| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 101/2022/03754/И |
| Дугаар | 210/МА2025/00639 |
| Огноо | 2025-04-18 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 210/МА2025/00639
*******--ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 18-ны өдрийн 191/ШШ2025/01517 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******д холбогдох,
Гэм хорын хохиролд нийт 19,713,844 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. ******* нь 2017 оны 03 сарын 03-ны өдрөөс 2019 оны 05 сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд *******-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа тус компанийн ажилтан *******ыг ажлаас үндэслэлгүйгээр халсан болох нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1567 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2018 оны 001/ХТ2019/00004 дугаар тогтоолоор тогтоогдсон. Шүүхийн шийдвэрийн дагуу манай байгууллага ажилтанд ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 15,317,955.94 төгрөг, холбогдох эрүүл мэндийн даатгалын хураамж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж нийт 19,713,844 төгрөг олгосон.
1.2. *******-ийн 2019, 2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар дээрх компаниас төлсөн төлбөртэй холбоотой зөрчлүүд илэрч, Нийслэл дэх Төрийн аудитын газрын 2020 оны НТАГ-2020/09/СТА-ОНӨААН кодтой Санхүүгийн аудитын тайланд шүүхийн шийдвэрийг холбогдох хууль, тогтоомжийн дагуу хэрэгжүүлж, хохирлыг гэм буруутай албан тушаалтнаар төлүүлэх арга хэмжээ авч байх тухай зөвлөмж, 2021 оны 01/272 дугаартай Зөрчил арилгах тухай албан шаардлагад иргэнээс авах 19,713,844 төгрөгийн авлагын үлдэгдлийг тооцоо нийлсэн актаар баталгаажуулж, биелэлтийг 2021 оны 05 сарын 25-ны дотор ирүүлэхийг мэдэгдсэн.
1.3. Үүний дагуу 19,713,844 төгрөгийн авлага, өглөгийн тооцоо нийлэх, холбогдох төлбөрийг төлүүлэх талаар *******д удаа дараа мэдэгдсэн боловч компанид учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй.
Гүйцэтгэх удирдлага нь Компанийн тухай хууль болон компанийн дүрэм, мөн контракт гэрээний дагуу компанийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулдаг, аливаа шийдвэрийг үндэслэлтэй гаргах үүрэг хүлээдэг. Уг үүргээ биелүүлээгүйгээс шүүхийн шийдвэр гарч компанид хохирол учирсан.
Компанийн тухай хуульд компанийн гүйцэтгэх удирдлагын үүргийг тодорхойлон заасан ба эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээс компанид хохирол учруулсан тохиолдолд өөрийн хөрөнгөөр нөхөн төлнө гэж заасан. Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар албан тушаалын дагуу үүргээ биелүүлээгүйгээс гэм хор учирсан бол түүнийг байгууллага хариуцаж, байгууллагад учирсан гэм хорын хохирлыг 498.5 дахь хэсэгт заасны дагуу тухайн буруутай албан тушаалтнаас гаргуулахаар зохицуулсан тул хариуцагч *******эс уг төлбөрийг нэхэмжилж байгаа.
1.4. Эхний шүүхийн шийдвэрийн дагуу тухайн ажилтныг ажлаас халсан өдрөөс ажилд эгүүлэн тогтоох шийдвэр гарах хүртэл хугацаа буюу 2018 оны 07 сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны цалинг анх нэхэмжилж, 3 шатны шүүхээр шийдвэрлэгдэж 5,598,977 төгрөг төлөх болсон. Үүний дараа 2018 оны 07 сарын 04-ний өдрөөс 2019 оны 08 сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлс буюу 15,317,955 төгрөгийг нэхэмжилснийг шүүхийн шийдвэрээр хангасан.
Компанийн зүгээс тухайн ажилтанд нийт цалин 15,692,494 төгрөгийг 3 удаагийн гүйлгээгээр олгосон, 4,021,350 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэл болон хувь хүний орлогын албан татвар, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхөд зарцуулж, нийт 19,713,844 төгрөг болсон. Шүүхийн шийдвэрээр нийт олгох ёстой 20 сая төгрөгөөс 15 сая төгрөгийг олгосон, үлдэх хэсгийг тухайн ажилтан байгууллагаас нэхэмжилж аваагүй байгаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад талууд тохиролцож энэ хэсэг дууссан.
