Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 282

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

Улсын яллагч:  Г.Яндаг,

Шүүгдэгч Б.Б.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э-д холбогдох эрүүгийн 1918004040321 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1973 оны 12 дугаар сарын 22-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 46 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, нөхөр хүүхэд, ач хүүгийн хамт Дархан сумын 7 дугаар баг замчин 1-69 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, Б.Э-

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Б.Б.Э- нь 2019 оны 05 дугаар сарын 31-ны өдөр 12 цагийн орчим Дархан-уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт “МБМ" зочид буудлын урд зам дээр 5356 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16-р бүлгийн 16.1 "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө” мөн дүрмийн 12-р бүлгийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтыг зөрчиж явган зорчигч 5 настай С.С.Б-ийг мөргөж зам тээврийн осол гарган, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б.Э- нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх боломжоор хангасан болно.

Шүүгдэгч Б.Б.Э- нь 2019 оны 05 дугаар сарын 31-ны өдөр 12 цагийн орчим Дархан-уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт “МБМ" зочид буудлын урд зам дээр 5356 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16-р бүлгийн 16.1 "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө” мөн дүрмийн 12-р бүлгийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтыг зөрчиж явган зорчигч 5 настай С.С.Б-ийг мөргөж зам тээврийн осол гарган, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б.Э-гийн үйлдлийг дараах нотлох баримтаар хангалттай тогтоосон байна. Үүнд:

            Шүүгдэгч Б.Б.Э-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2019 оны 05-р сарын 31-ны өдөр 12 цагийн үед 5356 ОРХ улсын дугаартай X/Соната-5 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон шинэ Дарханаас хуучин Дархан руу явж байсан юм. Тэгээд тойргоос уруудаад хуучин Дархан чиглэлд автозамын зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байтал “МБМ “ зочид буудлын урд замын харалдаа, явган хүний гарц руу дөхөж явсан юм. Тэгсэн явган хүний гарцаар нэг хүн зам хөндлөн гарч өнгөрсөн. Тэгээд тэр хүнийг өнгөрөөгөөд хөдлөөд явтал нэг хүүхэд гарцаар зам хөндлөн гүйгээд гараад ирсэн юм. Тэгээд би тэр хүүхдийг мөргөөд зогссон юм. Миний баруун гар талд 1 дүгээр эгнээд нэг машин гарцны урд талд зогсож байсан юм. Би тэр хүүхдүүдийг гарцаар гарах гээд явж байна гэдгийг хараагүй. Тэгээд би тэр мөргүүлсэн хүүхдийг аваад нэгдсэн эмнэлэг рүү авч явсан. Би тэр хүүхдийг эмнэлэг рүү авч явах замдаа тэр хүүхдийн ээж рүү нь залгаж замаасаа гэрээс нь аваад тэгээд цуг эмнэлэг рүү явсан гэх мэдүүлэг /хх 62/,

            Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Б.С-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Миний охин болох 5 настай С.С.Б- нь 2019 оны 5-р сарын 31-ны өдөр 13 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 8-р багийн нутаг дэвсгэр “МБМ” зочид буудлын харалдаа зам дээр явган хүний гарцаар зам хөндлөн гарч байгаад машинд мөргүүлж биед нь гэмтэл учирч хохирсон. Би 01 сартайгаас 16 насны хүүхэдтэй. Манай хүүхдүүд Дархан сумын 8-р баг “Дэвшил” 17-р байрны 1-45 тоотод байдаг юм. Би өөрөө хөдөө малаа малладаг. Тэр үед манай 5 настай С.Б-ийг эгч Цэрэнлхам нь цэцэрлэгээс нь аваад гэр лүү авч явж байсан юм билээ. Тэгээд явган хүний гарцаар гарах гээд явж байтал зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд явж байсан 53 56 ОРХ улсын дугаартай сонато-5 маркийн тээврийн хэрэгсэл нь хурдтай ирж мөргөж зүүн хөлөн дээгүүр нь гарч хөлийн хурууг нь хугалж гэмтээсэн юм. Охин С.Б- нь Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж зүүн хөлийн хуруугаа хадуулж, бэхлэх хагалгаанд орсон гэх мэдүүлэг /хх 48/,

