Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2025/00617

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 19-ний өдрийн 197/ШШ2025/02716 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох,

 

1,085,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 1,085,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь ... бидний хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний хэлцэл байхгүй, нэхэмжлэлд дурдсан хугацаанд уг хашаанд амьдарч байгаагүй гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж буруу дүгнэжээ.

 

Нэхэмжлэгч нь ... *******тоот хаягт байрлах хашаагаа *******ид нэг сарын 130,000 төгрөгөөр тооцож, нүүх өдрөө бүх тооцоогоо хийхээр тохирч түрээслүүлсэн, 2023 оны 10 сарын 13-ны өдрөөс 2024 оны 05 сарын 13-ны өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 1,039,067 төгрөгийг *******оос гаргуулна гэсэн тайлбараас үзэхэд уг хашааг аж ахуйн зориулалтаар ашиг олох зорилго агуулаагүй, зөвхөн уг хашаанд амьдруулсан хөлсийг шаардаж байна.

 

Дээрх харилцаа нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаагаар тодорхойлогдох тул анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт уг зохицуулалтыг баримталсан өөрчлөлт оруулна.

 

4. Нэхэмжлэгч нь хариуцагчийг 2023 оны 10 сарын 13-ны өдрөөс 2024 оны 05 сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд хашааг хөлслөн амьдарч байсан үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй.

 

Хэрэгт нэхэмжлэгч талаас гаргасан гар бичмэл нь нэхэмжлэгчийн өөрийн үйлдсэн, нэг талын баримт гэж үзэх тул нотолгооны ач холбогдолгүй ба анхан шатны шүүхийн талуудын хооронд байгуулсан хэлцэл гэж үзэхгүй талаарх дүгнэлт үндэслэлтэй байна. /хх-4/

 

Түүнчлэн, нэхэмжлэлийн шаардлагад дурдсан цахилгааны төлбөр гэх 45,933 төгрөгийг хэрхэн тооцсон болох нь тодорхойгүй байхын зэрэгцээ уг мөнгийг эрх бүхий байгууллагаас нэхэмжилсэн баримт, түүнийг төлсөн баримтыг шүүхэд гаргаагүй тул анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 19-ний өдрийн 197/ШШ2025/02716 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ... 318 дугаар зүйлийн 318.1 ... гэснийг ... 287 дугаар зүйлийн 287.1 ... гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД  Д.ЦОГТСАЙХАН

 

С.ЭНХБАЯР