Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 000058

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Баялагт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

                                                                             Хэргийн индекс 142/2016/0192/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч Ц.Туяа, С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

        Шүүх хуралдаанд: 

 

                    Прокурор                                          Т.Ганзориг

                    Шүүгдэгч                                           Д.Баялаг

                    Шүүгдэгчийн өмгөөлөгч                Д.Оюунчимэг

                    Нарийн бичгийн дарга                   Н.Мөнх-Ундраа нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолтой Даншигбизьяагийн.Баялагт холбогдох, 201614000396 дугаартай, эрүүгийн хэргийг ялтны өмгөөлөгч Д.Оюунчимэгийн давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1987-06-08-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст жолооч цагдаа ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо 4-18-228 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, ФМ87060810 регистрийн дугаартай, Хонгор овогт Даншигбизъяагийн Баялаг.

 

Шүүгдэгч Д.Баялаг нь 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Дэнж багийн нутагт Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны гадаа М.Болор-Эрдэнэтэй маргалдаж улмаар М.Болор-Эрдэнийн эзэмшлийн 99-09 ОРО улсын дугаартай “Форд Экспедишн” маркийн суудлын автомашины баруун урд талын толийг гараараа цохиж хугалсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Хонгор овогт Даншигбизъяагийн Баялагийг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1.д зааснаар шүүгдэгч Д.Баялагийг 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэж,

       

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5.д зааснаар шүүгдэгч Д.Баялагт оногдуулсан 1 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж,

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7.д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж,

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4.т зааснаар шүүгдэгч Д.Баялагт оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгаж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Баялагт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Ялтны өмгөөлөгч Д.Оюунчимэг давж заалдах гомдолдоо:

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор Даншигбизьяагийн Баялагийг бусдын эд зүйлийг гэмтээсэн гэж гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1.д зааснаар ял шийтгэл оногдуулсныг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

 

Д.Баялагт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүх өмнө нь нэг удаа хэлэлцээд учирсан бодит хохирлын хэмжээг тогтоогоогүй гэж нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтанд буцаасан бөгөөд шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч улсын яллагч эсэргүүцэл бичиж давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцээд шүүгчийн захирамж үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн билээ.

 

Д.Баялаг нь М.Болор-Эрдэнэтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж байгаад машиных нь толийг гараараа нэг удаа цохисон.толь хагарсан гэдэг нь тогтоогдсон бөгөөд.толийг тогтоож байсан суурь ямар ч байсан салж унжсан байдалтай байгаа нь гэрэл зургаас харагдана.Харин толь нь зориулалтын суурин дотроо үйлдвэрлэгдсэн байдлаараа байсан эсэх, толины суурь мөн ямар нэг эвдрэлгүй байсан эсэх, эсвэл углуургаараа салсан эсэхийг мөрдөн байцаалтын үед тогтоогоогүй юм. Үзлэгээр бэхжүүлж авсан зургийг харахад шинэ хугарал эсвэл хуучин хугарал байсан эсэх нь тодорхой харагддаггүй боловч сайн харвал хугарсан гэх хэсэг нь шороо тоостой хуучин мэт харагдана. Үнэхээр толины суурь аль хэсгээрээ хугарсан юм бэ.хуучин эвдэрч хугарсан байсан эсэх зэргийг тогтооно гэвэл уг гэмтсэн гээд байгаа толины суурийг хохирогчоос хураан авч эд мөрийн баримтаар тооцож шүүхэд ирүүлэх ёстой. Ийм ажиллагааг хий гэж давж заалдах шатны шүүхийн магадлалд маш тодорхой заасан байгааг биөлүүлээгүй.

 

Түүнчлэн толины элэгдэл хорогдол.бусад шинж чанарыг тогтоосоны эцэст үнэлэх байтал энэ талаар ямар ч баримт байхгүй байна шүү гэж магадлалд заасан байхад шинжээч дахиад л нүдээр үзэлгүй хохирогчийн амаар үнэлсэн бөгөөд толийг дангаар нь элэгдэл хорогдол тооцох боломжгүй гэсэн байна. Гэтэл мөрдөн байцаагч шинжээчид Шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.д зааснаар шинжлүүлэх буюу үнэлүүлэх обьект болох гэмтсэн зүйлийг хүргүүлээгүй байдаг. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10.4.2.т шинжилгээний обьект нь биет байдлаар байх ёстой байхад шинжээч нүдээр үзэлгүй үнэлгээ хийсэн байдаг.

 

Энэ талаас нь авч үзвэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5.д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг тогтоож ирүүлээгүй байдаг юм. Хамгийн гол нь хохирогч гэмтсэн эд зүйлийг цагдаагийн байгууллагад гаргаж өгөхөөс татгалзсан байдаг бөгөөд машинаа бусдад худалдсан учир боломжгүй гэдэг.худалдаж авсан хүн нь засаж янзлаад аавдаа өгсөн гэдэг.

 

Хохирогч гэрч аль аль нь машин худалдаж авсан худалдсан тухай гэрээг гаргаж өгөөгүй лавлагаагаар машин одоо хаана хэний өмчлөл, эзэмшилд байгаа нь тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл машиныг худалдсан гэдэг нь тогтоогдоогүй. Хохирогч угаасаа зугтаад машиныг үзүүлэхээс зайлсхийгээд байгаа нь тодорхой байхад шүүх хохирогч, гэрч нарын эх сурвалжгүй мэдүүлгүүдийг үндэслэж шийтгэх тогтоол гаргасан юм.

 

Хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийн эх сурвалж нь толины суурь биетээрээ шүүхэд ирэх явдал юм. Гэтэл хохирогч эвдэрч гэмтсэн гэх толины суурийг эд мөрийн баримтаар өгөхөөс зайлсхийж байгааг анхаарах ёстой. Хохирогч толины суурийг зах зээлийн үнээр төлүүлж мөнгийг нь авчихаад толь авалгүй бусдад худалдаад, худалдаж авсан хүн нь засаж янзалсан гэж байгаагаас үзэхэд сэргээн засварлаж болохуйц байсан бололтой. Хэрэв тийм бол 2 үнэлгээ аль аль нь үндэслэлгүй болох нь харагдаж байна.

 

Хэргийн материалыг судалж үзэхэд машины толийг үнэхээр гэмтээсэн эсэх, толь тийм хэдэн зуун мянган төгрөгийн үнэтэй эсэхэд эргэлзээ төрөхүйц байгаа бөгөөд энэ утгаараа Д.Баялагийг бусдын эд хөрөнгийг гэмтээсэн гэхэд ч эргэлзээтэй байгаа тул ЭБШХ-ийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Ганзориг дүгнэлтдээ:

Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн шаардлагыг хангаагүй байна.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Баялагийг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн нутагт Орхон аймгийн шүүхийн шийдвэр биелүүлэх албаны гаднах талбайд М.Болор-Эрдэнэтэй шийдвэр гүйцэтгэлийн асуудлаас болж маргалдан М.Болор-Эрдэнийн эзэмшлийн 99-09 ОРО улсын дугаартай “Форд экспедишн” маркийн машины баруун талын толийг гараараа цохиж хугалан бусдын эд хөрөнгийг гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1.д зааснаар Д.Баялагийг 1 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4.т зааснаар хорих ялыг нь тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэжээ.

 

Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох :

 

Гэрч шийдвэр гүйцэтгэгч Ц.Гантуяагийн “...2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 11 цагийн орчимд Болор-Эрдэнэ, Даншигбизъяа нар 140 сая төгрөгийн асуудлаар ирж уулзсан. Даншигбизъяа гэх хүний хүүхэд нь бололтой Баялаг гэх залуу ирж 140 сая төгрөгийн асуудлаараа надтай уулзсан... Болор-Эрдэнэ надтай уулзаж гараад буцаж орж ирээд миний машины толийг Даншигбизъяа гэх хүний хүүхэд Баялаг хагалчихлаа гэж хэлсэн. Би гараад харахад газраар шил хагарсан, тольны суурь утсан дээрээ тогтсон байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны гадна талд байрлуулсан хяналтын камерын бичлэгээр Д.Баялаг, М.Болор-Эрдэнэ нарын дунд болсон хэрүүл маргаан харагдаж байгаа ба хажууд нь улаан өнгийн плажтай эмэгтэй хүн зогсож байна. ...хохирогч машиндаа суух үед сэжигтэн Д.Баялаг нь баруун гараараа машины баруун талын толийг цохисон талаар харагдаж байгаа... хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,

 

