Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 224/МА2025/00013

 

 

  О.О, Ц.З нарын нэхэмжлэлтэй,

Г.У-д холбогдох иргэний хэргийн тухай

    Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

   Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 318/ШШ2025/00017 дугаар шийдвэртэй,

     О.О, Ц.З нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Г.У-д холбогдох, “Нэр, нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, гутаасан мэдээг тараасан хэлбэр болох Г.У Facebook хуудсаар дамжуулан тараасан мэдээ түүнийг хуваалцсан байдлыг үндэслэн нэр, нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан болохыг сэргээлгэх, дахин нэр төрд халдсан хууль бус үйлдэл гаргахгүй байхыг Г.У-д даалгах, сэтгэл санаанд учруулсан хохирол 50,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Хариуцагч Г.У, хариуцагчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     1. Нэхэмжлэгч О.О, Ц.З нарын нэхэмжлэлийн шаардлага: Нэр, нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, гутаасан мэдээг тараасан хэлбэр болох Г.У Facebook хуудсаар дамжуулан сэргээлгэх, дахин нэр төрд халдсан хууль бус үйлдэл гаргахгүй байхыг Г.У-д даалгах, сэтгэл санаанд учруулсан хохирол 50,000,000 төгрөг гаргуулах тухай.

     1.1. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: “Г.У Facebook хуудсаар 2024 оны 3 дугаар сарын 23-ны өдөр “Бодохоор үнэхээр гомдоод байх юм. Тэнэг тулдаа л тэвчиж байна. Дэлхийн эмч нарын баярыг тохиолдуулсан тэмцээнд зөвхөн намайг хассан байсан. Яагаад эхнэр, нөхөр 2 нийлж эрх мэдлээ ашиглан хүнийг ингэж байгаа юм бэ. Чи эмч биш учир оруулахгүй гэнээ. Тэгтэл чиний эхнэр эмч юм уу, зөндөө хүмүүс орсон байхад би заавал орох гээгүй, гэхдээ хүнийг ингэж ялгаж болдог юм уу. Надад эмч болох зөндөө сонголт байсан. Гэхдээ би өнөө, маргаашгүй хавдартай хэвтэж байгаа аавдаа эм авч өгөх гэж л хамгийн хурдан сураад төгсдөг ангийг л сонгосон, гэвч аав минь намайг хүлээж тэсээгүй. Тэглээ ч миний аав, ээж надад өргүй. Би та хоёрт ямар ч буруу зүйл хийгээгүй буруутай гэвэл би эхнэртэй чинь хамт тусгай шалгалтад ороод хамгийн өндөр оноог авсан л байх. Та бүхэн ингэснийхээ төлөө гэгээрэлд хүрээрэй” гэх пост,

      2024 оны 3 дугаар сарын 23-ны өдөр “Би 2017 оноос хойш Увс аймагт ирж ажилласан тэр цагаас хойш энэ авгай, нөхөр хоёрыг тэвчиж ирсэн. Одоо үнэхээр хангалттай хүний тэвчээрт хязгаар гэж байдаг шүү. 2018 онд эхнэрээсээ болж намайг алгадаж чихний минь хэнгэрэг цоорсон одоо хүртэл сар бүр эм хэрэглэж, дусаагуур дусаадаг, зүгээр нэг энгийн жишээ авахад А-г цүнхэндээ хийчихсэн ах, дүү, найз нөхдөдөө тарааж явахад би хэлтсийн даргын хувьд чи ингэж болдог юм уу гээд маргалдаад сууж байхад нөхөр нь орж ирээд юу гээд байгаа юм гэж хэлээд зогсож байсан, ийм ёс зүйтэй хүмүүс” гэх пост миний Facebook болох О-ийн О гэх хаягийг сонгож, tagg хийж уг мэдээллийг тараалаа. Энэхүү постыг миний найз нөхөд болон ажлын хамт олон бусад хүмүүсийг буруу ташаа мэдээлэлд автуулж, олон хүнд тараасан мэдээлэл нийтэлсэн.

