| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Халзанхүүгийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 143/2022/00560/И |
| Дугаар | 203/МА2025/00022 |
| Огноо | 2025-04-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 203/МА2025/00022
С.*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Х.Гэрэлмаа , шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 313/ШШ2025/00077 дугаартай шийдвэртэй,
С.*******гийн нэхэмжлэлтэй
******* ******* групп ХХК,
Ц.*******,
М.******* нарт холбогдох
2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн орон сууц захиалгын гэрээг цуцлах ******* ******* групп ХХК-ийн шийдвэрийг хүчингүй болгох, 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн орон сууц захиалгын гэрээний 2.1 дэх заалтад өөрчлөлт оруулах, 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн орон сууц захиалгын гэрээнд заасан орон сууцыг худалдан авах зориулалтаар арилжааны банкнаас хүссэн зээлийн бүрдүүлбэрт шаардлагатай баримтуудыг С.*******гийн шаардсан хугацаанд гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбатын гаргасан давж заалдах гомдлоор 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат, хариуцагч ******* ******* групп ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван, хариуцагч Ц.*******, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өөрчилсөн шаардлагадаа: ...2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр нэг талаас захиалагч *******гийн *******, нөгөө талаас гүйцэтгэгч ******* ******* групп ХХК-г төлөөлөн гүйцэтгэх захирал Д.*******, Э.******* нартай байгуулсан Орон сууц захиалгын гэрээ-г цуцлах тухай ******* ******* групп ХХК-ийн гэрээг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгох
Орон сууц захиалгын гэрээ-ний 2.1 дэх заалтад худалдах нийт үнэ 109,022,000 төгрөг гэснийг"... худалдах нийт үнэ 103,961,000 төгрөг гэж өөрчлөлт оруулах
Орон сууц захиалгын гэрээ-д заасан Улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн Өмнөговь аймгийн сумын 8-р баг , Аргалант 1-р гудамж байрны 2 давхар 6 тоот хаягт байрлах орон сууцыг худалдан авах зориулалтаар С.*******гийн арилжааны банкнаас хүссэн зээлийн бүрдүүлбэрт шаардлагатай баримтуудыг С.*******гийн шаардсан хугацаанд гаргаж өгөхийг хариуцагч ******* ******* групп ХХК, М.*******, Ц.******* нарт даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч ******* ******* групп ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ******* групп ХХК нь энэ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй.
Нэхэмжлэгч С.*******гийн өмнө ******* ******* групп ХХК ямар нэгэн үүрэг хариуцлага хүлээгээгүй, дээр нь гэрээний харилцаанд огт оролцоогүй буюу шаардах эрхийг аливаа хэлбэрээр бий болгоогүй гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа.
Хэрэгт нотлох баримтаар өгөгдсөн орон сууц захиалгын гэрээ, холбогдох баримтуудыг харахаар С.******* нь ******* ******* групп гэх компанитай огт гэрээ байгуулаагүй. ******* ******* гэх компанитай гэрээ байгуулсан гэдэг нь нотлох баримтаар харагдаж байгаа. Энэ хоёр нь тусдаа өөр хуулийн этгээд.
...Нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчаа тодорхойлдог. Гэрээг цуцалсан, гэрээтэй холбоотой аливаа шаардлага гаргах эрхгүй этгээдээс шаардаж байгаа учраас энэ нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх:
Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч ******* ******* групп ХХК, Ц.*******, М.******* нарт холбогдох 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн орон сууц захиалгын гэрээг цуцлах тухай ******* ******* групп ХХК-ийн шийдвэрийг хүчингүй болгох; 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн орон сууц захиалгын гэрээний 2.1 дэх заалтад өөрчлөлт оруулах; 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн орон сууц захиалгын гэрээнд заасан орон сууцыг худалдан авах зориулалтаар арилжааны банкнаас хүссэн зээлийн бүрдүүлбэрт шаардлагатай баримтуудыг С.*******гийн шаардсан хугацаанд гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгах тухай С.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1,2-т зааснаар нэхэмжлэгч С.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 351 076 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат давж заалдах гомдолдоо:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон гол үндэслэлийг шүүх шийдвэрийнхээ дүгнэлт хэсэгт бичсэн. Үүндээ маргаан бүхий гэрээг ******* ******* ХХК-тай байгуулсан байтал нэхэмжлэлд ******* ******* групп ХХК гэж бичсэн.