Иймд *******-с 19,713,844 төгрөгийг гаргуулан *******-д олгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. ******* нь *******-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд 2017 оны 02 сарын 16-ны өдрөөс 2019 оны 05 сарын 10-ны өдрийн хооронд ажиллаж байсан. Ажилтан ******* нь ажилд эргүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин, олговрыг олгуулах талаар шүүхэд хандаж, 2018 оны 07 сарын 04-ний өдрийн шүүхийн шийдвэрээр 5,598,977 төгрөгийн ажилгүй байсан хугацааны олговрыг олгож, ажилд эгүүлэн томилж шийдвэрлэсэн.
2.2. Нэхэмжлэгч нь 15,317,955.94 төгрөгийн цалин хөлс болон холбогдох эрүүл мэндийн даатгалын хураамж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлсөн гэж нийт 19,713,844 төгрөг нэхэмжилж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. *******ийг ажлаас чөлөөлөгдсөний дараа шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйтэй холбоотойгоор ******* нь дахин шүүхэд нэхэмжлэл гаргаж 2019 оны 11 сарын 13-ны өдөр шүүхийн шийдвэр гарсан. Тухайн үед шүүхийн шийдвэрийг биелүүлье, *******ыг ажилд нь томилъё, шүүхийн шийдвэрт заасан 5,598,977 төгрөгийг олгоё гэдэг үйлдлийг ******* хийсэн. ******* нь одоо би энэ ажил, албан тушаалд эргүүлэн томилогдох сонирхолгүй байна, учир нь миний хувийн бизнес гайгүй байгаа учраас шүүхийн шийдвэрт тусгагдсан 5,598,977 төгрөгийг надад олгож өгөөч гэж хэлсэн байдаг.
Үүний дагуу ******* компанийн төсөвт туссан хөрөнгөөс тухайн мөнгийг олгохын тулд Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр төсвийг батлуулах шаардлагатай болсон. Үүний хүрээнд 2019 оны компанийн үйл ажиллагааны зардлыг боловсруулахдаа *******т олгох 5,598,977 төгрөгийг тусгуулах саналыг хүргүүлсэн боловч хувьцаа эзэмшигч солигдсонтой холбоотойгоор Төлөөлөн удирдах зөвлөлийн байнгын үйл ажиллагаа явагдаагүй, гишүүдийг шинэчлэн батална гэж байгаад 2019 оны 05 сарын 10-ны өдрийн хамгийн анхны Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр *******ийг албан тушаалаас чөлөөлсөн.
2.3. Компанийн 2019 оны үйл ажиллагааны зардал батлагдаагүй учраас шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх боломжоор хангагдаагүй. *******-аас *******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлд Контракт гэрээний 7.3.3-т заасны дагуу гүйцэтгэх үүргээсээ шалтгаалж буюу гаргасан шийдвэрээс шалтгаалж байгууллагад учирсан хохирлыг төлүүлэх гэж дурдсан байна.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж заасны дагуу *******ийн ажлаас чөлөөлөгдсөн хугацаа буюу 2019 оны 05 сарын 10-ны өдрөөс 3 жилийн хугацааг тооцож үзвэл 2022 оны 05 сарын 10-ны өдөр дуусгавар болж байгаа. Хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас хойш 14 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчээс хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, зогссон талаар ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.
2.4. ******* шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлэх бүх үйл ажиллагааг өөрийн биеэр хийсэн, түүнийг чөлөөлөгдсөний дараа ажил үүргийг шилжүүлэн авсан, шинээр томилогдсон этгээд шүүхийн шийдвэрийг үргэлжлүүлэн сайн дураараа биелүүлэх ажиллагааг явуулах байсан.