     2024 оны 3 дугаар сарын 23-ны өдөр нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн групп чатад миний эхнэрийг “З-д зориулав. Сая тэмцээн дээр очсон чинь яах гэж ирээв гэнэ, хаана очих эсэхээ чамаар заалгадаггүй байгаа шүү. Би хэн хүмүүстэй хамтраад аятайхан байя л гэж боддог. Гэхдээ зүгээр байхад зүү шидээд байвал өшөө томруулаад заазуур, сүх шидэж чадна шүү. Чиний зөөдөг хов минут хүрэхгүй надад сонсогддог гэдгийг бүү март... Чи хүнийг ингэж ялгаж өчүүхэн зүйлээр оролдож байгаа бол тархи чинь л ийм юм даа. Би ардын хүүхдүүдтэй ижилхэн өрсөлдөөд толгойгоороо АШУҮИС-д орсон юм шүү. Чам шиг сургуульгүй үлдчихээд мөнгө төлж орж ирээгүй гэдгийг ямагт санаж яв. Айлын хүүхдүүдийн хүсээд авч чаддаггүй 800 оноог авсан юм шүү, итгэхгүй бол шүүлгээд хараарай. Би чамд ямар ч муу юм хийгээгүй. Чи мөнгөтэй аав, дарга нөхрийнхөө эрх мэдлийг ашиглаад, дээр нь чамд далавч ургаад ч миний өмнө гарч чадахгүй заа. Амжилт хүсье” гэх илт доромжилсон мэдээлэл нийтэлсэн.

      Миний бие эхнэрийн хамт холбогдох мэдлэг, шаардлагыг хангаж, залуу хүний хувьд хэнээс ч хараат бусаар ажил хөдөлмөрөө хийж, төрийн албаны шатлан дэвших зарчмын дагуу ажиллаж, хөдөлмөрлөж ирсэн.

    Жил бүрийн 3 дугаар сарын 30-ны өдөр болдог Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан тэмцээний удирдамжийн дагуу уламжлал болсон холбогдох төрөлд эмч нарыгаа багт хуваан тэмцээнийг зохион байгуулдаг ба бүх нийтийг хамарсан өргөн цар хүрээтэй тэмцээн болсон хэмээн хувьдаа үзэж байна.

     Харин жил бүрийн 8 дугаар сард эмнэлгийн ажилтны өдөр тохиодог тул уг арга хэмжээнд эмчээс бусад ажилтан хамрагдах бүрэн боломжтой байдаг. Түүнчлэн хариуцагч нь хувь хүн рүү чиглэсэн удаа дараагийн пост хийж, 2018 онд чих рүү цохиж хэнгэрэг хагарсан тухай дурдсан. Тийм зүйл болсон бол холбогдох хуулийн байгууллагад гомдол гаргаж эрхээ хамгаалуулах боломжтой ба илт худал мэдээлэл тарааж ажил хэргийн нэр хүндэд санаатайгаар халдсан, мөн А витаминыг цүнхэндээ хийж ах дүү, найз нөхдөдөө тарааж явсан зүйл байхгүй.

     Иймд Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт тус тус зааснаар О.О, Ц.З нарын нэр, ажил хэргийн нэр төрд халдсан тул мэдээ тараасан хэлбэр болох Г.У Facebook хуудсаар няцаалт хийж, залруулга хийхийг даалгаж өгнө үү” гэжээ.

   2. Хариуцагч Г.У нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж татгалзлын үндэслэлээ: “Энэхүү нэхэмжлэлийг гаргасан иргэн О.О, Ц.З нарын нэр төрд халдаагүй бөгөөд бичсэн пост минь ямар нэгэн хохирол учруулсан гэж үзэхээргүй байна. Миний зүгээс facebook хуудастаа намайг тэмцээнд оруулаагүй талаар 2 удаа пост оруулсан. Мөн 2024 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн 8 хүнтэй групп чатад Ц.З-д зориулав гэх чатыг бичсэн ба дараа нь чатаа скрийншот хийж, зурган хэлбэрээр өөрийн Facebook хаягтаа нийтэлсэн. Эрүүл мэндийн салбарынхны дунд дэлхийн эмч нарын баярыг тохиолдуулан зохион байгуулсан тэмцээнээс намайг хассан байсан. Үүнийг би зохион байгуулалттай, миний тэмцээнд оролцох эрхийг хааж хязгаарласан гэж үзсэн учраас үүнтэй холбогдуулан пост оруулсан. Тухайн тэмцээний удирдамж, нэрс олон хоногийн өмнө ирсэн байсан. Тэмцээнээс хасагдсан тухайгаа мэдээд би яагаад намайг оруулаагүй талаар О.О-с асуухад чиний мэргэжлээс шалтгаалж хассан талаар хэлсэн. Тэмцээнд эмнэлэгт ажилладаг, эрүүл мэндийн даатгалд ажилладаг адил мэргэжлийн хүмүүс оролцсон байсан. Мэргэжлээс нь шалтгаалж хассан биш зөвхөн намайг хассан байсан. Тэмцээнийг очиж үзэхэд намайг Ц.З чи яах гэж ирсэн юм, чамд ичих нүүр байна уу гэсэн. 2017 онд Эрүүл мэндийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр намайг ажлаа өг гэсний улмаас би ажлаа өгсөн.