Хохирогч М.Болор-Эрдэнийн “...Шийдвэр гүйцэтгэгчтэй уулзаж гарч ирэхэд Баялаг намайг элдвээр хэлээд байсан. Би машиндаа суугаад хаалгаа цоожлоод байж байхад Баялаг нэг юм хэлснээ машины тольруу гараараа цохиж суурийг нь хугалсан, толь нь хагарч газарт унасан...” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Д.Баялагийн “...Манай аавын хашаа байшинг Болор-Эрдэнэ гэж залуу 2014 онд худалдаж аваад мөнгөө гүйцээж өгөөгүй байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд өргөдөл өгч хохирлоо барагдуулахаар ажиллагаа хийлгэж байсан юм. Би Болор-эрдэнэтэй маргалдаж байгаад Болор-Эрдэнэ машинаа асаагаад хөдлөх гэхээр нь би чи зогсож бай гээд машины толь руу нь цохиход толь нь унасан гэхдээ углуургаараа мултарсан уу, хагарсан уу би хараагүй, сүүлд цагдаа дуудаад хагалсан гэж хэлсэн , би тольны үнийг төлсөн... гэсэн мэдүүлэг зэргээс үзэхэд шүүгдэгч Д.Баялаг нь 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хохирогч М.Болор-Эрдэнэтэй шийдвэр гүйцэтгэлийн асуудлаас болж маргалдан түүний унаж явсан машины толь руу гараараа цохиж гэмтээсэн гэж үзэхээр байна.

 

Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл мөрдөн байцаалтын шатанд анх хэргийн газарт үзлэг хийхдээ толийг эд мөрийн баримтаар хурааж аваагүй, хохирлын хэмжээг болон эвдрэл, гэмтлийг тогтоохдоо гэмтээсэн гэх толийг биет байдлаар үзэлгүйгээр 2 удаагийн дүгнэлт гаргасан, эд хөрөнгийн үнэ өртгийг засан сайжруулсан тольтой харьцуулж үнэлээгүй, өөрөөр хэлбэл гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг бүрэн гүйцэд тогтоож чадаагүй.

 

Түүнчлэн нотлох баримтаар авагдсан эвдэрсэн гэх толийг гэрэл зургаар бэхжүүлсэн байдлаас харахад толь хагарсан, хугарсан, сууриасаа мултарсан эсэх нь тодорхойгүй, тольны хагарсан хэлтэрхийг болон хагарсан байдлыг бэхжүүлж аваагүй байх бөгөөд энэ байдлыг буюу хохирлын асуудлыг дахин тодруулахаар хэргийг мөрдөн байцаалтанд буцаасан боловч магадлалд заасан ажиллагааг хийж гүйцэтгээгүй байна.

 

Үүнээс үзвэл Д.Баялагийн үйлдэл нь илрэх гадна байдлаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1.д заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан ялимгүй учир нийгэмд аюулгүй үйлдэл байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 16 дугаар зүйлийн 16.2.т заасныг баримтлан түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Мөн гэрч Д.Батзориг, хохирогч М.Болор-Эрдэнэ нар нь Д.Баялагийн эвдэж гэмтээсэн гэх “Форд экспедишн” машины толийг засаж сайжруулаад одоо дээрх машиндаа хэрэглэж байгаа гэж мэдүүлж байгаа бөгөөд хохирогч гомдол, саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэж байгаа болно.

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэгийн гаргасан “...Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд машины толийг үнэхээр гэмтээсэн эсэх, толь хэдэн төгрөгийн үнэтэй эсэхийг тогтоогоогүй бөгөөд хэргийг мөрдөн байцаалтанд буцаасан магадлалд заасан ажиллагааг хийгдээгүй ..., тухайн үед гэмт хэрэг үйлдэгдсэн гэхэд эргэлзээ төрөхүйц байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.3., 317 дугаар зүйлийн 317.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.1., 319 дүгээр зүйлийн 319.1.4, 323 дугаар зүйлийн 323.1.1, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Орхон аймгийн Прокурорын газраас Д.Баялагт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 16 дугаар зүйлийн

 

16.2.д заасныг журамлан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1.д заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгасугай.

 

2. Д.Баялагт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч магадлал гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     З.ХОСБАЯР                                                                                           

 

                        ШҮҮГЧИД                                                                             Ц.ТУЯА                                                                                                                                                                                                                                                                                                      С.ЦЭЦЭГМАА