Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 288

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагч:  Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч Х.Х.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Б-д холбогдох эрүүгийн 1918003510320 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1966 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тракторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт урьд 1991 оны 12 сарын 26-ны өдөр Эрүүгийн хуулийн 239а-д зааснаар 6 сар баривчлах ялаар, 2000 оны 11 сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн 124.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар тэнссэн, улсаас авсан гавьяа шагналгүй, Х.Б-

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Х.Х.Б- нь 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 3-р баг Пионерийн 4-110Б тоотод өөрийн тэжээвэр нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас 3 настай Э.Э.Д-*ыг хазаж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х.Х.Б- нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх боломжоор хангасан болно.

Шүүгдэгч Х.Х.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ...” 2019 оны 6 дугаар сарын сарын 14-ний өдөр уг гэмт хэрэг болсон. Урьд өдөр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тухайн өдөр юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Гэмт хэрэг гарахын урьд өдөр нь хохирогч манайд ирээд хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Маргааш нь манай хашааны нохой хүүхдийн толгойг хазсан байна гээд орилохоор нь гэрээс гараад хартал хүүхдийн толгойноос цус гарсан байдалтай байсан. Манай хашааны нохой л хүүхдийг толгойноос хазсан юм шиг байна лээ” гэв.

Эрүүгийн 1918003510320 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Х.Х.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...одоогоос 2 жил орчмын өмнө манай хажуу байшинд байсан П-- гэх залуугийнх төв рүү орон сууцны байр авч тэр байрандаа орохоор нүүхэд нь би тэдний тэжээж байсан шар халтар зүсмийн нохойг нь тэжээнэ гэж авч үлдсэн. Ингээд энэ нохойг би сүүлийн 2 жил орчим тэжээж байгаа. 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр У.Э-гийн хүү Э.Д-*ыг манай хашаанд Энхсүлдийн хамтаар тоглож байхад хазаж гэмтээсэн нохой бол миний тэжээж байгаа шар халтар зүсмийн нохой мөн болно. ...У.Э- эхлээд байшингаас гарч хараад эргэж орж ирэхдээ сандарсан байдалтай танай нохой миний хүүг зуучихсан байна гээд орилоод орж ирэхээр нь би гарч хартал манай хашаанд миний тэжээж байгаа шар халтар зүсмийн П-- гэж дууддаг нохой У.Э-гийн хүү Э.Д-*ын толгойн дээрээс нь хазаад зуучихсан байсан. Ингээд би салгаад нохойгоо өшиглөтөл нохой маань миний зүүн гарын шуунаас хазаад цус гаргасан. Ингээд Э.Д-*ын толгойноос цус гараад байсан. У.Э- эмнэлэг дуудаж түргэний машинаар хүүгээ аваад эмнэлэг явсан. Үүнээс хойш удалгүй цагдаа нар манайд ирж үзлэг хийж Э.Д-*ыг хазсан манай нохойны зургийг аваад явсан. Миний тэжээж байгаа Э.Д-*ыг хазаж гэмтээсэн шар халтар зүсмийн нохой 2019.05.14-ний өдөр Э.Д-*ыг хазах үедээ уяагүй сул байсан юм. Цагдаа нарыг ирж үзлэг хийхэд ч гэсэн уяагүй сул байсан болно”  гэх мэдүүлэг /хх 62/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.У.Э-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...11 цагийн орчим гэж санаж байна хүүхдийн уйлах чимээ гараад байхаар нь гараад хартал Х.Б- ахын тэжээвэр цайвар шар зүстэй нохой миний хүү Э.Д-*ын толгойн орой дээрээс нь хазаад сэгсэрч байсан ба хүү маань нохойд хазуулж байхдаа байдгаараа чангаар чарлаж орилоод уйлж байсан. Тэгэхээр нь би орилоод Х.Б- ахыг хүүеэ та нохойгоо хүүгээс маань салгаж аваач гэж орилоод Х.Б- ах нохойгоо хүүгээс маань салгах гээд дийлээгүй. Х.Б- ахыг салгах гээд очиход нохой нь Х.Б- ах руу дайраад Х.Б- ахын гарнаас нь мөн хазаж цус гаргасан. Нохойноос салгасны дараа хүү Э.Д-*ын маань толгойноос цус ихээр гоожоод нүүрлүү нь цус ороод нэг л биш байхаар нь би сандраад аймгийн нэгдсэн эмнэлгийн түргэн тусламж руу залгаж дуудлага өгсөн. Түргэн тусламж миний өгсөн дуудлагын дагуу хурдан ирж хүүхдийг маань эмч үзээд эмнэлэг авч явж хүүгийн маань нохойд хазуулсан толгойн орой дээр оёдол тавьсан. Хүүгийнхээ нохойд хазуулсан шархыг харахад толгойн орой хэсгээс нь нохой хазаж нэлээд том урж хуйхыг нь ханз татсан харагдсан. Тэгээд энэ хэргийн маргааш нь буюу 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүү маань хагалгаанд орсон болно” гэх мэдүүлэг /хх 18/,

