| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 181/2016/00158/И |
| Дугаар | 181/ШШ2016/00269 |
| Огноо | 2016-07-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 181/ШШ2016/00269
|
2016 оны 07 сарын 05 өдөр |
Дугаар 181/ШШ2016/00269 |
Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 24а байрны 14 тоотод оршин суух, 1961 онд төрсөн, 55 настай, эмэгтэй, Нэмэгт бууч овогт Лхасүрэнгийн Ганчимэг /РД:ТЕ61032565/-ийн хүсэлттэй эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Ганчимэг, гэрч Ж.Дэнсмаа, Я.Бадамцэцэг нарийн бичгийн дарга Ц.Золбоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
Миний бие 1984 онд Монгол улсын их сургуулийн химийн ангийг химич, химийн багш мэргэжлээр төгсч Дархан хотын боловсролын хэлтэст хуваарилагдан очиж 1984-1985 онд 3 дугаар сургуульд 1 жил ажиллаад 1985-1987 онд 15 дугаар сургуульд химийн багшаар ажилласан тэр үед захирал нь Борхүү, нягтлан нь Наранцэцэг гэж байсан. Дараа нь 1987-1994 онд 17 дугаар сургуульд химийн багшаар ажиллаж байгаад хүүхдийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан цаашид ажиллаагүй юм. Тухайн үед залуу байсан болохоор хөдөлмөрийн дэвтэр, ажилд орсон, гарсан тушаалыг ер анзаардаггүй, тоодоггүй байсан. Одоо тэтгэвэрт гарах гэтэл хөдөлмөрийн дэвтэр ажилд орсон, гарсан тушаалууд бүрэн олдохгүй байна.
Иймд намайг 1984 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1985 оны 9 дүгээр сар хүртэл Дархан хотын 10 жилийн 3 дугаар сургуульд химийн багшаар, 1985 оны 9 дүгээр сараас 1987 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүртэл тус хотын 15 дугаар сургуульд химийн багшаар, 1987 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал тус хотын 17 дугаар сургуульд химийн багшаар ажиллаж байсныг тус тус тотоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанд гэрч Ж.Дэнсмаа, Я.Бадамцэцэг нарын мэдүүлгийг сонсов.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Л.Ганчимэг нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Л.Ганчимэг нь 1984 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1985 оны 9 дүгээр сар хүртэл Дархан хотын 10 жилийн 3 дугаар сургуульд химийн багшаар, 1985 оны 9 дүгээр сараас 1987 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүртэл тус хотын 10 жилийн 15 дугаар сургуульд химийн багшаар, 1987 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал тус хотын 10 жилийн 17 дугаар сургуульд химийн багшаар тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, 1984 онд МУИС төгссөн диплом, Дархан хотын Боловсролын хэлтсийн даргын 1984 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 103 дугаартай тушаал /их дээд тусгай мэргэжлийн дунд сургууль төгсч ирсэн багш хүмүүжүүлэгчид тэтгэмж олгох тухай/, 1985 оны 9 дүгээр сарын 07-ны 137 дугаартай Багш хүмүүжүүлэгчийг ажлаас чөлөөлж ажилд томилох тухай тушаал, багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдаж байсан тухай дэвтэр, 1987 онд Дархан хотын 10 жилийн 15 дугаар сургуулийн 8б ангийг удирдан төгсгөсөн тухай зургийн цомог, 1989 онд удирдаж байсан 5б ангийн хамт олонтой авахуулсан зураг,1990 онд Дархан хотын 10 жилийн 17 дугаар сургуулиас шагнагдаж байсан Сайшаалын үнэмлэх, 1991 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Арга зүйч багш цол тэмдэгээр шагнуулсан үнэмлэх, гэрч Ж.Дэнсмаа, Я.Бадамцэцэг нарын мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдож байна.
Иймд хүсэлтийг хангах үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Л.Ганчимэгийг 1984 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1985 оны 9 дүгээр сар хүртэл Дархан хотын 10 жилийн 3 дугаар сургуульд химийн багшаар, 1985 оны 9 дүгээр сараас 1987 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүртэл тус хотын 10 жилийн 15 дугаар сургуульд химийн багшаар, 1987 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал тус хотын 10 жилийн 17 дугаар сургуульд химийн багшаар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Ганчимэгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО