Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2025/00587

 

 ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 08-ны өдрийн 181/ШШ2024/04440 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 29,038,433 төгрөг, зээлийн хүү 13,150,831 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 202,009 төгрөг, нотариатын зардал 14,500 төгрөг, эрэн сурвалжлах ажиллагааны зардал 70,200 төгрөг, нийт 42,475,974 төгрөгийг гаргуулах, фидуцийн зүйл болох ******* улсын дугаартай, ******* маркийн автомашиныг биет байдлаар нь гаргуулах тухай,

иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: Зээлдэгч ******* нь 2022 оны 04 сарын 26-ны өдөр 37166 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ, 37166-FА01 дугаартай зээлийн гэрээ, 63946-RС01 дугаартай фидуцийн гэрээг тус тус байгуулан 31,200,000 төгрөгийн зээлийг сарын 2.9 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай буюу 2027 оны 04 сарын 20-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэй авсан. Зээлдэгч ******* нь анх зээл авсан өдрөөс хойш 2024 оны 05 сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн төлбөрт 2,161,566 төгрөг, хүүгийн төлбөрт 7,899,457 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 9,392 төгрөг, нийт 10,070,416 төгрөгийн төлөлт хийсэн. Түүнээс хойшхи хугацаанд төлөлт хийгээгүй, зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж, 448 хоног хугацаа хэтэрсэн байна. Тодруулбал, үндсэн зээл 29,038,433 төгрөг, зээлийн хүү 13,150,831 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 202,009 төгрөг, нийт 42,391,274 төгрөг төлөхөөр байна. ******* ХХК-аас зээлдэгч *******тэй зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Мөн фидуцийн гэрээний дагуу тээврийн хэрэгслийн эзэмших, ашиглах эрхийг шилжүүлэн авах гэсэн боловч зээлдэгч хөрөнгийг бодитоор шилжүүлэхгүй, ББСБ-д өгсөн хаяг дээрээ байхгүй байсан. Улмаар, 2023 оны 11 сард эрэн сурвалжлах шийдвэр гарч, олдсон ч зээлдэгч нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй, тээврийн хэрэгслийг шилжүүлэхгүй байх тул автомашины зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж байна.

Иймд талуудын хооронд байгуулагдсан автомашины зээлийн гэрээ, фидуцийн гэрээг цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 29,038,433 төгрөг, зээлийн хүү 13,150,831 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 202,009 төгрөг, нотариатын зардал 14,500 төгрөг, эрэн сурвалжлах ажиллагааны зардал 70,200 төгрөг, нийт 42,475,974 төгрөгийг гаргуулах, фидуцийн гэрээний дагуу автомашиныг биет байдлаар зээлдэгч *******өөс гаргуулж, ББСБ-г хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагаас 42,475,974 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Миний бие дээрх мөнгөн дүнг 10 сарын 30-ны өдрөөс эхлэн сар бүрийн сүүлийн хоногт нийт 12 сарын хугацаанд төлөх хүсэлтэй байна. Сарын 3,539,664 төгрөг төлөх боломжтой байгааг хүлээн авна уу гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар 42,475,974 төгрөгийг хариуцагч *******өөс гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д зааснаар хариуцагч ******* нь төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд фидуцийн зүйл болох ******* улсын дугаартай *******, /*******/ автомашиныг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 370,392 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******өөс 370,392 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хариуцагчийн эрх ашиг сонирхлыг илтэд хохироосон шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй тул давж заалдах гомдол гаргаж байна.

4.1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Тодруулбал, нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан автомашины зээлийн гэрээ, фидуцийн гэрээг цуцалж, хариуцагчаас 42,475,974 төгрөг гаргуулах, фидуцийн гэрээний дагуу автомашиныг биет буюу бодит байдлаар зээлдэгч *******өөс гаргуулахаар тодорхойлсон атал анхан шатны шүүх Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д зааснаар фидуцийн зүйл болох *******улсын дугаартай ******* автомашиныг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, зохигчийн хооронд 2022 оны 04 сарын 26-ны өдөр 37166-FA01 дугаартай фидуцийн гэрээ байгуулагдсан байхад анхан шатны шүүх фидуцийн зүйлийг худалдан борлуулахтай холбоотой зохицуулалтыг хэрэглэсэн нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-д заасныг зөрчсөн байна.

4.2. Түүнчлэн нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр төлөх үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч нь фидуцийн гэрээний дагуу автомашиныг биет буюу бодит байдлаар зээлдэгч *******өөс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагадаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй атал анхан шатны шүүх хариуцагчаас 370,392 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч тал зээлийн гэрээний дагуу төлбөр төлөх үүрэг хүлээсэн талаар маргадаггүй. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 235 дугаар зүйлийн 235.1-д заасан шаардлагын дагуу төлбөрийг гаргуулах, хэрэв уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд сайн дураараа үүргийн гүйцэтгэлийг автомашинаар хангуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Нэхэмжлэгч талаас тухайн автомашиныг биетээр шилжүүлэн аваагүй. Талуудын хооронд байгуулагдсан фидуцийн гэрээний дагуу ******* ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байгаа боловч хариуцагч ******* нь эзэмших, ашиглах эрхтэй байдаг. Хэрэв хариуцагч үүргийн гүйцэтгэлээ сайн дураараа биелүүлээгүй бол фидуцийн гэрээгээр хангуулах, төлбөрийн үүргээ биелүүлэх тохиолдолд фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг заавал хангуулах шаардлагагүй. Нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлээ мөнгөн төлбөрөөр хангуулах, уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд фидуцийн гэрээний дагуу бодитоор автомашиныг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж гаргасан. Хариуцагчаас мөнгөн төлбөрийн үүргийг шаардаж байсан учраас уг дүнгээр улсын тэмдэгтийн хураамж төлсөн гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******т холбогдуулан үндсэн зээл 29,038,433 төгрөг, зээлийн хүү 13,150,831 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 202,009 төгрөг, нотариатын зардал 14,500 төгрөг, эрэн сурвалжлах ажиллагааны зардал 70,200 төгрөг, нийт 42,475,974 төгрөгийг гаргуулах, фидуцийн зүйл болох ******* улсын дугаартай, ******* маркийн автомашиныг биет байдлаар нь гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгчийн тодорхойлсон зээлийн гэрээ болон фидуцийн гэрээг цуцлах гэсэн шаардлага нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага биш. Шүүх гэрээний тал биш тул гэрээг цуцлах эсэхийг шийдвэрлэхгүй, харин гэрээг цуцалсан нь үндэслэлтэй эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөх учиртай.

