Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2020/0183

 

                              “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 33 дугаар шийдвэртэй, “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 33 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/351 дүгээр захирамжид өөрчлөлт оруулж, манай байгууллагын үл хөдлөх эд хөрөнгө оршиж буй 311.2 м.кв талбай бүхий газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгах нэхэмжлэгч “И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү давж заалдах гомдолдоо: “…  Манай байгууллага нь 2005 онд “Ж” ХХК-иас Эд хөрөнгийн болон эрх шилжүүлэн авах гэрээгээр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Чандмань төв /Ленин музей/-ийн баруун урд өнцөгт байрлах “М к”-г шилжүүлэн авсан бөгөөд 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1в/778 тоот Төрийн өмчийн хорооны албан бичгийн дагуу өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа болно.

2012 оноос “Ленин музейн” барилгатай холбоотой маргаан шүүхийн журмаар шийдвэрлэгдсэн ба 2013 онд Улсын дээд шүүхээс 689 дүгээр тогтоол гарч “Ленин музейн” барилгыг төрийн өмчид шилжүүлэн одоогоор Үлэг гүрвэлийн төв музей байрлаж байна. Төрийн өмчийн хорооны 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1в/778 тоот албан бичгээр Үлэг гүрвэлийн төв музейн баруун урд буланд байрлах үл хөдлөх эд хөрөнгө нь манай байгууллагын өмч болохыг тодотгосон хэдий ч МАН тухайн барилгыг барьцаанд тавьсан асуудал шийдвэрлэгдэж дуусах хүртэлх хугацаанд өмчлөлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх боломжгүй байсан.

Мөн Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын хамтарсан ажлын хэсэгт өргөдөл гаргасан хэдий ч ажлын хэсгийн хуралдаан товлогдохгүй байна гэх үндэслэлээр удаа дараа хойшилж 5 сарын дараа буюу 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр тухайн ажлын хэсэг хуралдаж миний байгууллагатай холбоотой асуудлыг шийдвэрлэсэн. Ингэж шийдвэрлэхдээ тухайн газрыг байгууллагын эзэмшилд шилжүүлэх боломжгүй байна гэснээс хууль зүйн үндэслэлийг тодорхойлоогүй.

2013 онд Улсын дээд шүүхийн 689 дүгээр тогтоолоор уг музейн өмчлөгч нь төр байхаар тогтоож шийдвэрлэсэн. Манай компанийг үйл ажиллагаа явуулж байх хугацаанд уг музейн өмчлөгч нь төр байна гэсэн хууль зүйн үр дагавар бүхий баримт бичиг байгаагүй.

Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 2-т “... Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална...” гэж заасан байдаг ч манай компанийн 311.2 м.кв талбайтай 450.490.485 төгрөгийн үнэ бүхий өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулсан эд хөрөнгийн өмчлөх эрхийг хангах талаар төрийн эрх бүхий байгууллагууд зохих арга хэмжээг аваагүй байхад “.. төрийн өмчийн бүхий обьектын газартай давхцуулж барьсан нь хуульд нийцээгүй...” гэж үзэх нь үндэслэлгүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.3-д “... Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг, эсхүл бүхэлд нь хангах” гэж заасны дагуу 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 33 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрийг хянаад хүчингүй болгох үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхилоо.

Нэхэмжлэгч “И” ХХК нь давж заалдах гомдолд “...шүүх тухайн газрыг шилжүүлэх боломжгүй гэсэн хууль зүйн үндэслэлийг тодорхойлоогүй, манай байгууллагын түрээсийн гэрээ байгуулж, өөрийн хөрөнгөөр 2005 оноос барьж ашиглалтад оруулсан эд хөрөнгийн өмчлөх эрхийг хангах талаар төрийн эрх бүхий байгууллагууд зохих арга хэмжээ аваагүй байхад хуульд нийцээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй” гэжээ.

Маргаж буй нэхэмжлэгчийн барьсан гэх Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 хороололд байрлах Чандмань төв, хуучнаар В.И.Лениний музейн барилгын баруун урд талын ханыг дагуулан барьсан “М к”-н 311 м.кв барилгын доорх газар нь Нийслэлийн Засаг даргын 2005 оны 183 дугаар захирамжаар тухайн үед музейн барилгыг эзэмшиж, үйл ажиллагаа явуулж байсан МАХН-д эзэмшүүлсэн газрын нэг хэсэг бөгөөд музейн барилгын өмчлөлтэй холбоотой иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэж өмчлөгч нь төр болохыг тогтоосноор уг музейд хамаарах 4712 м.кв газрыг “Үлэг гүрвэлийн төв музей”-д Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/742 дугаар захирамжаар шилжүүлж, 2017 оны А/351 дүгээр захирамжаар хугацааг 15 жилээр сунгаж шийдвэрлэжээ.

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар газар эзэмших эрхийг шилжүүлэхдээ талуудын хүсэлтээр шийдвэрлэдэг бөгөөд газар эзэмшигч нь тухайн газрыг нэхэмжлэгчид шилжүүлэх хүсэлт гаргаагүй тохиолдолд газар эзэмших эрх шилжүүлэхийг Засаг даргад даалгах эрх зүйн үндэслэлгүй.

Түүнчлэн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д “газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх”, 35.1.6-д “газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно” тус тус заасны дагуу тухайн үед газар эзэмшигчээс нэхэмжлэгч “И” ХХК болон үл хөдлөх хөрөнгийг анх барьсан гэх “Ж” ХХК-д тухайн газрыг ашиглуулах талаар газар эзэмшүүлсэн эрх бүхий этгээдээс авсан зөвшөөрөл байхгүй байх тул нэхэмжлэгчийг хууль ёсоор газар ашиглах эрхтэй этгээд гэж үзэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл аливаа этгээд нь газар дээр барилга барьсныхаа дараа газар эзэмших хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх зохицуулалт хуульд байхгүй.

Мөн газар эзэмших, ашиглах талаарх эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй барилга барьсан нь шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн Засаг даргын  2014 оны А/742 дүгээр захирамжаар “Үг т м” /хуучин нэр/-д эзэмших эрх нь шилжсэн 4712 м.кв газартай давхацсан гэж үзэх нөхцөл болж байх тул Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг баримтлан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.