| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 182/2024/03387/И |
| Дугаар | 210/МА2025/00638 |
| Огноо | 2025-04-18 |
| Маргааны төрөл | Франчайз, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 210/МА2025/00638
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 26-ны өдрийн 191/ШШ2025/01760 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******д холбогдох,
33,123,090 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Гэрээ цуцалснаас учирсан хохиролд нийт 18,279,498 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. ******* нь 2023 оноос хойш 2030 NS Chicken нэрийн брэндийг ажиллуулж байгаа бөгөөд хариуцагч *******тай харилцан тохиролцон 2023 оны 08 сарын 21-ний өдөр 2030 NS Chicken Франчайзийн гэрээ-г байгуулсан.
1.2. Уг франчайзийн гэрээний 1.1 дэх заалтаар эрх шилжүүлэгч болох нэхэмжлэгч нь өөрийн фирмийн нэр, бараа буюу ажил, үйлчилгээний тэмдэг, бүтээгдэхүүний загвар, баглаа, боодол, түүнчлэн ажил хэргийн удирдлагын тогтолцоо, төлөвлөлт, харилцаа холбоо, бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ олж авах үндсэн чиглэл зэрэг эдийн бус хөрөнгийг ашиглуулахаар тогтоосон журмаар бүрдүүлсэн лицензийг эрх хүлээн авагчид олгох, бизнесийн туршлагаар хангах, менежментийн дэмжлэг үзүүлэхээр, эрх хүлээн авагч болох хариуцагч нь эрх шилжүүлэгчийн боловсруулсан тогтолцоо, хамтын ажиллагааны хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаа явуулж түүнд зохих шагнал, хураамж эсхүл орлогын тодорхой хувийг төлж хамтран ажиллахаар талууд тохиролцсон.
1.3. Хариуцагч нь 2023 оны 08 сараас эхлэн франчайзийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн боловч мөн оны 12 сараас франчайзийн гэрээг цуцлах тухай хүсэлтээ амаар мэдэгдсэн. Тус хүсэлтийн хариуг 2024 оны 02 сарын 05-ны өдрийн албан бичгээр гэрээ дуусгавар болгохын тулд төлбөр тооцооны асуудлыг эцэслэн шийдвэрлэх шаардлагатай байгаа талаар мэдэгдсэн.
1.4. Гэрээний 10.1-т франчайзийн хураамжийг заасан бөгөөд хариуцагч нь франчайзийн хураамжийн үлдэгдэл болох 10,000,000 төгрөгийг 2023 оны 10 сарын 16-ны өдөр төлөхөөр тохиролцон үйл ажиллагаагаа явуулж байсан боловч тус хугацаанд хураамжийг төлөөгүй.
1.5. Мөн хариуцагч нь 2023 оны 12 сарын 14-ний өдрийн бараа захиалгын төлбөр 1,008,100 төгрөг, мөн сарын 16-ны өдрийн бараа захиалгын төлбөр 1,002,800 төгрөг, мөн сарын 21-ний өдрийн бараа захиалгын төлбөр 2,030,160 төгрөг, нийт барааны үлдэгдэл төлбөр 4,041,060 төгрөгийг төлөөгүй байна.
1.6. Гэрээний 10.5.1-д зааснаар алданги нэхэмжилнэ. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт тус тус заасны дагуу ... анзын нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй... гэж заасан тул гүйцэтгээгүй үүргийн дүн болох нийт 22,082,060 төгрөгийн 50 хувь буюу 11,041,030 төгрөгийн алданги гаргуулна.
