Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 295

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагч:  Б.Батсүх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,

Шүүгдэгч Ж.Ж.О- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.О-д холбогдох эрүүгийн 1918004180315 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, Дээд боловсролтой, Геологчин,нягтлан бодогч  мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр,хүүхдийн хамт урьд ял шийтгэлгүй, Ж.О-  

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Ж.Ж.О- нь 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг, 7 дугаар байрны орчим 33 53 ДАХ улсын дугаартай Ниссан Тида маркийн тээврийн хэрэгслээр такси үйлчилгээ эрхлэн явж байхдаа тус таксигаар үйлчүүлэн буухдаа мартаж орхисон Г.Г.Г-ийн Самсунг А7 маркийн гар утас буюу гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 360000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүгдэгч Ж.Ж.О-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Дархан сум дотор таксинд явж байсан. Үйлчилгээний төвөөс 3 том хүн, 2 хүүхэд суугаад төмөр замын тэнд миний тээврийн хэрэгслээс буусан. Цааш тээврийн хэрэгслээрээ явж байхад удалгүй утас дуугарсан. Тухайн үед миний гар утас дуугарсан, хохирогчийн утас дуугарахаар нь ногоон товчийг дараад хохирогчийн гар утсыг санаандгүй унтраасан. Гэртээ очоод нэг дахь өдөр нь цагдаагийн байгууллагаас манай нөхөр рүү залгасан байсан гэв.

Эрүүгийн  1918004180315 дугаартай хэргээс:

            Шүүгдэгч Ж.Ж.О-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр таксинд явах зорилгоор үйлчилгээний төв дээрээс 3 хүн аваад Төмөр замруу хүргэж өгсөн. Бүх хүнээ буулгачихаад би төмөр замаараа уруудаад явж байтал миний хажуу талын хайрцагны хэсэгт нэг утас дугарсан. Давхар надад бас дуудлага орж ирсэн болохоор нь тухайн утасны дууг нь хаах зорилгоор хажуу тал дээр нь дартал RESTART гэсэн товч гарч ирэхээр нь дарсан. Тэгээд шууд гэрлүүгээ харьсан” гэх мэдүүлэг /хх 26/,

 

Хохирогч Г.Г.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 оны 06-р сарын 07-ны 17н цагийн үед Дархан сумын 16-р баг Үйлчилгээний төвийн таксины буудлаас найз Э-, Г- болон хүүхдүүдийн хамтаар таксинд суугаад Дархан сумын 4-р баг Төмөрзамын  7-р байрны харалдаа буусан. Тэгээд таксинаас буусныхаа дараа таксин дотор өөрийн эзэмшил Samsung A7 маркийн гар утсаа орхисон болохыг мэдээд уг таксиг буцаад эргэх болов уу гэж бодоод хартал шууд Төмөр замын вогзал руу эргэхээр нь гар утасруугаа найзынхаа дугаараас залгахад дуудаж байгаад холбогдох боломжгүй болсон. Тэгээд анхан шатны шүүхийн урдуур явах гэж байх гэж бодоод очиж урдаас нь тосож 18-н таксины буудал руу явж хэсэг уг таксиг харж зогсож байгаад цагдаад мэдэгдсэн” гэх мэдүүлэг /хх 9/,

Капитал зууч ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай 2019 оны 6-р сарын 10-ны өдрийн шинжээчийн дүгнэлт шинжээчийн дүгнэлт:

“Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 360 000 төгрөг байна” /хх 14/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 2/,

Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 7/,

Шүүгдэгч Ж.Ж.О-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, жолоочийн үнэмлэхийн хуулбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх 28-32/, арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн данстай эсэх талаарх банкуудаас ирүүлсэн тодорхойлолт /хх 41-45/,

Бямбасүрэнгийн Сайханбилэгийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 36/,

Шүүгдэгч Ж.Ж.О-гийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 53-88/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

            Шүүгдэгч Ж.Ж.О- нь 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг, 7 дугаар байрны орчим 33 53 ДАХ улсын дугаартай Ниссан Тида маркийн тээврийн хэрэгслээр такси үйлчилгээ эрхлэн явж байхдаа тус таксигаар үйлчүүлэн буухдаа мартаж орхисон Г.Г.Г-ийн Самсунг А7 маркийн гар утас буюу гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 360000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн шүүгдэгч Ж.Ж.О-гийн “...хүнээ буулгачихаад би төмөр замаараа уруудаад явж байтал миний хажуу талын хайрцагны хэсэгт нэг утас дугарсан. Давхар надад бас дуудлага орж ирсэн болохоор нь тухайн утасны дууг нь хаах зорилгоор хажуу тал дээр нь дартал RESTART гэсэн товч гарч ирэхээр нь дарсан. Тэгээд шууд гэрлүүгээ харьсан” гэх мэдүүлэг /хх 26, хохирогч Г.Г.Г-ийн...” таксинаас буусныхаа дараа таксин дотор өөрийн эзэмшил Samsung A7 маркийн гар утсаа орхисон болохыг мэдээд уг таксиг буцаад эргэх болов уу гэж бодоод хартал шууд Төмөр замын вогзал руу эргэхээр нь гар утасруугаа найзынхаа дугаараас залгахад дуудаж байгаад холбогдох боломжгүй болсон” гэх мэдүүлэг /хх-9/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Ж.Ж.О- нь гэмт үйлдэлдээ шууд санаатай хохирол, хор уршгийг хүсч үйлдсэн, түүний гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Г.Г-д 360 000 төгрөгийн хохирол учирсан байх тул зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байна.

 

Иймд шүүгдэгч Ж.Ж.О-г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Хавтаст хэргийн 7-р хуудсанд авагдсан Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай “хар өнгийн Сумсунг А7 маркийн гар утсыг Дархан-Уул аймгийн Дархан сумын 14-р баг, 2-р хороолол, 45Б байрны 4 тоотод оршин суух иргэн ВП 92102201 регистрийн дугаартай Жамсран овогтой Ж.О-гаас хураан авч хохирогч Гансүх овогтой Г.Г--д хүлээлгэн өгөв” гэх тэмдэглэлээр шүүгдэгч Ж.Ж.О-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Ж.Ж.О- нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхэд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулан шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ж.О-г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ж.О-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.    

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ж.О- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           

            4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Ж.О-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        З.ТӨМӨРХҮҮ