Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 1735

 

ХХХ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Т.Туяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2016/00434 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХХ,

Хариуцагч ХХХХХ-т холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч ХХХ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХХ Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/133 тоот тушаалаар Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн төсөл хэрэгжүүлэх нэгжийн дулааны инженерээр ажилд сонгогдож орсон. Ингээд ажил үүргээ хугацаанд нь ямар нэгэн алдаа дутагдалгүй гүйцэтгэж ирсэн боловч 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөх тушаал гаргасан. Тушаалд хуулийн зүйл, заалт байгаагүй. Уг тушаалд Монгол улсын Сангийн сайдын 2015 оны 196 дугаар тушаалаар батлагдсан Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санжүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журмын 10.1.10, 16.11 дэх хэсгийг үндэслэл болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Ажлыг яаж дүгнэсэн, ямар үнэлгээ авсныг надад мэдэгдэж танилцуулаагүй. Тушаалд хангалтгүй үнэлгээ авсан гэж заасан нь D үнэлгээ бөгөөд энэ үнэлгээг 2 удаа авбал гэрээг сунгахгүй гэж журмын 16.11-т заасан байгаа. 2 удаа D үнэлгээ аваагүй. Гэрээний хугацаа 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан боловч 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллуулсан тул сунгагдсан. Миний ажил ерөнхийдөө гүйцэтгэгчийн ажлыг хянах ба хяналтаа зохих хэмжээнд хэрэгжүүлж, шаардлага тавьж ажилласан.

Миний ажилд дүгнэлт гаргуулсан гээд байгаа нь ажил дуусаагүй байсан үеийнх байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэх тул ХХХ намайг ХХХХХ, Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн төсөл хэрэгжүүлэх нэгжийн дулааны инженерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг нөхөн гаргуулж, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ХХХХХ нь Төсөл хэрэгжүүлэгч байгууллагын хувьд Төсөл хэрэгжүүлэх нэгжийг байгуулах үүрэг хүлээсэн. Төсөл хэрэгжүүлэх нэгжид дулааны инженерээр ажиллаж байсан. ХХХ-ын хувьд төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудад тавигдах ерөнхий шаардлага болох төслийн ажлын 10 жилийн туршлагатай байх болон Англи хэлний мэдлэгтэй байх гэсэн шаардлагыг хангаагүй. Мөн хөтөлбөрийн хүрээнд 16 мегаватт болон 25 мегаваттын дунд чадлын дулааны станцуудыг төслийн дэд төвүүд болох Баянхошуу болон Сэлбэ дэд төвүүдэд баригдах төлөвлөгөөтэй бөгөөд ХХХ-ын хувьд ажиллах хугацаандаа баригдах дулааны станцуудын шийдлийн талаар тодорхой техникийн шийдлийг гаргах тал дээр хангалтгүй ажилласан гэж үзсэн. Үүнээс гадна хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын захиргаа зээлийн хэлэлцээрээр хүлээсэн үүрэг амлалтынхаа дагуу Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдэд төсөлд хамрагдах иргэдийн түр сууришуулах болон хороо болон эмнэлэг цагдаагийн хэлтэс байрлах зориулалттай үйлчилгээтэй 50 айлын орон сууцны барилгыг барьсан.

Дулааны инженерээр ажиллаж байсан ХХХ-ын хувьд уг барилгуудын дулааны нам даралтын зуухнуудын угсралтын ажлуудыг өөрийн үндсэн үүргийн хүрээнд хариуцан ажиллаж байсан. Төсөл хэрэгжүүлэгч байгууллагын зүгээс тухайн инженерийн барилга угсралтын үеийн хяналтыг мэргэжлийн бус түвшинд хийсэн гэсэн байр суурьтай байгаа. Олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй урт хугацааны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хувьд тухайн мэргэжилтний оролцоог хангалтгүй гэж үзсэний учир Сангийн сайдын 2015 оны 196 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу гүйцэтгэлийн үнэлгээг хийхэд 59 оноо авсан, Төсөл хэрэгжүүлэх нэгжийн саналаар Нийслэлийн Засаг даргын тамгын газрын тушаалаар ХХХыг ажлаас халах шийдвэр гарсан.

ХХХыг ХХХХХ ажилд авч, төслийн нэгж түүнтэй хөлсөөр ажиллах гэрээ хийсэн. ХХХ-ын хувьд ажлын цагийг баримталдаг хувь хүний сайн чанар байсан хэдий ч төслийн эхлэлийн шатанд гүйцэтгэсэн хяналтын ажлын бодит гүйцэтгэл болон техникийн шийдэлд оруулж байсан хувь нэмэр нь энэхүү цар хүрээтэй төслийг хэрэгжүүлэхэд, түүний хүрээнд хийгдэх илүү нарийн технологи бүхий инженерийн байгууламж болох дулааны дунд чадлын станцын барилга угсралтын хяналтыг гүйцэтгэхэд хангалтгүй гэж үзэн тухайн ажилтанг ажлаас халсан бөгөөд эргэж ажилд авах боломж байхгүй гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан ХХХыг ХХХХХ, Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн төсөл хэрэгжүүлэх нэгжийн Дулааны инженерийн ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн төслийн нэгжээс 13684 364 төгрөгийг гаргуулж ХХХад олгож,

ХХХад олгох ёстой мөнгөнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон төлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагчид даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 226 371 төгрөг гаргуулж улсад олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг шүүх үндэслэж ХХХыг ажил албан тушаалд нь эгүүлэн томилох шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Учир нь нэхэмжлэгч ХХХ нь хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байхад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсантай адилтгаж Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг үндэслэж шийдвэрлэсэн.

