Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 296

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагч:  Б.Батсүх,

Хохирогч А.У.Г-,

Шүүгдэгч С.С.Ч-, У.У.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Ч-, У.Д- нарт холбогдох эрүүгийн 1918003460304 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Токарьчин мэргэжилтэй, “Жүр Үр” ХХК-д бялуучин ажилтай, ам бүл 3, ээж эгчийн хамт урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, С.Ч-

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, “S&B” bar-д бармен ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, У.Д-

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч С.С.Ч- нь согтуурсан үедээ 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум, 13-р багийн нутаг дэвсгэрт байрлах “S&B” шөнийн цэнгээний газарт А.У.Г-ийг “ширээн дээр сууж агсан тавилаа” хэмээн маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Яллагдагч У.У.Д- нь 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 23 цагийн орчим Дархан Уул аймгийн Дархан сум, 13-р багийн нутаг дэвсгэрт байрлах “S&B” шөнийн цэнгээний газрын үүдэнд тус газраар үйлчлүүлсэн иргэн А.У.Г-ийг “согтуурхаж ээжийг минь хэл амаар доромжиллоо” хэмээн маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүгдэгч С.С.Ч-ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр “S&B” шөнийн клубд найзуудын хамт орж хэдэн пиво захиалаад бүжгийн талбайд бүжиглэхээр гарсан байсан. Тэгтэл манай нэг хамт явж байсан охин дээр хоёр үл таних залуу юм яриад байсан. Хохирогч өөрөө хамт явж байсан охин дээр очоод яриа өдсөн. Хамт явж байсан манай ажлын залуу буюу манай найз юу болоод байгаа талаар асуухад хохирогч шууд гар хүрсэн. Хохирогч манай ширээн дээр ирээд агсам тавихад би хохирогчид гар хүрээгүй, пивоны шил шидэхэд хүртэл цохиогүй. Тэгээд хохирогч бүүр болохгүй болохоор нь зөрүүлээд нүүрэн тус газар нь нэг өшиглөсөн гэв.

Шүүгдэгч У.У.Д-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр “S&B” шөнийн клубд тухайн үйлдэл болоод дууссаны дараа хохирогч над дээр ирээд маргалдаж эхэлсэн. Тухайн үед хохирогч надтай таараад чи намайг танихгүй байн уу? гээд байсан. Хохирогчид “чи согтуу байна болиоч” гэж хэлэхэд ерөөсөө миний үгийг сонсохгүй байсан. Хоорондоо ноцолдож байгаад унахаар нь хохирогчийг өшиглөсөн. Хохирогч нь манай ээжийг янз бүрийн үгээр доромжилсон тул би хохирогчид гар хүрэх болсон гэв.

Хохирогч А.У.Г-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:2019 оны 5 дугаар сарын 10-ны шөнө 23 цагийн орчим уг гэмт хэрэг болсон. Тухайн үед “S&B” бааранд найзын хамт орсон. Шүүгдэгч С.С.Ч-тай хамт явж байсан эмэгтэйтэй өмнө нь нэг удаа тааралдаж байсан. Тэгээд тэр эмэгтэйтэй зүгээр юм яриад суусан. Тухайн үед энэ хүмүүстэй хамт явж байсан гэдгийг мэдээгүй. Шүүгдэгчид эхлээд гар хүрсэн зүйл байхгүй. Би шүүгдэгч Ч.С.Ч- руу пивоны шил шидээгүй, гарнаас салаад унасан. Уг үйл явдлын дараа шүүгдэгч У.У.Д- дээр очоод камерын бичлэг хараад өгөөч хэн надад гар хүрсэн гэдгийг мэдмээр байна гэж хэлсэн. Тэгээд шүүгдэгч У.У.Д-ын ээжийг нь танина гэж л хэлсэн. Тэгтэл шүүгдэгч У.У.Д- тус газрын хамгаалагчийн хамт намайг хөөгөөд хойноос ирж надад гар хүрсэн. Миний бие уг хэрэг болсноос хойш нэг сарын хугацаанд ажилдаа явж чадаагүй, нүүрний зүүн хэсэг тэр чигтээ хавдсан байсан. Миний бие өөрөө Хонгор суманд амьдардаг, наашаа цаашаа явсан зардал буюу бензиний төлбөр нийт 60,000 төгрөг болсон. Хохирол төлбөрт нийт 900,000 төгрөгийг шүүгдэгч нараас нэхэмжилж байгаа. Шүүх хуралдаан болохоос өмнө уг төлбөрийг хуваагаад төлчих гэж хэлж байсан гэв.

Эрүүгийн  1918003460304 дугаартай хэргээс:

            Шүүгдэгч С.С.Ч-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Бид нарыг ширээн дээрээ сууж байхад У.Г- гэх залуу найзтайгаа нэлээн согтуу ирчихээд манай ажлын газрын О-тай юм яриад байсан. Тэгээд бид нар найзууд нь юм байхдаа гээд нээх тоогоогүй. Тухайн үед миний өшиглөсөн гэх залуу нэлээн согтуу бас олон юм ярьсан сонин зантай залуу байсан. Тэгээд тэнд янз бүрийн хачин хачин юм яриад захирлыг маань доромжлоод байсан хажуунаас бас нэг найз нь олон юм яриад пивоны шил барьчихаад манай найз Золжаргалыг зодолдъё гарч байгаад бооцоотой үзье гээд агсамнаад согтуурхаад элдвээр хараагаад байсан. Тэгэхээр нь би аятайхан хэлээд пивоны шилийг нь тавиулаад бид нар гараад явах гэсэн чинь хойноос надад өшиглүүлсэн гэх залуу бид нарыг элдвээр хэлж хараагаад байхаар нь би очоод тэр залууг битгий ингээ, одоо ингээд больчих гэсэн. Тэгээд гарах гээд явж байсан чинь араас “хөөш пизда минь” гэхээр нь эргээд харсан чинь пивоны шил бид нар луу шидсэн тэгээд хажууд байсан Нямдоржийг доошоо дарж суулгаад бултсан. Тэгээд боссон чинь дахиад нөгөө найз нь шидсэн тэгээд дахиад бултаад боссон чинь толгой дээр пивоны үлдэгдэл бас шилний хагархай үсэрчихсэн байсан тэгээд тэр 2 залуу алнаа гээд дайраад ирэхээр нь нүүрээ нуугаад бултсан чинь У.Г- гэх залуу нь дагз руу хэд хэдэн удаа цохисон. Тэгэхээр нь би түлхчихээд  эргээд харсан чинь хамгаалагч залуу тэр залууг татаад газарт унагчихсан яг тэр үед нь унахаас нь өмнө би хөлрүү нь хавираад унагаах гэсэн чинь хамгаалагч нөгөө залууг газар дарж унагааж таараад нүүрэнд нь өшиглөчихсөн юм аа. Тэгээд тэр залууг хамгаалагч авч үлдээд бид нар гараад явцгаасан чинь нөгөө хамт явсан найз нь хамаг юм аа тайлчихсан ална гээд л үглээд тэрүүгээр орилоод байсан.” гэх мэдүүлэг /хх 54/,

 

            Шүүгдэгч У.У.Д-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...У.Г- согтуу манай ээжийг хэл амаар доромжлоод байсан. Бас эхийгээ аваад манайхаас зайлаарай гээд байсан. Тэр аавтай нь хамт амьдарч байгаа газар манай ээжийн өөрийнх нь өөрөө мөнгөөрөө авсан газар, хашаа, байшин гэж хэлэхээр нь эхэндээ дуугүй байгаад байсан боловч У.Г- ээжийг маань доромжлохоо болихгүй байхаар нь гараашны харалдаа уруу хэсэгт нь У.Г- уначихсан юм, тэр үед би очоод зодох гэсэн чинь найз Ө- нь намайг болиулах гээд тэврээд байсан. Тэр үед нь хөлөөрөө өшиглөчихсөн юм. Яг тэрхэн үедээ бол яг хайш нь өшиглөж байгаагаа мэдээгүй. Тэр үед Жавхлан намайг баар луу авч орсон. Араас У.Г- ирсэн бөгөөд хамарных нь хажуу тал нь цус болчихсон байсан. Тэгээд л би хамрыг нь цохисон гэдгээ мэдсэн” гэх мэдүүлэг /хх 60-61/,

 

Хохирогч А.У.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Шатан дээр нэг залуу намайг толгой руу дарж байгаад нүүр лүү цохиод гүйгээд явсан. Тэгсэн чинь хамарнаас цус гарахаар нь  би нойл орж угаачихаад буцаж ирээд текэн дээр нь очоод барменд нь хэлээд камер шүүгээд өгөөч гэсэн чинь өгөхгүй гэсэн. Тэгсэн чинь бармен нь манай аав А- 4-5 жил цуг амьдарч байгаа Отгоо эгчийн хүүхэд У.Д- байхаар нь би Отгоо эгчийн хүүхэд мөнүү гэсэн чинь би чамайг танихгүй шүү дээ гэхээр нь би А-ийн хүүхэд байна шүү дээ гэсэн чинь А- гэж ямар юм байдаг юм бэ гээд бид 2 маргалдсан. Тэгсэн чинь том биетэй хамгаалагч нь ирээд намайг чирээд гаргасан. Тэгсэн чинь гадаа гараад У.Д-тай дахиад маргалдсан чинь  намайг зодох гээд байхаар нь би зугтаагаад тэрүүгээр нэг хөөцөлдөж байгаад гражийн урд унагаад У.Д- миний дээрээс нүүр лүү өшиглөөд байсан. Тэр үед Өсөхбаяр боль гээд байгаа нь надад сонсогдож байсан. Тэгээд би босоод ирсэн чинь хамарны гадна талын арьс язраад цус гарчихсан газар утас түрүүвч  уначихсан байхаар нь хамж аваад халаасандаа хийсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх 14/,

Гэрч Б.Ж- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би тухайн бааранд ажиллаж байхдаа 23 цаг 30 минутын үед дээр буудал руу гараад бие засчихаад буцаж доошоо буугаад иртэл манай бааранд үйлчлүүлж байсан хоёр залуу өөр ширээн дээр сууж байсан хүмүүсийн ширээн дээр очоод суучихсан маргалдаж байсан. Тэгэхээр нь би очоод юу болсон талаар асуухад уг ширээн дээр сууж байсан хүмүүс “энэ 2 залуу манай ширээн дээр ирээд манай хамт байсан нэг хүнийг цохьчихлоо” гэсэн. Тэгэхээр нь би тэр хүмүүст маргалдаад хэрэггүй гэж хэлээд тэр хүмүүсийг баарнаас гаргаж байтал 3 залуу үлдчихсэн нэг нь хаалганы хажууд зогсоод, нэг нь буйдан дээр суугаад үлдчихсэн нэг залуу нь тэнд очиж маргалдаж байсан нэг залуугийн нүүр лүү гарынхаа алгаар түлхсэн. Тэгтэл маргаан эхэлсэн 2 залуу тэр түлхсэн залууг хоёулаа барьж аваад нүүр лүүгээ түлхүүлсэн залуу нь ууж байсан пивоныхоо шилээр цохих гэхээр нь би пивоных нь шилийг барьж аваад надтай хамт ажиллаж байсан хамгаалагч А- тэр пивоны шилийг өгсөн. Тэгээд би тэр 3-ыг салгаад, хаалгаар гарах гэтэл хаалганы хажууд зогсож байсан өндөр туранхай, цагаан өнгийн хувцас өмссөн залуу нь нүүр лүүгээ түлхүүлсэн залууг нэг удаа нүүр лүү нь цохичихоод адил нэг шүү гэж хэлээд хаалгаар гарах гээд явтал цохиулсан залуу хаалгаар гарч явж байгаа хүний хойноос пивоны шил аваад шидээд толгойд нь оносон. Дараа нь араас нь очоод хоёр гурван удаа цохиод, тэр хоёр хоорондоо зодолдсон. Тэгээд би тэр хоёрыг салгаад пивоны шил шидсэн залууг араас нь тэврээд газар дараад суулгаж байтал нөгөө зодолдсон цагаан хувцастай туранхай залуу буцаж ирээд нүүр лүү нь өшиглөчихөөр нь би тэр хүнд “чи яагаад энэ хүнийг өшиглөж байгаа юм бэ” гэтэл наадах чинь миний толгой руу пивоны шил шидсэн шүүдээ гэж хэлчихээд гараад явчихсан юм. Нүүрлүүгээ өшиглүүлсэн залуугийн хамаарнаас цус гараад байсан болохоор баарнаас гараад явсан” гэх мэдүүлэг /хх 19/,

 

Гэрч Б.Ө-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 22 цагийн орчимд У.Г- бид 2 уулзаад Анжел гээд пабад ороод хоёр шил пиво уугаад 23 цагийн орчимд гараад “Эс энд Би” бааранд орсон. Бааранд ороод текний урд талын ширээн дээр суугаад нэг нэг шил пиво авсан. Тэгээд У.Г- баарны хаалга чанх урдаас харсан буланд байдаг ширээн дээр очоод нэг эмэгтэйтэй юм яриад суусан. Тэгээд би араас нь очоод У.Г-ийг явах уу гээд ширээн дээр нь очиж асуусан чинь тэр хүүхэнтэй хамт явж байгаа бололтой хэдэн залуучууд  ирсэн. Тэр залуучуудын нэг нь У.Г-тэй маргалдаад байсан. Тэгсэн чинь миний хажууд байсан залуу нь би чамайг таних юм байна найзыгаа аваад яв гэж хэлсэн. Тэгсэн чинь У.Г-тэй маргалдаад байсан залуу босоод ирсэн чинь У.Г- урдаас нь босоод нэг цохисон. Тэгээд бид хоёр гарах гээд У.Г- түрүүлж очоод байж байсан чинь Өсөхөө намайг хүн цохьчихлоо гэхээр нь би араас нь босоод хэн цохичихвоо чамайг гээд үүдэнд байсан хүмүүс рүү би гартаа байсан пивоны аяга шидсэн чинь хананд очоод хагарсан. Тэгээд би очсон чинь У.Г-ийн хамарных нь нүхнээс нь цус гарчихсан сая намайг хүн цохьчихоод зугтаачихлаа гэсэн. Үүдэнд нөгөө бааран дотор У.Г- бид хоёртой маргалдаад байсан залуучууд зогсож байхаар нь би манай найзыг цохьчихлоо шүү дээ гэсэн чинь баарны хамгаалагч нар бид нарыг салгасан. Тэгээд У.Г- нойл орж нүүрээ угаасан чинь хамарных нь үзүүр нь улайчихсан байсан.Тэгээд У.Г- текин дээр очоод намайг сая ямар хүн цохисон бэ камер шүүх гэсэн чинь камер шүүх боломжгүй гэхээр нь бид хоёр гарсан. Үүдэнд бармен нь гараад ирэхээр нь чи намайг танихгүй байна уу би А-ийн хүүхэд байна шүү дээ чи камер шүүгээд өгөөч гэсэн чинь тэр бармен залуу чи А-ийн хүүхэд байх ямар хамаатай юм бэ  гээд маргалдаад дайраад байсан чинь У.Г- цаашаа зугтаахад нь хамгаалагч нь очоод бариад авахаар нь би хамгаалагчийг болиоч гээд салгасан чинь нөгөө бармен залуу У.Г-ийг унагааж байгаад дээрээс нь хэд хэдэн удаа толгой руу нь өшиглөөд байхаар нь би очоод У.Г-ийн дээр нь гарч хамгаалаад болиочээ гэсэн чинь тэр бармен залуу нь хамгаалагчтай цаашаа яваад орсон” гэх мэдүүлэг /хх 22/,

 

