Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 271

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагч:  А.Оргилбаяр,

Шүүгдэгч Ц.Ц.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Г-эд холбогдох эрүүгийн 1918003660288 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1971 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын засварчин, гагнуурчин мэргэжилтэй: эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, , ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй,  Ц.Г-  

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Ц.Ц.Г- нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг 5-4 дүгээр байрны 56 тоотод оршин суух С.С.Б-, Г.Г.Г-, Г.Г.И- нартай хамт амьдарч байх хугацаандаа буюу 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 8 нас 9 сар 1 хоногтой Г.Г.Г-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж зодож эрүүл мэндэд нь нуруу, зүүн бугалга, цээжний өмнө, баруун бугалга, баруун гуя, шилбэ, баруун чихний ар хэсгийн зөөлөн эдийн цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Ц.Г- нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх боломжоор хангасан болно.

Шүүгдэгч Ц.Ц.Г- нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ...”2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Дархан сумын 4-р сургуулийн 50 жилийн ой болж ангийн дарга нар уулзсан юм. Би дээд, доод төгсөлтийнхөө хэсэг нөхдийн хамт архи ууж, гэртээ хариагүй. Маргааш өглөө нь Төмөрлөгийн үйлдвэрт  цуг ажиллаж байсан хүнтэйгээ таарч архи уухаар гэртээ очоод дүүгээ зодсон байна лээ. Маргааш өглөө нь Уугантуяа байцаагч дээр очиж  дүүгээ зодсон талаар мэдсэн” гэв.

Эрүүгийн 1918003660288 дугаартай хэргээс:

Насанд хүрээгүй хохирогч Г.Г.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн: 2019 оны 05-р сарын 19-ний өглөө манай аавын ах болох Ц.Г- согтуу ирсэн. Эмээ дүү бид 3-т хань болох гээд хамт манай гэрт байгаа юм. Бид нар цайгаа уугаад сууж байсан. Тэгсэн Ц.Г- ах намайг эмээгийн хажууд сууж байхад эмээгээс мөнгө нэхээд уурлаад байсан, эмээ мөнгө байхгүй гэсэн боловч байн байн нэхээд байсан. Тэгээд Ц.Г- ах намайг чирээд том өрөө рүү ороод жижиг өрөөнд хуйлж тавьсан байсан цахилгааны цагаан утас авч ирээд намайг зодсон. Намайг яагаад зодсон талаар ойлгоогүй. Намайг зодуулж байхад эмээ жижиг өрөөнөөс орж ирээд Ц.Г- ахыг болиулсан гэх мэдүүлэг /хх 14/,

Гэрч Ц.Ц.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2 хүүхэдтэй том нь Г.Г- байгаа юм. Эхнэр маань өвчнөөр өөд болоод 6 жил болж байна. Би Дархан сумын 10-р баг 5-4-56 тоот байранд 2 хүүхэд зэжийнхээ хамт амьдардаг юм. Би ажил төрөл хийхээр болоод хөдөө явсан бөгөөд тэр хугацаанд ээж хүүхдүүдэд хань болох байх гээд ах Ц.Г-ийг хотоос дуудуулсан юм. Тэгсэн архи уугаад хүүг маань зодсон байсан намайг хөдөө ажил дээрээ байхад ээж ярьсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандах болсон” гэх мэдүүлэг /хх 17/,

            Гэрч С.С.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 оны 05-р сарын 19-ний өглөө 11 цагийн үед Ц.Г- архи уучихсан ирээд цай унд уусан. Тэгснээ Ц.Г- надаас мөнгө нэхээд танд мөнгө байгаа гэхээр нь би надад мөнгө байхгүй гэж хэлсэн чинь тэгвэл гар утсаа өгчих гэхээр нь би ч гар утасаа өгөхгүй, гар утсаа унтраагаад Ц.Г-ийг том өрөө рүү орсон хойно нь авдрандаа хийгээд цоожилчихсон чинь Ц.Г- авдарны түлхүүрийг нэхсэн. Ц.Г- надаас 500, 1000 төгрөг нэхээд байсан. Манай ач хүү Г.Г- миний хажууд сууж байсныг гарнаас нь татаад том өрөө рүү орсон. Тэгтэл Ганбаагар гэнэт орипж чарлаад эхэлсэн тэгэхээр нь би том өрөө рүү ортол Ц.Г- Г.Г-ыг газар шалан дээр унагачихсан манай жижиг өрөөний авдар доогуур эвхээд хийсэн байсан цагаан өнгийн цахилгааны утсаар ороолгоод хайр найргүй зодож байсан. Би “яаж байгаа юм бэ хүүхэд аллаа" гэж хэлсэн чинь Ц.Г- “би энийг ална" гээд зодоод байсан. Тэгээд би Ц.Г-ийг болиулах гээд татах гэтэл намайг түлхээд унагаачихсан” гэх мэдүүлэг /хх 18/,

