Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2017/01629

 

Ч.Цын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2017/01324 дүгээр шийдвэр,

      Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1778 дугаар магадлалтай,

           Ч.Цын нэхэмжлэлтэй

           “У” ТӨХК-д холбогдох

           Ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, цалингийн зөрүү 725 760 төгрөг, үр дүнгийн урамшуулал 4 238 300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Оюунболдын гаргасан гомдлоор шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Ганзул, нарийн бичгийн даргад Д.Дүүрэнжаргал нар оролцов.

          Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунболдын гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Ч.Ц 2001 оноос “УБЦТС” ТӨХК-д оператор болон бэлэн мөнгөний нярваар ажиллаж эхэлсэн. 2015 оны 7 дугаар сард “УБЦТС” ТӨХК-ийн хүний нөөцийн хэлтсээс утсаар яриад Сонгинохайрхан дүүргийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ажилтан Т.Мөнгөнчимэг жирэмсний амралтаа авах гэж байгаа тул оронд нь ажиллаарай гэсэн бөгөөд “Т.Мөнгөнчимэгийн жирэмсний амралтын хугацаа дуусаад буцаад ороход яах вэ” гэхэд “туршлагатай хүнийг бид халахгүй, дахин шилжүүлээд ажиллуулна, манай компанид өөр хүний оронд 10 гаран жил ажиллаж байгаа хүн зөндөө байдаг” гэж н.Батцэцэг дарга хэлсэн. Удалгүй Т.Мөнгөнчимэг нь ажилдаа ороход А.Номинчимэгийг жирэмсний амралттай үед оронд нь ажиллах санал тавьж ажиллах болсон. Гэтэл 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр А.Номинчимэг ажилдаа орох үндэслэлээр Б/54 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, хуучин эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж шимтгэл төлүүлэх, 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалинг 2016 оны 11, 12 дугаар сар, 2017 оны 01 дүгээр сарын цалингийн дундаж болох нэг өдрийн 50 846 төгрөгөөр тооцож шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулах, 2016 оны 11, 12 дугаар сар, 2017 оны 01, 02 дугаар сарын цалингийн зөрүү 425 760 төгрөг, мөн 13 дахь сарын цалин буюу урамшуулал 4 238 300 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

         Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрболдын гаргасан хариу тайлбарт: Ч.Ц Чингэлтэй дүүргийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвд оператор, бэлэн мөнгөний нярваар ажиллаж байсан. Тухайн үед удирдлагаас өөр ажилд шилжүүлэх болоход өөрөө зөвшөөрсөн байдаг бөгөөд ийнхүү шилжүүлэн ажиллах нь нэхэмжлэгчийн хувьд ажлын ачаалал буурч байсан. Шилжүүлэх болсон шалтгаан нь Чингэлтэй дүүрэгт ажиллаж байхдаа сахилгын зөрчил гаргасан байсан тул бид ажлаас нь халалгүй өөр ажилд шилжүүлсэн. Нөгөө талаас шилжүүлэн ажиллуулах шийдвэрийг зөвшөөрөхгүй бол 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй байсан боловч гомдол гаргаагүй байна. Иймд хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Нэхэмжлэгчийг шилжүүлэн ажиллуулахдаа хөдөлмөрийн гэрээг дахин шинээр байгуулсан. Гэтэл Т.Мөнгөнчимэг нь жирэмсний амралтаа дуусаад ажилдаа буцаад орсон. Ажилчныг шилжүүлэн ажиллуулах талаар Хөдөлмөрийн тухай хуульд тодорхой заасан байдаг. Ч.Цыг ажлаас халахгүйн тулд А.Номинчимэгийн оронд мөн түр шилжүүлэн ажиллуулсан. А.Номинчимэг удалгүй ирж нэхэмжлэгчийг чөлөөлөх шаардлагатай болсон. Ажлаас халаагүй чөлөөлсөн гэдгийг анхааран үзэх хэрэгтэй. Сүүлийн 4 сарын цалингийн зөрүүг нэхэмжилж байна. Манай компани алдагдалтай болон ашигтай ажилласнаас хамаарч цалингийн шатлалыг нэмэгдүүлдэг. Шууд тогтмол тодорхойлдоггүй. Тухайн үед Ч.Ц бэлэн мөнгөний нярваар нэг жил л ажилласан бөгөөд шууд 1 дүгээр шатлалаас 3 юмуу 5 дугаар шатлал руу үсэрч шатлал өгсөнө гэдэг зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн ажлыг нь дүгнээд 1 047 060 төгрөгийн урамшуулал олгоход татгалзах зүйлгүй. Учир нь урамшууллыг олгохдоо ажилласан цаг, тухайн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн цахилгааны төлбөрийн өр төлбөр хуримтлагдсан байдал зэргийг харгалзахаас гадна тайлан хамгаалсны дараа хариу тайлбарт ирүүлсэн урамшуулал бодох аргачлалаар урамшуулал боддог. Нэхэмжлэгч хэдийгээр тайлангаа хамгаалаагүй хэдий ч байгууллагаас урамшууллыг хариу тайлбарт дурдсанчлан тооцож, 1 047 060 төгрөгийг олгох боломжтой гэж үзэж байна. Харин 4 238 300 төгрөгийг зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2017/01324 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дугаар зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “УБТЦС” ТӨХК-иас үр дүнгийн урамшуулал 2 331 770 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Цад олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, цалингийн шатлалын зөрүү 725 760 төгрөг гаргуулах шаардлагыг, үр дүнгийн урамшууллын үлдэх хэсэг 1 906 530 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул урьдчилан төлсөн 94 500 төгрөгийг улсын орлогоос буцаан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас 52 258 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 08 дугаар  сарын 07-ны өдрийн 1778 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2017/01324 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунболд хяналтын гомдолдоо: “...Давж заалдах шатны шүүх ИХШХШТХ-ийн 40.1-г зөрчсөн гэж үзэж байна. “УБТЦС” ТӨХК ажилтантай хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, гэрээний хугацаа дууссан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцсэн. Өөр ажилд өөрийнх нь хүсэлтээр шилжүүлсэн. ... Иймд өөр ажилд шилжүүлсэн тушаалыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч ажиллаж байсан, өөр ажилд буруу шилжүүлсэн гэх үндэслэлээр гомдол гаргаагүй үйл баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч Чингэлтэй хэрэглэгчдэд үйлчлэх төвийн нярвын ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул шаардах эрхгүй” гэж үзсэн байна. Ч.Цэрэндханд нь 2001 оноос эхлэн “УБЦТС” ТӨХК-д ажилласан бөгөөд нийт 15 жил 3 сар тус байгууллагад өөрийн хүч чадлаа зориулан зүтгэсэн байна. Энэ хугацаанд гэр хорооллын өр авлага шүүгч, оператор, мөнгөний нярав зэрэг ажлуудыг дараалан гүйцэтгэсэн бөгөөд байгууллагаас зохион байгуулж байгаа бусад үйл ажиллагаанд идэвх санаачлагатай оролцож, амжилт гаргаж байсан. Тухайлбал ...медаль тус тус авсан. ...Хөдөлмөрийн алдар медалиар шагнуулж байсан. 2015 оны 07 дугаар сард Телевизийн салбарын кассанд дээр сууж байхад төв компаниас утсаар залгаж, СХД-ийн хэрэглэгч хүлээн авах танхимын үйлчилгээний ажилтан н.Мөнгөнчимэг жирэмсний амралтаа авч байгаа энэ хүний ажлыг хийхүү гэж асуусан. Тэр үед Ч.Ц нь н.Мөнгөнчимэг чинь ажилдаа орохоор би яах билээ гэж асуухад ийм олон жил манай компанид үр бүтээлтэй ажилласан хүнээ бид нар халахгүй дотроо өөр ажилд шилжүүлж ажиллуулна гэж амласан. Ч.Ц нь удирдах албан тушаалтандаа итгэж саналыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Ингээд н.Мөнгөнчимэг ажилдаа ороход Ч.Цыг 2016-08-16 -ны өдрийн Б/468 дугаартай гүйцэтгэх захирал С.Төмөрхүүгийн тушааллаар н.Номинчимэгийн оронд томилж ажиллуулсан байдаг. Энэ хугацаанд ямарч гэсэн ажлаас халахгүй гэсэн амандаа хүрээд шилжүүлэн ажиллуулж тухайн үед ажилтай байсан учраас чөлөөлөгдөхгүй ажиллана гэдэгт итгэсээр ажиллаж байсан тул гомдол гаргах шаардлага үүсээгүй. Ч.Ц нь ажлаа хийгээд, цалингаа аваад явж байсан учраас 2017-01-26-ны өдрийн Б/54 дугаар тушаал гарч халагдах хүртлээ эрх ашиг нь зөрчигдөөгүй явж ирсэн. Ажлаас халах тушаал гарснаар Ч.Цын эрх, ашиг хөндөгдөж эхэлсэн тул тэрээр хуульд заасан 30 хоногийн дотор шүүхэд хандсан тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх боломжгүй юм. Ч.Цын хувийн байдлын тухайд: Хүнтэй суугаагүй ганц бие амьдарч байна. Ч.Цын хувьд хийж байсан ажил, хамт олон нь түүний амьдралын утга учир байсан. Тэрээр ажилдаа бүх сэтгэл зүрхээ зориулж ажилдаг байсан. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийн заалт хэрэглэж, өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2-т заасныг барьж шийдвэр гаргасан, мөн давж заалдах шатны шүүх уг шийдвэрийг хэвээр баталсан нь хууль зөрчиж байна. Иймд ...магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