            Насанд хүрээгүй гэрч Л.Ц- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2019 оны 05 дугаар сарын 31-ны өдөр 12 цаг 40 минутын үед Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 23-р цэцэрлэгээс С- ахын 5 настай охин С.Б-ийг нь аваад гэр лүүгээ харих гээд зам хөндлөн гарч явтал машин ирээд С.Б-ийн хөлөн дээгүүр гараад тэгээд машины толинд  толгой нь цохигдоод С.Б- зам дээр унасан. Би явган хүний гарцаар зам хөндлөн гарах гээд С.Б-ийг баруун талдаа хөтлөөд гарч явтал нэг машин явган хүний гарцанд дөхөж ирээд зогссон юм. Тэгсэн С.Б- миний гараас алдуураад гарцаар гүйсэн юм. Тэгсэн чинь тэр машины цаад талаар замын 2 дугаар эгнээгээр нэг машин гарч ирээд С.Б-ийг мөргөөд унагасан. С.Б-ийг мөргөсөн машины дугаарыг нь би тогтоож авч чадаагүй. Саарал өнгийн жижиг тэрэг байсан. Тэгсэн тэр машинаас 2 эмэгтэй хүн гарч ирээд С.Б-ийг надтай хамт машиндаа суулгаад эмнэлэг рүү авч явсан. Замдаа С.Б-ийн ээж Сарнай эгч рүү залгаж замаасаа аваад тэгээд эмнэлэг рүү ирсэн гэх мэдүүлэг /хх 50/,

            Гэрч Ц.С- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би гэртээ хүүхдээ хараад байж байхад 12:40 цагийн үед Ц- миний утас руу залгаад “аниа дүү машинд мөргүүлчихлээ” гэж хэлсэн. Ингээд би гэрээсээ гарч зам руу гарсан чинь миний охин С.Б- саарал өнгийн Сонота-5 маркийн машинд ар талын суудал дээр нь уйлаад хэвтэж байсан. Тэгээд шууд уг тээврийн хэрэгсэлтэй хүлээн авах тасагт ирээд охиноо үзүүлэхэд зүүн хөлийн эрхий хурууны яс хугарсан байна гэсэн” гэх мэдүүлэг /хх 52/,

            Гэрч Ц.Ц- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...дүү Сарнай 5 настай охин С.Б-ийг тэвэрчихсэн сууж байсан. Охин уйлчихсан, зүүн хөлний шар өнгийн трикон дээр нь машины дугуйны мөр гарчихсан байсан. Хажууд нь машинаараа мөргөсөн гэх нэг эмэгтэй хүн байсан. Тэгээд би тэр машин барьж явсан гэх эмэгтэйд “Яагаад хүүхэд мөргөчихөж байгаа юм бэ? Анхаарал болгоомжтой явахад яадаг юм бэ? гэж хэлэхэд тэр эмэгтэй “Би хурд багатай явж байхад гэнэт гүйгээд гараад ирсэн. Гарцгүй газраар явж байсан” гэж хэлж байсан. Тэгээд эмч С.Б-д өвчин намдаах тариа хийж, хөлийг нь гипсдэж, 1 дэх өдрөөс хагалгаанд орно гэж хэлсэн. ...Тухайн өдөр 5 настай С.Б-ийг түүний эгч нь болох 6 дугаар ангид сурдаг Цэрэнлхам нь цэцэрлэгээс нь аваад гэр лүүгээ харьж явсан юм байна лээ. Тэгээд МБМ зочид буудлын харалдаа автозамын явган хүний гарцаар зам хөндлөн гарч явахад нь зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд явж байсан машин ирээд мөргөөд унагасан гэсэн” гэх мэдүүлэг /хх 54/,

