Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 5189

 

Хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-47 хаягт байрлах, “Мобиком корпораци” ХХК /РД:2072572/

     Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо,  2 дугаар хороолол, 7 дугаар байр, 3 тоотод оршин суух, Баттөрийнхөн овогт Баадайн Нямгарав /РД:ПЮ81081505/

Зээлээр авсан гар утасны төлбөр болон хэрэглээний төлбөрт 1.191.898 төгрөг гаргуулахыг шаардсан хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.Нямгарав нь манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 22453527 тоот гэрээ байгуулан 99605533 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан iPhone 5 S-32GB гар утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж “Анхааруулах хуудас” илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Хариуцагчийн төлбөрөөс барьцаа 30.000 төгрөгийг хассан болно.

Иймд хариуцагч Б.Нямгараваас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт нийт 1.191.898 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Очир шүүхэд гаргасан хүсэлтдээ:

“Мобиком корпораци” ХХК нь Б.Нямгараваас гэрээний үүрэгт 1.191.898 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Б.Нямгарав нь нэхэмжлэлийн шаардлага 1.191.898 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж өгнө үү гэжээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлага, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь хариуцагч Б.Нямгаравд холбогдуулан гэрээний үүрэгт 1.191.898 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Нямгарав нь нэхэмжлэлийн шаардлага 1.191.898 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

Иймд шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Нямгарав биелүүлснийг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 1.191.898 төгрөгийг хариуцагч Б.Нямгарав биелүүлснийг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид 33156 төгрөг төлснийг дурдаж, 16578 төгрөгийг Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас, 16578 төгрөгийг хариуцагч Б.Нямгараваас тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид уг захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.                                     

 

                                                   

    

 

 

ШҮҮГЧ                                     Ж.КУЛЬДАНА