Иймд нэхэмжлэлд хариуцагч гэж бичигдэн хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож ирсэн ******* ******* групп ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын хувьд хариуцагч биш байна гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн явдал юм. Учир нь: 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 02 дугаартай Эрх зүйн маргаантай харилцааг тогтоох, хууль холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэх шүүгчийн ажиллагаа-ны талаарх Монгол Улсын дээд шүүхийн зөвлөмжид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд маргаантай харилцааг зөв тодорхойлоход шүүгчийн зайлшгүй хийх ажиллагаа.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ шаардлага болон үндэслэлээ тодорхой тусгаж чадаагүй, хариуцагч ойлгомжгүй, тодорхой бус тайлбар өгсөн, талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд олигтой мэтгэлцэж, хангалттай нотлох баримт гаргаж өгөхгүй байгаа тохиолдолд шүүх идэвхтэй ажиллагаа явуулах, эсхүл явуулахгүй байх нь зөв үү гэдэг асуудал байнга гардаг. Юуны өмнө шүүх өөрийн санаачилгаар нотлох баримт бүрдүүлэхгүй гэдэг зарчмыг хатуу баримтлах нь зөв боловч энэ нь талуудын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэхэд нь туслалцаа дэмжлэг үзүүлэх шүүхийн боломжийг үгүйсгэх үндэслэл биш юм.
Дээрх зөвлөмжөөс үзвэл нэхэмжлэгч тал бичиг тэмдэглэлийн хувьд ижил төстэй нэр бүхий хоёр хуулийн этгээдийн нэрийн талаар төөрөгдөж алдаатай бичих тохиолдолд энэ мэт алдааг шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхих байдлаар шийдвэрлэх бус харин энэ талаарх эргэлзээг тайлж талуудын мэтгэлцэх эрхийг хангах ёстой байсан. Үсэг тэмдэгтийн алдааг үндэслэл болгон нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох гэж яарахын оронд хөндөгдөж байгаа эрх ашиг, үр дагаврыг зөв тодорхойлох, үндэслэл бүхий шийдвэр гаргаж иргэний эрхийг хамгаалах үндсэн үүргээ зөрчсөн шийдвэр болсон. Гэрээнд заасан, одоогоор С.******* өөрийн гэр бүлийн хамт амьдарч байгаа орон сууц захиалгын гэрээ цуцлагдаагүй байхад М.******* гэх хүний өмчлөлд шилжсэн. М.******* нь С.*******г хариуцагчаар татан орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан байгаа. С.******* өөрийн өмчлөлд авахаар орон сууц захиалгын гэрээ байгуулсан, амьдарч байгаа орон сууцыг гэрээ байгуулсан өдрөөс хойш М.******* өөрийн өмчлөлдөө авсан.
Энэ тохиолдолд С.******* болон М.******* нарын хооронд гэрээ байгуулагдалгүйгээр гэрээний бус хуульд заасан үүргийн харилцаа үүсэж байгаа. Гэтэл анхан шатны шүүх энэ байдалд бодитой дүгнэлт хийгээгүй. Аливаа эрх зүйн харилцаа нь заавал талууд нэг цаасан дээр гарын үсэг зурж байж үүсдэггүй болохыг анхаараагүй. Ерөөс цаасаар гэрээ байгуулаагүй тул харилцаа, эрх үүрэг үүсээгүй гэж буруу дүгнэлт хийсэн, Мөн С.*******гаас гэрээний төлбөрийн урьдчилгааг гэрээнд заасны дагуу 32,706,600 төгрөгийг гүйцэтгэгч талд шилжүүлсэн. Энэхүү төлбөр өнөөг хүртэл гүйцэтгэгч талд хадгалагдаж үйл ажиллагаанд нь зарцуулагдаж байгаа. Энэ байдалд ямар нэгэн дүгнэлт хийгээгүй. С.*******гийн 32,706,600 төгрөгийг буцаасан байгаа гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн худал тайлбарыг үнэнд тооцсон байна. ******* ******* ХХК болон ******* ******* групп ХХК нар нь харилцан хамаарал бүхий хуулийн этгээдүүд бөгөөд Өмнөговь аймгийн суманд барьсан орон сууцны барилгын үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлэхийг шаарддаг, захиалагчийн зөвшөөрөлгүйгээр М.Гантулгын өмчлөлд шилжүүлдэг, М.Гантулгын арилжааны банкнаас авах зээлийн барьцаалбарт бүртгэхийг шаардаж шаардлагыг хүлээн авахгүй тохиолдолд албадан чөлөөлөх шаардлага гаргадаг гэх мэт олон шударга бус үйлдэл хийж ирсэн. Шүүх нь шударга ёсыг эрмэлзэж, түүнийг тогтоох нь гол зорилго байж иргэний итгэлийн хамгаалах ёстой байгууллага. Ийм атал анхан шатны шүүхийн зүгээс үг, үсэг тэмдэгтийн алдааг ашиглан ямар нэгэн маргааныг дуусгах нь гол зорилго болгож болохгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.******* нь нэхэмжлэлийн шаардлагад ямар нэгэн татгалзал илэрхийлээгүй.
