Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 279

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагч:  А.Оргилбаяр,

Хохирогч Б.Б.Т-,

Шүүгдэгч Ш.Ш.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.М-од холбогдох эрүүгийн 1918002780271 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 01-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1997 оны 01 сарын сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 22 настай; эрэгтэй, бүрэн дунд боловсролтой: мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт урьд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 сарын 15-ны өдрийн 79 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 6 сарын хорих ял оногдуулж оногдуулсан ялыг мөн хугацаагаар тэнссэн, улсаас авсан гавьяа шагналгүй, Ш.М-

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Ш.Ш.М- нь 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр танил болох Б.Б.Т-ын "Huawei Р smart” маркийн гар утсыг нь “гар утсыг чинь түр хэрэглээд өгье” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ш.Ш.М- нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх боломжоор хангасан болно.

Шүүгдэгч Ш.Ш.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ...” Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ өгсөн. Нэмж ярих зүйлгүй, хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Б.Б.Т- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ...”Шүүгдэгчтэй анх фейсбүүкээр танилцсан. 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Дархан суманд уулзсан. 2019 оны 02 дугаар сарын сүүлээр манай гэрт ирж нэг хоноод явсан. Дараа нь удалгүй 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр ирээд манайд дахиад нэг хоноод явсан. Дараа нь шүүгдэгч “ажилд орох анкет бөглө гээд дуудаад байна” гэж хэлсэн. Тэгээд миний гар утсыг гуйгаад авч явсан. Үүнээс хойш сураггүй болсон. Шүүгдэгчийн хойноос нь залгахад миний утсыг авахаа больж, фейсбүүкын мессенжерээр чат бичихэд уншчихаад хариу бичээгүй. Уг гар утсанд миний хүүхдийн ургийн зураг байсан. Шүүгдэгчийн надаас авсан утсыг лизингээр худалдаж аваад төлбөрийг нь төлж дуусаагүй байсан. Шүүгдэгч хэсэг хугацааны дараа нь надтай холбогдож чиний утсыг өгнө гэж хэлсэн. Дахиад холбогдоод Дархан дэлгүүрт байна гэж хэлсэн. Над руу залгасан утсаар нь эргүүлээд холбогдоход үл таних эрэгтэй хүн утсыг аваад Өмнөговь аймгийн хүн байна, тийм хүн танихгүй гэж хэлсэн. Шүүгдэгч намайг чаддаг юм бол утсаа олоод аваарай гэж хэлж байсан. Одоо шүүгдэгчээс хохирол төлбөрийг нэхэмжилнэ. Гомдол байхгүй. Би өөрөө нялх хүүхэдтэй, шүүгдэгч нь надаар тоглоод байгаа юм уу? гэмээр зан гаргасан гэв.

 

Эрүүгийн 1918002780271 дугаартай хэргээс:

Гэрч Б.Б.Ө-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...”Ш.М- хаашаа явсан бэ гэсэн чинь Шарын голын уурхай ороод ажилд орох анкет өгчихөөд ирнэ гэсэн гэхээр нь би тухайн үед өөр зүйл асуугаагүй. Тэгээд 13 цаг өнгөрч байхад Ш.М- ирэхгүй болохоор нь би эгчээсээ гар утсаа өгч бай гэсэн чинь Ш.М- өөрийнх нь гар утасны цэнэг дуусчихсан гээд миний гар утсыг аваад явчихсан 14 цаг гээд ирнэ гэсэн гэхээр нь би гар утас руу нь залгаад хаана байгаа талаар асуухад Уурхай дээр байна гэхээр нь манай ээж чамтай уулзах хэрэг байна гэж байна гэсэн чинь одоо удахгүй очлоо гэж хэлээд утсаа тасалсан тэгээд 14 цаг өнгөрч байхад залгасан чинь гар утас нь холбогдох боломжгүй болсон байсан тэгээд би нэг л биш боллоо гэж бодоод дахин дахин залгаад холбогдохгүй байсан. Тэгээд тэр орой нь Фэйсбүүк нь асахаар нь манай эгчийн гар утсыг авч ирж өг гээд хэлсэн чинь уншихгүй байж байгаад намайг блок хийсэн. Тэгээд манай эгчтэй Фэйсбүүкээр харьцаад удахгүй гар утсыг чинь өгнө гэх зэргээр ярилцдаг байсан гэсэн. 2019 оны 04 сарын 01-ний өдөр миний гар утас руу Ш.М- залгаад би Шарын голд ирж байна гэхээр нь эгчийнхээ гар утсыг авъя гэсэн чинь миний цүнхтэй хувцсыг аваад ирээрэй гээд бид хоёр ТЭС ШТС-ийн ойролцоо уулзахаар болоод уулзахад манай эгчийн гар утсыг хүнд байгаа чи очоод авчих би Уурхайн хамгаалалтын албанд хамгаалагчаар орсон ажил дээрээ очоод нэг дугаараас холбогдъё тэгээд чи хүрч ирээд авчих гэхээр нь би итгээд хувцсыг нь өгөөд явсан. Тэгээд дахин Ш.М-той холбоо тогтоож чадаагүй гэх мэдүүлэг /хх 15/,