Ингээд 2023 оны 08 сарын 21-ний өдрийн 2030 NS Chicken Франчайзийн гэрээ-г цуцалж, франчайзийн хураамжийн үлдэгдэл төлбөр 10,000,000 төгрөг, тус гэрээний дагуу нийлүүлсэн тос шүүгч болон гоймон чанагч төхөөрөмжийн төлбөр болох 5,741,000 төгрөг, бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр болох 4,041,060 төгрөг, шарагч машины зөрүү төлбөр 2,300,000 төгрөг, алданги 11,041,030 төгрөг, нийт 33,123,090 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Франчайзийн хураамж болох 10,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Хэт нэг талыг барьсан гэрээ хийсэн ба энэ мөнгөн дүнд сөрөг нэхэмжлэл гаргана. Уг гэрээ нь франчайзийн гэрээ гэх боловч дистрибьютерийн гэрээ хийж төөрөгдүүлсэн. Нэхэмжлэгч төөрөгдүүлэн хууран мэхлэх замаар уг гэрээг хийсэн учир франчайзийн гэрээтэй холбоотой нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй болно.
2.2. Тос шүүгч болон гоймон чанагчийн төхөөрөмжийн төлбөр болох 5,741,000 төгрөгийн баримт нь 2023 оны 10 сарын 05-ны өдрийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар баталгаажсан байна. Уг төхөөрөмжийг буцаалт хийх бүрэн боломжтой. Эвдрэл гэмтэл, элэгдэл хорогдол байхгүй болно.
2.3. Бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 4,041,060 төгрөгийг хоёр талын хүлээн зөвшөөрсөн гарын үсэгтэй тооцооны үлдэгдлийн баталгаатай байх ёстой. Мөн шарагч машины зөрүү төлбөр болох 2,300,000 төгрөгийг харилцан тохиролцсон болно.
2.4. Алданги болох 11,041,030 төгрөгийн хувьд: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заажээ. Харин 2030 NS Chicken франчайзийн гэрээ-ний 10.5.1-т Эрх хүлээн авагч нь уг гэрээгээр шилжүүлэгчид төлөх төлбөр тооцоог хоцроох тохиолдолд төлөх ёстой өдрийн дараагийн өдрөөс эхлээд төлөх өдөр хүртэл жилийн 24 хувийн хүүтэй алданги тооцон төлнө" гэдэг хэмжээг нэхэмжлэгч хэрхэн ойлгож хэрэглэсэн нь тодорхойгүй байна. Хэзээ төлөх ёстой байсан төлбөрийг хэд хоног хоцроосон тухай тооцоолол байхгүй байна гэжээ.
3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
3.1. ******* нь *******-тай 2023 оны 08 сарын 21-ний өдөр 2030 NS Chicken Франчайзийн гэрээ байгуулсан. Хариуцагч *******-ийн захирал *******-ийн төрсөн дүү/, одоогийн захирал ******* нар нь Франчайзийн гэрээ байгуулахын өмнө *******тай хийсэн уулзалтууд дээр Монгол улсад ирэхээсээ өмнө нутагтаа тахианы мах боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан туршлагатай талаар, санал болгож байгаа бизнес нь нэхэмжлэгчийн одоо эрхэлж байгаа үйл ажиллагаанаас илүү өндөр ашигтай талаар олон янзаар тайлбарлан ятгаж байсан учир ******* нь өөрийн хийж байсан нийтийн хоолны бизнесийг орхиж, санал болгосон ажлыг эхлүүлсэн байна.
3.2. *******-ийн санал болгосон бизнесийг эхлүүлснээр нэхэмжлэгч *******ын ашиг, орлого эрс буурч, ажилчдынхаа цалинг тавьж чадахгүйд хүрч, зээлийн хүүгийн төлбөрийг төлж эхэлсэн бөгөөд ******* бизнесийн үйл ажиллагааныхаа ашиг, орлогын талаарх бодит байдлыг нуун дарагдуулсан гэж үзэж байна.
3.3. Тус бизнесийг эхлүүлэхийн тулд 2023 оны 08 сарын 08-ны өдөр өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох 2 өрөө орон сууцыг *******-д зээлийн барьцаанд тавьж, 60,000,000 төгрөгийг сарын 1.95 хувийн хүүтэй, 60 сарын хугацаагаар зээлж, 2025 оны 02 сарын 05-ны өдрийн байдлаар нэхэмжлэгч ******* нь 18,279,025 төгрөгийн зээлийн хүү, 473 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү, нийт 18,279,498 төгрөг төлсөн байна. Тус үнийн дүн нь франчайзийн гэрээнээс учирсан бодит хохирол гэж үзэж байна.