Нэхэмжлэлд 05 сарын 21-ний өдөр *******ийг ажлаас чөлөөлөгдсөн гэж байгаа боловч *******ийг 05 сарын 10-ны өдөр ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь *******д сайн дураар биелүүлэх боломж байгаагүй, *******ийн дараагийн захирал тухайн шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, хугацаа алдсан.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******эс 13,449,490.30 /арван гурван сая дөрвөн зуун дөчин есөн мянга дөрвөн зуун ерэн төгрөг гучин мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,264,353.70 /зургаан сая хоёр зуун жаран дөрвөн мянга гурван зуун тавин гурван төгрөг далан мөнгө/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 256,519 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******эс улсын тэмдэгтийн хураамжид 225,198 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Нэхэмжлэгч нь шүүхэд анх 2022 оны 05 сарын 23-ны өдөр гаргасан нэхэмжлэл болон мөн оны 10 сарын 12-ны өдөр гаргасан тодруулга болон нотлох баримт хүргүүлэх тухай албан бичигт хариуцагч ******* нь *******-ийн гүйцэтгэх захирлаар 2017 оны 03 сарын 03-ны өдрөөс 2019 оны 05 сарын 10-ны өдөр хүртэл ажиллаж байх хугацаандаа буюу талуудын хооронд байгуулсан контракт гэрээний 7 дугаар зүйлийн 7.3.3, 7.5.8-д тус тус заасан хохирол учруулсан тул хохирлыг хариуцагчаар нөхөн төлүүлэхээр шаардсан, хариуцагчаас дээр дурдсан контракт гэрээнд заасан байгууллагад хохирлыг нэхэмжилж байгаа талаар нэхэмжлэгчээс тодруулахад гэрээний үүрэгтэй холбоотой хохирлыг нэхэмжилж байгаа талаар дурьдсан байдаг.
Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-д Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч байгууллагад учирсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй гэж дүгнэсэн нь шүүх нэхэмжлэлээс хальж, хуулийг буруу хэрэглэсэн.
4.2. Хариуцагчийн зүгээс гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрхийн хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хугацаанаас хэтэрсэн талаар тайлбарласаар байтал /контракт гэрээ 2019 оны 05 сарын 10-ны өдөр дуусгавар болсоноос хойш буюу 3 жил 14 хоногийн дараа нэхэмжлэл гаргасан/ шүүхээс энэхүү маргаан гэрээний үүрэгтэй холбоотой эсэхийг тогтоогоогүй байж Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан ерөнхий хугацаагаар тооцон илт нэг талыг барьж шийдвэр гаргасан.
Иймд *******, ******* нарын хооронд байгуулсан контракт гэрээний 7.3.3-т заасан хохирлыг шаардсаныг үндэслэн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хугацааг нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан контракт гэрээ дуусгавар болсон огноо болон нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацаатай харьцуулан тогтоож анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
5.1. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Нэхэмжлэгч талын зүгээс Иргэний хуулийн 498 дугаар зүйл болон Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1, 84.3, 84.6 дахь хэсэгт заасан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагын агуулгаа тодорхойлсон.
Иймд контракт гэрээний дагуу шаардлага гаргасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарлаж буй хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан байгууллагад учруулсан гэм хорын хохиролд нийт 19,713,844 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч компанийн төсвөөс шалтгаалж шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй байсан, ажлаас чөлөөлөгдсөний дараа гарсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргийг хүлээх үндэслэлгүй, мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах үйл баримтыг зөв тогтоосон. Тодруулбал,
3.1. ******* нь *******-д гүйцэтгэх захирлын албан тушаалд ажиллаж байхдаа 2018 оны 01 сарын 31-ний өдөр Б/01 дугаартай тушаал гаргаж, ажилтан *******ыг ажлаас үндэслэлгүйгээр халсан болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 26-ны өдрийн 181/ШШ2018/00985 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 сарын 04-ний өдрийн 1567 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 12 сарын 28-ны өдрийн 001/ХТ2019/00004 дугаар тогтоол зэрэг баримтуудаар тогтоогдсон. /1хх-172-186/
3.2. Ажилтан ******* нь *******-д холбогдуулан дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр биелэгдэх хүртэл хугацааны буюу 2018 оны 07 сарын 04-ний өдрөөс ажилд эгүүлэн томилсон 2019 оны 08 сарын 29-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 11 сарын 13-ны өдрийн 181/ШШ2019/02311 дугаартай шийдвэрээр хангаж, *******-аас 15,317,955.94 төгрөгийг гаргуулж, ногдох эрүүл мэндийн даатгалын хураамж болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох бичилтийг хийхийг тус компанид даалгаж шийдвэрлэсэн. /1хх-39-40/
3.3. Хэргийн 16-18, 192 дахь талд банкны мемориалын ордер баримт, *******-ийн захирлын 2019 оны 08 сарын 29-ний өдрийн Б/65 дугаартай тушаал зэрэг нотлох баримтуудаар ******* нь дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийг биелүүлж, тус компанийн гүйцэтгэх захирал *******ы 2019 оны 08 сарын 29-ний өдрийн Б/65 дугаартай тушаалаар ажилтан *******ыг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2020 оны 06 сарын 15-ны өдөр 5,230,831 төгрөг, 2020 оны 07 сарын 10-ны өдөр 5,353,536.67 төгрөг, 2020 оны 10 сарын 05-ны өдөр 5,108,127 төгрөг, нийт 15,692,494 төгрөг олгосон болох нь тогтоогдсон. /1хх-16-18, 192/
4. Нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасныг үндэслэн хариуцагч *******эс гэм хорын хохирол гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй. гэж заасан.
