Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2025/0009

 

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал,

 газрын тосны газар,  тус газрын Кадастрын

хэлтэст холбогдох захиргааны

хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч: Д.Батбаатар

Шүүгчид:                   М.Батсуурь

                                      Х.Батсүрэн

                                      Ц.Цогт                                

Илтгэгч шүүгч:      Г.Банзрагч                

Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2024/0610 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2024/0690 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, өмгөөлөгч Б.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нарыг оролцуулж,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 001/ШХТ2025/0029 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой, хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.3-т заасан үндэслэл байгаа эсэхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага:

Нэхэмжлэгч “Г” ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газар, тус газрын Кадастрын хэлтэст холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1/2821, мөн газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 8/2816, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 8/1057 дугаар захиргааны актууд нь илт хууль бус акт болохыг тогтоож, “Г” ХХК-ийн XV-0178 ... дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах хүсэлтийг хуульд заасан журмаар шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.Хэргийн нөхцөл байдал:

2.1.Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 494 дүгээр шийдвэрээр “Г” ХХК-д Өмнөговь аймгийн Хүрмэн сумын, ......... нэртэй газарт орших 12385.06 гектар талбайд XV-0178 ... дугаар бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацаагаар олгож, 2018 оны 430 дугаар шийдвэрээр 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хүртэл сунгаж шийдвэрлэжээ.  

2.2.Нэхэмжлэгч “Г” ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад хандан 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр болон 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр, Ашигт малтмал, газрын  тосны газарт 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтийг гаргасан боловч “... тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу төрийн захиргааны байгууллагад гаргаагүй, хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй,  “... хугацаа сунгуулах өргөдлийг 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө гаргаагүй тул тусгай зөвшөөрлийн хугацаа 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болсон, захиргааны актад гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн” гэх хариуг тус тус өгсөн байна.

3.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:

3.1. “... Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацааг 2 дахь удаагаа сунгуулах хүсэлтээ Ашигт малтмал, газрын тосны газарт гаргасан. Тухайн үед Ковид-19 цар тахлын үе байсан учир  байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө батлуулахаар Өмнөговь аймаг руу нэвтрэх зөвшөөрөл авах хүсэлтийг 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Улсын онцгой комисст хандан хүргүүлсэн боловч татгалзсан. Иймд 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргад хандан дээрх хүндэтгэн үзэх шалтгааныг үндэслэн хугацаа сунгаж өгөхийг хүссэн хүсэлтийг, сунгуулах төлбөр 1,000,000 төгрөг төлсөн баримтын хамт хүргүүлэхэд “хүсэлтээ хугацаандаа гаргаагүй” гэж үзэж сунгахаас татгалзсан хариуг, дахин дээрх үндэслэлээр 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүсэлт хүргүүлсэн боловч хүлээн авах боломжгүй гэсэн хариуг тус тус өгсөн.

3.2.Мөн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газарт хүсэлтээ, гомдлын хамт гаргасан боловч 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1/2821 дүгээр албан бичгээр “... гомдлыг хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй, Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д заасан хугацаа хэтэрсэн” гэсэн хариу ирүүлсэн. Энэ нь Цар тахлын тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулийн 33, 35, 47.1.3, 47.2, 47.3, Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг зөрчсөн. “Г” ХХК нь төлбөр төлсөн баримт дээр тусгай зөвшөөрөл болон лицензийн орлого гэж гүйлгээний утга дээр бичсэн боловч тусгай зөвшөөрөл сунгах зориулалтаар төлсөн гэдгээ тайлбарласан. Хүндэтгэн үзэх нөхцөл байдал байсан, баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

4.Хариуцагч нараас нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч “... “Г” ХХК нь Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө гаргаж өгөөгүй. Дээрх хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан бол уг тусгай зөвшөөрлийг дуусгавар болгохоор зохицуулсан. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахад зайлшгүй биеэр очиж батлуулна гэсэн зүйл байхгүй. Тухайн үед Монгол Улсын хэмжээнд шуудан, цахилгаан, бүх зүйл нээлттэй,  хүргүүлэх боломж байсан. Үйлчилгээний хөлс 1,000,000 төгрөг төлсөн гэх боловч уг баримт хавтаст хэрэгт байхгүй. Харин тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн  баримт байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар сарын өмнө өргөдөл гаргах бөгөөд ямар баримт бүрдүүлж сунгах өргөдлийг гаргах талаар хуульчилсан байхад баримтыг бүрэн гаргаж өгөөгүй. Сунгах өргөдөл өгөхөөс өмнө ямар хүндэтгэн үзэх шалтгаан байсан, яагаад хугацаандаа гаргаж өгөөгүй талаараа албан бичиг ирүүлээгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа хэтэрсэн, иймд нэхэмжлэл үндэслэлгүй ...” гэжээ.

5.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2024/0610 дугаар шийдвэрээр “Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-т заасныг баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын (хуучнаар) 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 8/2816, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 8/1057 дугаар захиргааны актууд нь илт хууль бус акт болохыг тогтоож, “Г” ХХК-ийн XV-0178 ... дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах хүсэлтийг хуульд заасан журмаар шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэгч “Г” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан “Г” ХХК-аас гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1/2821 дүгээр шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийсэн байна. Үүнд: 

5.1.“... Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.1.6-д заасан нөхцөл бүрдсэн үед захиргааны акт илт хууль бус болно, маргааны тохиолдолд хариуцагч Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 11.2-т зааснаар хариуцагч хуулиар олгогдсон эрх хэмжээг хэрэгжүүлж нэхэмжлэгчийн хүсэлтэд “... хүсэлтийг хүлээн авах боломжгүй” тухай хариу өгснийг илт хууль бус гэх үндэслэлгүй байна ...

5.2.Мөн нэхэмжлэгч нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3, 22.1.4-т заасан баримтуудыг бүрдүүлсэн талаарх баримтуудыг шүүхэд ирүүлээгүй энэ тохиолдолд зөвхөн “цар тахлын улмаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоосон байсан” гэх нэг үндэслэлээр хүсэлтийг шийдвэрлэхийг хариуцагчид даалгах үндэслэлгүй ...

5.3.Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1/2821 дүгээр албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актад хамаарахгүй, тодруулбал нэхэмжлэгчээс урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдсэн гомдлын хариу албан бичиг байх бөгөөд захирамжилсан шинжгүй, дангаар эрх зүйн үр дагавар үүсгээгүй байх тул илт хууль бус акт болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй ...” гэх зэргээр дүгнэжээ.

6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2024/0690 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 8/2816, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 8/1057 дугаар албан бичгүүдийг илт хууль бус болохыг тогтоож, “Г”  ХХК-ийн XV-0178... дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгасугай гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг өгсөн байна. Үүнд:

6.1.“... Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5, 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 22.4-т заасан зохицуулалтаас үзэхэд, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг уг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө гаргах үүрэгтэй боловч тогтоосон хугацаанд өргөдөл гаргаагүй бол тухайн өргөдлийг хүлээн авахаас татгалзах эрхийг захиргааны байгууллага, албан тушаалтанд олгоогүй, харин эсрэгээр өргөдлийг хүлээн авч, хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, хангаагүй бол сунгахаас татгалзах эрхийг олгосон гэж үзэхээр байна ... Иймд нэхэмжлэгч “Г”  ХХК-д Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 8/2816, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 8/1057 дугаар албан бичгүүдээр ... хариу өгсөн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасантай нийцээгүй байх тул нэхэмжлэлийн энэ шаардлага үндэслэлтэй.

6.2.Нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусах 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар “Бямба” гараг байх бөгөөд бүх нийтээр амрах өдөр байхаас гадна үргэлжлүүлэн Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдөр ба дараагийн ажлын өдөр нь 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр байх тул “Г” ХХК нь 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргад хандан тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргасныг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг баримтлаагүй гэж үзэхээргүй байна.

6.3.Харин Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1/2821 дүгээр албан бичиг нь “... захиргааны актад хамаарахгүй” гэсэн үндэслэлээр уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна ...” гэх зэргээр дүгнэжээ.

7.Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга М.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо “... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг үндэслэн гомдол гаргаж байна.

7.1.... Магадлалын Хянавал хэсгийн 2.7-д “Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг уг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө гаргах үүрэгтэй боловч тогтоосон хугацаанд өргөдөл гаргаагүй бол тухайн өргөдлийг хүлээн авахаас татгалзах эрхийг захиргааны байгууллага, албан тушаалтанд олгоогүй, харин эсрэгээрээ өргөдлийг хүлээн авч хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасан эсэхийг хянаж хангаагүй бол сунгахаас татгалзах эрхийг олгосон гэж үзэхээр байна. “... Танай хүсэлтийг шийдвэрлэх боломжгүйг үүгээр мэдэгдье” гэх хариу өгсөн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасантай нийцээгүй байх тул нэхэмжлэлийн энэ шаардлага үндэслэлтэй ...” хэмээн дүгнэсэн.

7.2.Дээрх дүгнэлт нь анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт бичсэн үндэслэл, дүгнэлтээс илт зөрүүтэйгээр холбогдох хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Түүнчлэн давж заалдах шатны шүүх Ашигт малтмалын тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 208, 225, 2023 оны 48 дугаар тогтоолуудаар хуулийг тайлбарлан хэрэглэснээс илт ташаа тайлбарлан хэрэглэсэн нь уг магадлал хууль зүйн үндэслэлгүй болохыг нотолж байна.

7.3.Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох боломж гэнэ”, 42.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ” гэж заажээ.

7.4.Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар төрийн захиргааны байгууллага 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 8/2816, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 8/1057, 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1/2821 дүгээр албан бичгээр хүсэлтэд хариу өгсөн нь дээрх хуульд зааснаар захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэсэн. Энэ үйлдлийг давж заалдах шатны шүүх “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасантай нийцээгүй” гэж дүгнэсэн нь хуулийг Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн.

7.5.Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх нь уг тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаа тохиолдолд хамгаалагдах тул тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байх хугацаанд нь түүнийг сунгуулах тухай өргөдлөө гаргах эрхийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид хуулиар олгосон, тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дууссанаар түүнийг эзэмшигчийн эрх мөн дуусгавар болох тул “Г” ХХК-ийн хувьд ашигт малтмалын хайгуулын ХV-0178 ... дугаар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх дуусгавар болж тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахтай холбоотой харилцаа үүсэхгүй юм.

7.6.Гэтэл давж заалдах шатны шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан хугацаанд өргөдөл гаргаагүй этгээдийн сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг даалгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Шүүхээс захиргааны байгууллагын сонгох боломжийн хүрээнд гаргасан шийдвэр (татгалзал)-ийг хянахдаа хуульд заасан нэхэмжлэгчийн шаардах эрхийн урьдчилсан нөхцөл бодит байдалд хангагдсан эсэхийг тогтоох бөгөөд хэрэв тухайн урьдчилсан нөхцөл хангагдаагүй бол захиргааны акт гаргахаас татгалзах нь хууль ёсны юм. Харин хуульд заасан урьдчилсан нөхцөл хангагдсан хэдий ч холбогдох захиргааны актыг гаргах эсэхийг захиргаа сонгох эрхтэй тохиолдолд тэрхүү сонгох боломжийн хүрээнд гаргасан татгалзал хууль ёсны эсэхийг хянах шүүхийн хяналт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д заасан хүрээгээр хязгаарлагдана.

7.7.Энэхүү маргааны тухайд нэхэмжлэгч компанийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын ХV-0178 ... дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа нь 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болсон тул “Г” ХХК-ийн албан бичгүүдэд төрийн захиргааны байгууллага албан бичгээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан тухай хариу өгөх үндэслэлтэй.

7.8.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т зааснаар даалгах шаардлагын хувьд захиргааны хууль бус татгалзал, эс үйлдэхүй тогтоогдож, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол нэхэмжлэл хангагдах зохицуулалттай бөгөөд энэ тохиолдолд, нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хариуцагчаас шийдвэрлэхгүй орхигдуулсан зүйлгүй, мөн сонгох эрхийн хүрээнд нэхэмжлэгчийн хүсэлтээр захиргааны актыг гаргах ажиллагаа дахин хийх үүрэггүй тул шүүхээс нэгэнт тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон эрх зүйн харилцаанд хариуцагчийг дуусгавар болсон хайгуулын тусгай зөвшөөрлийн бүртгэлийг сэргээж, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг шийдвэрлэхийг даалгах хууль зүйн үндэслэлгүй. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг үндэслэн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

8.Нэхэмжлэгч тал “хариуцагчийн гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй, давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны тул хэвээр үлдээж өгнө үү” гэсэн агуулгатай тайлбарыг өгөв.

9.Хяналтын шатны шүүх хариуцагчийн гомдлыг “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” үндэслэл байгаа эсэхийг хянан хэлэлцэхээр хүлээн авсан болно.

ХЯНАВАЛ:

10.Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын  хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй.

11.Хоёр шатны шүүх хэргийн үйл баримтад Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрүүтэй тайлбарлан хэрэглэснээс болж хэргийг өөр өөрөөр шийдвэрлэжээ.

12.Тодруулбал, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “... Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 11.2-т зааснаар хариуцагч хуулиар олгогдсон эрх хэмжээг хэрэгжүүлж нэхэмжлэгчид “хүсэлтийг хүлээн авах боломжгүй” тухай хариу өгснийг илт хууль бус гэх үндэслэлгүйн зэрэгцээ нэхэмжлэгч нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахад гаргах өргөдлийн бүрдлийг хангаагүй (хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3, 22.1.4-т заасан баримтуудыг бүрдүүлсэн талаарх баримтуудыг шүүхэд ирүүлээгүй) байх тул тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах хүсэлтийг хуульд заасан журмаар шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэх боломжгүй ...” гэж дүгнэсэн бол;

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх “... Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5, 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 22.4-т заасан зохицуулалтаас үзэхэд, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл  эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг уг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө гаргах үүрэгтэй боловч тогтоосон хугацаанд өргөдөл гаргаагүй бол тухайн өргөдлийг хүлээн авахаас татгалзах эрхийг захиргааны байгууллага, албан тушаалтанд олгоогүй, харин эсрэгээр өргөдлийг хүлээн авч, хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, хангаагүй бол сунгахаас татгалзах эрхийг олгосон гэж үзэхээр байна ... Иймд маргаан бүхий албан бичгүүдээр хариу өгсөн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасантай нийцээгүй байх тул нэхэмжлэлийн энэ шаардлага үндэслэлтэй ...” гэж дүгнэжээ.

13.Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 21, 2016 оны 111, 2020 оны 208, 2023 оны 09, 2023 оны 45 дугаар тогтоолуудаар Ашигт малтмалын тухай хуулийн дээрх зүйл, заалтыг тайлбарлан хэрэглэсэнтэй давж заалдах шатны шүүхийн дүгнэлт агуулгын хувьд зөрүүгүй байна.

14.Тодруулбал, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах” гэсэн эрхийнхээ хүрээнд мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана: ...” Улсын дээд шүүхийн дээрх тогтоолуудаар хуулийн энэхүү зохицуулалтыг “хэдийгээр тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хугацаа сунгуулах өргөдлөө хуульд заасан 1 сарын өмнө гаргаагүй боловч тусгай зөвшөөрлийн хугацаандаа багтаж гаргасан тохиолдолд захиргаа тухайн өргөдлийг хүлээн авахаас татгалзах эрхгүй”, өөрөөр хэлбэл хуульд энэ үндэслэлээр өргөдлийг хүлээн авахаас татгалзах зохицуулалт байхгүй байна гэсэн агуулгаар;  

 Түүнчлэн, дээрх хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д заасан эрхийн хүрээнд гаргасан өргөдлийг хариуцагч/захиргаа хүлээн авахаас татгалзах биш, харин өргөдлийг хүлээн авч, 22 дугаар зүйлийн 22.2-т зааснаар “... ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэх”, эсхүл 22.4-т зааснаар “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй бол төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзаж энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр, эсхүл энэ хуулийн 17.1-д заасан цахим хэлбэрээр мэдэгдэж, тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэх” учиртай гэж тайлбарлан хэрэглэжээ.

15.Энэхүү хэргийн тухайд, нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн хугацаа нь 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр дуусахаар байсан бөгөөд тэрбээр хугацаа сунгуулах тухай өргөдлөө 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр гаргасан байдаг, гэтэл хариуцагч маргаан бүхий эхний акт болох 2021 оны  06 дугаар сарын 30-ны өдрийн 8/2816 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн өргөдлийг “Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу гаргаагүй байна” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан нь хууль бус байна. 

16.Гэвч Захиргааны ерөнхий хуульд захиргааны актын алдааг “илт хууль бус”, “хууль бус”, хэлбэрийн төдий буюу засаж болох “илэрхий алдаа” гэж үр дагавраар нь ялгаатай зохицуулсан. Энэ тохиолдолд дээрх маргаан бүхий акт нь уг хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэсэнд хамаарахгүй, харин хариуцагч “өөрт олгосон эрхийг буруу хэрэгжүүлсэн” алдаатай акт гэж үзнэ.

17.Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 8/2816 дугаар шийдвэр илт хууль бус болохыг тогтоосон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй, мөн уг актыг хууль ёсны гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт ч буруу юм.

18.Маргаан бүхий хоёр дахь акт болох Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 8/1057 дугаар шийдвэрийн тухайд, нэхэмжлэгч дээрх 8/2816 дугаар актыг хүчингүй болгуулахаар хуульд заасан хугацаанд гомдол, нэхэмжлэл гаргах эрхээ зохих журмын дагуу хэрэгжүүлээгүйгээс уг шийдвэр хүчин төгөлдөр болсон. Үүнээс хойш бүтэн 8 сарын дараа буюу 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр дахин гаргасан нэхэмжлэгчийн өргөдөлд хариуцагч маргаан бүхий 2022 оны 8/1057 дугаар шийдвэрээр “Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан” тул өргөдлийг хүлээн авах боломжгүй гэсэн утгатай хариу өгснийг илт хууль бус, эсхүл хууль бус гэж үзэхгүй. Учир нь, нэгэнт тусгай зөвшөөрөл дуусгавар болсон байхад хариуцагчийг хугацаа сунгуулах тухай өргөдлийг хүлээн авах ёстой байсан гэж буруутгах боломжгүй юм.

19.Иймд нэхэмжлэлийн Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 8/2816, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 8/1057 дугаар захиргааны актууд нь илт хууль бус акт болохыг тогтоож, “Г” ХХК-ийн XV-0178 ... дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах хүсэлтийг хуульд заасан журмаар шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдэл зөв байх тул энэ талаарх хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй.

20.Мөн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1/2821 дүгээр шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын үндсэн шинжийг бүрэн хангахгүй, тодруулбал урьдчилан шийдвэрлэх ажиллагааны явцад доод шатны захиргааны шийдвэрийг хэвээр үлдээсэн агуулгатай тул бие даасан эрх зүйн үр дагаваргүй гэсэн үндэслэлээр холбогдох нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэхээргүй байна.

21.Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2024/0690 дүгээр магадлалыг хүчингүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2024/0610 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14 ...” гэсний өмнө “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6,” гэж нэмж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын  хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.БАТБААТАР  

           ШҮҮГЧИД                                                         М.БАТСУУРЬ

                                                                                       Х.БАТСҮРЭН

                                                                              Ц.ЦОГТ

                                                                                             Г.БАНЗРАГЧ