           

            Гэрч О.А- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...МБМ зочид буудлын урд талд байдаг явган хүний гарц дээр ирээд гарцаар хүн гарахыг хүлээж байгаад хүн гарсны дараа дөнгөж хөдлөөд явахад баруун гар талаас жаахан охин эгчтэйгээ явж байгаад гараас нь мултраад гүйсэн юм. Тэр хүүхэд Б.Э-гийн машины баруун толийг мөргөөд унасан. Тэгээд би машинаас буугаад яасан зүгээр үү гэхэд эгч эгч нь бололтой 5-6-р ангийн хүүхэд “чи яагаад миний гарыг тавиад гүйж байгаа юм бэ? Зам гарахдаа хөтөлж гарч бай гэж хэлээд байхад” гэж байсан. Тэгээд тэр хүүхдийг машинд эгчтэй нь суулгаад эмнэлэг рүү явсан” гэх мэдүүлэг /хх 55/,

 

            Гэрч А.М- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 5356 ОРХ улсын дугаартай Х/сонато-5 маркийн тээврийн хэрэгслийг 2018 оны 10-р сард Дархан-Уул аймгийн Шарын гол суманд оршин суудаг М.Гантулга гэдэг залуугаас 1.500.000 төгрөгөөр худалдан авч байсан. Тэгээд би төрсөн эгч Б.Б.Э-г ойр зуур унаж хэрэглэж бай гээд үлдээгээд хөдөө ажлаар явсан юм. Би голдуу хөдөө ажилладаг юм. Миний төрсөн эгч Баатар овогтой Б.Э- ээжээр овоглодог. Би өөрийн эцгээр овоглодог юм. Б.Б.Э- эгч бид хоёр төрсөн эгч дүүс юм. Би энэ машиныг худалдан аваад өөрийнхөө нэр дээр болгож чадаагүй байгаа. Хөдөө ажилладаг болохоор амжихгүй яваад байгаа. Надад 5356 ОРХ улсын дугаартай Х/сонато-5 маркийн тээврийн хэрэгсэлтэй холбогдолтой гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх 58/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 500 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

1.С.С.Б-ийн биед зүүн хөлийн 1-р хурууны шивнүүрийн битүү хугарал, зөөлөн эдийн няцрал, хагалгааны дараах  байдал, баруун тохойд зулгаралт бүхий шинэ гэмтэл  тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй /хх 23/,

 

Зам тээврийн ослын талаарх 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 30 дугаартай шинжээчийн дүгнэлт:

“1.Баатар овогтой Б.Э- нь Х/Соната-5 маркийн 5356 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 16-р бүлгийн 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” мөн дүрмийн 12-р бүлгийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн.

2.Явган зорчигч Сүхээ овогтой С.Б- нь замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй ба явган зорчигч Сүхээ овогтой С.Б-ийн асран хамгаалагч нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 27-р бүлгийн 27.2.а “10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх” гэсэн заалтыг зөрчсөн.

3.Дархан-Уул аймгийн Дархан сумын 8-р баг “МБМ” зочид буудлын урд явган хүний гарцан дээр 2019 оны 05-р сарын 31-ний өдөр 13:16 цагийн жолооч Баатар овогтой Б.Э- нь Х/Соната-5 маркийн 5356 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад явган зорчигч 5 настай, эмэгтэй Сүхээ овогтой С.Б-ийг мөргөж биед нь гэмтэл учруулсан үйлдэл нь зам тээврийн осол мөн” /хх 27/,

 

Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тухай 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 22 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