3. Талууд 2022 оны 04 сарын 26-ны өдөр 37166 дугаартай Автомашины зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХХК нь 31,200,000 төгрөгийг жилийн 34.8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлдүүлэх, ******* нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу уг мөнгөн хөрөнгө, хүүг буцаан төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг харилцан тохиролцжээ.

Мөн өдөр талууд 37166-FA01 дугаартай Фидуцийн гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* нь ******* улсын дугаартай, ******* маркийн автомашиныг ******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх, ******* нь зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн тохиолдолд ******* ХХК нь автомашиныг буцаан өмчлөлд нь шилжүүлэх нөхцөлийг харилцан тохиролцжээ.

4. Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоож, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 235 дугаар зүйлийн 235.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ний харилцаа тус тус байгуулагдсан, эдгээр гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ.

5.  Хэрэгт авагдсан Шилжүүлгийн мэдээлэл, Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, Төлбөрийн баримт, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 2024 оны 03 сарын 05-ны өдрийн 30ё-1-3/872 тоот албан бичиг зэрэг бичгийн нотлох баримтуудаар:

5.1. ******* ХХК нь 2022 оны 04 сарын 27-ны өдөр 31,200,000 төгрөгийг зээлдэгч *******ийн өмчлөлд шилжүүлэн өгч үүргээ гүйцэтгэсэн;

5.2. ******* нь 2022 оны 05 сарын 20-ны өдрөөс 2023 оны 01 сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд үндсэн зээлд 2,161,566 төгрөг, зээлийн хүүнд 7,899,457 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 9,392 төгрөг, нийт 10,070,416 төгрөгийг төлсөн;

5.3. ******* нь 2022 оны 05 сарын 20-ны өдрөөс зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж эхэлсэн, 2023 оны 01 сарын 24-ний өдрөөс хойш зээлийн эргэн төлөлт огт хийгээгүй;

5.4. ******* нь 2024 оны 05 сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээл 29,038,433 төгрөг, зээлийн хүү 13,150,831 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 202,009 төгрөг, нийт 42,391,274 төгрөгийн үүргийг хүлээсэн;

5.5. ******* ХХК нь хариуцагч *******ийг шүүхийн шийдвэрийн дагуу эрэн сурвалжлуулсан, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой нотариатын зардалд 14,500 төгрөг төлсөн үйл баримт тус тус тогтоогдож байна.

6. Хариуцагч ******* нь дээрх үйл баримтын талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгч ******* ХХК-ийн шаардсан нийт 42,475,974 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан. 

7. Иймд, нэхэмжлэгч ******* ХХК нь зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүргийг шаардсан нь үндэслэлтэй бөгөөд анхан шатны шүүх хариуцагч *******өөс нийт 42,475,974 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасантай нийцнэ.

8. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүргийг шаардсан байхад анхан шатны шүүх хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхийн зохицуулалт болох Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг тогтоох хэсэгт баримталсан нь буруу тул давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулна.

9. Түүнчлэн, анхан шатны шүүх фидуцийн зүйл болох ******* улсын дугаартай, ******* маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.4-т заасантай нийцээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс тус шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулна. Тодруулбал:

9.1. Нэхэмжлэгч ******* ХХК нь зээлийн гэрээний үүргийг мөнгөн хэлбэрээр шаардаж байгаа тохиолдолд фидуцийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар давхар шаардах боломжгүй.

9.2. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-г барьцааны гэрээтэй адилтган тайлбарлаж шийдвэрлэсэн нь буруу.

Иймд, ...анхан шатны шүүх Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.4-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн... гэсэн агуулга бүхий хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэлтэй гэж үзнэ.

10. Нэхэмжлэгч ******* ХХК нь фидуцийн зүйл болох автомашиныг биет байдлаар нь гаргуулах нэхэмжлэлийн шаардлагадаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг анхан шатны шүүх анхаараагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулж, дутуу төлөгдсөн улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ.  

11. Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 08-ны өдрийн 181/ШШ2024/04440 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...453 дугаар зүйлийн 453.1... гэснийг ...452 дугаар зүйлийн 452.2... гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д зааснаар хариуцагч *******т холбогдуулан гаргасан, фидуцийн зүйл болох ******* улсын дугаартай, ******* маркийн автомашиныг биет байдлаар нь гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 370,330 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 70,200 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулж, хариуцагч *******өөс улсын тэмдэгтийн хураамжид 370,330 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д буцаан олгосугай гэж тус тус өөрчлөн найруулж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч *******өөс улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 02 сарын 05-ны өдөр урьдчилан төлсөн 370,393 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

Д.НЯМБАЗАР