Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 5182

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Урт цагаан, 5 корпуст байрлах, “Булган сүйх” ХХК /РД:2796848/

Хариуцагч: Баянгол дүүрэг 6 дугаар хороо 10 дугаар хороолол АОС 76 тоотод оршин суух, 1959 онд төрсөн 57 настай, Далынхан овогт Сандагсүрэнгийн Баярсайхан /РД:ХБ59091015/

            Гэрээний үүрэгт 6.070.200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Булган сүйх ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Халиун, хариуцагч С.Баярсайханы итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.

 

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Булган сүйх ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Халиун шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Булган сүйх ХХК нь 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр С.Баярсайханд 4.000.000 төгрөгийг 8 хувийн хүүтэй 1 сарын хугацаатайгаар гэрээ байгуулан зээлдүүлсэн. Зээл авснаас хойш С.Баярсайхан нь үндсэн зээлийн төлбөрөөс огт төлөөгүй. Зээлийн хүүгээ 2014 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл төлөөд үүнээс хойш хугацаанд зээлээ төлөхгүй байхаар нь байгууллагын зүгээс зээлийн эргэн төлөлтөө хийхийг шаардхаар утас руу нь удаа дараа залгадаг байсан боловч утас нь холбогдох боломжгүй байдаг байсан. Зээлийн эргэн төлөлтөө хийгээгүй учир манай байгууллага 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШЗ2015/32496 тоот шүүгчийн захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иннээд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч С.Баярсайханыг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасны дагуу 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2016/04175 тоот шүүхийн шийдвэрээр С.Баярсайханг эрэн сурвалжлуулах шийдвэр гаргасан. Үүний дагуу эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж С.Баярсайхантай холбогдон оршин суугаа газрыг олж тогтоосон. Иймд С.Баярсайханаас үндсэн зээл 4.000.000 төгрөг, зээлийн хүү 2.000.000 төгрөг, шүүхийн эрэн сурвалжлах ажиллагаанд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг нийт 6.070.200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

            Хариуцагч С.Баярсайхан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч С.Баярсайхан миний бие тус компаниас 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 4.000.000 төгрөг зээлж авсан, үүнтэй маргахгүй. Харин зээл болон зээлийн хүү болох 6.000.000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь би одоо тус компанид 600.000 орчим төгрөгийн өртэй болно гэжээ.

 

