Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 77

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга Гантуяа,

Улсын яллагч В.Төгсбаяр,

Шүүгдэгч М.Б,

Шүүгдэгч М.Бийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг,

Шүүгдэгч О.Б /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гөрөөчин овогт Ойдовын Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цамба овогт Мунахүүгийн Б нарт холбогдох 1829002900056 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч О.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 04-ний орой Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг “Цагаанхад” гэх газарт иргэн М.Бтэй хувийн таарамжгүй харилцаанаас маргаж, М.Б, Д.Тэгшжаргал нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч М.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 04-ний орой Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг “Цагаанхад” гэх газарт иргэн О.Бтой хувийн таарамжгүй харилцаанаас маргаж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б мэдүүлэхдээ: “2018 оны 11 дүгээр сарын 4-нд Цагаан хаданд уг хэрэг болсон. Би Бээс 10,000 төгрөг зээлсэн байсан. Зээлсэн мөнгөө өгөх гээд очиход Б архи уугаад сууж байсан. Гэрт нь цахилгаанчин гэх нэг залуу бас Бийн эхнэр цуг байсан.  Тэгээд би цуг архи уугаад ийм хэрэг болсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  М.Б мэдүүлэхдээ: “2018 оны 11 дүгээр сарын 4-нд Б манай гэрт ирж надаас зээлсэн 10,000 төгрөгөө авчирж өгсөн. Тухайн үед бид 2 уулзаагүй 20 гаруй жил болсон байсан. Б надаас зээлсэн мөнгөөрөө архи авч ирсэн. Тэгээд архиа ууж байхад манай нэг найз гаднаас орж ирэхэд Б бага зэрэг согтсон байсан учир манай найзтай маргалдсан. Тухайн хүн архи уугаагүй эрүүл байсан болохоор согтуу хүнтэй маргалдаад яахав гээд гэрээс гарсан. Тэрний дараа Б гэнэхэн хутга барьж босч ирээд саяын гарч явсан новшийг дууд гэж над руу дайрсан. Би тэгж болохгүй гэж хэлээд хутгыг нь авах гэж оролдоод гараа хэд хэд зүсүүлээд хойшоогоо унахдаа чихэндээ хутгаар хатгуулсан. Тэгээд алуулах нь гэж айгаад тоосго аваад Бийн дух руу нь цохиход хутга нь гараас нь унасан би хутгыг холдуулаад Бийн цээж рүү хэд хэд цохиж хавиргыг нь хугалсан. Манай эхнэр хүн аллаа чи гэж хэлж байсан. Уг хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Б нь миний багын найз учир  надаа гомдол байхгүй. Учруулсан хохирлоо нөхөн төлнө.” гэв.

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн  үзүүлэлт /хх-н 21-23-р хуудас/,

М.Бийн хохирогчоор өгсөн: “...Б гартаа барьсан хутгаараа миний чихийг 2 удаа хатгасан. Харин би Бийн гарт байсан хутгыг авах гээд зууралдаж байх үедээ баруун, зүүн гарны алганы хэсгийг тус бүр нэг нэг удаа зүссэн” гэх мэдүүлэг /хх-н 41-44-р хуудас/,

Д.Тэгшжаргалын хохирогчоор өгсөн: “...Б намайг нэг удаа тохойлдсоны улмаас миний уруул язарсан. Мөн хутгатай зууралдаж байх үедээ би зүүн гарын долоовор хуруугаа зүсүүлсэн” гэх мэдүүлэг /хх-н 47-49-р хуудас/,

О.Бийн хохирогчоор өгсөн: “...Б гаднаас орж ирэхэд миний тархируу гал бутраад манараад хэсэг ухаангүй болоод нэг ухаан ортол Б хоёр гартаа чулуу, төмөр барьчхаад гүйцээчихье гээд барьсан зүйлээрээ нүдээд байхаар нь би Б ахаа больё оо гэж гуйхад зодохоо болихгүй байхаар нь би тэднийхээс гаран гартлаа мөлхөж хөл нүцгэн гарсан” гэх мэдүүлэг /хх-н 53-57-р хуудас/,

Д.Бат-Эрдэнийн гэрчээр өгсөн: “...Намайг Бийн гэрт ороход Б, эхнэр нь, нэг танихгүй хүнтэй гурвуулаа байсан. Тэр хүн намайг баруун талынх нь орон дээр суух гэтэл  “Чи наанаа суухгүй шүү пиздаа минь” гэхээр нь “Би яахаараа энд сууж болдоггүй юм бэ” гэж хэлсэн. ...Тухайн үед түпэнтэй гахайн толгой зуухны ар талд газар тавиатай байсан. Б намайг мах ид гэхээр нь түмпэнтэй махыг авч нэг огтолчхоод буцаагаад тавьчихсан. Түмпэн дотор нэг хутга байсан. ...Б надад хэлэхдээ “Чамайг явсны дараа нөгөө нөхөртэйгөө муудалцаад, миний чихрүү хатгачихсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-н 58-59-р хуудас/,