Гэрч Г.Н- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...О-ыг дугаараа өгчих гэсэн чинь О- чи яв хүний ширээн дээр ирчихээд маргаан үүсгээд байх юм гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр залуу Золжаргалтай маргалдаад эхэлсэн. Тэр залуутай хамт яваа бололтой нэлээн халамцуу бор царайтай намхан залуу ирээд Золжаргалыг чи ямар овоо юм бэ гараад үзчихье гээд маргалдсан. Эхлээд ирсэн өндөр залуу нь З- нүүр лүү гарынхаа араар цохихоор нь бид нар боль гээд гарах гэж байсан чинь С.Ч- тэр өндөр залуутай нь З- өмөөрөөд маргалдаж байснаа сандал руу нь түлхээд суулгасан. Тэгээд бид нар гарах гээд хаалганы тэнд зогсож байсан чинь хаалганд шил хагарахаар нь эргээд харсан чинь намхан залуу нь шидсэн бололтой байсан. Тэгээд нөгөө өндөр залуу нь ирээд С.Ч-ыг араас нь нуруу руу нь цохисон чинь хамгаалагч тэр залууг барьж аваад салгаад тонгойлгосон чинь С.Ч- тэр залуугийн нүүр лүү өшиглөөд  хамарнаас нь цус гараад гар дээр нь цус гойжиж байсан” гэх мэдүүлэг /хх 24/,

 

Гэрч Ч.З- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Бид хоёр жоохон маргалдсан чинь тэр залуутай хамт явж байсан намхан бор залуу намайг чи ямар овоо бацаан бэ хоёулаа гараад нэг нэгдэх үү гээд гартаа пивоны шил бариад босоод ирэхээр нь би босоод ирсэн чинь нөгөө өндөр шар залуу миний зүүн хацар луу гарынхаа араар цохихоор нь би яагаад ингэж намайг цохиж байгаа гэсэн чинь хажуу талаас Цэнгэл эгч ирээд намайг татаад боль миний дүү гаръя гээд гараад Б-й машинд Тэ-, Ц- эгч, Б- бид дөрөв сууж байсан чинь нөгөө хэд жоохон удаж байгаад гарч ирэхээр нь юу болоод удваа гэсэн чинь нөгөө хоёр залуу араас шил шидээд дотор жоохон маргалдаад тэр өндөр залууг нь С.Ч- өшиглөөд гэж яриад тэгээд бид нар явахаар болоод хөдлөөд Анагаахын сургуулийн урд би буусан. Манай гэр “ЭС энд БИ” баарны эсрэг талд байдаг. Тэгээд эргээд алхаад харьсан чинь баарны гадаа хүн байгаагүй. Би тэгээд гэртээ эргэж ороод байж байсан чинь гадаа хүмүүс шуугилдаад байхаар нь цонхоор харсан чинь баарны гражын үүдэн дээр гурван залуу зодолдож байсан. Харанхуй байсан болохоор яг ямар хүмүүс байсан гэдэг нь харагдаагүй” гэх мэдүүлэг /хх 25/,

 

Гэрч Ч.З- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэр залуу манай ширээн дээр ирж суугаад надтай юм яриад хайчих гэж байгаа юм бэ гэхээр нь ажлынхантай явж байна гэсэн чинь “Жүр-Үр”*ийнхэн юмуу гэхээр нь би чамд ямар хамаатай юм бэ гэж хэлээд нойл орчихоод ирсэн чинь тэр залуу нэг намхан бор залуутай манай ширээн дээр суучихсан манай ажлынхантай маргалдаж байсан. Тэгээд бид нар салгаад бүгдээрээ гарч байсан чинь нөгөө хоёр залуу араас хөөе гээд дуудаад байсан. С.Ч- У.Г- гэх залуутай маргалдаад С.Ч-ыг тэр залуу гараараа цохихоор нь би салгаад С.Ч-ыг аваад гарах гэсэн чинь хананд шил хагараад С.Ч- эргэж хараад тэр залууг өшиглөсөн. Тэгсэн чинь У.Г-ийн хамарнаас нь цус гараад  тэрийгээ гараараа дарахаар нь бид нар гараад яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх 28/,

 

 Гэрч Н.О- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай хүү У.Г-, У.Д- нар нээх их ойр дотно байдаггүй.  Хоёр удаа уулзаж байсан байх. А-ийн хүү нь Улаанбаатар хотод байдаг байсан. Ер нь тийм даруухан хүүхэд бишээ, зодоон цохионд оролцоод л яваад байдаг хүүхэд өөрийнхөө амнаас болж хүнд зодуулдаг юм шиг байгаа юм.  Нэлээд хэдэн удаа хүн амьтанд зодуулж байсан талаар нь л сонсож байсан надтай тийм ойр дотно байдаггүй. Хол ч биш угаасаа нээх уулзаад ч байдаггүй. Чиг чигээрээ л байдаг. Нэг хүүхэнтэй суусан удалгүй салсан. Архи уугаад мөрийтэй тоглоод байна гээд салсан гэсэн. Их л хөдөлгөөнтэй юм шиг байгаа юм” гэх мэдүүлэг /хх 29/,

 

Гэрч Б.Ж- мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “...У.Г- гэх залуу бааран дотор “Жүр-Үр”-ийн залууд нүүрэндээ цохиулчихаад цохиулсан залуугийнхаа араас гарсан. Тэгээд тэр хүмүүсийг гарсан хойно хаалга түгжих гээд байж байсан чинь хоёр эмэгтэй гадаа уначихсан байсан юм. Тэгээд би нөгөө хамгаалагчаа хогоо асгачихаараа гэж хэлчихээд У.Д-тай хамт тэр гадаа уначихсан байсан, эмэгтэй хүмүүс рүү очсон. Тэгсэн чинь У.Г- гэх залуу нь бид хоёр луу хүрч ирээд У.Д-ыг “Юу байна гээд байсан, тэгсэн чинь У.Д- тайвандаа гээд нөгөө эмэгтэйг бид хоёр босгох гэсэн чинь У.Г- нь “чи танихгүй байна уу, би А-ийн хүүхэд нь байна чи танихгүй байна уу, танай ээж манай аавтай хамт амьдардаг, танай ээжийн дээр манай аав гардаг” тэгээд сонин сонин юм яриад тэр хоёр жоохон маргалдах гээд байсан. Тэгээд би тэр У.Г-ийг боль яв гээд хөөсөн чинь У.Д- ч гэсэн уурлаад тэр хоёр хэрэлдээд байсан. У.Г-ийг У.Д- барих гэсэн чинь У.Г- нь наашир гээд цааш нь зугтаагаад байсан. Тэгсэн араас нь У.Д- очоод замын цаад талд харанхуйд хэрэлдээд орилолдож чарлалдаад байсан. Тэгээд би араас нь удалгүй очоод У.Д-ыг оръе гэсэн чинь нөгөө залуу нь замын тийшээ грашийн тийшээ яваад У.Д- бас очоод юм яриад байж байхад У.Г- нь газар унчихсан яагаад унасныг нь би ойлгоогүй, хараагүй. Нэг мэдсэн чинь уначихсан, тэр үед У.Д- өшиглөх гээд байсан. Тэгээд би У.Д-ыг болиулсан. Би бол өшиглөөгүй байх л гэж бодож байна. Би л лав У.Д- тэр залууг зодож зохисон асуудлыг хараагүй” гэх мэдүүлэг /хх 30/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 418 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

1.А. У.Г- биед хамарт шарх, хамар, зүүн нүдний зовхи, зүүн хацар, зүүн өвдөг, хүзүү, баруун шуунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн, хэд хэдэн удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх 40/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 2/,

Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /хх 4/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 8/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 10-11/,

Согтуурал шалгасан тухай тэмдэглэл /хх 65-66/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 76-77/,

Шүүгдэгч У.У.Д-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлгүй тухай лавлагаа /хх 79-80/,

Шүүгдэгч С.С.Ч-ы иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлгүй тухай лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангүй лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 83-87/,

Хохирогч А.У.Г-ийн хохирлын баримт /хх 93/,

Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцлийг арилгуулах тухай  мөрдөгчийн тэмдэглэл /хх 97/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