Хуулийн дээрх зохицуулалтаар байгууллага нь өөрт учирсан хохирлоо шаардах эрх үүсэх нэг үндэслэл нь ажилтан хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын үүргээ гүйцэтгэхдээ өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр бусдад гэм хор учруулсан гэх нөхцөл тогтоогдсон байхыг шаардана.
Хариуцагч ******* нь албан тушаалын дагуу үүргээ гүйцэтгэх явцдаа шууд санаатай эсхүл илтэд болгоомжгүй үйлдлээр бусдад хохирол учруулсан гэх үйл баримт хэргийн нотлох баримтаар тогтоогдоогүй байна. Анхан шатны шүүх, хариуцагчийг татгалзлын үндэслэлээ өөрөө нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагаас 13,449,490 төгрөгт холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцэхгүй.
Давж заалдах шатны шүүх, хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг харьцуулан үзээд тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй үзлээ.
5. Хариуцагч тал талуудын хооронд байгуулагдсан контрактын гэрээний 7.3.3, 7.5.8-д тус тус заасан хохирол учруулсан ...контрактын гэрээ 2019 оны 05 сарын 10-ны өдөр дуусгавар болсон, үүнээс хойш 3 жил 14 хоногийн дараа нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 72.2.1-д заасан хугацаанаас хэтэрсэн, хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байхад шүүх хуулийг буруу хэрэглэн хэргийг шийдвэрлэсэн гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан байна.
Талууд 2017 оны 04 сарын 20-ны өдөр 01 дугаартай *******-ийн гүйцэтгэх захиралтай байгуулах контракт нэртэй гэрээ байгуулсан байх бөгөөд гэрээний 7.3.3-д гүйцэтгэх захирал Хөдөлмөрийн тухай хууль, бусад хууль тогтоомжийг буруу хэрэглэсний улмаас ажилтан болон бусдад хохирол учруулсан бол баримтаар нотлогдсон тухайн хохирлын үнийн дүнгээр эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээнэ гэж заажээ. /1хх-13/
Хэрэгт авагдсан дээрх бичмэл нотлох баримт болон зохигчдын тайлбар зэргээр талуудын хооронд үүссэн маргаан нь зөрчлийн улмаас үүсэх үүргийн харилцаанд буюу Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарч байна. Иймд ажилтныг хууль бусаар ажлаас халсантай холбоотой, шүүхийн шийдвэрийн дагуу ажилтанд олгосон нөхөх олговор буюу байгууллагад учирсан хохирлыг гаргуулахаар шаардаж буй тохиолдолд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д зааснаар тооцно гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
6. Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын хүсэлтийг үндэслэн иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт заасанд нийцжээ.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч *******д холбогдуулан гэм хорын хохиролд 19,713,844 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 18-ны өдрийн 191/ШШ2025/01517 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******д холбогдуулан гэм хорын хохиролд нийт 19,713,844 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 225,198 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Ч.ЦЭНД