Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 07

 

 

Д.Эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Бат-Эрдэнэ, Д.Ганзориг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор А.Оюунгэрэл,

нарийн бичгийн дарга Б.Наранжаргал нарыг оролцуулан,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1209 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 825 дугаар магадлалтай, 201525020909 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Өнөржаргалын гомдлоор хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1989 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Д.Э нь Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Эыг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг баримтлан Д.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960,000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулан, 3 дахь заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Эын өмгөөлөгч Ч.Өнөржаргалын гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Б.Бат-Эрдэнийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэлийн саналыг сонсоод

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Эын өмгөөлөгч Ч.Өнөржаргал хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Давж заалдах шатны шүүх Д.Эд холбогдох хэргийн шүүх хуралдааныг 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хийхээр товлосон бөгөөд өмгөөлөгч миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас оролцох боломжгүйгээ илэрхийлэн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хүргүүлсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх хурал хойшлуулах хүсэлтэд хавсаргасан эмнэлгийн магадлагаанд заасан хугацаа дуусаагүй байхад буюу 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр шүүх хуралдааныг зарласан. Тухайн асуудалд өмгөөлөгч миний бие тус шүүх хүсэлтэд хавсаргасан нотлох баримтыг буруу үнэлсэн байна. Иймд эмнэлгийн магадлагаанд заасан хугацаа дуусаагүй байхад зарласан шүүх хуралдааныг дахин хойшлуулах хүсэлтийг гаргасан болно. Гэтэл давж заалдах шатны шүүх 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан өмгөөлөгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, улмаар шүүх хуралдааныг хийсэн байдаг. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3.12 дахь заалтуудыг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Хавтаст хэрэгт хохирогч С.Сд гэмт хэргийн улмаас учирсан хохирлын баримт авагдаагүй байгаа нь хохирогч С.Стай эвлэрэн хэлэлцэх асуудлыг тодорхойгүй байдалд хүргэснээс гадна давж заалдах шатны шүүх хуралдаан зарлагдах хүртэл хохирогч С.С нь гадаад улсад зорчиж байсны улмаас талууд хохирлын асуудлаар эвлэрэн хэлэлцэх асуудал тодорхойгүй байдалд байсан болно. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын баримт авагдаагүй нөхцөл байдалд өмгөөлөгчийн хувьд үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хуульд заасан боломжийг ашиглан хохирогчтой зөвшилцөх, талуудыг эвлэрүүлэх ажиллагаа хийх боломжгүй байсан болно. Давж заалдах шатны шүүх өмгөөлөгч миний бие хурал хойшлуулах хүсэлтийг хүргүүлсээр байтал тодорхой хэрэг дээр хурал хойшлууллаа, ялтны холбогдсон хэрэг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан байхад гомдол гаргалаа гэх мэтээр өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол болон үндэслэл бүхий шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт зэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэгт холбогдсон этгээд хуульд заасан боломжийг эдлэх, талуудыг эвлэрүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийн оронд холбогдогчийг заавал ялтан болгох байр суурь эрэлхийлж байсанд харамсаж байна. Иймд магадлалыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлийн 320.1.3 дахь заалтад заасан “хохирогч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг өмгөөлүүлэх бололцоогоор хангаагүй” гэсэн үндэслэлээр хүчингүй болгож өгнө үү. Хэрэв хүчингүй болгох боломжгүй гэж үзвэл Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх заалтыг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь заалтад зааснаар Д.Эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Хавтаст хэрэгт авагдсан баримтуудын хүрээн дэх үйл баримтын асуудалд маргадаггүй. Харин Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Үндсэн хуульд заасан эрхийг зөрчсөн гэж үзэж гомдол гаргадаг. Эмчийн магадлагаанд “хүртэл” гэж бичигдсэн байхад буруугаар ойлгон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж гомдол гаргасан нь үндэслэлгүй. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, хөнгөн гэмт хэргийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Д.Э нь 2015 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 2 дугаар байрны 97 тоотод С.Стай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар түүнийг газар түлхэн унагааж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, гэрч, сэжигтэн нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаарх шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

 

Д.Эын үйлдсэн Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа бөгөөд хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх үед гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх заалтад заасан 6 сарын хугацаа өнгөрсөн байх тул Д.Эд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иймд Д.Эын өмгөөлөгч Ч.Өнөржаргалын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлоос “...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь заалтад зааснаар Д.Эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэснийг хангаж, шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2 дахь заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1209 дүгээр шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 825 дугаар магадлалын тогтоох хэсэгт “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь заалтад зааснаар Д.Эд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх заалтыг журамлан түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтуудыг тус тус хүчингүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, өмгөөлөгч Ч.Өнөржаргалын гомдлоос “...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь заалтад зааснаар Д.Эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэснийг хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Т.УРАНЦЭЦЭГ

 

                        ШҮҮГЧ                                                                       Б.БАТ-ЭРДЭНЭ