| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзий-Отгон |
| Хэргийн индекс | 144/2019/0076/Э |
| Дугаар | 78 |
| Огноо | 2019-07-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 78
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,
Нарийн бичгийн дарга М.Гантуяа,
Улсын яллагч В.Төгсбаяр,
Шүүгдэгч С.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайжууд овогт Сүхбаатарын Бт холбогдох 1929001710068 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч С.Б нь 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, Гашуун сухайт Хилийн заставын хажууд Б.Батбаатартай хувийн таарамжгүй харьцаанаас буюу тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа гүйцэж түрүүлсэн гэх шалтгаанаас маргалдаж улмаар зүүн шанаан тус газар нь гараараа цохиж зодон 1-р шүдний булгарал, уруулын дотор салстын язарсан шарх гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ: “2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Ханбогд сумын Хайрхан багын ойролцоо явж байгаад Б.Батбаатарын машиныг гүйцэж түрүүлж гарсан. Уг асуудлаас болоод маргаан гарсан. Би Батбаатарыг нэг цохьсоноос болж Батбаатарын нэг шүд унасан. Хохирол төлбөрт 2,500,000 төгрөг өгсөн.” гэв.
Хохирогч Б.Батбаатарын: “...тэгээд би С.Бт хандаж “Чи намайг дайрах шахаад гүйцэж түрүүлсэн амжилт олсонгүй юу” гээд асуусан чинь “Чи машинаа барьж чадахгүй байсан болохоор би чиний машиныг гүйцэж түрүүлсэн юм” надад хэлээд тэрнээс болж бид хоёр хэрэлдэж маргалдаж эхэлсэн. Тэгээд би С.Бийг “Хоёулаа ийшээ яваад уулзъя” гээд хэлтэл С.Б “Чи наад үгээ ярьдаг газраа ярь” гэж хэлээд тэгээд бид хоёр хэрэлдэж маргалдаад байж байтал намайг заамдаад авсан. Тэгэхээр нь би С.Бийг заамдсан гарыг салгаад С.Б бид хоёр барилцаж аваад салсан. С.Б намайг үлдээгээд өөрийнхөө машин руу яваад өгсөн. Би С.Бийн араас “Чи хаашаа явах гээд байгаа юм бэ, хоёулаа ийшээ яваад уулзая” гэж хэлсэн. Тэгээд би машины хажууд зогсоод байж байтал С.Б над дээр буцаад хүрээд ирсэн. С.Бийг над дээр ирж явааг хараад би газарт суугаад гутлаа үдээд байж байтал миний хажууд ирээд “Чи машинаа олигтой барьж чадахгүй гөлөг чинь” гээд надад хэлсэн. Тэгэхээр нь би газарт сууж байгаад босоод С.Бийг түлхээд “Чи муу юу гээд байгаа юм” гэж хэлээд түлхээд автал С.Б намайг баруун гараараа миний шүдрүү цохиод миний хоёр шүдийг унагасан. Тэгэхээр нь миний уур хүрээд газраас чулуу аваад С.Бийг цохих гэж байгаад болиод газар руу барьсан чулуугаа шидсэн” гэх мэдүүлэг /хх-н 9-р хуудас/,
Гэрч Ж.Батсүхийн “...2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 11 цагийн орчим Өмнөговь аймгийн Ханбогд сум, Хайрхан багийн нутаг нүүрс тээврийн шороон замаар нүүрс тээврийн машинаа барьж яваад хилийн 07-р Заставын монпист бүртгэдэг газарлуу алхаж явтал хоёр хүн зодолдоод нэг залуу нь гартаа чулуу бариад цохих гээд байгаа бололтой байсан. Тэгээд би тэр чулуу бариад зогсож байсан залуугийн чулууг нь аваад “Наад зодооноо салга” гээд ойролцоо зогсож байсан нэг залууд хэлээд би монпистоо бүртгүүлээд буцаад ирэхэд зодолдоод байсан нэг залуугийн гарнаас нь цус гарсан гараа угаагаад зогсож байсан. Нөгөө залуугийн амнаас цус гарсан нүүрээ угаагаад зогсож байсан. Тэгээд би машиндаа суугаад яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-н 13-р хуудас/,
Гэрч А.Сүхбаатарын: “...Би 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 10 цаг 40 минутын орчим Өмнөговь аймгийн Ханбогд сум, Хайрхан багийн нутаг нүүрс тээврийн шороон замаар нүүрс тээврийн машинаа барьж яваад 07-р Застав дээр ирээд монпистоо бүртгүүлээд машиндаа сууж байтал хоёр хүн зодолдоод байх шиг байсан. Тэгээд би тэр хоёр залуугийн нэг залууг татаж салгаад тэр хоёр залуугийн нэг залууг нь машинд нь суулгаж өгөөд “Одоо зодолдоод яахав” гэж хэлээд машиндаа суугаад машинаа бариад явсан” гэх мэдүүлэг /хх-н 14-р хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 372 дугаартай дүгнэлт “Б.Батбаатарын биед зүүн дээд 1-р шүдний булгарал, уруулын дотор салстын язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх 1-р шүдний булгарал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтонги 5% алдагдуулна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /хх-н 16-р хуудас/,