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 157 дугаартай “1. О.Бийн биед тархи доргилт, баруун 9,10,11-р хавирганы хугарал, дух, чамархайд шарх, зүүн хацар, хэвлий, зүүн тохой, шуу, сарвуу, нуруунд зулгаралт, зүүн дээд, доод зохи, баруун бугалга, нуруу бүсэлхийд цус хуралт, нүүрний зүүн хэсэг, дагз, цээжний баруун талаар зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-н 68-р хуудас/,

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 151 дугаартай “1. М.Бийн биед зүүн чихний дэлбэн, зүүн гарын 2-р хуруунд шарх, дух, хамар, баруун хацар, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир ирмэг, зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-н 70-р хуудас/,

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 152 дугаартай “1. Д.Тэгшжаргалын биед уруулын дотор салстад язарсан, зүүн 2-р хуруунд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх шарх гэмтэл нь ир ирмэг, уруулын дотор салстын шарх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт” хх-н 72-р хуудас/,

М.Бийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 81-84-р хуудас/,

О.Бийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 89-р хуудас/,

М.Бийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-н 121-р хуудас/,

М.Бийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар /хх-н 94-р хуудас/,

Шүүгдэгч М.Бийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-н 123-132-р хуудас/,

М.Бийн хохирол төлбөр төлсөн баримт /хх-н 154-157-р хуудас/,

О.Бийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-н 95-р хуудас/,

О.Бийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар /хх-н 93-р хуудас/,

Шүүгдэгч О.Бийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-н 99-119-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

1.Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

Шүүгдэгч М.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 04-ний орой Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг “Цагаанхад” гэх газарт иргэн О.Бтой хувийн таарамжгүй харилцаанаас маргаж түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн  үзүүлэлт /хх-н 21-23-р хуудас/,

- О.Бийн хохирогчоор өгсөн: “...Б гаднаас орж ирэхэд миний тархируу гал бутраад манараад хэсэг ухаангүй болоод нэг ухаан ортол Б хоёр гартаа чулуу, төмөр барьчхаад гүйцээчихье гээд барьсан зүйлээрээ нүдээд байхаар нь би Б ахаа больё оо гэж гуйхад зодохоо болихгүй байхаар нь би тэднийхээс гаран гартлаа мөлхөж хөл нүцгэн гарсан” гэх мэдүүлэг /хх-н 53-57-р хуудас/,

- Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 157 дугаартай “1. О.Бийн биед тархи доргилт, баруун 9,10,11-р хавирганы хугарал, дух, чамархайд шарх, зүүн хацар, хэвлий, зүүн тохой, шуу, сарвуу, нуруунд зулгаралт, зүүн дээд, доод зохи, баруун бугалга, нуруу бүсэлхийд цус хуралт, нүүрний зүүн хэсэг, дагз, цээжний баруун талаар зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-н 68-р хуудас/,

- Д.Тэгшжаргалын гэрчээр өгсөн: “...Б хойшоо гэрийн баруун хаяаруу унасан, тэгээд босч ирээд зуухны ард талынх нь урд хэсэгт эвдэш тоосгыг аваад Б руу шидсэн чинь хутгаа хаяад хойшоо орон дээр унаад өгсөн...Б, Б нар хоорондоо зодолдсон...” гэх мэдүүлэг /хх-н 32-33-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

 Шүүгдэгч О.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 04-ний орой Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг “Цагаанхад” гэх газарт иргэн О.Бтой хувийн таарамжгүй харилцаанаас маргаж иргэн М.Б, Д.Тэгшжаргал нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн  үзүүлэлт /хх-н 21-23-р хуудас/,

- М.Бийн хохирогчоор өгсөн: “...Б гартаа барьсан хутгаараа миний чихийг 2 удаа хатгасан. Харин би Бийн гарт байсан хутгыг авах гээд зууралдаж байх үедээ баруун, зүүн гарны алганы хэсгийг тус бүр нэг нэг удаа зүссэн” гэх мэдүүлэг /хх-н 41-44-р хуудас/,

- Д.Тэгшжаргалын хохирогчоор өгсөн: “...Б намайг нэг удаа тохойлдсоны улмаас миний уруул язарсан. Мөн хутгатай зууралдаж байх үедээ би зүүн гарын долоовор хуруугаа зүсүүлсэн” гэх мэдүүлэг /хх-н 47-49-р хуудас/,

- Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 151 дугаартай “1. М.Бийн биед зүүн чихний дэлбэн, зүүн гарын 2-р хуруунд шарх, дух, хамар, баруун хацар, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир ирмэг, зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-н 70-р хуудас/,

- Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 152 дугаартай “1. Д.Тэгшжаргалын биед уруулын дотор салстад язарсан, зүүн 2-р хуруунд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх шарх гэмтэл нь ир ирмэг, уруулын дотор салстын шарх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-н 72-р хуудас/,/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хохирогч О.Бийн биед учирсан хүндэвтэр гэмтэл нь шүүгдэгч М.Бийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, мөн хохирогч М.Б, Д.Тэгшжаргал нарын биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч О.Бийн хохирогч нарын биед ир ирмэгтэй зүйлээр зүсэж гэмтэл учруулсан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгч нарын энэхүү үйлдэл нь  Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм. 