1.Автотээврийн Үндэсний төвийн Дархан салбарын техник оношилогоонд 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн №37 тоот техникийн дүгнэлтийн хуудсыг үндэслэн, Х/Сонота 5 маркийн 56-53 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн болон ашиглалтын нөхцөл шаардлагад автомашин дээр нь үзлэг хийхэд автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих. Ерөнхий шаардлага MNS 4598:2011 Улсын стандартын 5.5 дахь заалтын шаардлага хангаагүй тээврийн хэрэгслээр зам тээврийн хөдөлгөөнд оролцсон байна. Техник хяналтын дүгнэлтийн хуудас №, /12.2/

2.Техникийн хувьд бүрэн бүтэн, ажлын тормосны ялтас /наклад/, дугуй хээ элэгдэлтэй байсан. Техник хяналтын дүгнэлтийн хуудас №37 /12.2, 5.16, 9.1, Зураг №32-03-05/

3.Тухайн автомашины ажлын тормосны ялтас /наклад/, дугуйн хээ элэгдэлтэй байгаа нь осол гарахад техникийн хувьд нөлөөлсөн байна. Техник хяналтын дүгнэлтийн хуудас № /12.2, 5.16, 9.1 зураг 2-5/,

4.Осол үйлдэгдэх үед автомашины тормосны эд ангиуд /систем/ бүрэн, ажлын тормосны ялтас /наклад/, дугуйн хээ элэгдэлтэй байна. Техник хяналтын дүгнэлтийн хуудас №37 /5.16, 9.1, /Зураг №02-03/

Анхааруулах дохио /сигнал/ ажиллагаатай байсан. Техник хяналтын дүгнэлтийн хуудас №37, /2.11/,

5.Ажлын тормосны ялтас /наклад/, дугуйн хээ нь ашиглалтын хугацаанд злэгдсэн, осол гарахад техникийн хувьд нөлөөлсөн байна.

6.Осол гарсан шалтгаан нь техникийн бүрэн байдлаас шалтгаалаагүй, бүтэн байдлаас шалтгаалсан байна. Техник хяналтын дүгнэлтийн хуудас №37, /5.16, 9.1, зураг №02-03-05/

7.Тухайн автомашины хурдыг тогтоох боломжгүй байна /хх 31-32/,

Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас, гэрэл зургийн үзүүлэлт /хх 33-36/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй, нотолбол зохих асуудлуудыг нотолсон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд дүгнэлт хийж шүүгдэгч Б.Б.Э-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч Б.Б.Э- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, түүний гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч С.С.Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх тул зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байна.

 

Иймд шүүгдэгч Б.Б.Э-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С-гийн өгсөн “Б.С- би Б.Б.Э-гаас эмчилгээний зардалд мөнгө авсан нь үнэн. Одоо цаашид гомдол санал байхгүй. Б.Б.Э-тай эвлэрсэн” гэх тайлбараар /хх 121/ шүүгдэгч Б.Б.Э-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

 

Эрүүгийн 1918004040321 дугаартай хэргээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 01/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 2-4/,

Зам тээврийн ослын бүдүүвч зураг /хх 09/,

Зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын шийдвэрлэлтийн талаарх тэмдэглэл /хх 10-11/,

С.С.Б-ийн нас тоолсон тухай тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар /хх 12-13/,

53-56 ОРХ улсын дугаартай HYUNDAI Sonota-5 маркийн тээврийн хэрэгслийн 01928653 дугаартай техникийн тодорхойлолт /хх 17/,

Насанд хүрээгүй хохирогч С.С.Б-ийн хэрэглэсэн эмийн хуудас, өвчний түүх /хх 67-79/,

Шүүгдэгч Б.Б.Э-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, жолоочийн түүх, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 84-88/, арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн данстай эсэх талаарх банкны тодорхойлолт /хх 99-107/ зэрэг болно.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Б.Б.Э-гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид шууд эмнэлгийн бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхэд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгасныг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Б.Э-д холбогдох эрүүгийн 1918004040321 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.Э-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.Э-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.    

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.Э-д оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.Э- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           

            5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б.Э-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        З.ТӨМӨРХҮҮ