Мөн шүүх хэргийг шийдвэрлэхдээ хариуцагч уг маргааныг шүүх харьяалан шийдэхгүй гэж маргасан байдлаар шүүх харьяалан шийдэх хуулийн заалтыг баримтлан нэхэмжлэгчийг ажил албан тушаалд эгүүлэн томилсон. Өөрөөр хэлбэл шүүх хуулийг буруу хэрэглэж Иргэний хуулиар зохицуулдаг харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн хамааралгүй заалтыг үндэслэж ажил албан тушаалд нь эгүүлэн томилсон. Мөн нэхэмжлэгч ажил албан тушаалд эгүүлэн томилох ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах нэхмжлэлийн шаардлага гаргасан байхад мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг үндэслэж ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан.

Шүүх ийнхүү шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийг мөн адил хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ажилтантай нэгэн адил үзсэн. Хөдөлмөрийн тухай хуульд хөлсөөр ажиллаж байгаа иргэнийг ажил албан тушаалд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай хуулийн зохицуулалт байхгүй тул хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Мөн тус иргэний хэрэгт Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга ХХХХХХ Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн дэд зохицуулагч ХХХХ-д итгэмжлэл олгосон. Гэтэл итгэмжлэл олгосон этгээд нь ажлаас чөлөөлөгдсөний дараа төлөөлөх эрхгүй этгээдийг оролцуулан шүүх хурлыг хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг зөрчсөн. Иймд хууль буруу хэрэглэсэн, төлөөлөх эрхгүй этгээдийг оролцуулж хэрэг хянан шийдвэрлэсэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч ХХХ-ын ХХХХХ-т холбогдуулан  гаргасан нэхэмжлэлийн үндэслэл нь хариуцагчид хамааралтай эсэхийг шүүх тодруулаагүйгээс маргаж буй асуудлаар зохигчид мэтгэлцсэн гэж үзэх боломжгүй, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байх бөгөөд хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

            Нэхэмжлэгч ХХХ нь “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн төсөл хэрэгжүүлэх нэгжийн дулааны инженерийн ажлын байранд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар томилогдож, төслийн нэгжтэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр хөдөлмөр эрхэлж байгаа төслийн ажилтан байх бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ хөлсөөр ажиллах гэрээг цуцалсан үндэслэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарлажээ.

            Сангийн сайдын 2015 оны 196 дугаар тушаалаар баталсан “Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам”-ын 4.1.3-т заасан төсөл хэрэгжүүлэгч байгууллага болох хариуцагч ХХХХХ нь мөн журмын 10.1.10-т зааснаар төслийн ажилтныг томилох чөлөөлөх эрхтэй боловч, төслийн ажилтнуудын хөлсөөр ажиллах гэрээний хэрэгжилтийг хянах, дүгнэх, гэрээг сунгах, цуцлах талаарх санал боловсруулах чиг үүрэг нь төслийн захирал болон төслийн зохицуулагчид байхаар журмын 12.1.6, 13.1.4-т заажээ.

            Дээрх журмын зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл нь төслийн нэгж болон төслийн захирал, зохицуулагчид хамааралтай байх бөгөөд хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг эрх олгогдоогүй асуудлаар үндэслэл бүхий тайлбар гаргаагүй, улмаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж буруутгах боломжгүй бөгөөд шүүх нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулаагүйгээс хөлсөөр ажиллах гэрээ цуцлах үндэслэл бүрдсэн эсэх маргааны үйл баримт тогтоогдоогүй, маргаж буй үндэслэлээр зохигчдыг хангалттай мэтгэлцсэн гэж үзэхээргүй байна.

Мөн нэхэмжлэгч ХХХ нь төслийн нэгжтэй хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан байхад шүүх уг гэрээг ямар учраас хөдөлмөрийн гэрээ гэж үзэж Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл бүрдээгүй гэж дүгнэсэн нь тодорхойгүй байна.

Нэхэмжлэгч ХХХ-ын төслийн нэгжтэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний 4.1, 4.2-т гэрээлэгч нь нийгмийн даатгалын шимтгэлийг өөрөө хариуцаж, сайн дурын даатгалд хамрагдахаар заасан байхад нийгмийн болон эрүүл мэндийн датгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасан, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч биш төслийн нэгжээс ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсгийн зохицуулалтад нийцэхгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч ХХХ нь шүүхэд “ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг нөхөн гаргуулж, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах” агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад шүүгчийн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШЗ2016/17881 дүгээр захирамжаар “ажилд эгүүлэн тогтоолгох” шаардлагад иргэний хэрэг үүсгэсэн, үлдэх бусад шаардлага хэрхсэн нь тодорхойгүй байна. Иймд шүүх хэрэг үүсгээгүй шаардлагыг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн гэж үзнэ.

Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3, 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасанд нийцэхгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2016/00434 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

                                                                                           

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч нараас төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          А.МӨНХЗУЛ

                                    ШҮҮГЧИД                                           Т.ТУЯА

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