Гэрч О.Б.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай хүү Энхсүлд хашхираад дүү Э.Д-*ыг нохой хазчихлаа гэж хэлээд ороод ирэхээр нь бид нар гараад хартал 3 настай хүү Э.Д-* уйлчихсан, толгойноос нь цус гарчихсан байдалтай газар байж байхаар нь ээж У.Э- нь очиж хүүгээ авч тэврээд гэрлүү орсон. Манай нөхөр Х.Б- нохойгоо хөөгөөд араас нь явсан. Тэгээд У.Э- цагдаа болон эмнэлэгрүү утасдаж хэлсэн. Тэгээд эмнэлэг ирээд Э.Д-*ыг аваад явсан” гэх мэдүүлэг /хх 24/,

Насанд хүрээгүй гэрч Э.Э- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 оны 05 дугаар сарын 14-нд хашаандаа У.Э- эгчийн хүүхэд Э.Д-*тай тоглож байгаад гэрлүүгээ орох гээд явж байхад манай нохой “Б-” дайраад Э.Д-*ын толгойноос хазаад дээр нь гараад хазаад хэвтчихсэн. Тэгэхээр би боль гээд орилоход болихгүй байсан ба би өөрөө айгаад гэрт ороод өөрийн ээжид болон У.Э- эгч хоёрт Э.Д-* дүүг маань нохой хазаад байна гэхэд тэр хоёр гараад болиулсан. Э.Д-* дүүгийн толгой, нүүр нь баахан цус болчихсон байсан ба удалгүй эмнэлэг ирээд аваад явсан” гэх мэдүүлэг /хх 28/,

Гэрч Х.О- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Хүүхэд хазсан шар зүстэй нохойгоо Х.Б- ах маань одоогоос 1 жилийн өмнөөс тэжээж байгаа. Нохойгоо ах уяхгүй л байгаад байдаг. Намайг ахынд очих бүрт тэр шар нохой нь сул байдаг. Тэгэхээр нь би ахад наад нохойгоо уяж байгаачээ гэж байнга хэлдэг байсан.” гэх мэдүүлэг /хх 31/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 437 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.2.Э.Э.Д-*ын биед зулай ясны хугарал, тархи доргилт, толгойн хуйхны шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хагалгааны дараах байдалтай гэмтэл тогтоогдлоо.

3.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй /хх 36/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 5/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-8/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.У.Э-гийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх 12/,

Э.Э.Д-*ын төрсний гэрчилгээний хуулбар, өвчний түүх /хх 29, 42-57/,

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хуралдааны 104 дүгээр тогтоолын хавсралт “Нохой, муур тэжээх журам”-ын хуулбар /хх 69/,

Дархан сумын 1-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх 67/,

Х.Х.Б-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 64/,  гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, тээврийн хэрэгслийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангүй лавлагаа, /хх 72-76/, арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн данс эзэмшдэг эсэх талаарх тодорхойлолт /хх 78-85/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч Х.Х.Б- нь орчиндоо аюл учруулж болох тэжээвэр нохойгоо зохих хамгаалалтгүй байлгасны улмаас 3 настай Э.Э.Д-*ыг хазаж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.У.Э-гийн...” Х.Б- ахын тэжээвэр цайвар шар зүстэй нохой миний хүү Э.Д-*ын толгойн орой дээрээс нь хазаад сэгсэрч байсан ба хүү маань нохойд хазуулж байхдаа байдгаараа чангаар чарлаж орилоод уйлж байсан” гэх мэдүүлэг /хх-18/, гэрч О.Б.Э-ын өгсөн “...хүү Энхсүлд хашхираад дүү Э.Д-*ыг нохой хазчихлаа гэж хэлээд ороод ирэхээр нь бид нар гараад хартал 3 настай хүү Э.Д-* уйлчихсан, толгойноос нь цус гарчихсан байдалтай газар байж байхаар нь ээж У.Э- нь очиж хүүгээ авч тэврээд гэр лүү орсон.” гэх мэдүүлэг /хх 24/, насанд хүрээгүй гэрч Э.Энхсүлдийн өгсөн “...Э.Д-*тай тоглож байгаад гэрлүүгээ орох гээд явж байхад манай нохой “Бөөжэй” дайраад Э.Д-*ын толгойноос хазаад дээр нь гараад хазаад хэвтчихсэн” гэх мэдүүлэг /хх 28 зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч Х.Х.Б- нь орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгавал хохирол, хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй хүнд хохирол учруулсан байх тул болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

  Шүүгдэгч Х.Х.Б-ын болгоомжгүй үйлдэлд зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байна.

 

Иймд шүүгдэгч Х.Х.Б-ыг орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Х.Х.Б- нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.У.Э-гийн шүүхэд ирүүлсэн “Хохирлын мөнгө 350 000 төгрөгийг Х.Б-аас Э.Д-*ын ээж У.У.Э- миний бие хүлээж авлаа. Цаашид нэхэмжлэх зүйлгүй” гэх тайлбараар  тогтоогдож байх тул  түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Х.Х.Б- нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхэд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хохирол төлбөрөө сайн дураар төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.         

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Х.Б-ыг орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Х.Х.Б-ыг 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.    

 

   3. Шүүгдэгч Х.Х.Б- тэнссэн хугацаанд  Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

   4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдсугай.

 

            5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Х.Б-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        З.ТӨМӨРХҮҮ