Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2025/00711

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Ч.Цэнд, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 192/ШШ2025/00665 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* холбогдох 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2023/03032 дугаар захирамжаар “*******”*******-д 296,760,000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн, уг шийдвэрийн дагуу миний өмчлөлийн ******* тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, 39.15 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг “”******* нь 103,555,400 төгрөгөөр үнэлсэн.

Дээрх үнэлгээг тогтоохдоо Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон баримталвал зохих журам, аргачлалыг ашиглаагүйн улмаас бодит бус, хэт бага үнэлгээ гаргасан.

1.2. Мөн тухайн үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ нь 1 м.кв талбай нь 3,100,000-3,300,000 төгрөгийн үнэтэй буюу 121,365,000-129,195,000 төгрөгийн үнэлгээтэй байна. Иймд “”*******-ийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 3032 дугаар захирамжаар 296,760,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 820,875 төгрөгийг тус тус гаргуулж “*******”*******-д олгохоор шийдвэрлэсэн.

2.2. Дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацаатай мэдэгдлийг төлбөр төлөгчид мэдэгдэж, гардуулсан боловч төлбөрийг төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан ******* өмчлөлд бүртгэлтэй ,, тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, 39.15 м.кв талбайтай орон сууцыг 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 23411206/01 дүгээр тогтоолоор битүүмжилж, 2024 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 23411222/06 дугаар тогтоолоор хурааж, үнийн санал авахад үнийн талаар тохиролцоогүй, төлбөр авагчаас шинжээч томилуулах хүсэлт ирүүлсэн тул тус газрын 2024 оны 2 дугаар сарын 16-ны өдөр 2/67 дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээч томилсон. Шинжээч нь орон сууцыг 103,555,400 төгрөгөөр үнэлсэн.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 болон 55.7 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч ******* хариуцагч ******* холбогдуулан гаргасан 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шийдвэр гүйцэтгэгч 2024 оны 2 дугаар сарын 16-ны өдөр 2/67 дугаартай “Шинжээч томилох тухай” тогтоол гаргаж хөндлөнгийн шинжээчээр “”*******-ийг томилж, шинжээчээр хууль, эрх үүрэг танилцуулсан.

Хөрөнгийн үнэлгээний тайлангийн 3-т  “Үнэлгээний ажлын товч мэдээлэл хэсэгт “Үнэлгээ хийлгэж буй орон сууцанд 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдөр үнэлгээний мэргэжилтэн нь биечлэн үзэж танилцсан бөгөөд үнэлгээнд зайлшгүй шаардлагатай баримт материал цуглуулж холбогдох мэдээллийг авсан болно... эцэслэн бэлтгэж дуусав” гэжээ. Мөн хөрөнгийн үнэлгээний тайлангийн 7-д “Үнэлгээний тайлан бичсэн: ... Гүйцэтгэх захирал , Үнэлгээний мэргэжилтэн ” гэж гарын үсэг зурсан байх бөгөөд үнэлгээний мэргэжилтэн ийн үнэлгээчний тамга тэмдэг огт дарагдаагүй байдаг.

Хөрөнгийн үнэлгээний тайлангаас харахад үнэлгээний зүйлийг очиж үзсэн, баримт материал цуглуулж үнэлгээг гаргасан хүн нь үнэлгээний мэргэжилтэн гэх байна. Шүүхийн зүгээс Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т заасны дагуу шинжээч үнэлгээ хийхдээ гэрээний үндсэн дээр мэргэжилтэн татан оролцуулсан нь хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т “Хөрөнгийн үнэлгээний тайланд үнэлгээчин, эсхүл үнэлгээний хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал, үнэлгээчин гарын үсэг зурж, тэмдэг даран баталгаажуулсан байна” гэх зохицуулалт байдаг. Үнэлгээний тайлангаас харахад нь үнэлгээний мэргэжилтэнгийн хувиар үнэлгээний тайлан гаргах ажилд оролцож, дээрх хуулийн зохицуулалтын дагуу тайланд гарын үсгээ зуржээ. ын хувьд компанийн гүйцэтгэх захирлын хувьд гарын үсэг зурсан.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3.1.11-т “үнэлгээчин” гэж энэ хуулийн 15.1-д заасан үнэлгээ хийх эрх авсан иргэнийг”, 8.4-т “Хөрөнгийн үнэлгээний тайланд үнэлгээчин, эсхүл үнэлгээний хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал, үнэлгээчин гарын үсэг зурж, тэмдэг даран баталгаажуулсан байна”, 15.2-т “Үнэлгээчний эрх эзэмшигчид гэрчилгээ, тэмдэг олгох бөгөөд уг гэрчилгээ, тэмдгийн загварыг хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллага батална” гэж тус тус заасан.

Гэтэл хэргийн материалд үнэлгээний мэргэжилтэн гэх хүний үнэлгээ хийх зөвшөөрөл, тамга тэмдэг, “”*******-тай байгуулсан гэрээ, ид эрх үүрэг, хууль танилцуулсан баримт зэргийн аль аль нь авагдаагүй.

Өөрөөр хэлбэл, шийдвэр гүйцэтгэгчийн “Шинжээч томилох тухай” тогтоолд заагдаагүй, хуульд заасан эрхгүй этгээд шинжээчээр оролцож дүгнэлт гаргаж, дүгнэлтэд гарын үсэг зурж баталгаажуулсан нь үндэслэлгүй байна.

