Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 76

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга: М.Гантуяа,

Улсын яллагч: Д.Ганчимэг,

Шүүгдэгч: Г.О

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа

Хохирогч: А.Мөнгөнцоож

Хохирогчийн өмгөөлөгч: Г.Мөнгөнцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Монгол овогт Ганхуягийн От холбогдох 1929001140060 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Г.О нь 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг “Цагаан хад” гэх газарт 16-50 АЧ дугаарын чиргүүлтэй 86-43 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон ухрах үйлдэл хийх үедээ явган зорчигч М.Орхонбаатарыг дайрч амь насыг хохироож, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.О нь  мэдүүлэхдээ: “...2019 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр Шунхлайн бензин клонкын орчим зогсоолд машинаа байрлуулж тавиад хоол хийх хугацаандаа машины тойрч шалгаад хоолоо идсэнийхээ дараа машиндаа ороод хөдлөхөд буруу талын толинд хүн байхыг хараад зогссон. Бууж очоод машин доогуур юу хийж байгаа юм бэ? гэхэд урдаас хариулт хэлэхээр нь гайгүй байгаа юм байна гэж бодоод сандраад машинаа асаагаад жоохон холдсон. Тэгээд удалгүй буцаж очиж цагдаагийн машинаар эмнэлэгт хүргэж өгсөн“ гэв.

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-16-р хуудас/

Зам тээврийн осол дээр тогтоосон акт, бүдүүвч зураг /хх-ийн 17-21-р хуудас/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23-31-р хуудас/

Хохирогч А.Мөнгөнцоожийн мэдүүлэг /хх-ийн 59-62-р хуудас/

Г.Оын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 67-69-р хуудас/

Гэрч Д.Балжиннямын өгсөн мэдүүлэг /хх-ийн 72-73-р хуудас/

Гэрч Ш.Жанчивын өгсөн мэдүүлэг / хх-н 74-75-р хуудас/

Гэрч Х.Алтанхуягийн өгсөн мэдүүлэг  /хх-ийн 80-81-р хуудас/,

Гэрч Ц.Оюунболдын өгсөн мэдүүлэг /хх-ийн 82-84-р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 52 дугаартай дүгнэлт  /хх-ийн 93-94-р хуудас/,

Зам тээврийн осол дээр тогтоосон шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 04 дугаартай дүгнэлт   /хх-ийн 104-105-р хуудас/,

Яллагдагч Г.Оын өгсөн мэдүүлэг /хх-ийн 114-116-р хуудас/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байна.   

Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

  Шүүгдэгч Г.О нь 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг “Цагаан хад” гэх газарт 16-50 АЧ дугаарын чиргүүлтэй 86-43 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон ухрах үйлдэл хийх үедээ явган зорчигч М.Орхонбаатарыг дайрч амь насыг хохироож, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан  гэмт хэрэгт холбогдсон нь:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-16-р хуудас/

Зам тээврийн осол дээр тогтоосон акт, бүдүүвч зураг /хх-ийн 17-21-р хуудас/

Яллагдагч Г.Оын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23-31-р хуудас/

Хохирогч А.Мөнгөнцоожийн “2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр би нөхөр М.Орхонбаатар дээр очих гээд гадуур мах, ногоо цуглуулж орой 17 цагийн үед гэртээ ирэхэд манай хүргэн ах Бат-Эрдэнэ “миний дүү сэтгэлээ бариарай, Орхонбаатар нас барчихсан байна” гэж хэлсэн” мэдүүлэг /хх-ийн 59-62-р хуудас/

Г.Оын гэрчээр өгсөн “..арагшаа ухраад 50 метр орчим хэртэй яваад толиндоо хартал хүн хэвтэж байсан. Бууж очоод хартал хүн дайрчихсан байсан. Тэгэхээр нь айсандаа хөдлөөд явчихсан” мэдүүлэг /хх-ийн 67-69-р хуудас/

Гэрч Д.Балжиннямын “...машинаас буугаад харсан чинь миний машины чиргүүлийн ард хар хувцастай нэг хүн хэвтэж байсан. Тэгэхээр нь дөхөж очоод “хөөе” гээд дуудсан чинь юм дуугарахгүй байсан” мэдүүлэг /хх-ийн 72-73-р хуудас/

Гэрч Ш.Жанчивын “Оын машин Балжиннямын машины зүүн гар талд баруун тийш харуулан шороон далангаас 1 метр гарангийн зайтай зэрэгцээд зогсож байсан ... Би тэр хүн /талийгаач/-ийг харахад Балжиннямын машины чиргүүлийн арп хэвтэж байсан. Царай нь танигдахгүй, шороо, тоос болчихсон байсан” мэдүүлэг / хх-н 74-75-р хуудас/

Гэрч Х.Алтанхуягийн “Талийгаач М.Орхонбаатар нилээн согтуу байсан. Биеэ авч явах чадваргүй байсан” мэдүүлэг  /хх-ийн 80-81-р хуудас/,

Гэрч Ц.Оюунболдын “Би гудамжинд унтаж байхад Алтанхуяг сэрээгээд “хөөе явъя Орхонбаатарыг хайж ольё” гэж хэлсэн. Бид хоёр талийгаачийг хайгаад олоогүй. Талийгаачийг нас барсан талаар 4 дүгээр сарын 22-ны өдөр мэдсэн” мэдүүлэг /хх-ийн 82-84-р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 52 дугаартай дүгнэлт  /хх-ийн 93-94-р хуудас/,

Зам тээврийн осол дээр тогтоосон шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 04 дугаартай дүгнэлт   /хх-ийн 104-105-р хуудас/,

Яллагдагч Г.Оын “Би тэр үед маш их айсан байсан учраас хөдлөөд явчихсан. Тэр хүн миний өмнөөс юм яриад байсан учраас гайгүй юм байна гэж бодсон ... Би эрдэнэт хүний амь нас хохироосондоо маш их харамсаж байна. Ар гэрийнхнээс нь уучлалт хүсч байна” мэдүүлэг /хх-ийн 114-116-р хуудас/ зэргээр тогтоогдож байна.

Эрүүгийн хариуцлагын тухайд:

Шүүгдэгч Г.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1  дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Харин шүүгдэгч Г.От эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэрэг гарах болсон нөхцөл,  хувийн байдал, хохирогч А.Мөнгөнцоожийн зүгээс хэдийгээр бидэнд нөхөж баршгүй хор хохирол учирсан хэдий ч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, биднээс хүний ёсоор уучлал гуйсан учраас ял шийтгэл оногдуулахад нь хөнгөрүүлэх талаас нь анхаарч үзнэ үү гэсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэн  оногдуулах  үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирогч А.Мөнгөнцоожид  шүүгдэгч Г.Оын зүгээс оршуулгын болон бусад зардалд 7.665.000 төгрөг, иргэний хариуцагч “Итайкар” ХХК-наас 15,000,000 төгрөг  нийт 22,665,000 төгрөг төлсөнийг дурдах нь зүйтэй.

            Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Монгол овогт Ганхуягийн Оыг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Оын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр  1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Оыг ялаас чөлөөлсүгэй.

4. Хохирогч А.Мөнгөнцоож нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Г.О, иргэний хариуцагч Итакер ХХК-ний зүгээс хохирол төлбөрт нийт 22665000 төгрөг төлсөн болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн №628290 дугаартай жолоочийн түр зөвшөөрөлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

6. Шүүгдэгч Г.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол ялтанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БАТТУЛГА