Гэтэл ******* ******* групп ХХК-н төлөөлөгч М.Гантулгын өмнөөс байр суурь илэрхийлж тухайн тайлбарыг нь анхан шатны шүүх үндэслэлтэй гэж үзсэн. ******* ******* групп ХХК-н төлөөлөгч нь М.Гантулгын нэрийн өмнөөс анхан шатны шүүхэд тайлбар өгөх, байр суурийг илэрхийлэх тухайн тайлбарыг нь шүүх дүгнэх боломжгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад байр сууриа илэрхийлээгүй, эс үйлдлээрээ нэхэмжлэлийг дэмжиж байгаа хариуцагчийн байр суурийг шүүх хуралдаанд сонсохоор хариуцагчийг оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүлээн аваагүй. Энэ нь нэхэмжлэгчийн мэтгэлцэх эрхийг зөрчсөн.
Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 сарын 12-ны өдрийн 77 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд буцаана уу гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу С.*******гийн нэхэмжлэлтэй, ******* ******* групп ХХК, Ц.*******, М.******* нарт холбогдох, иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбатын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзлээ.
Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч ******* ******* групп ХХК, Ц.*******, М.******* нарт холбогдуулан 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Орон сууц захиалгын гэрээг цуцлах тухай ******* ******* групп ХХК-ийн шийдвэрийг хүчингүй болгох; Орон сууц захиалгын гэрээний 2.1 дэх заалтад ...худалдах нийт үнэ 109,022,000 төгрөг гэснийг ...худалдах нийт үнэ 103,961,000 төгрөг гэж өөрчлөлт оруулах; Орон сууц захиалгын гэрээнд заасан орон сууцыг худалдан авах зориулалтаар арилжааны банкнаас хүссэн зээлийн бүрдүүлбэрт шаардлагатай баримтуудыг С.*******гийн шаардсан хугацаанд гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгах" тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч ******* ******* групп ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч ...Нэхэмжлэгч С.*******гийн өмнө ******* ******* групп ХХК ямар нэгэн үүрэг хариуцлага хүлээгээгүй, гэрээний харилцаанд огт оролцоогүй буюу шаардах эрхийг аливаа хэлбэрээр бий болгоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Хариуцагч Ц.******* шүүх хуралдаанд Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч С.*******тай ашиг сонирхол нэг гэжээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат нь эс зөвшөөрч анхан шатны шүүх нэхэмжлэгч талын мэтгэлцэх эрхийг зөрчсөн эргэлзээг зөвтгөх ёстой байсан, шийдвэрийг хүчингүй болгох агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргасан байна.
Дээрх гэрээг нэг талаас ******* ******* ХХК-ийг төлөөлж борлуулалтын менежер Э.Мөнх- Эрдэнэ /гүйцэтгэгч/, нөгөө талаас С.******* /захиалагч/ нар 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Орон сууц захиалгын гэрээ-г байгуулсныг ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.******* батлав гэжээ. /хх-53-55/ ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал М.******* захиалагч С.*******д 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 02/284 дугаар баталгаа гаргах тухай, үйл ажиллагаа хариуцсан захирал Э.Билэгт орон сууцны захиалагч С.*******, Ц.******* нарт 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр албан бичгүүд хүргүүлжээ. /хх-56-57/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд ******* ******* групп ХХК болон ******* ******* ХХК нар нь харилцан хамаарал бүхий хуулийн этгээд мөн гэх тайлбарыг гаргаж байх боловч тухайн компаниудыг хоорондоо харилцан хамаарал бүхий болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.