3.4. Франчайзийн гэрээний 2.1-т эрх олгох талаар заасан байдаг бөгөөд 2024 оны 04 сарын 26-ны өдөр оюуны өмчийн гэрчилгээ олгосон байдаг. Гэтэл гэрээ 2023 оны 08 сард байгуулагдсан. Гэрчилгээ дээр 2023 оны 10 сараас эхэлж ашиглагдана гэсэн байдгаас үзвэл бид батлагдаагүй барааны тэмдгийн төлөө төлбөр төлсөн. Иймд гэрээнээс учирсан хохиролд 18,279,498 төгрөг шаардаж байна гэжээ.
4. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгч талаас гаргасан тайлбарын агуулга:
4.1. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд гэрээний 14.1-т зааснаар үйл ажиллагааны баталгаа өгөөгүй. Франчайз аваад үйл ажиллагаа явуулаад ашиг олохгүй бол хохирол шаардсан нь үндэслэлгүй.
4.2. Зээл авах эсэх нь хариуцагчийн сонголтын асуудал. Зээлийн гэрээг франчайзийн гэрээтэй холбох үндэслэлгүй. Зээлийн гэрээг нэхэмжлэгч огт мэдэхгүй. Зөвхөн барааны тэмдэгт, менежментийг хэрэгжүүлнэ.
4.3. Технологийн талаар оюуны өмчийн баримтгүй боловч өөрсдөө гардаж хийж нийлүүлдэг. Сургалт явуулаад үйл ажиллагаа явуулах эрх олгодог. Энэ талаар гэрээн дээр тодорхой байгаа. Иймд сөрөг нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 333 дугаар зүйлийн 333.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******аас 5,741,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 27,382,090 төгрөгт холбогдох хэсэг болон нэхэмжлэгч *******-аас 18,279,498 төгрөг гаргуулах тухай хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн нийт 530,260 төгрөг, хариуцагчийн 249,347 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 106,806 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
6.1. Шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 4-т Зохигч 2023 оны 08 сарын 21-ний өдөр франчайзийн гэрээ, уг гэрээг дагалдуулж тангаргийн бичих үлдээж, нууц хадгалах гэрээг байгуулсан байна. Франчайзийн гэрээний дагуу хариуцагч нь 10,000,000 төгрөг төлсөн, 2 ширхэг гоймон чанагч, 1 ширхэг тос шүүгч тоног төхөөрөмжийг нэхэмжлэгчээс авсан. Улмаар хариуцагч нь 2023 оны 12 сард гэрээнээс татгалзах талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн бөгөөд нэхэмжлэгч нь үүнийг зөвшөөрч 2024 оны 02 сарын 05-ны өдөр 240201 дугаар албан тоотыг үйлджээ. Зохигч эдгээр үйл баримтын талаар маргаагүй. Иймд зохигч хэн аль Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт зааснаар франчайзийн гэрээнээс татгалзсан гэж үзнэ гэж дүгнэж шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний алдаатай шийдвэр болсон байна.
6.2. Талуудын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр тохиолдолд гэрээг цуцлах, гэрээнээс татгалзаж болно. Мөн хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг нэг талын хүсэл зоригоор буцаахыг гэрээнээс татгалзах гэнэ. Харин хууль буюу гэрээнд заасны дагуу нэг тал хүсэл зоригоо илэрхийлснээр хүчин төгөлдөр гэрээний хэрэгжсэн хэсэг хэвээр үлдээж, үүргийн харилцааг цаашид дуусгавар болгохыг гэрээг цуцлах гэдэг.