            Шүүгдэгч С.С.Ч- хохирогч А.У.Г-ийг үл ялих зүйлээр шалтаглан нүүрэн тус газарт өшиглөсөн, шүүгдэгч У.У.Д- хохирогч А.У.Г-ийг “ээжийг маань хэл амаар доромжилсон” гэдгээр шалтаглан зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн гэрч Б.Ж- “...пивоны шил шидсэн залууг араас нь тэврээд газар дараад суулгаж байтал нөгөө зодолдсон цагаан хувцастай туранхай залуу буцаж ирээд нүүр лүү нь өшиглөчихөөр нь би тэр хүнд “чи яагаад энэ хүнийг өшиглөж байгаа юм бэ” гэтэл наадах чинь миний толгой руу пивоны шил шидсэн шүүдээ гэж хэлчихээд гараад явчихсан” гэх мэдүүлэг /хх 19/, гэрч Б.Ө- “...У.Г- цаашаа зугтаахад нь хамгаалагч нь очоод бариад авахаар нь би хамгаалагчийг болиоч гээд салгасан чинь нөгөө бармен залуу У.Г-ийг унагааж байгаад дээрээс нь хэд хэдэн удаа толгой руу нь өшиглөөд байхаар нь би очоод У.Г-ийн дээр нь гарч хамгаалаад болиочээ гэсэн чинь тэр бармен залуу нь хамгаалагчтай цаашаа яваад орсон” гэх мэдүүлэг /хх 22/, гэрч Г.Н- “...Тэгээд нөгөө өндөр залуу нь ирээд С.Ч-ыг араас нь нуруу руу нь цохисон чинь хамгаалагч тэр залууг барьж аваад салгаад тонгойлгосон чинь С.Ч- тэр залуугийн нүүр лүү өшиглөөд  хамарнаас нь цус гараад гар дээр нь цус гойжиж байсан” гэх мэдүүлэг /хх 24/, гэрч Ч.З- “...С.Ч- У.Г- гэх залуутай маргалдаад С.Ч-ыг тэр залуу гараараа цохихоор нь би салгаад С.Ч-ыг аваад гарах гэсэн чинь хананд шил хагараад С.Ч- эргэж хараад тэр залууг өшиглөсөн. Тэгсэн чинь У.Г-ийн хамарнаас нь цус гараад  тэрийгээ гараараа дарахаар нь бид нар гараад яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх 28/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч С.С.Ч-, У.У.Д- нар нь гэмт үйлдэлдээ шууд санаатай хохирол, хор уршгийг хүсч үйлдсэн, түүний гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.У.Г-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх тул зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байна.

 

Иймд шүүгдэгч С.С.Ч-, У.У.Д- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Хохирогч А.У.Г- нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд ажилгүй байсан хугацааны цалин 550 000 төгрөг, шатахууны зардал 63700 төгрөг, такси үйлчилгээний олох байсан орлого 286300 төгрөг, нийт 900 000 төгрөг нэхэмжилсэн ба хавтаст хэрэгт 63700 төгрөгийн хохирлын баримт ирүүлжээ.

Иймд хохирогч А.У.Г-ийн 900 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 63 700 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ажилгүй байсан хугацааны цалин 550 000, такси үйлчилгээ явуулж олох байсан орлого 286300 төгрөгийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.

Учир нь: ажилгүй байсан хугацааны цалин тооцон гаргахад хөдөлмөрийн чадвар алдалт хэдий хугацаанд үргэлжилсэн, Нийгмийн даатгалын сангаас хэдэн хувиар тэтгэмж олгогдсон эсэх нь тодорхой бус, олох айсан орлогын зардалтай холбоотой баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч С.С.Ч-, У.У.Д- нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхэд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С.Ч-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч У.У.Д-т 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480 000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулан шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч С.Ч-, У.Д-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С.Ч-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр, шүүгдэгч У.У.Д-ыг 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480 000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.    

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С.Ч-, У.У.Д- нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            4. шүүгдэгч С.С.Ч-, У.У.Д- нарыг 63 700 төгрөгийг хохирогч А.У.Г--д төлсөн болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалин 550 000 төгрөг, олох байсан орлого 286 300 төгрөгийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлж нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

           

            5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.С.Ч-, У.У.Д- нарт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        З.ТӨМӨРХҮҮ