Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 218/МА2025/00005

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Г.Мөнхбат, Г.Баярдаваа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн А танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 310/ШШ2025/00144 тоот шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй, *******т холбогдох эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Баярдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч ******* /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нарийн бичгийн дарга Х.Мөнхсүх нар оролцов.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* нь *******т холбогдуулан, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг, ******* тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай 155 м.кв талбайтай 5 өрөө орон сууц, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай 370 м.кв талбайтай авто граж зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг 570,463,200 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнээс хэт доогуур, бодит байдалд огт нийцэхгүй. Үнэлгээ хийлгэхдээ өмчийн эзнээс үнийн санал аваагүй, хөрөнгийн үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй, шинжээч томилсноо мэдэгдээгүй. ... Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь хөрөнгийн үнэлгээг хийхдээ нэг талыг баримталж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны болон бусад журам дүрмийг зөрчин дангаараа шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээр хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч үнэлгээ тогтоосон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэн хэргийг хянан шийдвэрлэсэн боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн шаардах эрхэнд хамааралтай баримталбал зохих хуулийг баримтлаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс үүнийг залруулна.

3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:

3.1. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 139/ШШ2021/00331 дугаар захирамжаар банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч ******* ХХК-ны төлөөлөгч , хариуцагч ******* нар 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр эвлэрч тус шүүхэд эвлэрлийн гэрээг ирүүлсэн байх бөгөөд эвлэрлийн гэрээнд хариуцагч тал / ******* ХХК, ******* нар/ 135,867,375 төгрөгөөс 50,000,000 төгрөгийг 2021 оны 12 сарын 31 өдрөөс өмнө, үлдэгдэл 85,867,375 төгрөгийг 2022 оны 03 сарын 31 өдрөөс өмнө хугацаанд бүрэн зохих ёсоор төлсөн тохиолдолд нэмэгдүүлсэн шаардлага болох 17,519,178 төгрөгөөс нэхэмжлэгч тал татгалзахаар, хэрэв хариуцагч тал 135,867,375 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол нэмэгдүүлсэн шаардлагыг нэмж 153,386,553 төгрөгийг гаргуулж банк ХХК-нд олгох эвлэрлийн гэрээг баталж, /х.х-ийн 71-73/

3.2. Төлбөр төлөгч нь дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул төлбөр авагчийн хүсэлтээр Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 сарын 24 өдрийн 139/ШЗ2022/00194 дугаартай захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, төлбөр төлөгч ******* ХХК, ******* нараас төлбөр 153,386,553 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 775,398 төгрөг гаргуулан төлбөр авагч банк Дундговь салбарт олгуулахаар 21 дугаартай гүйцэтгэх хуудсыг олгож, /х.х-ийн 67-69/

3.3. Хариуцагч ******* 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, /х.х-ийн 66/

3.4. 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр төлбөр төлөгч *******ын хүсэлтийн дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан *******ын өмчлөлийн Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг, ******* тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай 155 м.кв талбайтай 5 өрөө орон сууц, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай 370 м.кв талбайтай авто граж зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 22110067/18 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 22110067/19 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор битүүмжлэн хураажээ. /х.х-ийн 82-90-рт/.

4.Хариуцагч ******* дуудлага худалдаанд санал болгох доод үнийг тогтоох зорилгоор төлбөр төлөгч ******* ХХК /захирал *******/, иргэн , төлбөр авагч банк Дундговь салбар /захирал *******/ нараас үнийн санал авч, дуудлага худалдаанд санал болгох доод үнийг тохиролцоогүй үндэслэлээр шинжээч /үнэлгээчин/ томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д нийцээгүй байна. /х.х-ийн 93-104/.

5.Хэрэгт авагдсан, анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтаар ******* ХХК, иргэн ******* нар төлбөр төлөгч тал болох нь тогтоогдож байх бөгөөд хариуцагч ******* төлбөр төлөгч *******оос үнийн санал аваагүй болох нь тогтоогдож байна. Мөн Төлбөр төлөгч ******* ХХК-г итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдээс үнийн санал авсан эсэх нь эргэлзээтэй байна. Хариуцагч талаас нэхэмжлэгч ******* төлбөр төлөгч ******* ХХК-г итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд /гүйцэтгэх удирдлага/ мөн гэж тайлбарлан мэтгэлцэж байх боловч өөрийн тайлбарыг нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй байна.

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2, Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.2, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/233 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр хийлгэж болох шинжилгээний жагсаалт-ын 66 дугаарт хөрөнгийн үнэлгээний шинжилгээ гэж дурдагдсан зэргээс дүгнэхэд хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор хийгдэж буй ажиллагаа нь тусгай мэдлэг шаардсан шинжээчийн ажиллагаа байх бөгөөд шинжээчээр шинжилгээний байгууллагыг томилох нь хуульд нийцэхээр байна. Иймд Хаан үнэлгээ ХХК-н үнэлгээчин ыг шинжээчээр нэрлэн зааж томилсон нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-д нийцээгүй байна.

7. Нэхэмжлэгч тал хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч үнэлгээ тогтоосон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасны дагуу анхан шатны шүүх *******ын өмчлөлийн Дундговь аймгийн Сайнцагаан сумын , тоотод бүртгэлийн дугаартай орон сууц, мөн хаягт байрлах ******* бүртгэлийн дугаартай автогражийн үнэлгээ тогтоох ажиллагааг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх боловч шинжээч томилж дүгнэлт /үнэлгээ/ гаргуулахын өмнөх харилцааг зохицуулсан, нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамаарах эрх зүйн актыг баримтлаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг зөвтгөнө.

8.Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 310/ШШ2025/00144 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйлийн 751.2.1-д гэснийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Г.МӨНХБАТ

 

Г.БАЯРДАВАА