6.3. Хариуцагч ******* нь тус франчайзийг сонирхож, гэрээ байгуулан ажиллуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсний дагуу талууд харилцан тохиролцож 2023 оны 08 сарын 21-ний өдөр "2030NS Chicken франчайзийн гэрээ"-г байгуулсан. Гэвч 2023 оны 12 сард гэрээ цуцлах тухай хүсэлтийг амаар нэхэмжлэгчид гаргасан бөгөөд нэхэмжлэгчээс хариуцагч тал үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас үүссэн төлбөр тооцооны асуудлыг эцэслэн шийдвэрлэх шаардлагатай байгаа талаар мэдэгдсэн боловч хариуцагч гэрээний дагуу тооцоо нийлж гэрээг дуусгавар болгоогүй.
Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 222 дугаар зүйлийн 222.7, 338 дугаар зүйлийн 338.2 дахь хэсэгт заасны дагуу 2023 оны 08 сарын 21-ний өдрийн 2030 NS Chicken Франчайзийн гэрээ-г цуцалж, франчайзийн хураамжийн үлдэгдэл төлбөр болох 10,000,000 төгрөг, гэрээний дагуу нийлүүлсэн тос шүүгч болон гоймон чанагч төхөөрөмжийн төлбөр болох 5,741,000 төгрөг, франчайзийн гэрээний дагуу нийлүүлсэн шарагч машины зөрүү төлбөр болох 2,300,000 төгрөг, нийт 22,082,060 төгрөгийг нэхэмжилсэн болно.
Гэтэл тус шүүхийн шийдвэрт хариуцагч гэрээнээс татгалзах тухай нэхэмжлэгчид мэдэгдсэн, нэхэмжлэгч үүнийг зөвшөөрч 2402001 тоот албан бичгийг үйлдсэн гэж дүгнэн Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт зааснаар франчайзийн гэрээнээс татгалзсан гэж үзэж байгаа нь хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой бодитойгоор үнэлээгүйд гомдолтой байна.
6.4. Шүүхээс нэхэмжлэгч нь патент эзэмшигч гэдэг нь хэрэгт байгаа баримтаар тогтоогдоогүй гэж үзэж байгаа нь хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу хэрэгт ач холбогдолтой, хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүйд гомдолтой байна.
6.5. Иргэний хуулийн 333 дугаар зүйлийн 333.1 дэх хэсэгт заасанчлан Франчайзийн гэрээ-ээр эрх шилжүүлэгч буюу ******* нь өөрийн 2030 NS Chicken&Beer гэх барааны тэмдэг, ажил үйлчилгээ явуулах арга техник буюу ноу-хау зэргийг гэрээний дагуу ашиглуулах, эрх хүлээн авагч буюу ******* нь эрх шилжүүлэгчийн боловсруулсан тогтолцоо, хамтын ажиллагааны хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаа явуулж хураамжийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Өөрөөр хэлбэл, эрх шилжүүлэгч сургалт явуулаагүй, эрх хүлээн авагч сургалтад хамрагдаагүй, үйл ажиллагааны аргачлал чиглэл өгөөгүй тохиолдолд хариуцагч нь үйл ажиллагаа явуулах боломжгүй. Мөн хэрэгт байгаа нотлох баримтаар талууд үйл ажиллагаа явуулсан эсэх талаар маргаагүй. Шийдвэрт талууд гэрээнээс татгалзсан гэж дүгнэж, хариуцагчаас гэрээний хураамжийн үлдэгдэл төлбөр болох 10,000,000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй хэмээн дүгнэсэнд гомдолтой байна.
