Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2025/00718

 

 

 

 

 

 

 

 

*******ны нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 сарын 29-ний өдрийн 191/ШШ2025/00755 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******ны нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох

472,390 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Оршин суугч ******* нь 2023 оны 03 дугаар сараас 12 сар дуустал хугацаанд төлөх ёстой 288,790 төгрөг, 2024 оны 01 дүгээр сараас 6 сар дуустал хугацаанд төлөх 180,600 төгрөг, нийт 469,390 төгрөгийн СӨХ-ны төлбөртэй тул нийт 487,122 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Би СӨХ-ны дарга нь ******* байхад СӨХ-ны төлбөрөө төлдөг байсан ч СӨХ-ны дарга ******* болсноор төлбөрөө төлөөгүй. Учир нь манай байрны дээврээс дусаал дусдаг болж, энэ жил бүр их болсон. СӨХ ямар ч арга хэмжээ аваагүй. Энэ жил манай байрны урд талын 2 байрны дээврийг янзалж байхад нь тэр барилгын хүмүүстэй уулзахад та нар өөрсдөө төлбөрөө төлөөд янзлуул гэсэн гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******-оос 472,390 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******нд олгоБ, үлдэх 14,732 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 14,732 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжид 14,732 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Миний бие тус орон сууцанд амьдраад 30 жил гаруй жил болж байна. Манай дээврээс ус гоожоод энэ талаар СӨХ-д удаа дараа хэлж байсан боловч дээвэр янзлагдахгүй өдий хүрсэн. Оршин суугчдаас хураан авч байгаа төлбөр бол бидний тав тухтай амьдрах боломжийг бүрдүүлж өгөх гэж ойлгодог, Гэтэл ямар ажил хийж байгаа нь нүдэнд харагддаггүй. СӨХ нь оршин суугчдын эрх ашгийг хангаагүй байж төлбөр гэж нэхэмжилж байгаа нь буруу байдаг, ямар ажил хийж байгаа нь тодорхой биш, СӨХ-ны төлбөрийг яг хэдэн төгрөг 1 сард төлөх ёстойг ч оршин суугч би сайн мэдээлэл байхгүй. Дээврээс ус гоожиж байнгын тав тухгүй байдал үүсгэдэг, дээврийн асуудлыг бүрэн янзалж өгөхгүй байгаа учраас би СӨХ-ны төлбөр төлөхгүй гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: ******* СӨХ нь 7 орцтой ба хариуцагчийн амьдарч байгаа орон сууцны дээвэр нь бусад орон сууцны хажууд бага гэмтэлтэй. Бороо орсны дараа дээврээс нь ус гоожиж байгаа айлууд орцны гадаа зогсож байдаг тул 2, 3 хоногийн дотор чадах хэмжээндээ засаж өгдөг. Хариуцагч бороо орсны дараа бид нарт ус гоожлоо гэж мэдэгдэж байгаагүй. Мөн 2 удаа гэрт нь үзэхэд дээврээс нь ус гоожоогүй байсан. 2021 онд намайг ажилд орсноос хойш хариуцагч 3 дахь удаагаа шүүхээр орж СӨХ-ны мөнгөө гаргуулж байна. Мөн хариуцагчийг мөнгөө өгөөгүй байхад бусад хүмүүсийн өгсөн мөнгөөр дээвэр засна гэж байхгүй. Хариуцагчийн хэлсэн мембраны наадаг төхөөрөмж нь 40,000,000 төгрөг гэдэг тул СӨХ болон хувь хүн авч чадахгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* /цаашид СӨХ гэх/ нь хариуцагч *******д холбогдуулан 2023 оны 03 дугаар сараас 2024 оны 06 дугаар сарын хугацаанд хамаарах орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 472,390 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, би СӨХ-ны төлбөрөө төлдөг байсан ч манай байрны дээврээс байнга дусаал дусдаг байдлыг СӨХ засварлахгүй байгаа тул төлбөрийг төлөхөө больсон гэж тайлбарлан маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг буруу тодорхойлсон алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой байна.

4. Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх 13, 14 дүгээр байрны оршин суугчдын байгуулсан ******* СӨХ-г 2004 оны 03 сарын 03-ны өдөр сууц өмчлөгчдийн бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосон байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасан эрх бүхий этгээдийн хувьд СӨХ-ны төлбөртэй холбоотой нэхэмжлэл гаргах эрхтэй байна. Хариуцагч ******* нь ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* байрны ******* тоот орон сууцны өмчлөгч тул нэхэмжлэгч ******* СӨХ-ны хариуцдаг орон сууцанд хамаарч байна.

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т заасан болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар орон сууцыг өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд оролцох үүрэгтэй.

Иймд нэхэмжлэгч ******* СӨХ нь хариуцагч *******оос хуульд заасны дагуу дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд оролцох үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

Хариуцагч татгалзлын үндэслэлээ Зун болохоор борооны ус байрны дээврээс гоождог. СӨХ-оос мөнгө авсан ч байранд засвар үйлчилгээ хийдэггүй учраас СӨХ-ны төлбөр төлөхийг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасны дагуу дээрх зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх сууц өмчлөгчийн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Иймээс анхан шатны шүүх хариуцагч *******оос 472,390 төгрөгийн зардлыг нөхөн гаргуулж нэхэмжлэгч ******* СӨХ-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

5. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн шаардлагад тооцон шийдвэрлэсэн болон үг буруу бичсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулна.

Нэхэмжлэгч орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 472,390 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,732 төгрөгийг нэмж тооцон нэхэмжилснийг анхан шатны шүүх анхаарахгүйгээр нэхэмжлэлийн шаардлага гэж дүгнэн нэхэмжлэлээс 14,732 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцэхгүй. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу төлсөн улсын тэмдэгтийн хураамж нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг шүүх ямар хэмжээнд хангаснаас шалтгаалан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлд зааснаар хуваарилах зохицуулалтыг анхан шатны шүүх хэрэглээгүй байна.

Иймээс шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт үлдэх 14,732 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон шийдлийг хасч, мөн техникийн шинжтэй алдаа гаргаж олгоБ гэж бичсэнийг олгож гэж залруулан өөрчилнө.

 

6. Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, найруулга, техникийн шинжтэй алдааг зассан өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 сарын 29-ний өдрийн 191/ШШ2025/00755 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******оос 472,390 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,264 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Э.ЭНЭБИШ