Хариуцагч С.Баярсайханы итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр С.Баярсайхан нь Булган сүйх ХХК-иас 4.000.000 төгрөгийг 8 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлсэн. Харин Булган сүйх ХХК-ийн зээлийн гэрээ нь зээлийн гэрээний норм дүрэм стандартыг зөрчсөн. Учир нь Стандарт хэмжил зүйн газраас гаргасан барьцаалан зээлдүүлэх ерөнхий шаардлага MNS 52742003 стандартын 6 дугаар зүйлийн 6.12 дахь хэсгийг зөрчиж барьцаагүй зээлийг С.Баярсайханд олгосон. 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан 609 тоот барьцааны гэрээний санамж хэсэгт зээлийн хугацаанаас 7 хоног хэтэрвэл барьцааны зүйлийг зарж компанийг хохиролгүй болгоно гэсэн ба мөн тус гэрээний баруун доод талд таны эд зүйлийг найдвартай хадгална гэсэн бичиг байгаагаас харахад барьцаа байршуулахгүйгээр мөнгө зээлж болохгүй гэдгийг Булган сүйх ХХК ухамсарлаж байсан. Хууль тогтоомж болон дүрэм журам, стандартад барьцаалан зээлдэх үйлчилгээ гэдэг нь харилцагчид хоорондоо тохиролцон тодорхой хугацаа, гэрээний үндсэн дээр зээлдэг нь хөдлөх эд хөрөнгийг үнэлэн барьцаанд тавьж, зээлдүүлэгч бэлэн мөнгө зээлдүүлэх үйлчилгээг хэлнэ гэж заасан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт хүчин төгөлдөр бус хэлцлээр авсан өгсөн зүйлээ буцааж өгнө гэж зааснаар анх зээлсэн 4.000.000 төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй. Зээлийн гэрээнд зээл 4.000.000 төгрөг түүний хүү 320.000 төгрөг нийт төлөх мөнгө нь 4.320.000 төгрөг гэж байна. Зээлийн хүү үндсэн зээлийн 50 хувиас ихгүй байна, үргэлжлүүлэн хүү төлж болно гэсэн зохицуулалт нь талуудын хооронд байгуулсан гэрээнд тусгагдаагүй байна. Хариуцагч 2014 оны 01 дүгээр сараас 2014 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд зээлийн хүүнд  2.880.000 төгрөг төлсөн нь үндсэн зээлийнйхээ 50 хувиас хэтэрсэн байх дахин хүү 2.000.000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагчийг эрэн сурвалжлуулах ажиллагаанд төлсөн 70.200 төгрөг нь зээлийн гэрээнд огт хамааралгүй учир хариуцахгүй. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасан гэм хор гэж үзэх үндэслэлгүй. Иймд хүүнд төлсөн 2.880.000 төгрөгийг үндсэн зээлээс хасч үлдэгдэл 1.120.000 төгрөгийг төлөхөд татгалзахгүй гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд шүүхэд гаргасан сөрөг шаардлага болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: С.Баярсайхан 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Булган сүйх ХХК-наас 4.000.000 төгрөгийг 8 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлсэн. Барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаанд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагуудыг Иргэний хууль болон Стандартчилал, хэмжил зүйн үндэсний зөвлөлийн 2003 оны 40 дүгээр тогтоолоор баталсан “Барьцаалан зээлдүүлэх ерөнхий шаардлага MNS 52742003 стандарт”-аар тогтоосон байдаг. Булган сүйх ХХК болон иргэн С.Баярсайхан нарын мөнгө зээлсэн гэх гэрээ хэлцэл буюу 609 тоот барьцааны хуудас доор дурьдсан хууль тогтоомж болон стандартыг зөрчсөн зүйлүүд харагддаг. Үүнд MNS 52742003 стандартын 6 дугаар зүйлийн 6.12.3-т иргэний бичиг баримтгүй хүнд болон барьцаагүйгээр зээл олгохыг хориглодог. Булган сүйх ХХК нь С.Баярсайханд ямар ч барьцаагүйгээр зээл олгосон үйлдэл нь барьцаалан зээлдүүлэх ерөнхий шаардлага MNS 52742003 стандартыг зөрчсөн болохыг нотолно. Энэхүү стандартыг барьцаалан зээлдүүлэх журмаар зээл олгох үйл ажиллагаа эрхлэн явуулдаг байгууллага, аж ахуйн нэгж иргэд үйл ажиллагаандаа дагаж мөрдөх ёстой байдаг. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй гэж заасан. Хууль холбогдох дүрэм журам, стандартад барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ гэдэг нь харицагчид хоорондоо тохиролцсон тодорхой хугацаа, гэрээний үндсэн дээр зээлдэгч нь хөдлөх хөрөнгөө үнэлэн барьцаанд тавьж, зээлдүүлэгч нь бэлэн мөнгө зээлдүүлэх үйлчилгээг хэлнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл барьцаалан зээлдэх газар нь барьцаа байршуулахгүйгээр барьцаа эд хөрөнгөгүйгээр бусдад мөнгө зээлдүүлж болохгүй гэсэн үг. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл учраас Булган сүйх ХХК иргэн С.Баярсайхан нарын хийсэн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Булган сүйх ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Халиун шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн. Иргэний хуулийн 2-т иргэний хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ гэж заасан. Иймд Иргэний хууль нь иргэний эрх зүйн харилцааг зохицуулах хүчин чадлын хувьд Үндсэн хуулийн дараа ордог тул иргэний эрх зүйн харилцааг зохицуулж буй бусад хууль, хуульчилсан актууд Иргэний хуульд нийцэж байх ёстой. Үүний дагуу Булган сүйх ХХК-ийн зүгээс С.Баярсайхантай Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу зээлийн гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-т барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй гэж заасан тул С.Баярсайхан барьцаа аваагүй үйлдэл нь заавал авах үүрэгтэй, хэрэв барьцаа аваагүй бол зээл олгохыг хориглосон зохицуулалт биш тул хууль зөрчсөн гэж үзэхгүй. Тухайн үед С.Баярсайхан өөрийн танил н.Пүрэвсүрэн гэгчид хандан барьцаагүйгээр мөнгө зээлүүлээч найдвартай төлнө гэж гуйснаар энэ мөнгө зээлэх ажиллагаа хийгдсэн байдаг. Эд хөрөнгө барьцаанд шаардах эрх нь Иргэний хуулийн 231 дүгээр зүйлд зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангах аргын нэг хэлбэр бөгөөд үүргийн гүйцэтгэлийг баталгаатай болгож байгаагийн нэг хэлбэр юм. Иймд гэрээ хүчин төгөлдөр. Иргэний хуулийн 39.1, 40.1, 43.2.1-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлйж хуульд заасан үндэслэлээр харилцан тохиролцож 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 609 тоот барьцааны хуудсаар 4.000.000 төгрөгийг зээлдүүлсэн тул барьцаагүй зээл олгосон үйдэл гэж үзэхгүй гэв.

 

             Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад                                                                    

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Булган сүйх ХХК нь хариуцагч С.Баярсайханд холбогдох гэрээний үүрэг, хохиролд 6.070.200 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч С.Баярсайхан нь Булган сүйх ХХК болон С.Баярсайхан нарын хооронд байгуулсан 609 тоот барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

Хариуцагч С.Баярсайхан нь 2014 оны 01 дүгээр  сарын 09-ний өдөр Булган сүйх ХХК-наас 4.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай 8 хувийн хүүтэй зээлдэж зээлийн гэрээ байгуулсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, барьцааны хуудас гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

Зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч барьцааны хуудсанд гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, мөн хуулийн 286 дугаар зүйлийн 286.5-д заасан шаардлагыг хангасан, зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд 4.000.000 төгрөгийг шилжүүлсэн тул  С.Баярсайхан, Булган сүйх ХХК-ийн хооронд хийгдсэн 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн зээлийн  гэрээ хүчин төгөлдөр хэлцэл байна.

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “стандарт хэмжил зүйн газраас гаргасан барьцаалан зээлдүүлэх ерөнхий шаардлага MNS 52742003 стандартыг зөрчиж барьцаагүй зээлийг С.Баярсайханд олгосон, хүчин төгөлдөр бус хэлцлээр авсан өгсөн зүйлээ буцааж өгнө гэж зааснаар анх зээлсэн 4.000.000 төгрөгийг төлөх үүрэгтэй. Хариуцагчийг эрэн сурвалжлуулах ажиллагаанд төлсөн 70.200 төгрөг нь зээлийн гэрээнд огт хамааралгүй учир хариуцахгүй” гэж тайлбарлан маргажээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь 4.000.000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн боловч хариуцагч мөнгийг тохирсон хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй тул талууд тохиролцон зээлийн гэрээг сар сараар сунгаж , 1 сарын хүү 320.000 төгрөгийг төлснөөр гэрээ 2014 оны 11 дүгээр сарын 04-нийг хүртэл сунгагдаж энэ хугацааны хүүг хариуцагч бүрэн төлсөн байна.

Зохигч хугацааг сунгахдаа урьд сарын хүү буюу хэтрүүлсэн хугацааны хүү алдангийг төлж гэрээг сунгах талаар тохиролцон гэрээг байгуулсан болох нь барьцааны хуудсаар тогтоогдож байх тул зээлийн гэрээ сунгагдсан гэж үзэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч Булган сүйх ХХК нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д зааснаар зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй боловч барьцаагүй зээл олгосон явдал нь хууль зөрчөөгүй, хариуцагч С.Баярсайхан зээлийн гэрээгээр тохиролцон мөнгө зээлж гэрээ байгуулсан тул гэрээний дагуу мөнгийг эргүүлэн төлөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч нь зээлийн хүүнд 2.000.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч 2014 оны 11 дүгээр сарын 04-нөөс хойш хүүний талаар тохиролцсон болон гэрээ сунгагдсан баримтгүй тул хүүг гаргуулах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг шаардаж хариуцагчийн хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаягандаа оршин суудаггүй гэсэн үндэслэлээр Баянгол, Хан-Уул,Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШЗ2015/32496 дугаартай захирамжаар  хэргийг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2016/04175 дугаартай шийдвэрээр С.Баярсайханг эрэн сурвалжлуулж энэ ажиллагаанд 70.200 төгрөгийг төлсөн болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдож байна.

Иймд хариуцагч С.Баярсайханаас зээл 4.000.000 төгрөг, түүнийг эрэн сурвалжлахад төлсөн зардал 70.200 төгрөг нийт 4.070.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Булган сүйх ХХК-нд олгож, үлдэх 2.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Хариуцагч нь Булган сүйх ХХК болон С.Баярсайхан нарын хооронд байгуулсан 609 тоот барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан боловч зээлийн гэрээг хүчин төгөлдөр хэлцэлд тооцсон, барьцаагүй зээл олгосон нь хууль зөрчөөгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэлд тооцож гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэлгүй, хариуцагч нь зээлийг авч ашигласан, гэрээний дагуу хүү төлж, гэрээг сунгасан үйл баримт тогтоогдож байх тул сөрөг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112.100 төгрөг, хариуцагчаас сөрөг шаардлагад төлсөн 84.070 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С.Баярсайханаас хангаж буй үнийн дүнд ноогдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгч Булган сүйх ХХК-нд олгох үндэстэй.

          

Иргэний хэрэг шүүхэд хянан шйдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 286 дугаар зүйлийн 286.5, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч С.Баярсайханаас 4.070.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Булган сүйх ХХК-д олгож, үлдэх 2.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112.100 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С.Баярсайханаас 80.070 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Булган сүйх ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар нэхэмжлэгч Булган сүйх ХХК-д холбогдох 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай хариуцагч С.Баярсайханы  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84.070 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь  шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

                                                                     

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ж.КУЛЬДАНА