      2023 онд хэлтсийн даргын сонгон шалгаруулалт зарлагдаж, 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр шалгалтад орсон. Тухайн шалгалтад миний бие 70,1 оноогоор тэнцсэн ба 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр намайг албан тушаалд томилох ёстой байсан ч намайг томилоогүй. Тиймээс би Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр томилогдсон.

     Тухайн шалгалтын асуудалтай холбогдуулж өс санаж явсаар О.О, Ц.З нар намайг тухайн байгууллагын тэмцээнд оруулаагүй гэж үзэж байна. Хүүхдэд өгөх А витаминыг тараасан талаар хэлсэн нь үнэн. 2018 онд Ховд аймагт баруун бүсийн эмч нарын чуулга уулзалт болсон. Миний зүгээс 2 чиглэлээр илтгэл тавихаар оролцсон. Тухайн тэмцээнд О.О, Ц.З нар явсан. О.О фургон машинд сууж явахдаа намайг алгадсаны улмаас миний чихний хэнгэрэг хагарсан байсан. Тухайн үед О.О-т миний чихний хэнгэрэг хагарсан талаар хэлэхэд намайг алгадсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. 2020 оны 3 дугаар сард х эмнэлгийн эмч н.М англи хэлний хичээл заахад Ц.З болон миний бие хамрагдсан. Хичээлд сууж байх явцад Ц.З цүнхнээсээ А витамин гаргаж, хичээлд сууж байгаа хүмүүст тараасан. Би тухайн үед хүмүүсийн хажууд хэлэх дэмий гэж бодоод маргааш нь ажил дээрээ ирээд Ц.З-г чи яагаад хүүхдэд тараах ёстой байгууллагын витаминыг гадны хүмүүст тараагаад байгаа юм бэ гэж хэлээд хоорондоо маргалдаад дуусаж байхад О.О өрөөнд орж ирээд наад чацга чинь юу гээд байгаа юм гэж хэлсэн. Би худлаа яриагүй, худал зүйл бичээгүй, үнэн зүйлийг нийтэлсэн.

      Миний зүгээс дүгнэхдээ нэхэмжлэгч нар өш хонзонгийн сэдэлтэй, санаатай, зохион байгуулалттай, бүлэглэн намайг дарамталсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч нарын нэр төрд халдаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

   3. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 318/ШШ2025/00017 дугаар шийдвэрээр:

       - Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.О, Ц.З нарын нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, гутаасан мэдээг тараасан хэлбэр болох Г.У Facebook хуудсаар дамжуулан няцаахыг хариуцагч Г.У-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх нэр сэргээлгэх, дахин нэр төрд халдсан хууль бус үйлдэл гаргахгүй байхыг Г.У-д даалгах, сэтгэл санаанд учруулсан хохирол 50,000,000 /тавин сая/ төгрөг гаргуулах тухай хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

       - Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч О.О, Ц.З нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 478,150 /дөрвөн зуун далан найман мянга нэг зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.У-с 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.О, Ц.З нарт олгож шийдвэрлэсэн байна.

       4. Хариуцагчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 сарын 07-ны өдрийн 318/ШШ2025/00017 дугаартай шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй зарчмыг хангаагүй гэж үзэж байна.

       Шүүх үнэлбэл зохих баримтыг үнэлээгүй. Тухайлбал эмч нарын баярын спорт арга хэмжээнээс Г.У-г хассан талаар ХЭҮК-ын тамгын газраас ирүүлсэн 2024 оны 4 дүгээр сарын 16-ны огноотой ТГ-05 /551 дугаартай албан бичигт, О.О, Ц.З нараас тайлбар авсан талаар дурдаад, Ц.З нь цахимаар болон утсаар тэмцээн зохион байгуулагч нарт “Г.У-г эмч биш учраас хасаарай” гэж хэлсэн нь тогтоогдсон агуулга бүхий дүгнэлт хийж ирүүлсэн бөгөөд энэ албан бичгийг эх хувиар нь хэрэгт өгсөн боловч үнэлээгүй.

      Мөн О.Онь Г.У-ийн чихний хэнгэрэгийг хагалсан болохыг нотлох зорилгоор Г.У нь өөрийн өвчтөний түүхийг эх хувиар нь гаргаж өгөөд байхад энэ талаар зохих байгууллагад тухайн үед хандаагүй гэж шүүх дүгнэсэн нь өрөөсгөл болсон. Өвчтөний түүхээр нэхэмжлэгчийн чихний хэнгэрэг хагарсан болох нь тогтоогдсон. Энэ үйл баримтын талаар О.О няцаалт хийгээгүй бөгөөд хүлээн зөвшөөрсөн агуулга бүхий хариулт хэлсэн /... энэ талаар яривал урт түүх болно гэсэн.../ байхад цагдаад хандаж шалгуулаагүй гэдэг байдлаар дүгнэлт хийсэн нь буруу болсон. Эдгээр нотлох баримтыг үнэлээгүйгээс болж Г.У-г тараасан мэдээллийнхээ үнэн зөв болохыг баталж чадаагүй гэх дүгнэлтэд хүрсэн.

      Түүнчлэн хавтаст хэрэгт байхгүй зүйлийг нотлох баримтаар дурдаж дүгнэлт хийсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн зэрэг үйл баримт нь шүүх хараат бусаар хэргийг шийдсэн гэх итгэл төрүүлэхгүй байна. Иймд давж заалдах журмаар гомдол гаргаж байгаа бөгөөд хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

    5. Хариуцагчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Иргэний нэр төрд халдсан аливаа мэдээ мэдээллийг тараасан этгээд мэдээллийнхээ үнэн зөв гэдгийг нотлох үүрэгтэй.

       Талууд маргах болсон шалтгаан нь Дэлхийн эмч нарын өдөрт зориулсан арга хэмжээнд Г.У урьд нь оролцож байсан бөгөөд тухайн өдөр оролцох гэхэд Г.У-г хассан. Яагаад хассан талаар тодруулахад эмч биш учраас хассан гэдэг зүйлийг ярьсан. Гэтэл Г.У нь Ц.З-тай ижил мэргэжилтэй байсан. Ц.З, Г.У нар Эрүүл мэндийн газрын хэлтсийн даргын сонгон шалгаруулалтад хамт орж тухайн үед Г.У ялсан баримтууд байдаг. Үүнээс үүдээд санаатайгаар хамт олных нь дунд ганцаардуулах зорилгоор ялгаварлан гадуурхаж тэмцээнд оруулаагүй. Ийм учраас дээрх постууд бичигдсэн. Энэ талаараа Г.У Хүний эрхийн үндэсний комисст хандаж гомдол гаргасан. Хүний эрхийн үндэсний комиссоос 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр ирүүлсэн албан бичигт, О.О, Ц.З нараас тайлбар авсан бөгөөд Г.У эмч биш учраас хасаарай гэдгийг Ц.З зохион байгуулагч нарт хэлсэн байна.

      Энэ талаар ёс зүйн дэд хороонд нь хандаж болох юм. Харин хүний эрхийг зөрчсөн, ялгаварлан гадуурхсан гэж үзэх гэх боломжгүй байна гэж дүгнэсэн. Гэтэл шүүх хавтаст хэрэгт авагдсан утасны чатуудыг скрийншот хийж хэвлэснийг нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа учраас Г.У-г эдгээр хүмүүс хассан эсэх нь тогтоогдохгүй байна гэж үзсэн. Анх нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэгч тал шаардлага хангахгүй нотлох баримтыг буюу цахимд бичсэн постыг скрийншот хийж хэвлэн хавсаргасан. Түүнийг нь үнэлж, иргэний хэрэг үүсгэж шалгасан атлаа хариу тайлбар гаргаж байгаа талын нотлох баримтыг үнэлээгүй. Нотлох баримтад тавигдах шаардлагын хувьд үндэслэлтэй гэхэд Хүний эрхийн үндэсний комиссоос албан ёсоор ирсэн улаан тамгатай бичгийг яагаад нотлох баримтаар үнэлээгүй вэ гэх асуудал гарч ирж байна. Үүнийг нотлох баримтаар үнэлсэн бол Г.У-г хууль бусаар тэмцээнээс хассан болох нь тогтоогдох байсан.

     Мөн Г.У чихний хэнгэргээ хагалуулсан гэх боловч Цагдаагийн байгууллагад хандаж, шалгуулаагүй учраас үнэлэх боломжгүй гэж дүгнэсэн.  Г.У хохирсон боловч Цагдаагийн байгууллагад хандаж эрүүгийн журмаар шалгуулах эсэх нь түүний эрх шүү дээ. Хамт олны дунд болсон үйл явдлын талаар  заавал цагдаагаар шалгуулах шаардлагагүй гэж үзсэн учраас гомдол гаргаагүй. Гэхдээ эх баримт буюу Г.У-ийн өвчтөний түүхэнд бичигдсэнээс харахад түүний чихний хэнгэрэг нь хагарсан болох нь тогтоогдож байгаа.