         Ч.Ц 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д холбогдуулан Чингэлтэй хэрэглэгчдэд үйлчлэх төвийн мөнгөн хөрөнгийн нярвын ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилт хийлгэх, 4 сарын цалингийн зөрүү 725 760 төгрөг, үр дүнгийн урамшуулал 4 238 300 төгрөг, нийт 4 964 060 төгрөг гаргуулахыг шаарджээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй. 

         Анхан шатны шүүх хариуцагчаас урамшууллын мөнгө 2.331.770 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

        Хоёр шатны шүүх Ч.Цын нэхэмжлэлээс Чингэлтэй хэрэглэгчдэд үйлчлэх төвийн Нийтлэг үйлчилгээний хэсгийн нярав /мөнгөн хөрөнгийн/-ын ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын талаар дүгнэлт хийхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр болон магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн энэ хэсгийг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

      Ч.Ц нь Чингэлтэй хэрэглэгчдэд үйлчлэх төвийн Нийтлэг үйлчилгээний хэсгийн нярав /мөнгөн хөрөнгийн/-р ажиллаж байсан бөгөөд ажил олгогчийн 2015 оны “Шилжүүлэн ажиллуулах тухай” Б/374 дугаар тушаалаар /хх 54/ Сонгинохайрхан дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн Хэрэглэгчдийг хүлээн авах танхимын үйлчилгээний ажилтан Т.Мөнгөнчимэг жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд түр шилжин ажилласан, Т.Мөнгөнчимэг ажилдаа орсон тул 2016 оны Б/468 дугаар /хх 55/ тушаалаар жирэмсний болон хүүхэд асрах чөлөө авсан А.Номинчимэгийн орон тоонд үйлчилгээний ажилтнаар ажиллаж байгаад 2017 оны Б/54 дугаар тушаалаар халагдсан үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигчид маргаагүй байна. 

           Ажил олгогч 2017 оны Б/54 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 24 дүгээр зүйлийн 24.1, 37 дугаар зүйлийн 37.1.3, дотоод журмын 4.1, 4.9, хамтын гэрээний 3.17  дахь заалтыг баримтлан хүүхэд асрах чөлөөтэй байсан А.Номинчимэг “...ажилдаа орох хүсэлт гаргасан...” гэж Ч.Цыг “...хүлээн авах танхимын үйлчилгээний ажилтан...”-ны ажлаас халсаныг нэхэмжлэгч буруутгаагүй, харин ийнхүү хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Чингэлтэй хэрэглэгчдэд үйлчлэх төвийн Нийтлэг үйлчилгээний хэсгийн нярвын ажил олгох ёстой байсан гэсэн агуулгаар хариуцагчийн 2017 оны Б/54 дүгээр тушаалыг эс зөвшөөрчээ.

         Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Чингэлтэй хэрэглэгчдэд үйлчлэх төвийн Нийтлэг үйлчилгээний хэсгийн нярав /мөнгөн хөрөнгийн/-р ажиллаж байхдаа ажил олгогчийн хүсэлтээр өөр ажил түр гүйцэтгэсэн буюу зохигчдын хооронд 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний /хх 44/ 3.4-т заасан үндэслэлээр ажил олгогчийн саналыг зөвшөөрсөн гэж үзэхээр байна.      

       Түүнчлэн, Ч.Цаар өөр ажил түр хийлгэхдээ хугацаагүй хөдөлмөрийн гэрээтэй Чингэлтэй хэрэглэгчдэд үйлчлэх төвийн Нийтлэг үйлчилгээний хэсгийн нярав /мөнгөн хөрөнгийн/-ын ажил, албан тушаал хэвээр хадгалагдахаар тохирсон агуулга бүхий нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч баримтаар үгүйсгээгүй байна. 

       Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7-д зааснаар хөдөлмөрийн гэрээнд заасан бусад тохиолдолд ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг  хэвээр хадгална. Иймд ажил олгогч 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Б/54 дүгээр тушаал гаргахдаа Ч.Цыг Чингэлтэй хэрэглэгчдэд үйлчлэх төвийн Нийтлэг үйлчилгээний хэсгийн нярав /мөнгөн хөрөнгийн/-н ажилд томилоогүй нь буруу гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Өөрөөр хэлбэл, Ч.Цын ажил албан тушаал жирэмсний болон хүүхэд асрах чөлөө авсан ажилтны нэг адил хэвээр хадгалагдахаар байхад шүүх нэхэмжлэлээс ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу болжээ.

        Ажил олгогчийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/54 дугаар тушаалыг эс зөвшөөрч Ч.Ц 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааг хэтрүүлээгүй байна.

       Нэхэмжлэлийн бусад шаардлагын талаар хоёр шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн дүгнэлт хийжээ. 

       Дээр дурдсан үндэслэлээр Ч.Цыг Чингэлтэй хэрэглэгчдэд үйлчлэх төвийн Нийтлэг үйлчилгээний хэсгийн нярав /мөнгөн хөрөнгийн/-н ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг 2017 оны 02 дугаар сарын 01-ний  өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл сарын 548.050 төгрөгөөр тооцож нийт 5.672.317 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах өөрчлөлтийг шийдвэр болон магадлалд оруулна.  

      Чингэлтэй хэрэглэгчдэд үйлчлэх төвийн Нийтлэг үйлчилгээний хэсгийн нярав /мөнгөн хөрөнгийн/-н цалингийн хэмжээг хэрэгт байгаа баримтуудтай харьцуулан үзэж, 548.050 төгрөгөөр тооцох нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1778 дугаар магадлалыг нэг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2017/01324 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “...Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Ч.Цыг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-н Чингэлтэй хэрэглэгчдэд үйлчлэх төвийн нярав /мөнгөн хөрөнгийн/-н ажилд эгүүлэн тогтоож, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-с  үр дүнгийн урамшуулал 2.331.770 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 5.672.317 төгрөг нийт 8.004.087 төгрөг гаргуулж Ч.Цад олгож, олговроос зохих шимтгэл, татвар зэргийг суутган нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж, 2 дахь заалтын “...хариуцагчаас 52.258 төгрөг гаргуулж...” гэснийг “...хариуцагчаас 142.476 төгрөг гаргуулж...” гэж өөрчлөн, шийдвэр болон магадлалын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр төлсөн 95.000 /ерэн таван мянга/ төгрөгийг Ч.Цад захирамжаар буцааж олгосугай. 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                        Б.УНДРАХ