлээр авсан. Уг гэрээний дагуу зээлээр худалдан авсан гар утасны үнээс 4 200 000 төгрөгийг төлж барагдуулсан ба одоо үлдэгдэл 3 500 000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа нь үнэн. Манай компанид ажиллаж байгаад гарсан Д.Эрдэнэбилэг Л.Сувджамц нарын утасны төлбөр байгаа юмаа. Энэ 2 ажлаасаа гарчихсан. Эднийг ажиллаж байхад Ж төлбөрөө нэхэж, сануулж байсан бол бид энэ хоёр хүнээс аваад өгчих байсан юм гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч нь зээлээр бараа худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 3.500.000 төгрөгийг нэхэмжилжээ.
Хариуцагч М ХХК-нь нэхэмжлэгч Ж ХХК-тай 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр ХАГ 0135/14 тоот зээлээр худалдах худалдан авах гэрээ, 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр ХАГ0135/14+1 нэмэлт гэрээ байгуулан нийт 7 700 000 төгрөгийн үнэ бүхий гар утаснуудыг зээлээр худалдан авч, 4.200.000 төгрөгийг төлж барагдуулан үлдэгдэл 3.500.000 төгрөгийг төлж барагдуулаагүй болох нь зээлээр худалдах, худалдан авах гэрээ, нэмэлт гэрээ, зээлээр авсан барааны нэр төрөл, тоо үнэ, барааны үнийг эргэн төлөх хуваарь, зээлээр авсан бараа хүлээлцсэн акт үлдэгдэл 3.500.000 төгрөгийн нэхэмжлэх, авлагын товчоо тайлан зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна./хх-ийн 5-13, 17-19-р хуудас/
М ХХК-нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т зааснаар худалдан авсан Note3 маркийн гар утас 3 ширхэг, Ipone 5s маркийн гар утас 1 ширхэг, Samsung Note 3 маркийн гар утас1 ширхэг нийт 5 гар утасны үлдэгдэл төлбөрт 3.500.000 төгрөг төлөх үүрэгтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 155.2.3., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т заасныг баримтлан хариуцагч М ХХК-иас 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж ХХК-д олгосугай.
2.ИХШХШТХуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 70950 төгрөг гаргуулж Ж ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО