| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Баярмаа |
| Хэргийн индекс | 102/2016/04936/И |
| Дугаар | 563 |
| Огноо | 2016-08-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 563
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, 3в хэсэг, Улиастайн гудамж 748а тоотод оршин суух Боржигин овогт Алтангэрэлийн Мөнхдөл /РД-ЦЗ81071008/-ийн,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян уулын 12 дугаар гудамж 6 тоотод оршин суух Ямаан хачит овогт Оюунбилэгийн Ган-Өлзий /РД-СГ86072406/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 2.137.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, мөн сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Золзаяа, хариуцагч О.Ган-Өлзий, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Саранцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Мөнхдөл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Золзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагч О.Ган-Өлзийд 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1.500.000 төгрөгийг, 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч О.Ган-Өлзий гэрээний хугацааг 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг сунгахаар тохирсон. Тохирсон хугацааны хүүгээ өгсөн. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч О.Ган-Өлзий нь үндсэн зээл 1.500.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Иймд зээлийн гэрээний үүргийн биелэлт болох 1.500.000 төгрөгийг, бидний байгуулсан зээлийн гэрээгээр хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дуусаж зээлийн гэрээний нэмэлт үүргээ биелүүлээгүй тул 85 хоногийн алданги болох 637.500 төгрөгийн хамт, нийт 2.137.500 төгрөгийг О.Ган-Өлзийгөөс гаргуулж өгнө үү гэжээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Зохигчид хоорондоо 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1.500.000 төгрөгийг 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцсон боловч О.Ган-Өлзий нь гэрээгээ сунгах хүсэлт тавьж 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл сунгасан. Энэ хугацааны хүүгээ О.Ган-Өлзий төлсөн, хариуцагч зээлийн гэрээний хүүнд эхний 4 сарын 150.000 төгрөг, нийт 600.000 төгрөгийг төлсөн. Бэлнээр цувуулж 155.000 төгрөг авсан нь үнэн. Одоо зээлийн үндсэн үүрэгт 1.500.000 төгрөг, 2016 оны 2 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 85 хоногийн алданги өдөрт 7500 төгрөгөөр тооцоод 637.500 төгрөг, нийт 2.137.500 төгрөг болж байгаа. Иймд уг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч О.Ган-Өлзий шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие зээлийн гэрээний үүрэгт нэхэмжилсэн үндсэн зээл болон алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. Хариуцагч О.Ган-Өлзий нь шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 25 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэйгээр 1.500.000 төгрөгийг зээлдэн авсан. Анх байгуулсан зээлийн бичгийн гэрээ одоогоор байхгүй, би зээлээ бэлнээр нь тооцон авсан. Энэ гэрээ ёсоор бол би 25 хоногийн турш өдөр бүр 66.000 төгрөг төлөхөөр тохиролцсон боловч миний бие эхний 5 хоног төлөөгүй, би 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүү 150.000 төгрөг, мөн сарын 26-ны өдөр 150.000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд 150.000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 5-ны өдрийг хүртэлх хугацаанд 150.000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 5-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд 150.000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд 150.000 төгрөгийг тус бүр 7 удаагийн үйлдлээр нийт 1.050.000 төгрөгийг бэлнээр төлсөн. Шүүхэд ирүүлсэн гэрээ бол бидний анх байгуулсан гэрээ биш, сүүлд нөхөж байгуулсан гэрээ юм, 0,5 хувийн алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн би 2016 оны 05 дугаар сарын 25-ний өдрөөс хойш зээлийн гэрээний үүрэгт 155.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Ингээд уг зээлийн гэрээний үүрэгт нийт 1.205.000 төгрөгийг нь төлсөн, одоо би наймаагаа хийж чадахгүй болчихоод үлдэгдэл 932.500 төгрөгийг төлөх боломжгүй байна, би нэхэмжлэлийн шаардлагаас 300.000 төгрөгийг л төлнө гэв.
Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Ү Н Д Э С Л Э Х Н Ь:
Нэхэмжлэгч А.Мөнхдөл нь хариуцагч О.Ган-Өлзийд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2.137.500 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч А.Мөнхдөл нь хариуцагч О.Ган-Өлзийтэй 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан болох талаар зохигчид маргадаггүй.
Хавтаст хэргийн 3 дугаар хуудсанд зохигчид хоорондоо байгуулсан гэх зээлийн гэрээг шүүхэд үнэлүүлэхээр ирүүлсэн байх ба уг гэрээг нэхэмжлэгч 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан анхны гэрээ мөн гэж, хариуцагч О.Ган-Өлзий нь анх байгуулсан гэрээ биш сарын дараа нөхөж байгуулсан гэрээ, би анх хоосон цаасан дээр гарын үсэг зураад, иргэний үнэмлэхээ канондоод өгөөд явсныг нэхэмжлэгч өөрөө гэрээний нөхөцлөө нөхөн бичсэн гэж маргадаг. Гэвч уг хуудсанд авагдсан зээлийн гэрээ нь анх авсан зээлийн гэрээ болох нь тогтоогдохгүй байх ба Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар зохигчдын хооронд байгуулсан гэх зээлийн гэрээний агуулга, нөхцөл, хүсэл зориг, үгийн шууд утгаас үзвэл зээлийн гэрээг сунгаж байгуулсан гэрээ болох нь тогтоогдож байна. Энэ гэрээг анх байгуулсан гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байгаа хэдий ч уг гэрээнд гэрээг байгуулсан он, сар, өдөр байхгүй, хугацааг 4 сараар сунгахыг тохиролцсон байтлаа 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээг 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 4 сар сунгав гэж бичигдсэн зэрэг байдлаас үзвэл хавтаст хэргийн 3 дугаар хуудсанд авагдсан зээлийн гэрээ нь анх байгуулсан зээлийн гэрээний үүрэгт тооцож хугацаа сунгасан гэрээнүүд болох нь тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Зохигчид анх байгуулсан зээлийн гэрээг шүүхэд гаргаж өгөөгүй, нөгөөтэйгүүр анх тохиролцсон зээлийн гэрээг бичгийн хэлбэрээр байгуулсан эсэх нь тогтоогдохгүй байх тул 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан болох нь зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан зохигчдын хооронд байгуулсан бичгийн хэлцэл зэргээр тогтоогдож байна.
Монгол улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зохигчид зээлийн гэрээг байгуулсан байх ба зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээсэн байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдүүлэгчид шилжүүлж өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох тул зохигчдын хооронд 1.500.000 төгрөгний зээлийн гэрээ байгуулсан байна. Үүнтэй зохигчид маргадаггүй.
Түүнчлэн уг зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэгч хүү шаардаагүй ч хүүг зайлшгүй тооцох шаардлагын үүднээс зээлийн гэрээний хүүний тухайд хугацаа сунгасан гэх 2 гэрээнд хүү тохиролцсон болох нь тодорхой байх боловч шүүх 1.500.000 төгрөг зээлсэн зээлийн анхны гэрээний үүрэгт хүү тооцохоор тохиролцсон эсэх нь тодорхойгүй, бичгээр байгуулсан гэрээ байхгүй байна гэж үзлээ. Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар зээлийн гэрээнд хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийсэн байхыг шаардахын зэрэгцээ бичгээр байгуулаагүй бол хүү авах эрхээ алдахаар заасан байх тул зохигчид зээлийн хүүг төлөхийг хүлээн зөвшөөрсөн ч дээрх иргэний хуулийн заалтын дагуу нэхэмжлэгч А.Мөнхдөл нь зээлийн хүүг бичгээр тохиролцоогүй тул хүү шаардах эрхээ алдсан байна.
Нэхэмжлэгч А.Мөнхдөл нь зээлийн гэрээндээ анхнаасаа хүү тогтоож, бичгээр тусгаагүй байх тул хүү авах эрхээ алдсантай холбоотойгоор хариуцагч талын зээлийн гээрээний хүүнд төлсөн гэх төлөлтүүд үндсэн зээлийн төлбөрөөс хасагдан тооцогдох хууль зүйн үндэслэлтэй байна.
Зээлийн гэрээний хүүнээс гадна алдангийн тухайд нэхэмжлэгч 0.5 хувийн алданги тохиролцсон гэх боловч хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарладаг. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасны дагуу хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр алдангийг тооцон гаргуулах хууль зүйн үндэслэлийг заасан байдаг тул анхнаасаа байгуулсан зээлийн гэрээнд алданги тооцохоор тохиролцсон эсэхийг тогтоох боломжгүй байх тул алдангийг тооцон гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд зээлийн гэрээний үндсэн үүрэгт зээлсэн 1.500.000 төгрөгөөс хариуцагчийн зээлийн хүүнд гэх нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрсөн 600.000/150.000*4сар=600.000/ төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 10.000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 10.000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 10.000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 10.000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 105.000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 10.000 төгрөг, мөн түүнчлэн 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр А.Мөнх-өлзийд зээлийн гэрээний үүрэгт өгсөн гэх Note-I гар утасны үнэ болох 110.000 төгрөг, Grand-I гар утасны үнэ болох 100.000 төгрөгийг тус тус хасаж тооцоод үлдэгдэл 535.000 төгрөгийг хариуцагч О.Ган-Өлзийгөөс гаргуулах нь зүйтэй байна. Хариуцагч О.Ган-Өлзийгөөс 535.000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч А.Мөнхдөлд олгуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.602.500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлэн зөвшөөрөхгүй гэсэн хэдий ч татгалзлаа нотолж чадаагүй тул шүүх нотлох баримтаар тогтоогдож буй хэмжээгээр хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг хангуулах нь үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон хариуцагч О.Ган-Өлзийгөөс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний үүрэгт 2.137.500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 535.000 төгрөгийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.602.500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Мөн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 58.725 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч О.Ган-Өлзийгөөс 16.700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Мөнхдөлд олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Монгол улсын иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч О.Ган-Өлзийгөөс зээлийн гэрээний үүрэгт 2.137.500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 535.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч А.Мөнхдөлд олгуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.602.500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 58.725 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч О.Ган-Өлзийгөөс 16.700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Мөнхдөлд буцаан олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б. БАЯРМАА