4.2. Мөн уг хөрөнгийн үнэлгээний тайланд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.12-т заасан мэдэгдэл байхгүй. Үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4.1.5, 4.4, 7.1, 7.2.2 заалтуудыг тус тус зөрчсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Манай байгууллагаас маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилж, үнэлгээний тайланг гаргуулсан. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт шаардлагатай тохиолдолд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг татан оролцуулах боломжтой гэж зохицуулсан. Хэрэгт авагдсан баримтуудаас харахад “”*******-ийн гүйцэтгэх захирал нь тухайн үнэлгээний тайланг гаргасан байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.

6. Давж заалдах гомдолд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

6.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй адил саналтай байна. Үнэлгээчний статус нь иргэн болон байгууллагаас шалтгаалан өөр өөр зохицуулалттай. Мөн үнэлгээчин гэдэг нь компани биш бөгөөд тусгай зөвшөөрөлтэй хүнийг хэлдэг. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг тусгай зөвшөөрөлтэй үнэлгээчнээр үнэлгээ хийлгэсэн тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч нь ******* холбогдуулан “”*******-ийн 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

3. Анхан шатны шүүх нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж, хөрөнгийн үнэлгээ тогтоох иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

3.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2023/03032 дугаартай “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар, хариуцагч нь “*******”*******-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 296,760,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд ,,, ,,,,, тоот хаягуудад байршилтай нийт 6 ширхэг орон сууцыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /хх-ийн 53-57 дугаар тал/

3.2. Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн ******* өмчлөлийн , тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 39.15 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 23411206/03 дугаартай тогтоолоор битүүмжилж, 2024 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 23411222/06 дугаар тогтоолоор хураан авах ажиллагааг гүйцэтгэсэн. Уг ажиллагааны талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна. /хх-ийн 64-69 дүгээр тал/

3.3. Төлбөрт хураагдсан дээрх үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдаа явуулах үеийн үнийг тогтоох зорилгоор төлбөр төлөгч болон авагч, өмчлөгч нараас үнийн санал авсан, үнийн талаар тохиролцоогүй байх тул хариуцагч байгууллагаас 2024 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 2/67 дугаар тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоох шинжээчээр “”*******-ийн үнэлгээчин томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт нийцжээ. /хх-ийн 76-78 дугаар тал/

Шинжээч нь үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 103,555,400 төгрөгөөр тогтоосон, энэ талаар хариуцагч байгууллагаас 2024 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 4-97/4579 дугаартай албан бичгээр мэдэгдсэнийг 2024 оны 2 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авсан байх тул дээрх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.3 дахь хэсэгт нийцсэн. Энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй. /хх-ийн 80-105, 108 дугаар тал/

3.4. Хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний тайланд тусгаснаар шинжээч нь үнэлэгдэж буй үл хөдлөх эд хөрөнгийн төлөв байдлыг хөрөнгийн зориулалт, ашиглалтад орсон хугацаа, барилгын хийц зэргээр тодорхойлж, зах зээл дээр худалдан борлуулахаар санал болгосон үл хөдлөх эд хөрөнгүүдийг жишиг хөрөнгөөр сонгож, эдгээр хөрөнгүүдийн үнэ өртөгт нөлөөлж болох хүчин зүйлс буюу байршил болон чанарын байдалд зохих тохируулгыг хийж, зах зээлийн хандлагын аргаар үнэлгээг тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлийн 8.2, 8.3 дахь хэсэгт тус тус нийцсэн, энэ талаарх шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Түүнчлэн, дээрх хөрөнгийн үнэлгээний тайланд томилогдсон шинжээч буюу “”*******-ийн гүйцэтгэх захирал, үнэлгээчин гарын үсэг зурж, тамга, тэмдгээр баталгаажуулсан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт нийцсэн байх тул уг тайланд үнэлэгдэж буй үл хөдлөх эд хөрөнгийн хийц, ерөнхий төлөв байдлын талаарх мэдээлэл цуглуулах ажиллагааг мэргэжилтэн оор гүйцэтгүүлж, тайланд гарын үсэг зуруулсан нь хөрөнгийн үнэлгээ хийх журам, аргачлалыг зөрчөөгүйгээс гадна тухайн этгээдийг хөрөнгийн үнэлгээ хийсэн гэж дүгнэх үндэслэл болохгүй, энэ талаар шүүх зөв дүгнэжээ.   

Иймд шинжээчээр томилоогүй этгээд дүгнэлт гаргасан, хууль зөрчсөн, үнэлгээг хуульд заасан стандарт, журам, аргачлалын дагуу хийсэн талаарх мэдэгдлийг тусгаагүй гэх агуулга бүхий нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол хангагдахгүй.   

4. Мөн нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцны 1 м.кв талбайн үнэ 3,1-3,3 сая төгрөг буюу 121,365,000-129,195,000 төгрөгийн үнэлгээтэй байгаа гэх тайлбараа баримтаар нотлоогүй байх тул энэ талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.  

5. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 192/ШШ2025/00665 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        М.БАЯСГАЛАН

                                          ШҮҮГЧИД                                         Ч.ЦЭНД

                                                                                                   Т.ГАНДИЙМАА