Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 5184

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу, 22-56 тоотод оршин суух, Боржигон овогт Намсрайн Даваасүрэн /РД:УС58041339/

           Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, Голден парк 106 байр, 165 тоотод оршин суух, Хөвхийнхөн овогт Вандандоржийн Баттогтох  /РД:ВН79040419/

            Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Нарны зам, 29 байр, 41 тоотод оршин суух, Дархан овогт Ганболдын Ганцэцэг /РД:ВП84061701/

27.625.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Даваасүрэн, хариуцагч Г.Ганцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч В.Баттогтох, хариуцагч В.Баттогтохын өмгөөлөгч Г.Дашдамба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Даваасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: В.Баттогтох, Г.Ганцэцэг нар нь 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр нотариатаар орж зээлийн гэрээ байгуулж, 13.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, хоногийн 0.5 хувийн алдангийг төлөхөөр гэрээ байгуулсан боловч одоог хүртэл зээлсэн мөнгөө өгөхгүй утсаар ярихдаа “энэ долоо хоногт өгнө” гэсээр өнөөг хүрсэн. Иймд В.Баттогтох, эхнэр Г.Ганцэцэг нараас 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх 105 хоногийн хүү нь 4.500.000 төгрөг, 105 хоногийн алданги 6.825.000 төгрөг, үндсэн зээлийн мөнгө 13.000.000 төгрөг нийт 24.375.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх 75 хоногийн хүү 3.250.000 төгрөгийг гаргуулна. Иймд В.Баттогтох, эхнэр Г.Ганцэцэг нараас нийт 27.625.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

   Нэхэмжлэгч Н.Даваасүрэн шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Н.Даваасүрэн би хариуцагч Г.Ганцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч В.Баттогтохтой харилцан тохиролцсоны дагуу эвлэрч, үүгээр нэхэмжлэгч миний бие нэхэмжлэлийн шаардлагын 14.625.000 төгрөгөөс татгалзаж, 13.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар төлөхөөр хүлээн зөвшөөрч, үүнийг 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нийт 18 сарын хугацаанд сар бүрийн 30-ны өдөр сарын 720.000 төгрөгөөр төлж төлбөрийг бүрэн барагдуулахаар эвлэрсэн. Иймд бидний эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

              

Хариуцагч Г.Ганцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч В.Баттогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Н.Даваасүрэнтэй харилцан эвлэрч байна. Уг эвлэрлээр нэхэмжлэгч Н.Даваасүрэн нь нэхэмжлэлийн шаардлагын 14.625.000 төгрөгөөс татгалзаж, 13.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бид төлөхөөр хүлээн зөвшөөрч, нийт 13.000.000 төгрөгийг сар бүрийн 30-ны өдөр сарын 720.000 төгрөгөөр нийт 18 сарын хугацаанд буюу 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд төлж төлбөрийг бүрэн барагдуулахаар эвлэрч байна. Иймд бидний эвлэрлийг баталж өгнө үү гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Даваасүрэн нь хариуцагч В.Баттогтох, Г.Ганцэцэг нарт холбогдуулан 27.625.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан эвлэрч, нэхэмжлэгч Н.Даваасүрэн нь нэхэмжлэлийн шаардлагын 14.625.000 төгрөгөөс татгалзаж, 13.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч В.Баттогтох, Г.Ганцэцэг нар төлөхөөр хүлээн зөвшөөрч, нийт 13.000.000 төгрөгийг сар бүрийн 30-ны өдөр сарын 720.000 төгрөгөөр нийт 18 сарын хугацаанд буюу 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд төлж төлбөрийг бүрэн барагдуулахаар харилцан тохиролцон, эвлэрсэн байна.

Зохигчдын байгуулсан эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.

Зохигчид шүүх хуралдаанд эвлэрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу дуусгавар болсон тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 346.775 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч В.Баттогтох, Г.Ганцэцэг нараас хангаж буй үнийн дүнд ногдох 222.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Нэхэмжлэгч Н.Даваасүрэн нь нэхэмжлэлийн шаардлагын 14.625.000 төгрөгөөс татгалзаж, 13.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч В.Баттогтох, Г.Ганцэцэг нар төлөхөөр хүлээн зөвшөөрч, нийт 13.000.000 төгрөгийг сар бүрийн 30-ны өдөр сарын 720.000 төгрөгөөр нийт 18 сарын хугацаанд буюу 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд төлж төлбөрийг бүрэн барагдуулахаар харилцан эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 346.775 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч В.Баттогтох, Г.Ганцэцэг нараас 222.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Даваасүрэнд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

     

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ж.КУЛЬДАНА