6.6. Тодорхой тооны бараа, бүтээгдэхүүнийг хариуцагчид хүлээлгэн өгсөн гэдэг нь баримтаар нотлогдоогүй гэж үзсэн тухайд хариуцагчийн 2024 оны 06 сарын 19-ний өдрийн шүүхэд өгсөн тайлбарт бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 4,041,060 төгрөгийн 2 талын хүлээн зөвшөөрсөн гарын үсэгтэй тооцооны үлдэгдлийн баталгаатай хэмээн дурдсан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчээс бүтээгдэхүүн хүлээн аваагүй гэж маргаагүй бөгөөд харин хүлээн авсан бараа, бүтээгдэхүүний төлбөрийн үнийн дүнг эс зөвшөөрч байна. Гэтэл шийдвэрт хариуцагч хүлээн авсан нь тогтоогдохгүй байна хэмээн үзэж байгаа нь нотлох баримтыг хэрэгт хамааралтай талаас нь үнэлээгүй байх тул гомдолтой байна.
6.7. Нэхэмжлэгч нь шарагч машинтай холбогдох 2023 оны 10 сарын 05-ны өдрийн Тооцоолол гэх баримтыг хэрэгт нотлох баримтаар өгсөн мөн хариуцагч 2024 оны 06 сарын 19-ний өдрийн шүүхэд өгсөн тайлбарт шарагч машины зөрүү төлбөр болох 2,300,000 төгрөгийг харилцан тохиролцсон болно гэсэн бөгөөд өөрөөр хэлбэл хариуцагчийн тус тайлбараар шарагч машины зөрүү төлбөр байсан гэж дүгнэх боломжтой байтал 2,300,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй хэмээн нотлох баримтыг хэрэгт хамааралтай талаас нь үнэлээгүй байх тул гомдолтой байна.
6.8. Алдангийн тухайд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.7, гэрээний 10.5.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгч төлбөр тооцоог хоцроосон тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээр анз төлөх, учирсан хохирол нийт 11,041,030 төгрөгийг шаардах эрхтэй.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 27,382,090 төгрөгийг У. Өнөржаргалаас гаргуулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 33,123,090 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...франчайзийн гэрээг төөрөгдүүлэн хууран мэхлэх замаар уг гэрээг хийсэн учир зөвшөөрөхгүй, ... Бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 4,041,060 төгрөгийн хоёр талын хүлээн зөвшөөрсөн гарын үсэгтэй тооцооны үлдэгдлийн баталгаатай байх ёстой, тоног төхөөрөмжийг буцаалт хийх бүрэн боломжтой ... алдангийн тохиролцоо хуульд нийцсэн эсэх, ямар үүргийг ямар хугацаанд гүйцэтгэх байсныг хэд хоног хоцроосон тухай тооцоолол байхгүй ..., ... тахианы мах боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан туршлагатай талаар, санал болгож байгаа бизнес нь нэхэмжлэгчийн одоо эрхэлж байгаа үйл ажиллагаанаас илүү өндөр ашигтай талаар олон янзаар тайлбарлан ятгаж байсан учир ******* нь өөрийн хийж байсан нийтийн хоолны бизнесийг орхиж, санал болгосон ажлыг эхлүүлсэн, уг ажлыг эхлүүлснээс хойш ашиг орлого буурч, ажилчдын цалин тавьж чадахаа больсон, банкны зээлийн хүү өндөр төлж хохирсон ... гэсэн агуулгаар тайлбарлаж, хохирол 18,279,498 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжилж, маргасан байна.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулсан, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон боловч хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна. Давж заалдах шатны шүүх уг алдааг залруулан дүгнэж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
4. ******* болон ******* нар 2023 оны 08 сарын 21-ний өдөр Франчайзийн гэрээ бичгээр байгуулж, гэрээгээр эрх шилжүүлэгч нь 2030 NS Chicken & Beer компанийн өөрийн фирмийн нэр, бараа буюу ажил, үйлчилгээний тэмдэг, бүтээгдэхүүний загвар, баглаа, боодол, түүнчлэн ажил хэргийн удирдлагын тогтолцоо, төлөвлөлт, харилцаа холбоо, бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ олж авах үндсэн чиглэл зэрэг эдийн бус хөрөнгийг ашиглуулахаар тогтоосон журмаар бүрдүүлсэн лицензийг эрх хүлээн авагчид олгох, бизнесийн туршлагаар хангах, менежментийн дэмжлэг үзүүлэх, эрх хүлээн авагч нь эрх шилжүүлэгчийн боловсруулсан тогтолцоо, хамтын ажиллагааны хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаа явуулж, франчайзийн хураамжид 20,000,000 төгрөг төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон байна. Уг гэрээтэй холбогдуулан Тангаргийн бичиг, нууц хадгалах гэрээ зэрэг гэрээ байгуулж, гарын үсэг зурж, баталгаажуулжээ. /хх-10-30/
5. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 333 дугаар зүйлийн 333.1 дэх хэсэгт заасан франчайзийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон.
