Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 5185

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Баянгол дүүргийн шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг 6 дугаар хороо 31 дүгээр байр 96 тоотод оршин суух, 1989 онд төрсөн 27 настай, Урианхан шандууд овогт Доржбатын Ганбат /РД:ДЮ89010292/

            Хариуцагч: Баянгол дүүрэг 4 дүгээр хороо 2 дугаар хороолол 4 дүгээр байр 28 тоотод оршин суух, 1964 онд төрсөн 52 настай, Олход  овогт Сунровийн Самбалхүндэв /РД:ТЯ64122519/

            Гэрээний үүрэгт 9.420.000 төгрөг гаргуулахыг шаардсан иргэний хэргийг 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Ганбат, хариуцагч О.Самбалхүндэв, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Д.Ганбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд  тайлбарлахдаа: 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр О.Самбалхүндэвтэй нарийн боовны тоног төхөөрөмж 8.280.000 төгрөгөөр худалдахаар тохиролцож зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулж тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгсөн. Энэ өдрөө урьдчилгаа 2.000.000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 6.280.000 төгрөгийг 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 1.000.000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 2.640.000 төгрөг 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 2.640.000 төгрөгийг төлөхөөр тохирсон. Нарийн боовны тоног төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээгээр төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд алданги төлөхөөр тохиролцсон. Одоо надад тоног төхөөрөмжийг буцааж өгнө гэж байгаа боловч гурилын элдүүр нь дутуу тул буцааж авахгүй, мөнгөө авна.  Энэ хүний эхнэр гэрээ хийгээгүй. О.Самбалхүндэв өөрөө ирж гэрээ хийж гарын үсэг зурж, гэрээ хийсэн өдрөө тоног төхөөрмжийг хүлээж аваад явсан. Иймд хариуцагч О.Самбалхүндэвээс  үлдэгдэл төлбөр 6.280.000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр төлөх 1.000.000 төгрөгийн 87 хоногийн алданги 435.000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 04-ний  өдөр төлөх 2.640.000 төгрөгийн 56 хоногийн алданги 739.200 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдөр төлөх 2.640.000 төгрөгийн 11 хоногийн алданги 145.200 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүртэл нийт 6.280.000 төгрөгийг төлөөгүй тул 69 хоногийн алданги 2.166.600 төгрөг төлөх ёстойгоос Иргэний хуульд зааснаар алдангийн хэмжээ нь гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэсэн тул 50 хувь болох 3.140.000 төгрөгийг нэмж нийт 9.420.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

            Хариуцагч О.Самбалхүндэв шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай эхнэр н.Баярмаа 2015 оны 05 дугаар сард Д.Ганбатын дүүгээс гэрээ хийж нарийн боовны тоног төхөөрөмжийг 8.280.000 төгрөгөөр  худалдаж авсан. Тоног төхөөрөмж хүнд барьцаанд байсан тул 2.000.000 төгрөг төлж барьцаанаас чөлөөлж энэ мөнгийг урьдчилгаа гэж тооцож хассан.  Д.Ганбат тоног төхөөрөмжийн технологийн картыг өгнө гэсэн боловч одоо болтол өгөөгүй. Төхөөрөмжийн гурилын элдүүр эвдэрсэн байсанг хүнд засуулахаар өгсөн. Мөн цахилгааны шитгүй тул одоог хүртэл ажиллуулж, ашиглаж чадаагүй. Иймд тоног төхөөрөмжийг нь буцааж өгч урьдчилгаанд өгсөн 2.000.000 төгрөгнөөс 1.000.000 төгрөгийг үлдээж, 1.000.000 төгрөгийг буцааж авъя. Эсвэл үлдэгдэл 6.280.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөхийг зөвшөөрч байна. Алдангийг төлөх мөнгө байхгүй гэв.

 

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Д.Ганбат нь хариуцагч О.Самбалхүндэвт холбогдох гэрээний үүрэгт 9.420.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. 

            Хариуцагч О.Самбалхүндэв нь нэхэмжлэгч Д.Ганбатаас 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр нарийн боовны тоног төхөөрөмжийг 8.280.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, энэ өдрөө төлбөрөөс 2.000.000 төгрөгийг төлж, үлдэх 6.280.000 төгрөгийг 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 1.000.000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 2.640.000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 20-ний өдөр 2.640.000 төгрөг тус тус төлж барагдуулахаар тохиролцож нарийн боовны тоног төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээг байгуулж гэрээний хавсралтаар тоног төхөөрөмжийг хүлээлцсэн болох нь зохигчийн тайлбар, гэрээ, гэрээний хавсралт гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

            Нарийн боовны тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тул хүчин төгөлдөр хэлцэл байна.

            Зохигч гэрээгээр төлбөрийг хэсэгчлэн төлөхөөр тохирсон боловч хариуцагч О.Самбалхүндэв гэрээний 2-т заасан хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй тул гэрээний 7-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож худалдагч алдангийн хамт шаардах эрхтэй байна.

            Шүүх хуралдаанд хариуцагч нь гэрээгээр тохирсон үлдэгдэл төлбөр 6.280.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, алдангийг мөнгө байхгүй гэх үндэслэлээр төлөхгүй гэж тайлбарладаг боловч гэрээгээр алданги төлөхөөр тохирсон тул хэтрүүлсэн хугацааны алдангийг төлөх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нь төлбөрийг төлөх хугацаа тус бүрээс тооцож алдангийг шаардсан боловч гэрээгээр төлбөрийг төлж дуусгах өдөр буюу 2015 оны 03 дугаар сарын 20-ний өдрөөс хойших 11 хоногийн алданги 345.400 төгрөгийг үндсэн төлбөр 6.280.000 төгрөгний хамт бүгд 6.625.400 төгрөгийг хариуцагч О.Самбалхүндэвээс гаргуулж нэхэмжлэгч Д.Ганбатад олгож, үлдэх 2.989.940 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангаж буй үнийн дүнд ноогдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч О.Самбалхүндэвээс 6.625.400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Ганбатад олгож, үлдэх 2.989.940 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 195.430 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч О.Самбалхүндэвээс 120.956 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Ганбатад олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ж.КУЛЬДАНА