      Анхан шатны шүүх хуралд Д.У гэх иргэдийн төлөөлөгч оролцож  дүгнэлтдээ: “Нэхэмжлэгч нар ард түмэндээ үйлчлэх ёстой цагаа өнөөдрийн шүүх хуралдаанд зарцуулж байгаа нь харамсалтай байна, маргаан нь нэхэмжлэгч хариуцагч нарын өөрсдийнх нь хариуцлагагүй, ёс зүйгүй үйлдлээс болж үүссэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч болон хариуцагч нь аль аль нь ёс зүйн хувьд гэм буруутай гэж үзэж байна” гэж дүгнэлт гаргасан. Гэтэл шүүх энэ дүгнэлтийг хүлээж авахгүй талаараа дурдахдаа талуудын шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслээгүй байх тул дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв гэсэн.

     Шүүхэд гаргасан хэний, ямар тайлбараар, хэрэгт авагдсан ямар нотлох баримтаар иргэдийн төлөөлөгч Д.У-ын гаргасан дүгнэлт нь тогтоогдохгүй байгаа талаар шүүх тайлбарлах ёстой. Шүүхийн шийдвэр ойлгомжтой, хоёрдмол утга санаа агуулаагүй байх ёстой.

     Иргэдийн төлөөлөгчийн нэхэмжлэгч болон хариуцагчийн аль аль нь буруутай байна гэж дүгнэснийг яагаад хүлээж аваагүй талаар шүүхийн шийдвэрийг уншихад ойлгох ёстой. Гэтэл шүүхийн шийдвэр шаардлага хангахгүй гарсан байна. Шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа.

     Хэргийн үйл баримт дээр анхан шатны шүүх бүрэн гүйцэт дүгнэлт хийж чадаагүй, шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэсэн дүгнэлт гаргаж байна” гэв.

     6. Хариуцагч Г.У давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2017 оноос эхлэн Увс аймгийн Эрүүл мэндийн газарт ажиллаж байгаа. 2 удаа Төрийн албаны шалгалтад орсон бөгөөд 2017 онд хэлтсийн даргын шалгалтад ороод тэнцсэн. 2021 онд засаг солигдоод намайг ажлаа өг гэсэн тул би ажлаа өгсөн. Улмаар 2023 онд дахин сонгон шалгаруулалтад орж тэнцээд энэ албан тушаалд томилогдон ажиллаж байна. Иргэн Ц.З, О.О нартай 2017 оноос хойш хамт ажиллаж эхэлсэн. О.О надтай адил хэлтсийн дарга албан тушаалтай, Ц.З манай хэлтсийн мэргэжилтнээр ажилладаг. Би 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл маш олон зүйлийг хүнд хэлэхгүйгээр дотроо тэвчиж, нууж ирсэн. Тухайн үед би шүүхэд хандах ёстой байсан юм байна.

     Миний өмнө хэлсэн болон одоо хэлж байгаа үг 100 хувь үнэн боловч би баримтжуулж хадгалж аваагүй нь миний буруу болж байна. Цаашид иймэрхүү зүйлийг хадгалж, баримтжуулах ёстой юм байна гэдгийг би мэдэрч авлаа.

      Ц.З нь нөхөр болон сум, орон нутгийнхан, Эрүүл мэндийн газарт ажилладаг хүмүүсийн хамт өдөр бүр намайг байж, суух аргагүй байдалд хүргэдэг. Би хүн учраас  бүх зүйлийг тоохгүй өнгөрөөж чадахгүй, заримдаа хариу үйлдэл гаргадаг. Би 2019 онд Эрүүл мэндийн газрын ёс зүйн зөвлөлд өргөдөл өгч байсан бөгөөд миний өргөдлийг хүлээж аваад  та нар хоорондоо ярилц гэхэд бид ярилцаад тохиролцож чадаагүй.

      Намайг тэмцээнд оролцуулаагүй гэж харагдаж байгаа боловч цаана нь маш олон гүнзгий утга агуулгатай зүйл байгаа. Өөрийнх нь эхнэр адилхан мэргэжилтэй хүн байхад  тэмцээнд Увс аймгийн бүх хүнийг оролцуулаад зөвхөн намайг хассан нь олон жилийн өш хонзонгийн сэдэлтэй, зохион байгуулалттай, хүнийг гутаан доромжлох, ялгаварлан гадуурхах, бусдын оролцох эрхийг хясах санаа зорилготой гэдгийг би дахин давтаж хэлмээр байна.

      Түүнчлэн би фэйсбүүк дээрээ шууд бичээгүй, ёс зүйн хороонд хандах гэхэд Эрүүл мэндийн газарт ёс зүйн хороо байхгүй, Эрүүл мэндийн салбарын ёс зүйн хороонд мэйл бичсэн боловч надад хариу ирүүлээгүй. Би аргаа бараад Хүний эрхийн комисст хандсан. Хүний эрхийн комиссоос надад өмнө өмгөөлөгчийн хэлсэн хариу ирсэн.

     Хүмүүс намайг асуудлыг нуулгүй фэйсбүүктээ бичлээ, бусад хүмүүс юу гэж бодох юм бэ гээд хүмүүсийн бодол руу анхаараад байх юм. Гэтэл цаана нь Г.У гэдэг хүний эрх 7, 8 жил зөрчигдөөд яваад байгааг яагаад ярихгүй байна. Миний чихний хэнгэрэг гэмтсэнээс  болоод би сүүлийн 8 жил нойргүйдлийн эм ууж байна.

       Тэд эрхтэй, нэр хүндтэй, тэд баяр ёслолд орж болдог, би болохоор нэр хүндгүй, баяр ёслолд орж болдоггүй, хамт олонтойгоо ажлаа хийж болдоггүй, байнга сэтгэл санааны дарамттай, хүчирхийлэлтэй, байнга сэтгэл зүйн эм, нойрны эм уудаг, чихнийхээ хэнгэрэгт зориулж маш их эм тариа уусан, хот явж зөндөө  эмнэлэгт хэвтсэн талаар өвчтөний карт дээр байгаа.

      Гэтэл анхан шатны шүүх түүнийг харгалзаж үзэхгүйгээр шийдвэрлэсэнд харамсалтай байна. 2021, 2022 онд надад ажил хийхэд хэцүү байсан тул ажлаасаа гаръя гэж бодож байсан. Өртэй, зээлтэй учраас тэсээд, эмээ уугаад л явж байсан.

     Сая 3 сарын хугацаанд Филиппин улсад сурах хугацаанд ч мессеж бичиж дарамталж байсан. Би яах ёстойгоо ч мэдэхгүй байна. Намайг сурахаар сурлаа л гэх юм, ажил санаачлахаар ажил санаачиллаа, гэрийнхэнтэйгээ аялахаар аяллаа гэх юм. Би О.О, түүний эхнэр нараас доогуур л байх ёстой юм шиг байна лээ.

     Би нэг удаагийн тэмцээний талаар бичээгүй, 2017 оноос хойш болсон зүйлийг тэвчиж байгаад бичсэн. Эндээс гараад явахад дахиад л дарамтлаад явна. Үүнийг шүүх хуулийн дагуу үнэн зөвөөр шийдэж өгөөсэй л гэж хүсэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

     1. Хариуцагчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэнгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 318/ШШ2025/00017 дугаар шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

       2. Нэхэмжлэгч О.О, Ц.З нар нь хариуцагч Г.У-д холбогдуулан, “нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, гутаасан мэдээг тараасан хэлбэр болох Г.У Facebook хуудсаар дамжуулан гутаасан болохыг сэргээлгэх, нэр сэргээлгэх, дахин нэр төрд халдсан хууль бус үйлдэл гаргахгүй байхыг Г.У-д даалгах, сэтгэл санаанд учруулсан хохирол 50,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

      3. Хариуцагч Г.У нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж, нэхэмжлэгч нарын нэр төрд халдаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх тайлбар гаргасан байна.

     4. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.О, Ц.З нарын нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, гутаасан мэдээг тараасан хэлбэр болох Г.У Facebook хуудсаар дамжуулан няцаахыг хариуцагч Г.У-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх нэр сэргээлгэх, дахин нэр төрд халдсан хууль бус үйлдэл гаргахгүй байхыг Г.У-д даалгах, сэтгэл санаанд учруулсан хохирол 50,000,000 төгрөг гаргуулах тухай хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

       5. Хариуцагчийн өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгөхийг хүссэн давж заалдах гомдол гаргасан байх ба гомдлыг хангах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв. 

    6. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын хүрээнд дүгнэлт хийж, зохигчийн хооронд үүссэн маргаантай эрх зүйн харилцаанд хэрэглэвэл зохих Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

     7. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, хариуцагч Г.У нь Fасеbоок олон нийтийн сүлжээн дэх өөрийн Г.У гэх цахим хаягаас “Бодохоор үнэхээр гомдоод байх юм. Тэнэг тулдаа л тэвчиж байна. Дэлхийн эмч нарын баярыг тохиолдуулсан тэмцээнд зөвхөн намайг хассан байсан. Яагаад эхнэр, нөхөр 2 нийлж эрх мэдлээ ашиглан хүнийг ингэж байгаа юм бэ. Чи эмч биш учир оруулахгүй гэнээ. Тэгтэл чиний эхнэр эмч юм уу, зөндөө хүмүүс орсон байхад би заавал орох гээгүй, гэхдээ хүнийг ингэж ялгаж болдог юм уу. Надад эмч болох зөндөө сонголт байсан. Гэхдээ би өнөө, маргаашгүй хавдартай хэвтэж байгаа аавдаа эм авч өгөх гэж л хамгийн хурдан сураад төгсдөг ангийг л сонгосон, гэвч аав минь намайг хүлээж тэсээгүй. Тэглээ ч миний аав, ээж надад өргүй. Би та хоёрт ямар ч буруу зүйл хийгээгүй буруутай гэвэл би эхнэртэй чинь хамт тусгай шалгалтад ороод хамгийн өндөр оноог авсан л байх. Та бүхэн ингэснийхээ төлөө гэгээрэлд хүрээрэй” гэх нийтлэл,