Иймд шүүгдэгч О.Бийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар /хоёр, түүнээс олон хүнийг/ бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Шүүгдэгч М.Бийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

2.Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хохирогч О.Бийн биед гэмтэл учирсан болох нь Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 157 дугаартай дүгнэлт /хх-н 68-р хуудас/-ээр,

Хохирогч М.Б, Д.Тэгшжаргал нарын биед гэмтэл учирсан болох нь Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 151 дугаартай дүгнэлт /хх-н 70-р хуудас/, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 152 дугаартай /хх-н 72-р хуудас/ дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй ба энэ хэргийн хохирогч М.Б, Д.Тэгшжаргал нар нь гомдол саналгүй, шүүгдэгч О.Боос нэхэмжлэх зүйлгүй тухайгаа шүүхийн шатанд илэрхийлсэн тул О.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Энэ хэргийн хохирогч О.Б нь шүүгдэгч М.Бээс ажилгүй байсан хугацааны цалин хөлс 5,000,000 төгрөг нэхэмжилсэн боловч нэхэмжлэлийн шаардлагатай холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Шүүгдэгч М.Б нь хохирогч О.Бид эмчилгээний төлбөрт 350,000 төгрөг төлсөн болохыг шийдвэрт дурдах нь зүйтэй.

3.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэл болох хохирогчид төлөх төлбөргүй, хийсэн хэрэгтээ үнэн санаасаа гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэв.

Улсын яллагчаас шүүгдэгч О.Бид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 540 /таван зуун дөч/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг хөнгөрүүлж, шүүгдэгч О.Бид 400 /дөрвөн зуу/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

- Улсын яллагчаас шүүгдэгч М.Бэд оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 /есөн зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялын саналыг хөнгөрүүлж, шүүгдэгч М.Бэд 700 /долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэл тус тус оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 5/07 дугаартай Прокурорын тогтоолоор эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн ажлын хэсгийн урт нь 14 см, хутганы ишний урт нь 11.5 см, модон хүрэн өнгийн иштэй, хутганы ажлын хэсэг нь шороо тоосоор бохирлогдсон хутга 1 ширхэг, улаан хүрэн өнгийн урт нь 24 см, өргөн нь 11 см, зузаан нь 8.5 см, хуучин ашиглаж байсан, голоороо 15 нүхтэй тоосго 1 ширхгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 400,508 /дөрвөн зуун мянга таван зуун найм/ төгрөгийг шүүгдэгч О.Боос гаргуулж Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Ханбогд сум дахь Цагдаагийн тасагт олгох нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, О.Б, М.Б нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус шийдвэрт дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд М.Б, О.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гөрөөчин овогт Ойдовын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Цамба овогт Мунахүүгийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бид 400 /дөрвөн зуу/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бэд 700 /долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь шүүхээс оногдуулсан 400 /дөрвөн зуу/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг,

-  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь шүүхээс оногдуулсан 700 /долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тус тус тайлбарласугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 5/07 дугаартай Прокурорын тогтоолоор эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн ажлын хэсгийн урт нь 14 см, хутганы ишний урт нь 11.5 см, модон хүрэн өнгийн иштэй, хутганы ажлын хэсэг нь шороо тоосоор бохирлогдсон хутга 1 ширхэг, улаан хүрэн өнгийн урт нь 24 см, өргөн нь 11 см, зузаан нь 8.5 см, хуучин ашиглаж байсан, голоороо 15 нүхтэй тоосго 1 ширхгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 400,508 /дөрвөн зуун мянга таван зуун найм/ төгрөгийг шүүгдэгч О.Боос гаргуулж Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Ханбогд сум дахь Цагдаагийн тасагт олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч О.Бийн шүүгдэгч М.Бээс ажилгүй байсан хугацааны цалин хөлс 5,000,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч М.Б нь хохирогч О.Бид эмчилгээний төлбөрт 350,000 төгрөг төлсөн, хохирогч М.Б, Д.Тэгшжаргал нар нь гомдол саналгүй, шүүгдэгч О.Боос нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч О.Б, М.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, О.Б, М.Б нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд О.Б, М.Б нарт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд О.Б, М.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ӨЛЗИЙ-ОТГОН