Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 00015

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болормаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: иргэн Г.Хаштулга

            Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн Иргэдийн нийтийн Хурал, Баян-Өндөр сумын Засаг даргад холбогдох

            “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн Иргэдийн нийтийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дугаартай тогтоол, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/09 дугаартай захирамжийн Н.Дэлгэрмаад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин,  нэхэмжлэгч Г.Хаштулга, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, хариуцагч Ё.Баяраа, хариуцагч Баян-Өндөр сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмөрөн, гуравдагч этгээд Н.Дэлгэрмаа  нар оролцов.     

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Г.Хаштулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Шанд багийн Иргэдийн нийтийн Хурал болсон. Тус багийн Засаг даргыг сонгох үйл ажиллагаа явагдаж миний бие тус хуралд Шанд багийн Засаг даргад нэр дэвшиж оролцсон. Хурал анх эхлэхдээ 203 хүний ирцтэйгээр эхэлсэн. Багийн Засаг даргыг сонгох ажиллагаа эхэлж санал авахад 163 хүнээс санал авч нэр дэвшигч Н.Дэлгэрмаа 97, миний бие 63 хүний санал тус тус авсан. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар баг хорооны Засаг даргын сонгуульд нэр дэвших эрхтэй бөгөөд 50-иас дээш хувийн санал авсан тохиолдолд багийн Засаг даргаар томилох ёстой. Гэтэл 203 хүний ирцтэй байхад 163 хүний саналаар тооцсон нь буруу. Н.Дэлгэрмааг 50-иас дээш хувийн санал авч чадаагүй байхад Иргэдийн нийтийн Хурлын дарга 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 04 дугаартай тогтоол гаргаж Н.Дэлгэрмааг багийн Засаг даргаар томилох санал гаргасан. Энэхүү Шанд багийн Засаг даргаар Н.Дэлгэрмааг томилсон нь хуулийн үндэслэлгүй байна. Тиймээс Шанд багийн Иргэдийн нийтийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дугаартай тогтоол, 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Баян-Өндөр сумын Засаг даргын Б/09 дугаартай захирамжийн 1 дүгээр зүйлийн 1.3-т заасан Шанд багийн Засаг даргаар Н.Дэлгэрмааг томилж батламжилсан хэсгийг хүчингүй болгож өгнө үү.“ гэв.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэмж тайлбарлах зүйл байхгүй.“ гэв.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг тайлбарлая. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар багийн Иргэдийн нийтийн Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн 50-иас дээш хувийн санал авна гэж зохицуулсан. Гэтэл уг хуралдаанд 203 хүн оролцсон тухай бүртгэл байдаг. Үүнээс хэн хэн нь гарч явсан талаар нотлох баримт байхгүй. Хариуцагч нар нотлох үүрэгтэй, нотлох баримтыг өөрсдөө гаргаж өгөх ёстой. 203 хүнээс 163 хүнд саналын  хуудас тараасан цаана нь 40 хүний санал үлдсэн байдал харагдаж байна. Хуралдаанаас орж, гарсан хүний шалтгаан тодорхойгүй байгаа нь хуулийн дээрхи заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Тухайн асуудал хэлэлцэж байх үед иргэдийн Хурлын дарга хуулийн дагуу зохион байгуулах байсан. Нийт иргэдийн 50-иас дээш хувийн санал аваагүй байхад, мөн хэнд ашигтай байдлаар саналын хуудас  тараасан нь ойгомжгүй. Сонгох эрх болон Г.Хаштулгын сонгогдох эрхийг зөрчсөн байдал харагдаж байна. Иргэдийн хурлын хуралдаанаас тогтоол гаргаад сумын Засаг дарга багийн Засаг даргыг батламжилсан байгаа. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасныг зөрчиж гаргасан тогтоолыг үндэслэж сумын Засаг даргын гаргасан захирамж үндэслэлгүй юм. Иймээс эдгээр захиргааны актуудыг хүчингүй болгож, Шанд багт дахин Засаг даргыг сонгох Иргэдийн нийтийн Хурлын хуралдааныг зарлан хуралдуулахыг даалгах шийдвэрийг шүүхээс гаргахыг хүсч байна.” гэв.

             

            Хариуцагч Шанд багийн Иргэдийн нийтийн Хурлын дарга Ё.Баяраа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Шанд багийн Иргэдийн нийтийн Хурал 203 хүний ирцтэйгээр эхэлсэн. Хурал дэгийн дагуу явагдаж байсан. Хурлын ажиллагаа олон цаг үргэлжилсэн. Ингээд багийн Засаг даргыг сонгох болох үед иргэд гарч ороод байсан учраас энэ үед 163 хүний ирцтэй байсан. Ингээд тооллогын комисс 163 ширхэг саналын хуудас тарааж иргэд саналаа өгсөн. Үүнээс 97 иргэн Н.Дэлгэрмаад, 63 иргэн Г.Хаштулгад санал өгсөн. Хуралдааны үед иргэн болон нэр дэвшигч нарын хэнээс нь ч санал гомдол ирээгүй. Тооллогын комиссын тогтоолыг үндэслэж 4 дугаартай тогтоолоо гаргасан. Сонгуульд оролцох нь иргэдийн эрхийн асуудал учраас хүмүүсийг гаргахгүй байх, заавал саналаа өг гэж дуудах эрхгүй. Засаг даргыг сонгох ажиллагаа эхлэхэд 163 хүнтэй байна энэ ирцтэйгээр санал хураахад татгалзахгүй гэж хуралд оролцсон иргэд болон нэхэмжлэгч Г.Хаштулга хүртэл санал нэгтэй батлаад санал хураалтыг явуулсан. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.  

            Хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт шүүхэд гаргасан тайлбартаа: “...2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Баян-Өндөр сумын 21 багийн Иргэдийн нийтийн Хурал зохион байгуулагдаж Иргэдийн нийтийн Хурлын дарга, багийн Засаг даргыг сонгох сонгуулийн үйл ажиллагаа явагдсан. Уг хурлаас иргэдийн олонхийн саналаар сонгогдсон иргэнийг Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь заалтыг баримтлан тухайн Иргэдийн нийтийн Хурлаас тогтоол гаргаж, томилуулах санал ирүүлсний дагуу 5 өдөрт багтаан сумын Засаг даргын захирамж гарган томилон батламжилсан.

            Уг захирамжид багуудын Засаг дарга нарыг Авлигатай тэмцэх газрын мэдэгдэл ирэх хүртэл хугацаагаар түр томилсон. 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/10, Б/11 дугаартай захирамжууд нь хуулийн дагуу гарсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй байна.” гэжээ.

            Хариуцагч Баян-Өндөр сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмөрөн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Шанд багийн Иргэдийн нийтийн Хурал хуулийн дагуу зохион байгуулагдсан гэж үзэж байгаа. Иргэдийн нийтийн Хурлын даргын 04 дугаартай багийн Засаг даргыг батламжлуулах тухай тогтоол ирснийг үндэслээд Баян-Өндөр сумын Засаг дарга Б/09 дугаартай захирамжаар Н.Дэлгэрмааг Шанд багийн Засаг даргаар томилсон. Нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна.“ гэв.

            Гуравдагч этгээд Н.Дэлгэрмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2017 ны 04 дүгээр сарын 22-ны өдөр Шанд багийн Иргэдийн нийтийн Хурал хуулийн дагуу зохион байгуулагдсан гэж үзэж байгаа. Иргэдийн нийтийн Хурлын даргын 04 дугаартай багийн Засаг даргыг батламжлуулах тухай тогтоол ирснийг үндэслээд Баян-Өндөр сумын Засаг дарга Б/09 дугаартай захирамжаар Н.Дэлгэрмаа намайг Шанд багийн Засаг даргаар томилсон. Нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна.“ гэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын  гаргасан тайлбар,  хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад 

                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Г.Хаштулга “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн Иргэдийн нийтийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дугаартай тогтоол, Баян-Өндөр сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/09 дугаартай захирамжийн Н.Дэлгэрмаад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай  нэхэмжлэлийн шаардлагыг  гаргасан. 

              2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Орхон аймгийн Шанд багийн Иргэдийн нийтийн Хурлын хуралдаан болж, багийн иргэдийн Хурлын дарга, Засаг дарга сонгох сонгууль явагдсан байна. Энэ хуралдаанаар багийн Засаг даргад иргэн Г.Хаштулга, Н.Дэлгэрмаа нар нэрээ дэвшүүлсэн ба нийт 163 саналын хуудас тараагдаж, хүчинтэй 163 саналын хуудаснаас Г.Хаштулга 66 буюу 40.4 хувийн санал, Н.Дэлгэрмаа 97 буюу 59.5 хувийн санал тус тус авсан байна.

            Нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Шанд багийн Иргэдийн нийтийн Хуралд анх 203 хүний ирцтэй эхэлсэн байхад 163 хүний саналаар Засаг даргыг сонгосон нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан заалтыг зөрчсөн, 50-иас дээш хувийн санал аваагүй гэж маргажээ.

            Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д “Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно.”,

             Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-д “Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд багт 4 өрх тутмаас, хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно.” гэж тус тус заасан байна.

             Шанд багийн Иргэдийн нийтийн Хурлын хуралдаанд анх 203 иргэн ирсэн нь дээрхи хуулийн дагуу хурал хүчинтэйд тооцогдож, багийн Засаг даргыг сонгох санал хураалтад 163 иргэн санал өгч, хүчинтэй 163 саналын хуудаснаас гуравдагч этгээд Н.Дэлгэрмаа 97 хүний санал буюу 59.5 хувийн санал авч хуулийн дагуу 50-иас дээш хувийн санал авсан гэж үзэн Засаг даргад нэр дэвшүүлсэн нь хууль зөрчөөгүй гэж шүүх үзлээ. 

            Монгол улсын Үндсэн хуулийн “Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” гэсэн 16 дугаар зүйлийн 9-д “... шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван найман наснаас эдэлнэ...” гэж иргэний сонгох, сонгогдох эрхийг хуульчлан заасан байхад Шанд багийн Засаг даргыг сонгох Иргэдийн нийтийн Хурлын хуралдаанд оролцсон 203 иргэн бүгд санал өгөх байсан, 203 хүнээс хувь тооцож дүнг гаргах байсан гэсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэл шаардлага үндэслэлгүй.

            Нэгэнт хуулийн дагуу явагдсан санал хураалтын дүнг үндэслэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/09 дугаартай захирамж Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д “ Энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол ...баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилох...”  гэсэн хуулийн заалтыг зөрчөөгүй байна.

            Иймээс нэхэмжлэгч Г.Хаштулгын Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн Иргэдийн нийтийн Хурлын хуралдааны 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дугаартай тогтоол, Баян-Өндөр сумын Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/09 дугаартай захирамжийн Н.Дэлгэрмаад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

           

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.14 дэхь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10, 26 дугаар зүйлийн 26.2-д заасныг  баримтлан нэхэмжлэгч Г.Хаштулгын “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн Иргэдийн нийтийн Хурлын хуралдааны 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дугаартай тогтоол, Баян-Өндөр сумын Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/09 дугаартай захирамжийн Н.Дэлгэрмаад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч Г.Хаштулгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.БОЛОРМАА