Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 5181

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

            Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс

            Дорнод аймаг, Хэрлэн сум, 3 дугаар баг, Батуул гудамж, 1-8 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Баянгол дүүрэг, 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Төв гандан болон модны 2 орчимд түр амьдрах, оршин суух тодорхой хаяггүй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт амьдардаг, 1987 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, Уугаржин овогт Эрдэнэбатын Мөнх-Алдар /РД:ЖЮ87083170/

            Албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Э.Чамин-Эрдэнэ, гуравдагч этгээд Э.Мөнх-Алдар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хүсэлт гаргагч Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Чамин-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрлэн сум, 3 дугаар баг, Батуул гудамж, 1-8 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Баянгол дүүрэг, 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Төв гандан болон модны 2 орчимд түр амьдрах, оршин суух тодорхой хаяггүй Э.Мөнх-Алдар нь байнга архидан согтуурч удаа дараа тус хэлтсийн саатуулах байранд саатуулагдаж байсан. Э.Мөнх-Алдар нь гэр орон байхгүй, гудамж талбай, олон нийтийн газарт байнга архи ууж, согтуурч танхайрдаг.

            Иймд Э.Мөнх-Алдарыг Монгол Улсын Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д заасны дагуу архины албадан эмчилгээнд явуулах шийдвэр гаргаж өгнө үү гэв.


            Гуравдагч этгээд Э.Мөнх-Алдар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 10 дугаар сараас эхлэн архи ууж байна. 2014 оны 10 дугаар сард хотод орж ирээд 1 жил нь Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Туулын гудамжид байр түрээслэн амьдарч байгаад гарсан. Тухайн үед би ээжтэйгээ амьдардаг байсан. Одоо би орох оронгүй, Баянгол дүүрэг, 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Төв гандан болон модны 2 орчмын орц, гудамжид хоноглодог. Энд тогтсон хаяг байхгүй. Дорнодод гэр бүлтэй боловч Дорнод руу гэртээ буцах зардлын мөнгөгүй.  Ихэвчлэн гудамжны архи уудаг хүмүүстэй архи уудаг. Хамгийн сүүлд архи уусан үедээ хүнтэй маргалдаад цагдаагийн байгууллагын саатуулах байранд орсон. Албадан эмчилгээнд явахыг зөвшөөрч байна гэв.

           

            Шүүх зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс нь Э.Мөнх-Алдарыг албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг гаргажээ.

            Шүүх хүсэлт гаргагч байгууллагын хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Э.Мөнх-Алдар нь Согтууруулах ундаа байнга хэрэглэж, удаа дараа эрүүлжүүлэгдсэн зөрчил гаргасан, ар гэртээ болон иргэд, олон нийт гудамж талбайд агсам согтуу тавьж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг болох нь хэрэгт авагдсан Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн тодорхойлолт, захиргааны зөрчлийн лавлагаа, гуравдагч этгээдийн өөрийн тайлбар, албадан эмчилгээнд хамруулах шаардлагатай тухай Баянгол дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Согтууруулах, мансууруулах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн комиссын дүгнэлт, Захиргааны зөрчлийн тухай тэмдэглэл, шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн тайлбарласан тайлбар, түүнийг асуусан тайлбар, шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн тайлбарласан тайлбар, хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Э.Чамин-Эрдэнийн илтгэх хуудас зэргээр тогтоогдож байна.  

Иймд Э.Мөнх-Алдарыг архины албадан эмчилгээнд явуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар уг нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан Уугаржин овогт Эрдэнэбатын Мөнх-Алдар /РД:ЖЮ87083170/-ыг захиргааны журмаар албадан эмчлэх газар явуулж албадан эмчилсүгэй.

 

2. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар Э.Мөнх-Алдарыг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт хүргэх ажиллагааг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээр гүйцэтгүүлсүгэй.

 

3. Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсэгт зааснаар албадан эмчилгээний хугацаа нь эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын комиссын дүгнэлтийг үндэслэн дуусгавар болохыг мэдэгдсүгэй.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш, тухайн өвчтэй этгээд, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ж.КУЛЬДАНА