Гэрч Д.Д.Б-гийн мөрдөн байцаалтын шатынд өгсөн: ...” 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр нөгөө Ш.М- гэх залуу ирээд нэг хоноод явсан. Дараа нь 2019 онь 03 дугаар сарын 20-ны өглөө эрт манайд ирээд унтаж байгаад 11 цаг өнгөрч байгаад Б.Т-тай ярилцаж байгаад Ш.М- гараад явсан би охиноосоо асуусан чинь Шарын голын Уурхайд хамгаалагчаар ажилд орох гэж анкет өгөх гэж байгаа 14 цагт ирнэ гэж хэлж байсан. Тэгээд би бага охин Б.Ө-тэйгээ Ш.М- гэж ямар учиртай залуу бэ? уулзаж асуух хэрэгтэй гээд бага охиноор гар утас руу нь залгаад асуусан чинь уурхай дээр явж байна удахгүй очно гэж байна гэсэн. Тэгээд 14 цаг өнгөрөөд ирэхгүй болохоор нь Б.Т-аас асуусан чинь миний гар утсыг аваад явсан Ш.М-ын гар утас холбогдохгүй байна гэсэн. Тэгээд орой болоход Ш.М- ирээгүй Б.Т- л өөрөө Ш.М-той холбогдож яриад нөгөөдөх нь удахгүй гар утасыг чинь аваачиж өгнө гэх зэргээр яриад байсан. Тэгээд сүүлдээ олдохгүй болохоор нь манай охин цагдаад хандсан” гэх мэдүүлэг /хх 16/,

Капитал зууч ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай 2019 оны 4-р сарын 13-ны өдрийн шинжээчийн дүгнэлт:

“Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар 450 000 төгрөг байна” /хх 7/,

 

Ш.Ш.М-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: Би Б.Т-тай уулзах гэж очихдоо Шарын голын уурхайд ажилд орох гэж очсон юм. Тэгээд Шарын голд байхдаа Б.Т-ын гар утсаар хүнтэй яриад өгье гэж хэлээд утсыг нь авсан юм. Тэгээд хүнтэй утсаар ярьж байтал Зүүнхараагаас ээж над руу залгаад “ Цагдаагаас чамайг асуугаад байна” гэхээр нь би тэр чигээрээ Б.Т-ын гар утсыг нь буцааж өгөлгүй авч яваад Дархан руу машинд суугаад явсан юм. Тэгээд Дарханд ирээд Зүүнхараа руу явах машин олж зардлын мөнгө хийх гээд Б.Т-ын гар утсыг нь хуучин Дарханд 18-ийн буудлын тэнд байдаг нэг ломбарданд 80.000 төгрөгний барьцаанд тавьж мөнгө аваад тэгээд зардал хийгээд Зүүнхараа руу явсан юм гэх мэдүүлэг /хх 21/ болон 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 1/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 24/,

Ш.Ш.М-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа /хх 25-26/,

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоол, шийтгэврийн хуулбар /хх 30-36/,

Ш.Ш.М-ын арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн данс эзэмшдэг эсэх талаарх тодорхойлолт /хх 38-46/,

Гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээний хуулбар /хх 52/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

            Шүүгдэгч Ш.Ш.М- нь 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр танил болох Дархан-Уул аймгийн Шарын гол сум, Б.Б.Т-ын "Huawei Р smart” маркийн гар утсыг нь түр хэрэглээд өгье” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн гэрч Б.Б.Ө-гийн...” би Уурхайн хамгаалалтын албанд хамгаалагчаар орсон. Ажил дээрээ очоод нэг дугаараас холбогдъё тэгээд чи хүрч ирээд авчих гэхээр нь би итгээд хувцсыг нь өгөөд явсан. Тэгээд дахин Ш.М-той холбоо тогтоож чадаагүй” гэх мэдүүлэг /хх-15 /, гэрч Д.Д.Б-гийн...” Б.Т-аас асуусан чинь миний гар утсыг аваад явсан Ш.М-ын гар утас холбогдохгүй байна гэсэн. Тэгээд орой болоход Ш.М- ирээгүй Б.Т- л өөрөө Ш.М-той холбогдож яриад нөгөөдөх нь удахгүй гар утсыг чинь аваачиж өгнө гэх зэргээр яриад байсан. Тэгээд сүүлдээ олдохгүй болохоор нь манай охин цагдаад хандсан гэх мэдүүлэг /хх 16/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Ш.Ш.М- гэмт үйлдэлдээ шууд санаатай хохирол, хор уршгийг хүсч үйлдсэн, түүний гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Б.Т-т 450 000 төгрөгийн хохирол учирсан байх тул зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байна.

 

Иймд шүүгдэгч Ш.Ш.М-ыг бусдын эд хөрөнгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ш.Ш.М- нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй байх тул түүнээс 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Б.Б.Т-т олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Ш.Ш.М-ыг  Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 заалтад заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

 

Шүүгдэгч Ш.Ш.М-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийг арилгаагүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж хорих ял оногдуулах нь хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Иймд шүүгдэгч Ш.Ш.М-од 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж,  тэнссэн шийдвэрийг хүчингүй болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 6 /зургаан сар/-ын хугацаагаар хорих ял оногдуулж, энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж нийт биечлэн эдлэх ялыг 01 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ш.М-ын цагдан хоригдсон 07 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ш.М-ыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ш.М-ыг 06 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.    

           

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ш.М-од оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ш.М-ын цагдан хоригдсон 07 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

           

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ш.М-оос 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Б.Б.Т- /РД:ТЯ96012309/-т олгосугай.

 

            7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдсугай.

 

            8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Ш.М-од урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        З.ТӨМӨРХҮҮ