Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 5202

 

Хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг батлах тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, шүүгч З.Доржнамжин, Х.Энхзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө-13, Улаанбаатар 14210 тоот хаягт байрлах, “Хас лизинг” ХХК /РД:5138833/,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 хороолол, 67-111 тоот хаягт байрлах, “Наран бетон зуурмаг” ХХК /РД:5708869/,

            Гэм хорын хохиролд 70.297.957 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч “Хас лизинг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Д.Тамир, хариуцагч “Наран бетон зуурмаг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дөлгөөн, иргэдийн төлөөлөгч Х.Баатар, нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Хас лизинг” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн О.Эрдэнэбулган нь 2015 оны 6 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө “Наран бетон зуурмаг” ХХК-ийн эзэмшлийн Howo маркийн 09-48 УНӨ улсын дугаартай автомашиныг жолоодон зам тээврийн хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т заасныг зөрчин манай компанийн эзэмшлийн Zoomline маркийн 16-98 УНЕ улсын дугаартай автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасан.

О.Эрдэнэбулганы дээрх үйлдлийн улмаас манай компаний эзэмшилийн автомашинд 79.775.950 төгрөгийн хохирол учирсан гэж үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий “Ашид билгүүн” ХХК тогтоосон бөгөөд үүний дагуу Тээврийн прокурорын газраас О.Эрдэнэбулганд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэсэн боловч О.Эрдэнэбулган нь гэм буруугаа хүлээсэн, хохирлын хэмжээтэй маргаагүй хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж, хохирлоос 9.477.993 төгрөгийг төлсөн тул хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх хуульд заасан үндэслэлээр Тээврийн прокурорын газрын прокурорын 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 95 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгосон.

О.Эрдэнэбулган нь “Наран бетон зуурмаг” ХХК-д жолоочоор ажилладаг бөгөөд зам тээврийн осол гаргах үедээ ажил үүргээ гүйцэтгэж байсан тул бидэнд учирсан хохирлыг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэгт тус тус заасан үндэслэлээр “Наран бетон зуурмаг” ХХК нөхөн төлөх үүрэгтэй гэж үзэн нэхэмжлэл гаргаж байна. Иймд хариуцагчаас гэм хорын хохиролд 70.297.957 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хас лизинг” ХХК-ийн Zoomline маркийн 16-98 УНЕ улсын дугаартай автомашинд 79.775.950 төгрөгийн хохирол учирсан гэж үнэлгээний “Ашид билгүүн” ХХК тогтоосон боловч Итгэлт эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Иймд үнэлгээний тайлангийн дагуу гарсан 73.274.000 төгрөгөөс хариуцагч “Наран бетон зуурмаг” ХХК-ийн урьд нь төлсөн 9.477.993 төгрөгийг хасч тооцон үлдэх 63.796.007 төгрөгийг гаргуулна.

Хариуцагч “Наран бетон зуурмаг” ХХК нь 63.796.007 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн сар бүрийн 20-ны өдөр 15.949.001 төгрөгөөр нийт 4 сарын хугацаанд төлж барагдуулах саналыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталгаажуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч “Наран бетон зуурмаг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дөлгөөн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хас лизинг” ХХК-д учирсан гэм хорын хохирол буюу Итгэлт эстимэйт ХХК-ийн үнэлгээний тайлангийн дагуу гарсан 73.274.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Үүнээс 9.477.993 төгрөгийг манай компани өмнө нь төлсөн. Үлдэх 63.796.007 төгрөгийг 2016 оны 10 сарын 20-ны өдрөөс сар бүрийн 20-ны өдөр 2017 оны 01 сарын 20-ны өдрийг хүртэл нийт 4 сарын хугацаанд, нэг сарын 15.949.001 төгрөгөөр бүрэн төлж барагдуулах болно. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг хэлэлцээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Хас лизинг” ХХК нь хариуцагч “Наран бетон зуурмаг” ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 70.297.957 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч “Хас лизинг” ХХК нь Итгэлт эстимэйт ХХК-ийн гаргасан хохирлын үнэлгээний дүн 73.274.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үүнээс хариуцагч “Наран бетон зуурмаг” ХХК-ийн урьдчилан төлсөн 9.477.993 төгрөгийг хасч тооцон үлдэх 63.796.007 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Хариуцагч “Наран бетон зуурмаг” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 63.796.007 төгрөгийг 2016 оны 10 сарын 20-ны өдрөөс сар бүрийн 20-ны өдөр 2017 оны 01 сарын 20-ны өдрийг хүртэл нийт 4 сарын хугацаанд, нэг сарын 15.949.001 төгрөгөөр бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч, тайлбар гаргажээ. Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч тал хариуцагч “Наран бетон зуурмаг” ХХК-ийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргасан тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хариуцагч “Наран бетон зуурмаг” ХХК нь “Хас лизинг” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч, 63.796.007 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн сар бүрийн 20-ны өдөр 15.949.002 төгрөгөөр 4 сарын хугацаанд бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, “Наран бетон зуурмаг” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 509.500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Наран бетон зуурмаг” ХХК-иас 476.930 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Хас лизинг” ХХК-д олгосугай.

 

3. Хариуцагч уг тогтоолыг сайн дураар эс биелүүлбэл шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид уг тогтоолд давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.                                     

                 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ж.КУЛЬДАНА

 

                                    ШҮҮГЧИД                                         З.ДОРЖНАМЖИН

 

                                                                                    Х.ЭНХЗАЯА