      - “Би 2017 оноос хойш Увс аймагт ирж ажилласан тэр цагаас хойш энэ авгай, нөхөр хоёрыг тэвчиж ирсэн. Одоо үнэхээр хангалттай хүний тэвчээрт хязгаар гэж байдаг шүү. 2018 онд эхнэрээсээ болж намайг алгадаж чихний минь хэнгэрэг цоорсон одоо хүртэл сар бүр эм хэрэглэж, дусаагуур дусаадаг, зүгээр нэг энгийн жишээ авахад А-г цүнхэндээ хийчихсэн ах, дүү, найз нөхдөдөө тарааж явахад би хэлтсийн даргын хувьд чи ингэж болдог юм уу гээд маргалдаад сууж байхад нөхөр нь орж ирээд юу гээд байгаа юм гэж хэлээд зогсож байсан, ийм ёс зүйтэй хүмүүс” гэх нийтлэлийг О-ийн О гэх хаягийг тэмдэглэж нийтэлсэн,

      - мөн Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн групп чатад “З-д зориулав. Сая тэмцээн дээр очсон чинь яах гэж ирээв гэнэ, хаана очих эсэхээ чамаар заалгадаггүй байгаа шүү. Би хэн хүмүүстэй хамтраад аятайхан байя л гэж боддог. Гэхдээ зүгээр байхад зүү шидээд байвал өшөө томруулаад заазуур сүх шидэж чадна шүү. Чиний зөөдөг хов минут хүрэхгүй надад сонсогддог гэдгийг бүү март... Чи хүнийг ингэж ялгаж өчүүхэн зүйлээр оролдож байгаа бол тархи чинь л ийм юм даа. Би ардын хүүхдүүдтэй ижилхэн өрсөлдөөд толгойгоороо АШУҮИС-д орсон юм шүү. Чам шиг сургуульгүй үлдчихээд мөнгө төлж орж ирээгүй гэдгийг ямагт санаж яв. Айлын хүүхдүүдийн хүсээд авч чаддаггүй 800 оноог авсан юм шүү, итгэхгүй бол шүүлгээд хараарай. Би чамд ямар ч муу юм хийгээгүй. Чи мөнгөтэй аав. Дарга нөхрийнхөө эрх мэдлийг ашиглаад тэгээд дээр нь чамд далавч ургаад ч миний өмнө гарч чадахгүй заа. Амжилт хүсье” гэх бичвэрийг бичсэн байх ба Ц.З-д зориулав гэх бичвэрээ хуулбарлан Г.У гэх Fасеbоок цахим хаягтаа нийтэлсэн байх бөгөөд энэ үйл баримтын талаар зохигчид маргаагүй, хариуцагч нь өөрийн Facebook олон нийтийн сүлжээн дэх цахим хаягаас дээрх бичвэрүүдийг нийтэлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан байна.

     8. Анхан шатны шүүх тус нийтлэлд дурдагдсан, нэхэмжлэгч О.О, Ц.З нарт хандаж, “Дэлхийн эмч нарын баярыг тохиолдуулсан тэмцээнд зөвхөн намайг хассан байсан. Яагаад эхнэр, нөхөр 2 нийлж эрх мэдлээ ашиглан хүнийг ингэж байгаа юм бэ” гэх нийтлэл, “...2018 онд эхнэрээсээ болж намайг алгадаж чихний минь хэнгэрэг цоорсон, байгууллагын А витаминыг цүнхэндээ хийчихсэн ах, дүү, найз нөхдөдөө тарааж явсан” гэх нийтлэл, “...Би ардын хүүхдүүдтэй ижилхэн өрсөлдөөд толгойгоороо АШУҮИС-д орсон юм шүү. Чам шиг сургуульгүй үлдчихээд мөнгө төлж орж ирээгүй гэдгийг ямагт санаж яв. Чи мөнгөтэй аав. Дарга нөхрийнхөө эрх мэдлийг ашиглаад...” гэх нийтлэлээ тус тус нэхэмжлэгч нарт холбогдуулсан байх ба хариуцагч нь Fасеbоок цахим хаягтаа нийтэлсэн нийтлэлээ бодит байдалд нийцсэн, үнэн зөв болохыг баримтаар нотолж чадаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

     Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар Бусдын нэр төрийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаах үүргийг хүлээдэг бөгөөд хариуцагч нь олон нийтийн сүлжээ дэх өөрийн Г.У гэх цахим хаягаас нийтэлсэн нэхэмжлэгч нарын талаарх нийтлэл  нь тэдгээрийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан буюу бодит байдалд нийцээгүй болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, хариуцагч Г.У Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар цахим сүлжээнд бичсэн нийтлэлийнхээ үнэн зөвийг нотолж чадаагүй байна, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

     Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, гутаасан мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг хариуцагч Г.Уд даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

     9. Эдийн бус гэм хорыг арилгах хэмжээг мэдээ тараасан арга хэрэгсэл, тарсан хүрээ, хохирогчийн сэтгэл санаанд учирсан үр дагавар зэргийг харгалзан нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлийн хүрээнд шүүх мөнгөөр тооцож тогтоож болох бөгөөд нэхэмжлэгч нар сэтгэл санааны хохирлыг ямар аргачлалаар тооцсон үндэслэлээ тайлбарлаж, нотлоогүйгээс шүүх нэхэмжлэлээс сэтгэл санаанд учруулсан хохирол гэх 50,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчөөгүй байна.

     Мөн шүүхээс нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын нэг болох дахин нэр төрд халдсан хууль бус үйлдэл гаргахгүй байхыг Г.У-д даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хийсэн шүүхийн дүгнэлт нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т заасантай нийцсэн байна.

     Иймд шүүхээс нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаас “нэр сэргээлгэх, дахин нэр төрд халдсан хууль бус үйлдэл гаргахгүй байхыг Г.У-д даалгах, сэтгэл санаанд учруулсан хохирол 50,000,000 төгрөг гаргуулах тухай хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд шүүхийн энэхүү шийдлийн талаар зохигчид давж заалдах гомдол гаргаагүй байна.

      10. Хариуцагчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэнгийн давж заалдах шатны шүүхэд гаргасан “...анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зөв үнэлээгүй, нэхэмжлэгч О.О нь хариуцагчийн чихний хэнгэрэг хагалсан болох нь өвчтөний түүхээр нотлогдож байгаа, анхан шатны шүүх иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг зөв үнэлээгүй, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү” гэх гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

     10.1. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулж, зохигчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлаж танилцуулсан, мөн нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзаж буй үндэслэлээ нотлох баримтуудаа шүүхэд гаргаж өгөхийг танилцуулсан талаарх баримтууд хэрэгт авагдсан ба шүүхээс талуудын мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжийг хангасан, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй гэж дүгнэв. 

    10.2. Хариуцагч Г.У нь цахим орчинд өөрийн бичсэн нийтлэлд дурдсан мэдээ мэдээллийг үнэн зөв, бодит байдалд нийцсэн гэж маргасан боловч түүний шүүхэд ирүүлсэн баримт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчийн хүсэлтийн дагуу шүүхээс бүрдүүлсэн баримтуудаар нийтлэлд дурдсан мэдээлэл нь нотлогдоогүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

      10.3. Хэрэгт авагдсан, Г.У-ийн амбулаториор эмчлүүлэгсдийн картад түүний чихний хэнгэрэг гэмтсэн байгаа талаар бичигдсэн байх боловч уг гэмтэл хэзээ, хэрхэн учирсан, түүнчлэн уг гэмтэл нэхэмжлэгч О.О-ын үйлдлийн улмаас учирсан болохыг шалгаж тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр хэрэгт авагдаагүй байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл бүхий нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй байна.

     10.4. Шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзэж, уг дүгнэлтийн талаарх үндэслэлээ шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгахаар Монгол улсын Шүүхийн тухайн хуулийн 66 дугаар зүйлд хуульчилсан байна.

    Анхан шатны шүүх Ц.З, О.О нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ тус шүүх  хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн гаргасан дүгнэлтийн агуулгыг шийдвэрийн тодорхойлох хэсэгт тусгаж,  дүгнэлтийг хүлээн аваагүй / шийдвэрийн үндэслэл болгоогүй/ талаар дүгнэлт хийсэн нь хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна. 

      11. Нэхэмжлэгч Ц.З, О.О нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 318/ШШ2025/00017 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэнгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.    

      12. Давж заалдах шатны шүүхээс гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

    1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 318/ШШ2025/00017 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Г.У-ийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэнгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэнгийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                                          ДАРГАЛАГЧ,

                                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Л.АЛТАН

                                                               ШҮҮГЧ                                Ж.ОТГОНХИШИГ

                                                    ШҮҮГЧ                                Н.МӨНХЖАРГАЛ