Орон сууц захиалгын гэрээ-г нэг талаас ******* ******* ХХК-ийн борлуулалтын менежер Э.*******, нөгөө талаас С.******* захиалагчаар гэрээг байгуулсан байгаа нь тус гэрээгээр нотлогдож байна.
Анхан шатын шүүх Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт Үүрэг нь энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр үүснэ. Иргэний хуулийн 8 дугаар зүйлд иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэлүүдийг, 8.1.1-т хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл нь иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэлийн нэг гэж заасан. Иргэний эрх зүйн тодорхой төрлийн харилцаа нь уг харилцаанд оролцогчийн хооронд үүснэ. Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага байна гэж заасан ба хуулийн этгээдийн нэр нь иргэний эрх зүйн харилцаанд оролцоход бусдаас ялгагдах, түүнийг онцлох шалгуур болдог. Гэтэл хэрэгт авагдсан 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Орон сууц захиалгын гэрээ-ний талууд нь иргэн С.******* болон ******* ******* ХХК байх ба нэхэмжлэгч нь уг гэрээнээс үүдэлтэй маргааныг ******* ******* групп ХХК-д холбогдуулж нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжлэгч тал ******* ******* ХХК-тай бичгээр байгуулсан Орон сууц захиалгын гэрээ-г хэрэгт нотлох баримтаар гарган өгч, нэхэмжлэлийн үндэслэлээ болгосон байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч С.******* болон хариуцагч ******* ******* групп ХХК, Ц.*******, М.******* нарын хооронд хуульд заасан хэлцлээс үүдэлтэй иргэний эрх зүйн харилцаа үүссэн нь нотлогдохгүй байна.
Хариуцагч ******* ******* групп ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ...******* ******* групп компани С.******* гэж хүнтэй огт гэрээ байгуулаагүй. Хэрэгт авагдсан баримтаас өөр хуулийн этгээд гэдэг нь илэрхий байгаа. ******* ******* гэж компанитай байгуулсан захиалгын гэрээ, төлөөлсөн этгээд, регистрийн дугаар, нэр нь өөр. Нэг нь "******* ******* групп, нөгөө нь ******* ******* гэж байгаа. Гэтэл ******* ******* групп компани иргэн С.*******тай эрх зүйн харилцаанд оролцоогүй байхад ******* ******* групп ХХК-иас гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах боломжгүй гэх татгалзал нь үндэслэлтэй.
Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байдаг ба хариуцагч ******* ******* групп ХХК болон Ц.*******, М.******* нар нь нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хэрхэн яаж зөрчсөн нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаар тодорхойлогдоогүй буюу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй байна.
Түүнчлэн, нэхэмжлэгч нь Ц.*******ыг хариуцагчаар нэрлэн заасан байх боловч түүнд холбогдуулж ямар шаардлага гаргасан нь тодорхойгүй иргэний хэрэг үүсгэгдсэн, шүүх хуралдааны явцад хариуцагч Ц.******* нэхэмжлэгч С.*******тай ашиг сонирхол нэг төдийгүй нэг гэр бүлийн гишүүд гэх хариуцагчийн тайлбарыг үгүйсгээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхолд нь хохирол учруулсан, үүргээ биелүүлээгүй этгээд гэж үзэх үндэслэлгүйг дурдах нь зүйтэй. Иймд зохигчийн хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй, нэхэмжлэгч нь хариуцагч ******* ******* групп ХХК болон Ц.*******, М.******* нараас 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Орон сууц захиалгын гэрээ-ний үүргийн биелэлтийг шаардах эрхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтүүд болон шийдвэрийн үндэслэлүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбатын шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 313/ШШ2025/00077 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА
ШҮҮГЧИД Л.УГТАХБАЯР
Х.ГЭРЭЛМАА