Яллагдагч С.Бийн: “...Би 2019 оны 06 дугаар сарын 14-ний Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг Хайрханы ойролцоо нүүрс тээврийн машин бариад явж байгаад нүүрс тээврийн шороон зам дээр би машинаа бариад явж байхдаа миний урд талд явж ядаад удаан яваад байсан нүүрс тээврийн машиныг гүйцэж түрүүлээд Хилийн 07-р Застав дээр очиж зогсоод монпистоо бүртгүүлээд явж байтал миний урд талд явж чадахгүй удаан яваад байсан машины жолооч Б.Батбаатар гэдэг залуу “чи намайг гүйцэж үрүүлээд амжилт олсонгүй юу” гээд байсан. тэгээд тэрнээс болж хоорондоо маргалдаад би Б.Батбаатар гэдэг залууг нэг удаа нүүрэн тус газарт нь цохиод автал Б.Батбаатарын хоёр шүд нь унасан” гэх мэдүүлэг /хх-н 23-р хуудас/,
Шүүгдэгч С.Бийн хувийн байдалтай холбогдох баримт /хавтаст хэргийн 28-30-р хуудас/,
Шүүгдэгч С.Боос хохирогч Б.Батбаатарт 2,500,000 төгрөг төлсөн тухай дипозит дансны хуулга /хх-н 31-р хуудас/
С.Бийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-н 26-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.
Шүүгдэгч С.Б нь 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, Гашуун сухайт Хилийн заставын хажууд Б.Батбаатартай хувийн таарамжгүй харьцаанаас буюу тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа гүйцэж түрүүлсэн гэх шалтгаанаас маргалдаж улмаар зүүн шанаан тус газар нь гараараа цохиж зодон 1-р шүдний булгарал, уруулын дотор салстын язарсан шарх гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хохирогч Б.Батбаатарын биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч С.Бийн хохирогчийн нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм.
Иймд шүүгдэгч С.Бийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
Хохирогч Б.Батбаатарын биед хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 372 дугаартай “1. Б.Батбаатарын биед зүүн дээд 1-р шүдний булгарал, уруулын дотор салстын язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Дээрх 1-р шүдний булгарал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтонги 5% алдагдуулна. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /хх-н 16-р хуудас/ гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд шүүгдэгч нь хохирогч Б.Батбаатарт хохирол төлбөрт 2,500,000 төгрөг төлж барагдуулсан /хх-н 31-р хуудас/, хохирогч нь гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй тухайгаа мөрдөн шалгах ажиллагааны шатанд илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан үндэслэл болох анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид төлөх төлбөргүй, хийсэн хэрэгтээ үнэн санаасаа гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 /есөн зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 /есөн зуун мянга/-н төгрөгөөр торгох саналыг хөнгөрүүлж шүүгдэгч С.Бт 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд С.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тайжууд овогт Сүхбаатарын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бийг 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Батбаатарт хохирол төлбөрт 2,500,000 төгрөг төлж барагдуулсан, хохирогч нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй нь гэсэн болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, С.Бийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд С.Бт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд С.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН