Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 00016

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болормаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: “**” ХХК-ийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Орхон аймгийн Засаг даргад  холбогдох

            “Орхон аймгийн  Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/545 дугаартай захирамжийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгуулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин,  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантөгс, шинжээч **нар оролцов.       

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “**” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Орхон аймгийн Засаг даргын 2010 оны захирамжаар Орхон аймаг, Баян-Өндөр сум, ** багийн нутаг дэвсгэрт байрлах худалдаа, үйлчилгээний зориулалттай 3800 м.кв газрыг иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэх дуудлага худалдаа зарласан. Энэхүү дуудлага худалдаанд “**” ХХК оролцож ялагчаар шалгарсан бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээний үнэ болох 25.000.000 төгрөгийг заасан хугацаанд эрх бүхий байгууллагад бүрэн төлж барагдуулсан.

            Дуудлага худалдаанд оролцож ялагчаар шалгарсан “**” ХХК-д Орхон аймгийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 470 дугаартай “Газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай” захирамжаар Орхон аймаг, Баян-Өндөр сум, ** багийн нутаг дэвсгэрт байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай 3800 м.кв газрыг 20 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.  

            Манай компани Орхон аймаг, Баян-Өндөр сум, ** багийн нутаг дэвсгэрт байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай 3800 м.кв газраа гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж байгаа бөгөөд газрын төлбөрөө цаг тухайд нь бүрэн төлж байгаа болно.

            Гэтэл Орхон аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/545 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай” захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 /г/, 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т заасныг тус тус үндэслэн “Эзэмшил газраа 2 жил дараалан гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй” гэсэн үндэслэлээр “**” ХХК-ийн Орхон аймаг, Баян-Өндөр сум, ** багийн нутаг дэвсгэрт байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай 3800 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг хууль бусаар хүчингүй болгосон байна.

            ...1. Орхон аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/545 дугаартай захирамжийн 1 дүгээр зүйлд : “Эзэмшил газраа 2 жил дараалан гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй” гэсэн нь үндэслэлгүй байна.

            Орхон аймгийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 470 дугаартай “Газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай” захирамжийн 3 дугаар зүйлд газар эзэмшүүлэх гэрээ байгуулан гэрчилгээ олгож, улсын бүртгэлд бүртгэхийг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгасан. Гэтэл Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар Засаг даргын 470 дугаартай захирамжийг үндэслэн 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр “**” ХХК-тай гэрээ байгуулж, 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 000297249 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээ” олгосон.

             Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.” гэж заасны дагуу ”**” ХХК-д 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр “Газар эзэмших эрхийн гэрчилгээ” олгосноор газар эзэмших эрх үүссэн.

            ...Орхон аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/545 дугаартай захирамжаар “Эзэмшил газраа 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй” гэсэн үндэслэлээр “**” ХХК-ийн Орхон аймаг, Баян-Өндөр сум, ** багийн нутаг дэвсгэрт байрлах худалдаа, үйлчилгээний зориулалттай 3800 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг баримтлаагүй байх тул энэхүү захирамжийг хууль бус шийдвэр гэж үзэж байна.

            ...Иймд манай компани зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалуулахаар танай шүүхэд хандан энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Орхон аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/545 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай” захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулж, Орхон аймаг, Баян-Өндөр сум, ** багийн нутаг дэвсгэрт байрлах худалдаа, үйлчилгээний зориулалттай 3800 м.кв газар эзэмших эрхээ сэргээлгэх.” гэжээ.  

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч “**” ХХК нь Орхон аймгийн Засаг даргыг хариуцагчаар татаж 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/545 дугаартай газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгуулах, газар эзэмших эрхээ сэргээлгэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч компани нь 2010 онд Орхон аймгийн Засаг даргын захирамжаар Орхон аймаг, Баян-Өндөр сум, ** багийн нутагт байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай 3800 м2 газрыг дуудлага худалдааны ялагч болоод 25 сая төгрөг төлж барагдуулаад 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр газар эзэмших гэрээ байгуулаад албан ёсоор эзэмшиж эхэлсэн. Ингэхдээ тухайн эзэмшил газар дээр зураг хийлгэх, тухайн газар хашаа хатгаж бүхий л тохиромжтой ажлуудыг хийж гүйцэтгэсэн. 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр архитектурын төлөвлөлт бичигдсэн байдаг. Үүнийг Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар хянаад явж байсан нь нотлогддог. Орхон аймгийн Засаг даргын А/545 захирамжаар 2 жил дараалан ашиглаагүй гэж газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Дуудлага худалдаанд оролцож, ялагчаар шалгарч худалдаж авсан газрыг хүлээлгэж өгөхөд хэвийн ашиглах боломжгүй байдал үүссэн. Учир нь тухайн газар дээр **ын хашаа баригдсан байсан учраас бүрэн, хэвийн ашиглах боломжгүй болсон. Өөрсдөө энэ асуудлаа зохицуулаагүй байж ашиглаагүй гэж хүчингүй болгосон нь хууль бус гэж үзэж байна. Газар эзэмших гэрчилгээ хүчингүй болсон. А/545 дугаартай захирамж хуулийн зүйл заалтыг баримталж, үндэслэлтэй гарах ёстой. Газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон захирамж үндэслэлгүй байна. 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/545 захирамжаар Оюут багийн нутагт байрлах **ын дэргэд үйлчилгээний зориулалтаар ашиглах гэснийг хүчингүй болгосноор тодорхойгүй, ойлгомжгүй захирамж гарсан. Нэхэмжлэгч компани нь 2 жил дараалаад боломжоороо ашиглаж байсан. Анхнаасаа бүрэн дүүрэн ашиглах боломжгүй байсан.

            Иймээс Орхон аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/545 дугаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамжийг хүчингүй болгож газар эзэмших эрхээ сэргээлгэх хүсэлтэй байна.” гэв.  

            Хариуцагч Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут шүүхэд гаргасан тайлбартаа: “...”**” ХХК нь Орхон аймгийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 470 дугаартай захирамжаар Орхон аймаг, Баян-Өндөр сум, ** багийн нутагт “**” барих зориулалтаар 3800 м.кв газрыг 20 жилийн хугацаатай эзэмшиж авсан байна.  Гэтэл нэхэмжлэгч “**” ХХК нь газар эзэмшүүлэх гэрээний 2.1.1-д заасан газрын зориулалтыг өөрчлөн тухайн газартаа 7 давхар зочид буудал, үйлчилгээний барилга барихаар зураг төсөл хийлгэсэн байна.n

            Газар эзэмшигч нь өөрийн эзэмшиж байсан 3800 м.кв газраа одоог хүртэл зориулалтын дагуу ашиглаагүй, хашаа бариагүй, газрын төлбөрөө төлж тооцоо нийлүүлээгүйгээс 4560000 төгрөгийн газрын төлбөрийн өртэй байх бөгөөд газар эзэмшүүлэх гэрээний 3.5-д заасан “газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамаарах хугацаанд төлөх”, 3.8-д заасан “газар эзэмшүүлэгчээс газрын эзэмшил, ашиглалттай холбогдуулан тавьсан шаардлагыг цаг тухайд нь биелүүлэх”, 3.11-д заасан “газар эзэмших гэрээг жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны дотор дүгнүүлэх” гэсэн үүргээ огт биелүүлээгүй байна. Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас энэ тухай анхааруулж 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 670 дугаартай албан бичгээр мэдэгдэл хүргүүлж байсан. Уг албан бичгийг Монгол шуудан компаниар “**” ХХК-д хүргүүлсэн боловч хариу тайлбар ирүүлээгүй болно. “**” ХХК-ийн гаргасан эдгээр үйлдэл нь “Газрын тухай” хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.2-т заасан үүргээ биелүүлээгүй болохыг нотолж байгаа юм.

            ...Нэхэмжлэгч “**” ХХК нь “Газрын тухай хууль” болон газар эзэмшүүлэх гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, газраа зориулалтын дагуу ашиглаагүй учир холбогдох хуулийн дагуу Орхон аймгийн Засаг даргын 2016 оны А/545 дугаартай захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон болно. Энэхүү захирамжийг нэхэмжлэгчид шуудангаар хүргүүлснийг 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэгч компанийн ажилтан гардаж авсан байна.

            “Газрын тухай хууль”-ийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасан хугацааг нэхэмжлэгчийн шуудангаар захирамж хүлээн авсан өдрөөс хойш байхаар тооцвол нэхэмжлэгч нь 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн дотор шүүхэд гомдлоо гаргах эрхтэй байсан. Гэтэл нэхэмжлэгч захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна. Энэ нь хуулиар тогтоосон шүүхэд гомдол гаргах хугацаа хэтэрсэн хойно нэхэмжлэгч шүүхэд хандсан болохыг нотолж байна.

            ...Иймд “**” ХХК-ийн нэхэмжлэлтэй Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/545 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон тухай” захирамжийн биелэлтийг хангуулж холбогдох хууль тогтоомж, нотлох баримтыг үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

            Хариуцагч Орхон аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Орхон аймгийн Засаг дарга 2010 онд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу дуудлага худалдаа зарлаж “**” ХХК дуудлага худалдаанд оролцож ялагч болж, Орхон аймаг, Баян-Өндөр сум, ** багийн нутагт “**” барих зориулалтаар 3800 м.кв газрыг 20 жилийн хугацаатай эзэмших болсон. 2014 оны 10 дугаар сард газар ашиглалтын гэрээг хийж бусад холбогдох ажлууд буюу архитектур төлөвлөлтийн даалгавар авч явсан байдаг. Анхны эрх олгосон захирамж нь “**” ХХК-ийг эзэмшил газартаа спорт амралтын хүрээлэн барихаар шийдвэрлэгдсэн. Гэтэл өнөөдөр архитектур төлөвлөлт зураг нь 7 давхар зочид буудлын зориулалт бүхий объектын зураг хийлгэсэн байдаг. “**” ХХК нь өөрийн эрх ашгийг зөрчигдөж байгаа талаар мэдсэн бол төрийн байгууллагад хандаж ямар нэгэн байдлаар эрхээ хамгаалуулах ажиллагааны талаар хэлж дурьдаж байгаагүй. **ын хашаа өөрийн эзэмшлийн газар руу орсон талаар мэдээлэл огт хийгээгүй. 2016 оны 08, 09, 10 дугаар саруудад удаа дараа газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгох талаар мэдэгдэж, мэдэгдэл хүргүүлж байсан боловч ямар ч хариу өгч байгаагүй. Тиймээс Орхон аймгийн Засаг дарга 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/545 дугаар захирамжаар газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгож, “**” ХХК-ийн ажилтан 2016 оны 11 дүгээр сарын 29-нд хүлээж авч захирамжтай танилцсан. Гомдол гаргах хугацаа нээлттэй байсан. Тэгэхэд 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэл ирсэн байгаа. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой асуудлаар хэлэхэд шинжээч шүүгчийн захирамжид заагдсан асуултуудад бүрэн хариулт өгч чадаагүй гэж үзэж байгаа учраас шүүх хуралдаанд шинжээчийг оролцуулах хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч компани нь удаа дараа тухайн газрын төлбөрийг хийж байгаагүй. Гэрээний дагуу гэрээгээ дүгнүүлж байгаагүй байдлыг харвал Газрын тухай хуулийг зөрчсөн байдал харагдаж байна.” гэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар,  хариуцагч, тэдгээрийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад 

                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “**” ХХК нь “Орхон аймгийн  Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/545 дугаартай захирамжийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгуулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг  гаргасан. 

            Орхон аймгийн Засаг дарга 2010 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 470 дугаартай захирамжаар дуудлага худалдаанд ялагчаар шалгарсан “**” ХХК-д **ын зүүн талд 3800 мкв газрыг ** барих зориулалтаар 20 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ. 

            Хариуцагч аймгийн Засаг дарга 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/545 дугаартай захирамжаар нэхэмжлэгч “**” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг, 2010 оны 470 дугаартай захирамжийн “**” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосон байна.

            Хариуцагч Орхон аймгийн Засаг дарга, түүний  итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэгч “**” ХХК-ийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д заасан хугацааг хэтрүүлсэн, Засаг даргын захирамжийг шууданд хийсэн огноогоор хугацааг тоолно гэж маргасан тухайд:

            Захиргааны Ерөнхий хуулийн захиргааны шийдвэр гаргах ажиллагаа гэсэн 3 дугаар бүлгийн 13 дугаар зүйлийн 13.3-т “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачилгаар, оролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна.”, 26 дугаар зүйлийн 26.1-д  “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.” 24.2. ”Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.”  гэж зохицуулжээ.

            Дээрхи хуулийн заалтын дагуу шийдвэр гаргах үйл ажиллагаагаа явуулалгүйгээр Орхон аймгийн Засаг дарга 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/545 дугаартай захирамж гаргаж “**” ХХК-ийн эрх ашгийг зөрчсөн байна. Энэ нь нэхэмжлэгч байгууллага өөрийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөнийг мэдэх боломжгүй байсан, захиргааны байгууллага мэдэгдээгүй учраас нэхэмжлэгч байгууллагыг шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй болно.

            Мөн Захиргааны Ерөнхий хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч “**” ХХК-ийг захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцох эрхээр хангаагүй гэж үзсэн болно.

            Нэхэмжлэгч “**” ХХК-ийг газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдэг үндэслэлээр газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон гэх маргааны тухайд:

            Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.” гэж заасан.

            Нэхэмжлэгч “**” ХХК дуудлага худалдаанд оролцож 2010 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 470 дугаартай Засаг даргын захирамжаар газар эзэмших эрх үүссэн боловч 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газартай гэрээ байгуулан, 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээгээ авсан байна. Энэ нь нэхэмжлэгч “**” ХХК-ийг дээрхи хуулинд заасны дагуу 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн ** багийн **ын дэргэд спорт цогцолбор барих 3800 мкв газрын эзэмшигч болсон гэж үзэх үндэслэлтэй.

            Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйийн 4.2-т “хуульд үндэслэх”, “4.2.5-д “...шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмуудад аймгийн Засаг даргын А/545 дугаартай захирамж нийцээгүй болох нь нотлогдож байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч байгууллагыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг зөрчсөн гэж тайлбарлаж байгаа боловч маргаан бүхий захиргааны актад Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2 дахь заалтыг үндэслэсэн нь дээрхи зарчмуудтай зөрчилдөж байна. 

            Хэдийгээр Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 670 дугаартай албан бичгийг “**” ХХК-д хүргүүлж байсан гэж тайлбарласан боловч уг албан бичгийг хүргүүлсэнээ хариуцагч тал нотолж чадаагүй.

            Нэхэмжлэгч “**” ХХК-ийн эзэмшил газарт **ын хашаа орсон нь нэхэмжлэгчийг барилга барих боломжгүй болгосон тухай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон болно. 

            Мөн нэхэмжлэгч “**” ХХК-ийг эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж хариуцагч маргасан боловч 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-ыг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтэн Г.Буянхүү боловсруулж, Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга Б.Одбаатар хянаж, Орхон аймгийн ерөнхий архитектор С.Даваасүрэн баталсан байгаагаас үзэхэд нэхэмжлэгчийг эзэмшил газартаа “**” барихыг зөвшөөрсөн байна гэж үзэх үндэстэй.

             Дээрхи байдлуудаас дүгнэхэд маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгч “**” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Орхон аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/545 дугаартай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д заасны дагуу шүүх хуралдааны товыг албан ёсоор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цолмонд 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр мэдэгдсэн боловч  хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй.

            Иймээс шүүх хэрэг хянан шийдвэрлэх хугацаа дуусч хэтэрсэн, хэргийн оролцогч Д.Цолмонд шүүх хуралдааны товыг боломжит хугацаанд мэдэгдсэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-д заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **ын хүсэлтээр шүүх хангалттай нотлох баримт цугларсан гэж үзэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантөгсийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Д.Цолмонг шүүх хуралдаанд оролцуулах тухай хүсэлтийг хангахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.   

            Нэхэмжлэгч “**” ХХК нь газар эзэмших эрхийг сэргээж өгөхийг нэхэмжлэлийн шаардлагадаа гаргасан боловч Засаг даргын А/545 дугаартай захирамж хүчингүй болсноор нэхэмжлэгчийн газар эзэмших эрх сэргээгдэх болохыг, гэрээ хийж, гэрчилгээ олгоогүй талаар хэргийн оролцогчид маргаагүй учир шүүх дүгнэлт хийгээгүй болохыг, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэгчийг газрын төлбөрөө төлөөгүй гэж тайлбарладаг боловч Засаг дарга А/545 дугаартай захирамжаа энэ үндэслэлээр гаргаагүй учраас шүүх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болохыг, шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээч **ийг дүгнэлттэй нь холбогдуулан тайлбар авахаар оролцуулсан,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шинжээч дүгнэлт гаргахдаа шүүгчийн захирамжид бүрэн дүүрэн хариулаагүй, дахин шинжээч томилох хүсэлтийг шүүх хангаагүй ба шүүгчийн захирамжид гомдол гаргаагүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.1, 106.3.12 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 60 дугаар зүйлийн 60.2-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “**” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Орхон аймгийн  Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/545 дугаартай захирамжийг хүчингүй болгосугай.   

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “**” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “**” ХХК-д олгосугай.

            3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.БОЛОРМАА