Учир нь, талууд харилцан тохиролцон Иргэний хуулийн 333 дугаар зүйлийн 333.1 дэх хэсэгт заасан агуулгыг бичгийн гэрээнд тусгаж, гарын үсгээ зурж, баталгаажуулсан байна.
Нэхэмжлэгч *******-д Оюуны өмчийн газрын даргын 2024 оны 04 сарын 26-ны өдрийн А/50 дугаартай тушаалаар барааны тэмдгийг эзэмших онцгой эрхийг зөвшөөрч, гэрчилгээ олгожээ. /хх-60/
Талууд гэрээний 2.2.1-д Эрх шилжүүлэгч нь франчайзийн бизнесийн үйл ажиллагаанд шаардлагатай барааны тэмдгийн онцгой эрхийг авах шат дамжлагатай байна гэж харилцан тохиролцсон.
Хариуцагч ******* нь франчайзийн хураамжаас 10,000,000 төгрөг төлсөн байх бөгөөд гэрээний дагуу 2024 оны 02 сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд 2030 NS нэр ашиглаж, ******* дүүргийн ******* салбарт үйл ажиллагаа явуулж байсан болох нь хэргийн баримтаар тогтоогдсон байна. Зохигчид энэ үйл баримтын талаар маргаангүй.
Хариуцагч *******ын 2023 оны 12 сард гэрээ цуцлах тухай саналыг нэхэмжлэгч *******-аас хүлээн авч, 2024 оны 02 сарын 05-ны өдрийн 2402001 дугаар албан бичгээр гэрээг дуусгавар болгоход төлбөр тооцооны асуудлыг эцэслэх шаардлагатай тухай хариуцагчид мэдэгдсэн, энэ өдрөөр гэрээ цуцлагдсан үйл баримтад мөн маргаангүй.
6. Харин үлдэх 10,000,000 төгрөгийн хураамжийг нэхэмжлэгч шаардах эрхтэй эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болсон байна.
Анхан шатны шүүх оюуны өмчийн эрхгүй этгээд өөрт байхгүй эрхийг шилжүүлэхээр гэрээ байгуулсан, гэрээнд зааснаар сургалт явуулсан, салбар нээх дэмжлэг үзүүлсэн, мөн үйл ажиллагааны аргачлал зэрэг материал олгосон болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй, хэн аль нь гэрээнээс татгалзсан гэх үндэслэлээр үлдэгдэл хураамж болох 10,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна.
Талуудын гэрээ цуцлагдаж, гэрээ дуусгавар болсон боловч гэрээ хэрэгжсэн 6 сарын хугацаанд хариуцагч нь *******-ийн ажил, үйлчилгээний тэмдэг, ажил хэргийн төлөвлөлт, бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ болон ажлын туршлагын үр дүнд бий болсон мэдлэг, туршлагыг үйл ажиллагаа явуулахдаа ашиглаж байсан гэж үзэх тул гэрээний нэг удаагийн төлбөр болох франчайзийн хураамжийн үлдэгдэл 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 333 дугаар зүйлийн 333.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас шаардах эрхтэй. Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангана.
7. Бараа бүтээгдэхүүний үнэ 4,041,060 төгрөгийн тухайд:
Нэхэмжлэгч нь 2023 оны 12 сарын 14-ний өдрийн бараа бүтээгдэхүүний жагсаалтаар 1,008,100 төгрөг, 2023 оны 12 сарын 16-ны өдрийн бараа бүтээгдэхүүний жагсаалтаар 1,002,800 төгрөг, 2023 оны 12 сарын 21-ний өдрийн бараа бүтээгдэхүүний жагсаалтаар 2,030,160 төгрөг, нийт 4,041,060 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хариуцагчид нийлүүлсэн хэмээн тайлбарлаж, холбогдох нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт заасан шаардлагад нийцүүлэн шүүхэд гаргаж өгсөн байна. /хх57-59/
Хариуцагч тал дээрх нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг хүлээж аваагүй гэж маргаагүйн гадна нэхэмжлэгчээс шүүхэд өгсөн нотлох баримтыг өөр баримтаар үгүйсгээгүй.
Нэхэмжлэгч нь бараа бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгөхдөө НӨАТ-ын падаанаар баталгаажуулаагүй, мөн и-баримт байхгүй нь худалдан авсан барааны үнэ төлөх үүргээс хариуцагчийг чөлөөлөх хуулийн үндэслэл болохгүй юм. Иймд хариуцагчаас худалдан авсан барааны үнэ болох 4,041,060 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Анхан шатны шүүхээс уг баримтыг санхүүгийн анхан шатны баримт биш гэж дүгнэсэн нь хэргийн нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчсөнийг дээрх байдлаар залруулан дүгнэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангав.
8. Нэхэмжлэгч тал шарагч машины зөрүү төлбөр 2,300,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.
Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч нь солилцсон шарагчийн үнийн зөрүүг санхүүгийн анхан шатны баримтаар нотлоогүй. Энэ талаар зохигч хэн аль нь шүүх хуралдаанд тухайн үед баримт үйлдээгүй гэж дүгнэн тус шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журамд нийцээгүй тул давж заалдах шатны шүүхээс дараах байдлаар залруулан дүгнэв.
Хариуцагч нь уг шаардлагад холбогдуулан шарагч машины зөрүү төлбөр болох 2,300,000 төгрөгийг харилцан тохиролцсон болно гэсэн тайлбар шүүхэд гаргажээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигчийн тайлбар нь нотлох баримт болох тул хариуцагчийн тайлбараар дээрх үйл баримт нотлогдсон гэж үзнэ. /хх42/
Иймд хариуцагчаас 2,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.
9. Тос шүүгч болон гоймон чанагч төхөөрөмжийн үнэ 5,741,000 төгрөгийн тухайд:
Анхан шатны шүүхээс тос шүүгч болон гоймон чанагч төхөөрөмжийн үнэ 5,741,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн бөгөөд хариуцагч тал давж заалдах журмаар гомдол гаргаагүй тул талуудын зарчимд үндэслэн давж заалдах шатны шүүхээс шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
10. Гэрээний 10.5.1-т эрх хүлээн авагч нь уг гэрээгээр эрх шилжүүлэгчид төлөх төлбөр тооцоог хоцроох тохиолдолд төлөх ёстой өдрийн дараагийн өдрөөс эхлээд төлөх өдөр хүртэл жилийн 24 хувийн хүүтэй алданги тооцон төлнө гэж заажээ. Уг заалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн алдангийн зохицуулалтад нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэгч нь алданги тооцон шаардах эрхгүй.
Тус шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг дээрх байдлаар залруулж, шийдлийн хувьд хэвээр үлдээх нь зүйтэй. Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
11. Хариуцагч нь хохирол 18,279,498 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд хариуцагч тал давж заалдах гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 26-ны өдрийн 191/ШШ2025/01760 дугаартай шийдвэрийн
Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 5,741,000 гэснийг 22,082,060 гэж, 27,382,090 гэснийг 11,041,030 гэж,
Тогтоох хэсгийн 2 дахь заалтын 106,806 гэснийг 268,360 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 294,890 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Ч.ЦЭНД