            Гэрч С.С.Н-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “2019 оны 05-р сарын 19-ний өдөр 03 цагийн үед байх аа Г.Г-ын аав нь болох Ц.Б над руу залгаад ах Ц.Г- маань хүүг маань зодсон гэж байна, ээж над руу ярьсан гэхээр нь би хамаг хурднаараа Г.Г-ын гэрт очсон тэгсэн Ц.Г-ийг нь цагдаа нар аваад явах гэж байсан харин Г.Г- намайг хараад уйлсан. Би тэврээд хэсэг суусан чинь нуруу өвдөөд байна гэхээр нь нурууг нь харсан чинь аймар болчихсон улаан эрээн гөвдрүү болсон байсан тэгээд нэгдсэн эмнэлгийн жижүүрийн гэмтлийн эмчид үзүүлээд эмээтэй нь хамт цагдаа дээр ирсэн” гэх мэдүүлэг /хх 21/,

            Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 461 дугаартай шинжээчийн дүгнэлт:

            1.Г.Г.Г-ын биед нуруу, зүүн бугалга, цээжний өмнө, баруун бугалга, баруун гуя, шилбэ, баруун чихний ар хэсгийн зөөлөн эдийн цус хуралт, зулгаралт тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

            3.Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.

            4.Г.Г.Г-т учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй /хх 25/,

 

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх 38-39/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 2/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-5/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-8/,

Насанд хүрээгүй иргэний нас тоолсон тухай баримт, төрсний гэрчилгээний хуулбар /хх 40-41/,

Эрүүгийн хариуцlага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 42/,

Дархан сумын 10-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх 43/,

Шүүгдэгч Ц.Ц.Г-ийн иргэний үнэмлэхийн лавлагааны  хуулбар /хх 44/,

Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулах тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх 50/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

            Шүүгдэгч Ц.Ц.Г- нь 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн дүүгийн хүү 8 нас 9 сар 1 хоногтой Г.Г.Г-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримтыг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн насанд хүрээгүй хохирогч Г.Г.Г-ын...”Ц.Г- ах намайг чирээд том өрөө рүү ороод жижиг өрөөнд хуйлж тавьсан байсан цахилгааны цагаан утас авч ирээд намайг зодсон” гэх мэдүүлэг /хх-14/, гэрч С.С.Б-гийн...” Манай ач хүү Г.Г- миний хажууд сууж байсныг гарнаас нь татаад том өрөө рүү орсон. Тэгтэл Ганбаагар гэнэт орипж чарлаад эхэлсэн тэгэхээр нь би том өрөө рүү ортол Ц.Г- Г.Г-ыг газар шалан дээр унагачихсан манай жижиг өрөөний авдар доогуур эвхээд хийсэн байсан цагаан өнгийн цахилгааны утсаар ороолгоод хайр найргүй зодож байсан” гэх мэдүүлэг /хх 18/, гэрч С.С.Н-ийн...” Г.Г-ыг…тэврээд хэсэг суусан чинь нуруу өвдөөд байна гэхээр нь нурууг нь харсан чинь аймар болчихсон улаан эрээн гөвдрүү болсон байсан” гэх мэдүүлэг /хх 21/, Шүүх эмнэлгийн шинжээчийн 461 дугаартай дүгнэлтийн ...” Г.Г.Г-ын биед нуруу, зүүн бугалга, цээжний өмнө, баруун бугалга, баруун гуя, шилбэ, баруун чихний ар хэсгийн зөөлөн эдийн цус хуралт, зулгаралт тогтоогдлоо” гэх нотлох баримт болон шүүгдэгч Ц.Ц.Г-ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Ц.Ц.Г-, насанд хүрээгүй хохирогч Г.Г.Г- нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад хамаарч байна.

 

 Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч буй хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлэх бөгөөд шүүгдэгч Ц.Ц.Г-ийн үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, , биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Ц.Г- нь гэмт үйлдэлдээ шууд санаатай хохирол, хор уршгийг хүсч үйлдсэн тул гэм  буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

   Насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчөөс хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч Ц.Ц.Г-ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалтад зааснаар анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхэд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хуйлж ороосон цагаан өнгийн цахилгааны утсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

 

1. Ц.Г-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц.Г-ийг 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.    

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ц.Ц.Г- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хуйлж ороосон цагаан өнгийн цахилгааны утсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

            5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ц.Г-эд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        З.ТӨМӨРХҮҮ